- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/19
2026/05/19
Өглөөний мэнд. Уул уурхайн олборлолт, экспортын сэргэлтээр Монгол Улсын эдийн засаг эхний улиралд 7.9 хувиар өслөө.
Ши Жиньпиний Д.Трамптай уулзах үедээ сануулсан “Фукидидийн урхи” гэж юу вэ?
TMK Energy метан хийнээс эрчим хүч үйлдвэрлэхээр Дашваанжил Групптэй гэрээ байгууллаа.

Фукидидийн урхи
Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Бээжинд хүлээн авч уулзахдаа “Хятад, Америк хоёр улс Фукидидийн урхинаас зайлсхийж чадах уу?” гэж асуусан юм. Мэргэжлийн нэршил мэт сонсогдох энэ үг цаанаа Бээжингийн зорьж буй харилцааны мөн чанарыг илэрхийлж байлаа.

Эртний Грекийн түүхч Фукидидтэй (Thucydides) холбосон уг нэршлийг Харвардын улс төр судлаач Грэм Аллисон 2010-аад оны эхээр түгээмэл болгож байжээ. Өсөн бүрэлдэж буй хүчирхэг улс нэгэнт бэхэжсэн хүчирхэг улстай зэрэгцвээс зөрчил мөргөлдөөн рүү зайлшгүй хөтөлдөг гэж Алисон үзэж байв. Энэ зүй тогтол дэлхийн түүхэнд олон удаа давтагдсаныг тэрбээр өөрийн судалгаагаар харуулж, мөн өнөөгийн АНУ, БНХАУ-ын өрсөлдөөнийг ижил өнцгөөс тайлбарлаж байжээ.
Ши Жиньпин яагаад үүнийг эш татав?
Ши Жиньпин 2014 оноос энэ нэршлийг ашиглаж эхэлсэн болохыг Хятадын улс төрийн шинжээч Ван Зичэнь онцолж байна. Сүүлд тэрбээр 2024 оны 11 дүгээр сард Перуд болсон APEC-ийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдентай уулзахдаа “Фукидидийн урхи”-ны талаар дурдаж байжээ.
Гэхдээ зайлшгүй гэх энэ зөрчлөөс зайлсхийж болно гэдэг санааг Ши Жиньпин тухай бүрд илэрхийлсээр ирсэн юм. “Харилцан хүндэтгэл” болон “аль ч талдаа ашигтай хамтын ажиллагаа”-г цогцлоож, хоёр тал эв найртай зэрэгцэн орших замыг олох хэрэгтэй гэдэг нь түүний гол мессеж.
Мөн үүнд стратегийн өнцөг бий. Бээжин энэ нэршлээр дамжуулан АНУ-Хятадын одоогийн зөрчлийг зөвхөн худалдааны маргаан, Тайванийн асуудлаар тогтохгүй өргөн хүрээний зөрчил болгож тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын одоогийн их гүрний байр суурь АНУ-ын дараа орох бус АНУ-тай эн зэрэгцэх түвшинд байгаа гэсэн санааг илэрхийлэх юм.
Анхаарлын төвд
Өсөлт 7.9%. Монгол Улсын ДНБ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсөж, уул уурхайн салбарын эрчтэй сэргэлт болон экспортын сайн гүйцэтгэл өсөлтөд гол түлхэц болсныг ҮСХ тайлагналаа. Уул уурхай, олборлолт эдийн засгийн өсөлттийн 5 нэгж хувийг дангаар бүрдүүлсэн бөгөөд салбарын нэмэгдэл өртөг 33.6 хувиар огцом өссөн байна. Харин бараа, үйлчилгээний экспорт 44.8 хувиар өсөж, хөрөнгийн нийт хуримтлалын 34.2 хувийн агшилтыг нөхжээ. Мөн өрхийн хэрэглээ тэсвэртэй байж, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөн дүнтэй байна.
Чухал хамтрал. TMK Energy компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөл хөгжүүлэхээр Дашваанжил Групп ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ нь тус компанийн нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслөөс олборлосон хийг арилжааны зориулалтаар ашиглах эхний томоохон алхам болж байна.

