2026/05/18

Өглөөний мэнд. Дэлхийн хамгийн том 10 зэсийн уурхайн жагсаалтад Оюутолгой анх удаа багтлаа.

Д.Трамптай хоёр өдрийн хэлэлцээ хийсэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ долоо хоногт В.Путиныг хүлээн авна.

IV сарын байдлаар Монгол Улсын төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 24.6 дахин өндөр дүнтэй байна.

ТОП 10-ын нэг нь Монголд

Mining.com-оос 2026 оны дэлхийн хамгийн том 10 зэсийн уурхайг танилцууллаа. 2025 онд олборлосон нийт зэсийн хэмжээгээр эрэмбэлсэн уг жагсаалтыг Чили улс дахь Эскондида уурхай тэргүүлсэн бол Индонезын Грасберг уурхай удаалсан байна.

Харин Монгол Улсын "Оюутолгой" жагсаалтын топ 10-т анх удаа багтаж, аравдугаарт эрэмбэлэгджээ. Гүний уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлсэн 2025 онд Оюутолгойн зэсийн нийт олборлолт 345.1 мянган тонноор хэмжигдсэн байна. Цаашлаад 2028-2036 оны хооронд Оюутолгойн ил болон гүний уурхайгаас жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно гэж тооцвол 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрснээр энэ оны эхний улиралд төслөөс олборлосон нийт баяжмал дахь зэсийн хэмжээ 101.6 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 56 хувиар өссөнийг Оюу Толгой ХХК тайлагнаж байв.

Топ 10 зэсийн уурхай нь 2025 онд нийлээд дэлхийн нийт олборлосон зэсийн үйлдвэрлэлийн 1/5-ээс илүү хувийг бүрдүүлж, нийт 4.9 сая тонн зэс үйлдвэрлэсэн байна. Тухайлбал BHP, Rio Tinto, Mitsubishi зэрэг компаниудын хамтран үйл ажиллагаа явуулдаг Эскондида уурхай 2025 онд 1.3 сая тонн зэс олборлосноор тэргүүн байраа хадгаллаа.

Харин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Индонезийн Грасберг уурхайгаас өнгөрсөн онд 460.4 мянган тонн зэс олборложээ. Freeport компанийн үйл ажиллагааг нь хариуцдаг тус уурхайд өнгөрсөн онд 800 мянган тонн шавар, хөрс нурсан осол болж, хүний амь эрсэдсэн юм. Түүнээс хойш үйл ажиллагаа нь доголдолтой бөгөөд 2028 оны эхэн үеэс л бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр байна.

2040 он хүртэл илүү ногоон дэлхийг бүтээхэд зэсийн нийлүүлэлт зургаан сая тонн орчмоор дутна гэж Wood Mackenzie-ийн шинжээчид тооцоолсон нь энэ хугацаанд дахиад Оюутолгой шиг 12 орд үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй гэсэн үг юм. Хэдий тийм боловч BloombergNEF-ийн тооцооллоор боловсруулсан зэсийн эрэлт 2040 он гэхэд 53 хувиар өсөх бол уурхайн нийлүүлэлт 16 хувиар л өсөхөөр байна.

Анхаарлын төвд

Сайхан сэтгэгдэлтэй салцгаав. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалыг “түүхэн ач холбогдолтой байлаа” хэмээн магтаж, айлчлалаар талууд хамтын ажиллагааны олон чухал үр дүнд хүрснийг тодотголоо. Хэдийгээр гол анхаарал татаж байсан Ормузын хоолойг нээх асуудалд бодит шийдэл гараагүй ч Иран улс цөмийн зэвсэг эзэмших ёсгүй, тус хоолойн хөдөлгөөнийг чөлөөлөх нь зүйтэй гэдэгт хоёр удирдагч санал нэгдсэн болохыг Д.Трамп мэдэгдсэн юм. Үүнээс гадна БНХАУ Boeing компаниас 200 агаарын хөлөг худалдаж авахаар зөвшөөрч, Ираны дайныг эцэслэхэд дэмжлэг үзүүлж, Техранд зэвсэг нийлүүлэхгүй байхаар тохиролцсоныг тэрбээр мэдээлж байлаа.

Дараагийн зочин. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нутаг буцсанаас хэдхэн өдрийн дараа буюу тавдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлахаар болсныг South China Morning Post мэдээлсэн байна. Нэг өдрийн тус айлчлал нь Кремль, Бээжингийн харилцааг өргөжүүлэх зорилготой ээлжит айлчлал болох бөгөөд цэргийн жагсаал гэх мэт төлөвлөсөн арга хэмжээ болохгүй байх магадлалтайг SCMP ойрын эх сурвалж эш татан онцолжээ. Мөн Владимир Путины 2026 онд хийх анхны гадаад айлчлал нь энэ болохоор байна.

