2026/05/15

Өглөөний мэнд. Мөнгөний нийлүүлэлт эрчээ хадгалж, өмнөх оны мөн үеэс 10.3 их наяд төгрөгөөр өсөөд байна.

Тайванийн асуудалд бодлогогүй хандвал “мөргөлдөөн гарч” болзошгүйг Ши Жиньпин Д.Трампт анхааруулав.

Зэсийн үнийн тонн нь 14 мянган ам.доллар давж, I сард тогтоосон бүх цаг үеийн дээд түвшиндээ дөхсөөр байна.

Хөшигний наана, цаана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаа “гайхалтай” гэсэн ганц үгээр сэтгүүлчдэд дүгнэн хэллээ. Түүний Хятад улсад хийх өндөр хүлээлттэй хоёр өдрийн айлчлалын эхний өдөр олны нүдэнд халуун дулаан уур амьсгалтай, эерэг хүндэтгэлтэй үгсээр дүүрэн болж өнгөрөв.

Ши Жиньпиний зүгээс АНУ-ын удирдагчийг дагалдан ирсэн бизнесийн лидерүүдэд Хятадын “үүд хаалга нээлттэй” байхыг амлаж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн “өргөн хүрээний боломж”-ийг ашиглахыг уриаллаа.

Харин “хөшигний цаана” хурц өнгө аястай нэг мессеж явсан нь Ши Жиньпиний Тайванийн асуудалтай холбоотой анхааруулга байлаа. Бээжин дэх Ардын Их Танхимд болсон хоёр удирдагчийн эхний уулзалт дуусахын өмнө Ши Жиньпин "Хэрэв асуудлыг буруу удирдан чиглүүлбэл хоёр улсын хооронд тулгаралт, мөргөлдөөн үүсэж, Хятад-Америкийн харилцааг бүхлээр нь маш аюултай нөхцөл байдал руу түлхэнэ" хэмээн хэлсэн байна.

Сүүлийн саруудад АНУ, БНХАУ-ын харилцааг хурцатгасан олон асуудлын нэг нь Тайванийн арал байв. Өөртөө засах ардчилсан тогтолцоот Тайваньд АНУ зэвсэг худалдахаар төлөвлөснийг БНХАУ хүчтэй эсэргүүцэж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн байр сууриа тодорхой болгохыг Вашингтоноос шаардсан юм.

Үүнийг эс тооцвол хоёр удирдагчийн яриа бүхий л үйл хөдлөл, үгийн далд утгыг нь ажиглаж буй зах зээлд таатай байж, хагарал хуваагдлын оронд хамтран ажиллах боломжийг хоёул тодотгож байлаа. "Бид дайснууд биш түншүүд байх учиртай. Нэгнээ амжилтад хүрэхэд тусалж, хамтдаа хөгжин цэцэглэж, шинэ эрин үед том гүрнүүд эв найртай орших зөв арга замыг олох хэрэгтэй" хэмээн Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид хандан хэлж байв.

Уулзалт эхлэх үед Азийн хувьцааны индексүүд унасан бол бондууд өсөж, мөн юанийн ханш 11 дахь өдөртөө дараалж чангарлаа. Өнгөн талдаа өөдрөг, харин цаанаа дэлхийн эдийн засгийн хэмнэлийг тодорхойлох хоёр улсын харилцаанд тодорхойгүй байдал ноёлсон танил дүр зургийг хөрөнгө оруулагчид дахин нэг удаа харж байна.

Анхаарлын төвд

Ховорхон ашигтай худалдаа. Монгол Улс оны эхний дөрвөн сарын хугацаанд БНХАУ-тай 7.7 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 6.3 тэрбум ам.доллар нь экспорт байна. Мөн улсын нийт экспортын 92.6 хувь нь БНХАУ-д нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүн байгаагаас дийлэнх нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн. Нөгөө талдаа нийт импортын 37.4 хувь буюу 1.4 тэрбум орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-аас импортолжээ. Барилгын материал, ачааны автомашин, тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, цахилгаан эрчим хүч зэрэг нь импортод өндөр дүн эзэлж буй.

Ам мөлтөс албажив. Дэлхийн хамгийн нөлөө бүхий Төв банкны дараагийн тэргүүнээр Кэвин Уоршийг томилохын АНУ-ын Сенат 54-45 харьцаа бүхий саналаар дэмжлээ. Ардчилсан намаас ердөө ганцхан гишүүн дэмжсэн бол Бүгд найрамдах намынхны нэгдсэн санал түүний Холбооны нөөцийн банкийг удирдах замыг засжээ. Иймд АНУ-ын түүхэн дэх хамгийн бага улс төрийн дэмжлэгтэйгээр Төв банкны тэргүүнээр томилогдсон тохиолдол нь энэ болж байна.

Баасан гарагт бүрэн эрхийн хугацаа нь дуусах Жером Пауэллийн халааг авч буй 56 настай Кэвин Уорш Холбооны нөөцийн банкийг улс төрөөс хараат бусаар удирдаж чиглүүлэхэд анхаарна гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Санал хураалтаас 2 хоногийн өмнө АНУ-ын инфляц 3.8 хувь болж, 2023 оны VI сараас хойших дээд цэгтээ хүрсэн юм.

