2026/05/14

Өглөөний мэнд. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийх өндөр хүлээлттэй айлчлал эхэллээ.

Өмнөговь аймгийн гаргасан ₮150 тэрбумын эхний бондын арилжааны захиалга 100 хувь дүүрлээ.

Газрын тосны үйлдвэр, УЦС-ын төслүүдийг урагшлуулах хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор дахин өргөн мэдүүлнэ.

“Бээжин сууж байна”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод дайн эхлүүлснээсээ хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. 36 цаг үргэлжлэх, өндөр хүлээлттэй энэ айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн дайн, тариф, Тайванийн арал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр байна.

Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан АНУ-ын айлчлалын бүрэлдэхүүнд эцсийн мөчид багтаж Бээжинг зорьсноор тус айлчлалаар гол анхаарал татах сэдвүүдэд хиймэл оюун, технологи нэмэгдлээ. Түүнтэй хамт Apple-ийн Тим Кук, Tesla-ийн Илон Маск зэрэг бизнесийн манлайлагчид БНХАУ-д зочилж буй.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны удирдагчдын уулзалтын өмнө Цагаан ордноос БНХАУ-д болон Ираны газрын тосны импортоос хамааралтай бусад орнуудад Ормузын хоолойг нээхэд туслахыг шаардсан шахалт үзүүлсээр ирсэн юм. Мөн Иранаас газрын тос худалдан авсан, Засгийн газарт нь сансрын зураг нийлүүлсэн үндэслэлээр Хятадын хэд хэдэн компанид хориг арга хэмжээ аваад байгаа.

Дайн гурав дахь сардаа сунжирсан энэ үед БНХАУ Ираны газрын тосны гол худалдан авагч, стратегийн түнш орны хувьд тун онцгой байр сууриас уг уулзалтад оролцохоор байна. Харин Вашингтоны хувьд Бээжингийн гол хөзөр болох газрын ховор элементийн ноёрхлын эсрэг дээрх арга хэмжээнүүдээ тэнцвэржүүлэх шаардлага гарч байна. Өнгөрсөн онд тус улс энэ давуу талаа ашиглан АНУ-ыг тарифын сүрдүүлгээсээ ухрахад хүргэсэн билээ.

“Ши Жиньпинээс илүү Трампт энэ уулзалт хэрэгтэй. Ши ч үүнийг мэдэж байгаа” хэмээн Eurasia Group-ийн ахлах шинжээч, АНУ-ын дипломатч асан Жереми Чан хэлж байна.

Түүнчлэн хоёр тал худалдааны тохиролцоогоо сунгах талаар хэлэлцэж, БНХАУ АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нисэх онгоц авах хэлэлцээр хийх магадлалтай. Улс хоорондын худалдааны зөвлөл, хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулах саналыг хоёр удирдагч харгалзан үзэхийг ням гарагт АНУ-ын албаны хүн мэдээлсэн байна.

Ши Жиньпиний хувьд энэ уулзалтаар анхаарах тэргүүн асуудал нь Тайванийн арал байхыг Хятадын ажиглагчид онцолж байна. Оны эхээр АНУ Тайваньд 11 тэрбум ам.долларын дүнтэй зэвсэг борлуулах төлөвлөгөө танилцуулсны дараа Ши Жиньпин АНУ-д уг наймаанд болгоомжтой хандахыг сануулсан юм. Тиймээс Хятад улс Трампыг зөвхөн зэвсгийн наймаагаар хязгаарлагдахгүйгээр Тайваньд баримтлах бодлогоо өөрчлөхийг ятгах төлөвтэйг шинжээчид хэлж байв.

Эцэст нь Дональд Трамп, Ши Жиньпин нарын Бээжин дэх уулзалтаас хамгийн илэрхий харагдах зүйл нь хоёр хүчирхэг гүрэн хооронд хүчний тэнцвэр шилжиж байна. “Одоогийн Хятад 10 жилийн өмнөх Трампын анхны айлчлалын үеийн Хятадаас өөр болсон гэдгийг АНУ, БНХАУ хоёул хүлээн зөвшөөрч байна” хэмээн Бээжин дэх Хятад ба даяарчлалын судалгааны төвийн үүсгэн байгуулагч Хенри Ван Хуияао онцолжээ.

Айлчлалын шууд дамжуулалт болон бусад сурвалжилгыг өнөөдөр Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Анхаарлын төвд

“Цаг алдах ёсгүй”. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслөөс Сэлбэ дэд төвийг хасаж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг үлдээн УИХ-д яаралтай горимоор өргөн барихаар ЗГ тогтлоо. Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг улсын төсвийн хуулийн хязгаарт хамааруулахгүйгээр зохицуулбал үйлдвэр төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орох боломжтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хэлж байв. 2026 оны байдлаар 4.3 тэрбум ам.долларын зээл ашиглаагүй үлдэгдэлтэй байгаагаас 38 хувийг нь дээрх үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн үлдэгдэл эзэлж байна.

Хийнээс эрчим хүч. Монголд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй TMK Energy компани IV сард “Гурвантэс XXXV” төслийн цооногуудаас өдөрт дунджаар 663 куб метр хий олборлосон нь II сарынхаас 13 хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдээллээ. III сард төслийн LF-07 цооногийн олборлолт эрс өссөн тул тус компани түр хугацаанд цооногийн хийн урсгалыг зориуд багасгах арга хэмжээ авч байсан юм.