Хотын даргыг чөлөөлөв. Нийслэлийн хэмжээнд бэлтгэн нийлүүлсэн нөөцийн махнаас 2500 гаруй тонн мах нийлүүлэгдээгүй байгааг албаныхан Ерөнхий сайдыг зах, хупалдааны төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр мэдээллээ. Инфляцад өндөр нөлөөтэй буй махны үнийн өсөлтөөс иргэдийн амжиргааг хамгаалахад чиглэсэн нөөцийн махны нийлүүлэлт дээр алдаа гаргасан үндэслэлээр Ерөнхий сайд НЗД бөгөөд УБ хотын захирагчийг үүрэгт нь ажлаас нь чөлөөлөв. Мөн нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй ААН-үүдийн үйл ажиллагаа хууль, журмын дагуу явагдсан эсэхэд шалгалт хийж, дүгнэлт гаргахыг хуулийн байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн ЗГ хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаасуудыг Зээлийн батлан даалтын сан руу шилжүүлж, эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлсэн. Энэ талаар лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаас тодорхой шийдвэр гарна гэдгийг Ерөнхий сайд мэдээллээ.

Тэнгэрт тулсан алдагдал. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого IV сарын эцсийн байдлаар 8.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн бол нийт зарлага 10.4 их наяд төгрөг болж, 21.4 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр төсвийн тэнцэл оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг ҮСХ мэдээллээ. Энэ нь өмнөх оны IV сард төсвийн алдагдал 57.9 тэрбум төгрөг байсантай харьцуулахад 24.6 дахин өссөн, 2025 оны жилийн эцсийн төсвийн алдагдлын дүнгээс давсан үзүүлэлт юм.

Төсвийн алдагдал нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн зэргийг харгалзан төсөвт тодотгол хийх шаардлага үүссэнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлж байв. Гэсэн ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас гурван сарын хугацаанд төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон заалттай. Тус заалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг чуулганын пүрэв гарагийн хуралдаанаар дэмжсэн юм.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Ган үйлдвэрлэгчдийн сэргэлт

БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа өнгөрсөн наймдугаар сараас хойших дээд түвшиндээ хүрч өссөнийг тус салбарын Mysteel зөвлөх фирм мэдээллээ. Хэдий тийм боловч уг сэргэлт хэр удаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг онцолжээ.

  • Mysteel-ийн долоо хоног тутам 247 үйлдвэрийг хамруулдаг судалгааны үр дүнгээс харвал үйлдвэрүүдийн 64 хувь нь ашигтай ажиллаж байна. 2024 оны X сараас хойш ашигт ажиллагааны энэ түвшин ердөө хоёр удаа бүртгэгдсэний нэг нь энэ болжээ.

  • Дэлхийн хамгийн томд тооцогдох Хятадын гангийн зах зээлд төлөв ийнхүү сайжирч буй нь эцсийн хэрэглэгчдийн эрэлт дорвитой, мөн төрөөс тавих байгаль орчны хяналт, үйлдвэрүүдэд хийх засвар шинэчлэлийн ажлуудаас шалтгаалж нийлүүлэлт багассантай холбоотой болохыг онцолсон байна.

  • Дотоодын сул эрэлт, нийлүүлэлтийн илүүдлээс болж сүүлийн хэдэн жил бэрхшээлтэй тулгарсан Хятадын гангийн салбарын хувьд энэ сэргэлт нь таатай үйл явдал болж байна. Гэсэн хэдий ч сэргэлт богино настай байж болзошгүйг шинжээчид анхааруулж буй.

  • "Зах зээлийн суурь нөхцөл нь ашигт ажиллагааг дэмжих эрэлтийн бодит өсөлтөөс бус, харин дотоод ба гадаадын зах зээл дэх үнийн зөрүү, эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс хамаарч байгаа тул сэргэлт тийм ч удаан үргэлжлэхгүй" хэмээн Mysteel-ийн шинжээч Стивен Юү онцолсон байна.

Зам зуур

Монголын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Усны компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны "Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр" нээлтээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Энэ нь зөвхөн нэг үйлдвэрийн нээлт биш, Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжлийг баталгаажуулж, Улаанбаатар хотын өргөжин тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх түүхэн ач холбогдолтой" хэмээв.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун Фабрикийн орчимд 30 гүний худаг гаргаж, дэлхийд ховорт тооцогдох дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулжээ. Ус хангамжийн баруун эх үүсвэр нь жилдээ 50 сая шоо метр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх тул Улаанбаатар хотын хамгийн том ундны усны эх үүсвэр болох юм.

Монголын Мянганы сорилтын сан нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг хангах гурван томоохон төслийг ийнхүү хэрэгжүүлж дуусаж байна.

Эцэст нь товчхон

УИХ: Ногоон зээлийн хугацаа 30 сар байсныг 60 сар болгон нэмэгдүүлж буйг Ерөнхий сайд мэдээллээ. Хугацаа уртассанаар зээлийн сарын төлөлт 40 хувиар буурч, хүү нь хүрэн зээлийнхээс 4-6 хувиар бага байх аж.

Улаанбаатар төмөр зам ХНН 2026 онд нийт 33 сая тонн ачаа тээвэрлэхээр зорьж байна. Үүнээс I улирлын байдлаар 9.6 сая тонн ачаа тээвэрлэснээ мэдээллээ. Тайлант хугацаанд ОХУ болон БНХАУ-аас 1.2 сая тонн импортын ачаа тээвэрлэж, 3 сая орчим тонн ачаа экспортолжээ.

Онцлох зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын цувааг харахаар цугласан иргэд - Бээжин, БНХАУ

Pedro Pardo/AFP/Getty Images