Хамтын ажиллагааны эхэн шатанд TMK Energy-ийн туршилтын цооногуудаас олборлосон хийг Дашваанжил Групп ХХК-ийн нийлүүлэх импортын шингэрүүлсэн хийн түлштэй (LPG) хослуулан ашиглах 1 мегаватт хүртэлх хүчин чадалтай модуляр цахилгаан станц байгуулахаар тусгажээ. Хоёр компани 2026 оны хоёрдугаар улирлын эцэс гэхэд инженерчлэл, дизайны ажлыг дуусгаж, гуравдугаар улирлын эцэст ашиглалтад оруулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх зорилт тавьсан байна.
Нийслэлийн драм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг даваа гарагт танилцууллаа. Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Нийслэлийн нэгдүгээр орлогч, Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат тус албан тушаалыг түр орлон гүйцэтгэхээр томилогдож, тамгаа гардан авав. Нөөцийн махны нийлүүлэлт дээр алдаа гаргасан үндэслэлээр Ерөнхий сайд Н.Учрал Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэснээ мэдэгдсэн юм.
Хоолой боогдсон хэвээр. АНУ болон Ираны яриа хэлэлцээ гацаанд орсноор газрын тосны үнэ арилжааны гурван өдөр дараалан өсөөд байна. Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт 8 орчим хувиар өссөний дараа сүүлийн байдлаар 1.1 хувиар өсөж, баррель нь 110 ам.доллар хүрлээ. Газрын тосны үнийн өсөлт инфляцыг эрчимжүүлж, төв банкнууд чанга бодлого баримтлах хүлээлтээс үүдэн дэлхийн бондын зах зээлд зарах хөдөлгөөн ноёлов. Дональд Трамп цахим хуудсаараа хийсэн мэдэгдэлдээ Иранд Ормузын хоолойг нээхэд “цаг бага үлдсэн”-ийг сануулсан юм.
Хүлээлттэй хууль. УИХ-аар энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлт нь улсын төсөвт 2.2 их наяд орчим төгрөгийн нөлөө үзүүлэх бол өрхийн орлогыг 3.2 хувиар, инфляцыг 0.9 хувиар тус тус өсгөх тооцоолол гарсныг Сангийн яам мэдээллээ. Иргэд, ААН-үүдийн татварын ачаалал буурснаар ДНБ-ий өсөлтөд 2027-2028 онд 0.7-0.8 орчим хувийн нөлөө үзүүлнэ гэж мөн тооцоолжээ. Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт үзүүлэх нөлөөг дахин нарийвчлан тооцох шаардлагатай гэсэн байр суурийг намын бүлгүүд илэрхийлж байв.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Удаашрал руу эргэн оров
БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд дөрөвдүгээр сард суларч, хөрөнгө оруулалт эргэн буурсан байна. Энэ нь экспортын эрчимтэй өсөлт дотоодын эдийн засгийн уналтыг нөхөж чадахгүй байгааг харууллаа.

Оны эхний дөрвөн сард БНХАУ-ын үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар агшжээ.
Мөн өнгөрсөн сард аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 4.1 хувиар өссөн нь сүүлийн гурван жил дэх хамгийн тааруу үзүүлэлт болж байна.
Түүнчлэн БНХАУ-ын жижиглэн худалдаа борлуулалт ердөө 0.2 хувиар нэмэгдсэн нь 2022 оны 12 дугаар сараас хойших хамгийн бага өсөлт боллоо. Үүнээс автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хугацааны хамгийн огцом уналт болсон байна.
"Дөрөвдүгээр сард эдийн засгийн идэвхжил зах зээлийн хүлээлтээс сул гарлаа. Экспортлогчдын хүчтэй гүйцэтгэл нь дотоодын эрэлт буурсны сөрөг нөлөөг сааруулж байгаа ч энэхүү уналтыг бүрэн нөхөхөд хангалтгүй байна" гэж Pinpoint Asset Management-ийн шинжээч мэдээлжээ.
Зам зуур

Swatch компани тансаг зэрэглэлийн цагны Audemars Piguet брэндтэй хамтын ажиллагаагаа эхлүүлснээр дэлхий даяар цагны хорхойтнуудыг хуйлруулсан долоо хоног өнгөрлөө.
Швейцарын боломжийн үнэтэй цагны брэнд өнөөгийн зах зээл дэх хамгийн хүсэмжит цаг үйлдвэрлэгчдийн нэгтэй ийнхүү хамтарсан нь цуглуулагчид, дамлан борлуулагчдыг Swatch-ийн дэлгүүрүүдийн гадаа хонон өнжиж дараалалд зогсоход хүргэсэн байна. Гэхдээ бүтээгдэхүүн гарах өдөр Times Square-д хэт олон хүн цугласан байсан тул Нью-Йоркийн цагдаагийн газраас дэлгүүр онгойгоогүй байхад цуглагсдыг тараасан юм. Улмаар Swatch үймээн самуун үүсэхээс сэргийлэхийн тулд нээлтийн худалдаагаа цуцалсан байна.
Шинэ коллекцын нэр нь “Royal Pop” бөгөөд Audemars Piguet-ийн алдартай “Royal Oak” цуврал, Swatch-ийн “Pop” цувралын үргэлжлэл болох аж. Гэхдээ нэг том ялгаа байгаа нь “Royal Pop” бугуйн цаг биш, энгэрийн цаг юм.
“Royal Pop” нь 400 болон 420 ам.долларын хоёр хувилбар, найман өнгөний сонголттойгоор гарч байна. Мөн нэмэлт 45 ам.доллароор оосрыг нь авах боломжтой аж.
Эцэст нь товчхон
УИХ: Аж үйлдвэрийн салбарын борлуулалт оны эхний дөрвөн сарын байдлаар сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 26.6 их наяд төгрөгт хүрсэн байна Өмнөх оны мөн үеийн дүнтэй харьцуулахад 11.8 их наяд төгрөг буюу 79.5 хувиар өссөн бөгөөд уул уурхайн салбарын борлуулалт хоёр дахин өссөн нь үүнд голлон нөлөөлжээ.
ЗТЯ: Чойр-Замын-Үүд чиглэлийн 435.4 км хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажил эхэлжээ. Жүнлүшүн Констракшн Инвестмент ХХК-ийн гүйцэтгэх тус төслийн нийт хөрөнгө оруулалтыг 500 сая ам.Доллароор тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Онцлох зураг
Цасанд хучигдсан талаар нүүдэллэж буй тэмээн сүрэг - Бархөл, БНХАУ

Costfoto/NurPhoto/Shutterstock