2026/05/21

Өглөөний мэнд. Kincora Copper Монголоос гарахаар $10 саяын дүн бүхий хэлцэл эхлүүлжээ.

Владимир Путины БНХАУ дахь айлчлалын үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар дурдагдсангүй.

Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар Засгийн газар шийдвэрлэв.

Монголыг орхих ээлжит компани

Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй хайгуулын Kincora Copper компани Монгол дахь хөрөнгүүдээ бүрэн худалдахаар 10 сая ам.долларын дүнтэй хэлцэл эхлүүлээд байгаагаа мэдээллээ.

Энэ хүрээнд тус компани Монголын Түмэн айл көүл ХХК-аас 1.5 сая ам.долларын урьдчилсан төлбөр хүлээн авсан байна. Хэлцлээр талууд Kincora Copper-ийн Монгол дахь охин компаниудыг 100 хувь шилжүүлэн авах онцгой эрхийг Түмэн айл көүл-д олгосон нөхцөл бүхий баримт бичигт гарын үсэг зуржээ.

10 сая ам.долларын дүнг үе шаттайгаар төлөх бөгөөд ирэх долоодугаар сарын нэгэнд эцсийн гэрээ байгуулагдах үед 3.5 сая ам.долларын төлөлт хийнэ. Харин он дуусахаас өмнө Монгол дахь охин компаниудын хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт бүртгэгдсэний дараа үлдсэн таван сая ам.долларыг эскроу данснаас чөлөөлж олгохоор тохиролцжээ

Түмэн айл көүл ХХК нь Дорноговь аймаг дахь “Баян шанд” нүүрсний уурхайг эзэмшдэг, олборлолт, экспорт, эрчим хүч үйлдвэрлэл, төмөр замын тээвэр зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Монголоос ийнхүү гарч, стратегийн томоохон шилжилт хийснээр Kincora Copper Австрали дахь зэс-алтны төслүүддээ бүрэн төвлөрөхөөр болж байна.

Өнгөрсөн онд Kincora Copper Монгол дахь зэс-алтны "Хүрэл үнэг" төслөө Австралийн Orbminco компаниас аливаа нэмэлт зардал гаргалгүйгээр эргүүлэн аваад байсан юм. Мөн Монголын Татварын албатай удаан хугацаанд үргэлжилж буй татварын маргаан нь ойрын хугацаанд шийдэгдэх хүлээлттэйг тайландаа мэдээлсэн байна.

Санхүүгийн хувьд тус компани оны эхний улиралд 86 мянган канад долларын цэвэр ашигтай ажиллаж, жилийн өмнө 578 мянган канад долларын алдагдал хүлээж байсан үр дүнгээ эргүүлсэн байна. Мөн тайлант хугацаанд шинэ хувьцаа гарган, дөрвөн сая австрали доллар татан төвлөрүүлснээр 7.2 сая гаруй австрали долларын нөөцтэйгөөр улирлыг дуусгажээ.

Анхаарлын төвд

Байдрагийн УЦС баригдана. Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт, Байдраг гол дээр баригдах тус станц 30 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах, төрд шилжүүлэх шат дараалалтайгаар хэрэгжүүлэх аж. Мөн Сүхбаатар аймагт байгуулах “Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк” төсөл хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн шатанд үргэлжилж байгаа, гангийн үйлдвэрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчдын хүсэлтийг авч дууссан болохыг ЗГ мэдээлэв.

Улаан хивсээ дахин дэлгэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д 25 дахь удаагийн айлчлалаа хийлээ. Төрийн тэргүүнүүд хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн, худалдаа, төмөр замын бүтээн байгуулалт, холбоо харилцаа, технологийн салбарыг хамарсан 20 гаруй гэрээ, баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Харин айлчлалаар хэлэлцэх сэдвүүдэд багтсан байсан “Сибирийн хүч 2” байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар В.Путин, Ши Жиньпин нарын хэн нь ч дурдсангүй. Гэхдээ талууд төслийн үндсэн зарчмууд дээр тохиролцоонд хүрсэн бөгөөд зарим эцэслэх ажлууд байгааг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гарагт мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Владимир Путин Бээжин хотноо Ши Жиньпинтэй уулзах үедээ "ОХУ нь БНХАУ-ын хүчний найдвартай нийлүүлэгч хэвээр байгаа"-г онцолсон юм.

