2026/05/20

Өглөөний мэнд. Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулахаар Rio Tinto-той хэлэлцээ хийж тохиролцсоноо ЗГ мэдээлэв.

Монголбанк: Ипотекийн зээлд хамрагдах 47,000 гаруй иргэний хүсэлт хүлээгдэж байна.

Владимир Путин хийн хоолойн төслөө урагшлуулах зорилго өвөртлөн БНХАУ-д айлчилж байна.

Аймгийн дайтай ипотек хүсэгчид

Жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахаар 47,000 гаруй иргэний хүсэлт хүлээгдэж байгааг Монголбанк мэдээллээ.

Зээлийн эрэлт маш өндөр, одоогийн байдлаар хүсэлт 5-6 жил хүлээгдэж байгаагаас харахад энэ хөтөлбөрийг эрх зүйн хувьд шинэ шатанд гаргах шаардлагатай байна гэдэгт Монголбанк болон Засгийн газар санал нэгдсэнээ илэрхийлж байв.

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, гурван удаа хэлэлцүүлээд байгаа. Энэ хүрээнд 6 хувийн хүүтэй хөтөлбөрийг ЗГ-т үе шаттайгаар шилжүүлж, шинээр байгуулах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалт хийх ажлууд хүлээгдэж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрт өнөөг хүртэл 140,000 гаруй өрх хамрагдаж 10.7 их наяд төгрөгийн зээл авчээ. 2020 онд ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгон бууруулсны дараа хүртээмж нэмэгдэх бус харин орон сууцны үнийн хөөргөдөл үүсэх үр дагаварт хүргэснийг СЭЗИС, МИК-ийн хамтарсан судалгаа харуулсан. 2013 онд орон сууцны медиан үнэ 111.4 сая төгрөг байсан нь 2024 онд хоёр нугарч, түүнээс хойш зогсолтгүй өссөөр л байна.

Ипотекийн хөтөлбөр анх эхлэхэд буюу хүү нь 8 хувь, инфляц түүнээс доогуур байх үед санхүүжилтийн тогтолцоо нь ажиллаж болж байсныг эдийн засагч Н.Золжаргал хэлж байлаа. Харин одоо инфляц 9 хувь давж, хүү нь 6 хувь болсноор дараалал, эрэлт нь дийлдэхгүй болчхоод байгааг онцолсон юм.

Эрэлт ихтэй, нийлүүлэлт талд санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байдаг нь зах зээлд үнэ өсөх бас нэгэн хүчин зүйл болж байна гэж салбарын яам үзэж буй. Тиймээс дээрх хоёр хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниудыг газар болон санхүүжилтийн хувьд батлан даалт гаргаж дэмжих, мөн ипотекийн шаардлага хангахгүй иргэдэд түрээсийн ба түрээслээд өмчлөх боломж бүрдүүлэхээ илэрхийлж байлаа.

Анхаарлын төвд

Эхний тохиролцоо. Rio Tinto компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, төлбөрийн давхардал арилгах тохиролцоонд хүрснийг Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Үр дүнд нь төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурч, мөн Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломжтой гэж тооцоолж буйг тэрбээр тодотгосон. Үүнээс өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Rio Tinto-ийн төлөөлөгчидтэй уулзсан юм. Дөрөв дэх удаагийн энэ уулзалтаар тодорхой үр дүн гаргах талаар хатуу шаардлага тавьсан гэдгээ хэлэлцээрт орохын өмнө илэрхийлж байв.

Хийн хоолой анхаарлын төвд. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны анхны гадаад айлчлалаа өнөөдөр БНХАУ-д эхлүүлж, тус улстай эрчим хүчний холбоо харилцаагаа бэхжүүлэх боломжуудын талаар Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ярилцах гэж байна.

Ойрх Дорнодын дайнаас үүдсэн эрчим хүчний зах зээлийн хямрал нь БНХАУ-д “Сибирийн хүч-II” хоолойгоор дамжуулах хийн үнийг илүү уян хатнаар тохиролцох нөхцөл бүрдүүлнэ гэж ОХУ найдаж байгааг тус улсын ЗГ-тай ойр эх сурвалж Bloomberg-т мэдээлсэн байна. Мөн Хятадын талаас яриа хэлэлцээг эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлсэн ч одоогоор дорвитой ахиц гараагүй байгааг дурджээ. В.Путины айлчлалын хөтөлбөрт хийн хоолойн төслийн яриа хэлэлцээ багтсаныг Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мөн мэдээлсэн байна.