Улаан металлын давшилт. Зэсийн ханш арилжааны найман өдөр дараалан чангарч, лхагва гарагт Лондоны Металлын биржид тонн нь 14,196 ам.доллар хүрлээ. Ингэснээр I сард тогтоосон бүх цаг үеийн дээд түвшиндээ дөхсөөр байна. Харин Нью-Йоркийн Comex биржид зэсийн фьючерс үнэ нэг фунт нь 6716 ам.доллар хүрч, түүхэн дээд түвшнээ хэдийнээ шинэчилжээ. АНУ боловсруулсан металлын импортод татвар ногдуулна гэсэн хүлээлт үүссэнээр Comex биржийн үнэ Лондоны Металлын биржээс тонн тутамд 500 гаруй ам.доллароор өндөр байгаа юм.

Түрээс хямдарчээ. Улаанбаатар хотод орон сууцны түрээсийн үнэ IV сарын эцсийн байдлаар өмнөх сараас бүх сегмент дээр буурсан дүнтэй байгааг ҮСХ мэдээллээ. Тэр дундаа гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ оны эхнээс хамгийн их дүнгээр буюу 230 орчим мянган төгрөгөөр буурчээ. Харин хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ оны эхнээс 0.06 саяар буурсан байна. Байршлаар харвал Сүхбаатарын талбай, 220 мянгат, Зайсан цогцолбор, “River Garden” хотхон орчимд орон сууцны түрээсийн үнэ хамгийн өндөр тогтоогдсон байна.

Алтны ETF Монголд. Би Би Эс Эй ХОМК ХХК-ийн үүсгэн байгуулсан “Гоулд траст” сангийн алтанд суурилсан ETF-ийн нэгж эрхийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид эхэллээ. Тус сан нийт 500 кг алттай дүйх хэмжээгээр буюу 50 сая ширхэг нэгж эрхийн зөвшөөрөл СЗХ-ноос авч биржээр эргэлтэд оруулж эхэлж байна. Нэгж эрх нь 0.01 грамм алтанд хөрөнгө оруулсантай тэнцэх ба зах зээлийн ханшаа дагаад үнэ нь хөдлөх аж. Өмнө нь Монголын хөрөнгийн зах зээлд анхны биржээр арилжаалагдах хамтын сангийн ETF-ийг 2023 онд Улаанбаатар бирж дээр гаргаж байсан юм.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Инфляцын дуудлага

Төгрөгийн хадгаламж, төгрөгийн харилцах, валютын харилцах дансны үлдэгдэл өсөлтийн эрчээ хадгалснаар мөнгөний нийлүүлэлт (M2) IV сарын эцсийн байдлаар 51 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3 их наяд төгрөгөөр буюу 25.3 хувиар өслөө.

  • Төгрөгийн хадгаламж тайлант хугацаанд 27.4 их наяд төгрөг давж, өмнөх оны мөн үеэс 24.9 хувиар өссөн байна. Үүний 22.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж бол үлдсэн ААН, байгууллагуудын хадгаламж аж.

  • Харин валютын хадгаламж 5.6 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 347.8 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 113.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

  • Дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьтай гарснаар бодлогын хүү, инфляцын зөрүү улам багасаж, бодит хүү буурсан юм.

  • Мөнгөний нийлүүлэлт хэт өссөнөөр инфляц эрчимжих тул Төв банк хүүгээр дамжуулж зах зээл дэх илүүдэл мөнгийг татаж байна гэж Монголбанкны Ахлах эдийн засагч Н.Батсайхан онцолж байв.

  • Үүнээс гадна оны эхнээс Төв банкны үнэт цаасанд байршуулах активын хэмжээ өсөж, IV сарын эцэст 12 их наяд төгрөг давжээ. 2025 оны I сард бодлогын хүү 10 хувь байхад Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 11.4 их наяд төгрөг байв.

Зам зуур

БНХАУ-ын технологийн салбарын тэргүүлэгч компани Alibaba болон Tencent Holdings-ийн санхүүгийн тайлан тааруу гарсан ч хиймэл оюуны чиглэлд тогтвортой ахиц гаргаснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж байна.

Alibaba хиймэл оюуны санаачилгууддаа их хэмжээний хөрөнгө оруулснаар 2021 оны цар тахлын үеэс хойш анх удаа алдагдалтай ажилласнаа тайлагнажээ. Гэхдээ тус компани хиймэл оюуны моделиуд, үйлчилгээний жилийн орлого нь VI сар гэхэд 10 тэрбум юань хүрэх төлөвтэйг мэдээлснээр хувьцааны ханш нь 8 хувиар өслөө.

Энэ оны эцэс гэхэд дээрх дүн гурав дахин өсөж, 30 тэрбум юань давна гэж тооцоолж байгааг тус компани онцолсон байна.

Харин Tencent-ийн борлуулалтын орлого оны эхний гурван сард есөн хувиар өсөж, 196.5 тэрбум юань хүрсэн нь сүүлийн зургаан улирал дахь хамгийн бага өсөлтөд тооцогдож байна. Гэхдээ тус компанийн цэвэр ашиг 58.1 тэрбум юань хүрсэн нь шинжээчдийн таамагт нийцжээ.

Эцэст нь товчхон

УИХ: Түлш шатахуун, эрчим хүчний хараат байдлаас гарахад чухал үүрэгтэй мега төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүднээс Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөл нь зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдэд хамаарах юм.

ҮСХ: Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл IV сарын эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 344.5 тэрбум төгрөг буюу 16.6 хувиар, өмнөх сараас 4.5 хувиар тус тус өссөн байна. Харин нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь 5.2 байна.

Онцлох зураг

Ши Жиньпин, Дональд Трамп нарыг харахаар Бээжин дэх Тэнгэрийн сүмийн хаалга руу авирч, завсраар нь шагайж буй охин - Бээжин, БНХАУ

Kevin Frayer/Getty Images