Амьжиргаа ба тоо. I улирлын эцсийн байдлаар өрхийн бодит орлого 2023 оны зэрэгцүүлэх үнээр 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. Орлогын өсөлт нь цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого 6.1 хувь, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээний орлого 5.9 хувь, тэтгэвэр тэтгэмжийн орлого 6.4 хувиар өссөнөөр тайлбарлагдаж байна. Нийт өрхүүдийн 20.4 хувь нь 5 болон түүнээс дээш сая төгрөгийн орлоготой, 12.9 хувь нь 4-5 сая, 19.2 хувь нь 2.1-3 сая төгрөгийн орлоготой байгаа бол амьжиргааны баталгаажих түвшнээс доош буюу 1.1 сая хүртэлх төгрөгийн орлоготой өрх 9.3 хувийг бүрдүүлж буйг судалгаанд дурджээ.

Аваргуудыг цуглуулсан IPO. SpaceX компанийн IPO-ийг зохион байгуулах гол банкаар Goldman Sachs нэрлэгдсэнийг эх сурвалжууд мэдээллээ. Мөн Morgan Stanley тэргүүлэх банкнуудын нэгд багтсан байна. Түүнчлэн Bank of America, Citigroup болон JPMorgan Chase банк SpaceX-ийн урьдчилсан мэдүүлэгт цагаан толгойн дарааллаар бичигджээ. SpaceX IPO-оороо 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, зах зээлийн үнэлгээгээ 2 их наяд ам.доллар хүргэх зорилт тавиад байгаа юм. Тэрхүү зорилгодоо хүрвэл 2019 онд IPO-оороо 29.4 тэрбум ам.доллар босгосон “Saudi Aramco” компанийг ардаа орхино.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Дайны эдийн засаг

ОХУ-ын ДНБ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан нь 2023 оноос хойших анхны буурсан үзүүлэлт болж байна. Украины дайны хажуугаар эдийн засгийн өсөлтөө хадгалах Владимир Путины зорилтод бэрхшээл нэмэгдэж буйн илрэл нь энэ боллоо.

  • Гэхдээ тэрбээр эдийн засаг нь II сард агшсаны дараа III сард 1.8 хувиар сэргэснийг өнгөрсөн баасан гарагт төв телевизээрээ хийсэн мэдэгдэлдээ онцолж, энэ нь Засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн гэж магтжээ.

  • Үүнээс гадна дайнаас ч өмнө хүн амын насжилтын асуудалтай тулгараад байсан ОХУ-ын ажиллах хүчнийх нь нөөц хумигдсаар байна.

  • Тус улсын ажилгүйдлийн түвшин 2.2 хувьтай байгаа нь дэлхийн хамгийн бага үзүүлэлт гэж В.Путин онцолдог. Гэвч энэ нь хөдөлмөрийн зах зээлийн тэлэх боломж үндсэндээ шавхагдсаныг илтгэх бөгөөд эдийн засгийн өсөлтийн чадавхыг хязгаарлаж байна гэж Bloomberg-ийн шинжээчид мэдээллээ.

  • Bloomberg Economics-ийн тооцоолсноор хөдөлмөрийн зах зээлээ тэнцвэржүүлэхийн тулд одоогоор ОХУ-д нэмэлтээр 1.5 сая ажиллах хүч шаардлагатай. ОХУ-ын Үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбоо 2030 он хүртэл нийт гурван сая ажиллах хүчний дутагдал үүснэ гэж тооцоолсон аж.

Зам зуур

Nissan Motor компани БНХАУ-ын Dongfeng Motor компанитай хамтран үйлдвэрлэсэн цахилгаан автомашинаа Канад руу экспортлохоор судалж байна.

Өнгөрсөн I сард Канадын засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд тавьсан хязгаарлалтын хоригоо цуцалж, жилд 49 мянган нэгж автомашин импортлохыг зөвшөөрөөд байгаа юм.

Мөн Nissan компани Бразил, Мексик зэрэг хэд хэдэн зах зээлийн эрэлтийг хангахаар хямд өртөгтэй цахилгаан автомашин нийлүүлэх зорилт тавьсныг компанийн Америкийн бүсийг хариуцсан төлөөлөгч мэдэгджээ.

Эцэст нь товчхон

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хуулийн төсөлд хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжид хамруулахаар тусгажээ.

Онцлох зураг

Хөлбөмбөгийн Арсенал клуб 22 жилийн Английн Премьер лигт түрүүлснийг тэмдэглэхээр Emirates цэнгэлдэх хүрээлэнгийн гадна цугласан хөгжөөн дэмжигчид - Лондон, Их Британи

AFP/Getty Images