Entrée Resources компани оны эхний улиралд “Шивээ толгой” болон “Жавхлант” олборлолтын лицензүүдийг Оюу Толгой ХХК-д шилжүүлэх яриа хэлэлцээнд ахиц гаргахад төвлөрч ажилласнаа улирлын тайландаа мэдээлсэн байна. Тус компани мөн III сард Монголын Засгийн газарт хүсэлт илгээж, лицензийн талбайд 34 хувь эзэмшихийн оронд борлуулалтаас тусгай роялти авах санал тавьснаа мэдээлж байсан юм. Харин санхүүгийн үзүүлэлтийг харвал Entrée оны эхний улиралд 0.7 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээжээ

Уналт ёроолдоо хүрэв үү? БНХАУ-д шинэ орон сууцны үнэ гурав дахь сардаа дараалан буурсан ч хурд нь харьцангуй саарсан байна. Энэ нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт ёроолдоо хүрсэн байж магадгүй гэсэн шинжээчдийн төсөөллийг бататгаж байна. Төрийн татаастай орон сууцыг хасаж тооцсон шинэ орон сууцны үнэ БНХАУ-ын 70 хотод 0.19 хувиар буурсан нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн бага дүн юм. Түүнчлэн хуучин орон сууцны үнэ 0.23 хувиар буурсан нь сүүлийн 13 сарын хамгийн доогуур үзүүлэлт болж байна..

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Уралдаж авсан арилжаа

Нүүрсний эрэлт БНХАУ-д сэргэснийг даган дотоодын таваарын биржид олборлогчид түүхий эдээ дуудах үнийн өндөр өсөлттэй борлуулсаар байна. Оны эхний таван сар хагасын хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр 4.24 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагджээ.

  • IV сард 1.03 их наяд төгрөгийн нүүрс биржээр арилжаалагдсанаар энэ оны хамгийн өндөр идэвхтэй сар боллоо. 2026 он гарсаар нийт 11.2 сая тонн нүүрс 3.6 орчим их наяд төгрөгөөр зарагдсан байна.

  • Харин V сарын 15-ны өдрөөр эцэслэсэн хугацаанд 661.4 тэрбум төгрөгийн нүүрс арилжаалагдсан нь II сарын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны үнийн дүнгээс давах үзүүлэлт юм.

  • Эрчим хүчний нүүрсний үнийн индексийн хөдөлгөөн оны эхэнд 6.59 хувиар буурч байсан бол III сард 5.53 хувиар, IV сард 4.47 хувиар тус тус өссөн байна.

  • III сарын эцсээс дуудлага худалдааны арилжааны үнэ эрчимжиж эхэлснийг МХБ мэдээлж байв. Олон улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдсан нь эрчим хүчний нүүрсний үнэ болон арилжааны хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа аж.

Зам зуур

Австрали улсын хамгийн чинээлэг хүн Жина Райнхарт АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч компаниудад бараг 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Түүний холдинг компани Hancock Prospecting Ltd. өнгөрсөн хугацаанд АНУ-ын RTX, Northrop Grumman, L3Harris Technologies, Lockheed Martin компаниудын хувьцааг худалдан авсан бөгөөд III сарын 31-ны ханшаар тооцвол нийт дүн нь 97 сая ам.доллароор хэмжигдэхийг зохицуулагч байгууллагад ирүүлсэн мэдээлэл харуулжээ.

Мөн уул уурхайн Hudbay Minerals компани дахь позицоо 1.35 сая ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, Newmont компанийн хувьцааг шинээр худалдаж авчээ. Ингэснээр Hancock-ийн хувьцааны хөрөнгө оруулалтын багц 3.3 тэрбум ам.долларт хүрч байгааг Bloomberg тооцоолсон байна.

72 настай Жина Райнхарт нь Баруун Австрали дахь төмрийн хүдрийн томоохон уурхайнуудаас хөрөнгөө босгосон нэгэн. Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харвал сүүлийн байдлаар нийт хөрөнгө нь 43.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Эцэст нь товчхон

Нийслэлийн МАН-ын хорооны V сарын 25-нд товлогдсон хуралдаанаар Нийслэлийн шинэ Засаг даргын томилгоог хэлэлцэх хүлээлттэй байна. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Д.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлэх тухай яригдаж байгаа ч хараахан баталгаажаагүй байна.

Онцлох зураг

Жүжигчин Майкл Фассбендер, Алисиа Викандер нар “Hope” киноныхоо нээлтийн арга хэмжээний үеэр - Канн, БНФУ

Zabulon Laurent/Shutterstock