Үүнээс гадна хүчин чадлын дутагдалд ороод буй Монголын эрчим хүчний үйлдвэрлэлд байгалийн хийн ашиглалтыг нэвтрүүлэх талаар Засгийн газартай болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй өндөр түвшний яриа хэлэлцээ эхлүүлснийг TMK Energy-ийн Гүйцэтгэх захирал Дугал Фергусон онцолсон байна.

Зэс оргил чигт. Зэсийн ханш мягмар гарагт Лондоны Металлын биржид тонн нь 14 мянган ам.доллар давлаа. Тухайн өдөр 1.2 хувиар өсөж, тонн нь 14,106 ам.доллар хүрсэн нь I сард тогтоосон бүх цаг үеийн дээд түвшин болох 14,500 ам.долларт дөхсөн түвшин болов. Ираны дайны үр дагавар дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татах төлөвтэй байгаа ч БНХАУ-ын эрэлт сэргэж, нийлүүлэлттэй холбоотой эрсдэл нэмэгдсэн нь зэсийн үнийг дэмжиж байна. Он гарсаар зэсийн ханш 13 хувиар дээшлээд байгаа юм.

Дата төвийн амбиц. Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх СОР17 бага хурлын үеэр хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг танилцуулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамгийн багадаа 100 ГВт хямд, ногоон эрчим хүчийг санал болгох шаардлагатай гэж тооцоолсон байна. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлийн орчныг бий болгож, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлбэл дотоодын хөрөнгө оруулагч нар дата төв байгуулах боломжтой гэж үзжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Аймгийн анхны бонд

Өмнөговь аймгийн шинэ дулааны станцын төслийг санхүүжүүлэх бондын I транчийн анхдагч зах зээлийн арилжаа МХБ-д явагдаж, хэдхэн цагийн дотор зорилтот 150 тэрбум төгрөгийн дүнг татан төвлөрүүллээ.

  • Нийт 500 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг ирэх гурван жилийн хугацаанд хэсэгчлэн гаргаж, арилжаалах юм. Тухайлбал 2026 онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг тус тус олон нийтээс татан төвлөрүүлнэ.

  • Эхний транчийн 75 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 75 тэрбум төгрөгийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилж буй.

  • “Өмнөговь бонд” нь 24 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 1.5 сая ширхгийг нэг бүрийг нь 100 мянган төгрөгөөр санал болгож, хагас жил тутамд бондын хүүг төлөхөөр тогтжээ.

  • Тус аймгийн цахилгаан станц барих төсөл 2026 онд эхэлж, 2028 онд бүрэн ашиглалтад орно. Төслийн нийт төсөвт өртөг 130 сая ам.доллар байх аж.

Зам зуур

Alphabet-ийн охин компани Google "Android" үйлдлийн систем болон "Gemini" хиймэл оюуны функцүүдээр ажиллах өндөр хүчин чадалтай "Googlebook" зөөврийн компьютерийн шинэ платформоо танилцууллаа. Компанийн техник хангамжийн гэрээт түншүүд болох Dell, Lenovo, HP компаниуд тус платформ дээр үйлдвэрлэсэн анхны загваруудаа ирэх саруудад гаргахаар болжээ.

Мягмар гарагт Google удахгүй гарах "Android 17" үйлдлийн системийн шинэчлэлүүдийн хамт тус бүтээгдэхүүнээ танилцуулсан нь зөөврийн компьютерийн зах зээлд дорвитой нэвтэрч, Gemini-г үндсэн үйлдлийн системийнхээ салшгүй хэсэг болгох зорилтыг нь тодотгон харууллаа.

Шинэ "Googlebook" нь боломжийн үнэтэй "Chromebook"-ээс хамаагүй өндөр хүчин чадалтай, эд ангиуд нь илүү чанартай байх аж. Хэдийгээр загвар бүр нь үйлдвэрлэгчээсээ шалтгаалан өөр дизайнтай гарах ч компьютер асаалттай үед олон өнгөөр гэрэлтдэг “Glowbar” хэмээх оруулга нь бүх "Googlebook"-ийн нэрийн хуудас байхыг онцолжээ.

Эцэст нь товчхон

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол, ОХУ-ын хамтарсан компани байгуулж Чингис Хаан ОУНБ-д агаарын хөлгийн түлш нийлүүлэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн барьж, соёрхон батлуулахаар тогтлоо. Хуулийн төслийг өмнө нь УИХ-аар хэлэлцсэн ч дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж буцаан татсан юм.

ҮСХ: Аялал жуулчлалын салбарын өсөлтийн нөлөөгөөр зочид буудал, байр сууцаар хангах салбарын орлого сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны I улирлын байдлаар тус салбарын орлого 54.3 тэрбум төгрөг болж, 6.4 хувиар өсжээ. Салбарын нийт орлогын дийлэнх хувийг зэрэглэлгүй болон гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого бүрдүүлсэн хэвээр байгаа аж.

Онцлох зураг

Боливи улсын Ерөнхийлөгч Родриго Пасыг огцрохыг шаардсан жагсаалд оролцож буй уурхайчид - Ла Пас, Боливи

Claudia Morales/Reuters