- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/13
2026/05/13
Өглөөний мэнд. Rio Tinto-оос төлөөлөгчид ирж, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн нэн чухал үе шат эхлэх гэж байна.
Ургац алдсан 2025 оны дараах хаврын тариалалтын бэлтгэл эхэлж, тариаланчдад 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байна.
БНСУ хиймэл оюуны ашгийн татвараас иргэддээ “ногдол ашиг” олгох санал дэвшүүлж, зах зээлийг савлуулав.

Хэлэлцээрийн ширээнд
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Оюу Толгой ХХК, Rio Tinto-ийн төлөөлөгчид ойрын хугацаанд уулзах хүлээлттэй байна. Өчигдөр Rio Tinto-оос хэлэлцээрийн баг ирж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлсэн юм.
Монголын талаас зээлийн хүү болон менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулахаар зорьж буй. Хэлэлцээр тодорхой үр дүнд хүртэл үргэлжилнэ гэдгийг Засгийн газар тодотгож байгаа.

Гуравдугаар сард Rio Tinto компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзах үедээ тодорхой саналуудаа танилцуулсан ч Монголын талын хүлээлтэд хүрээгүй тул хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж байв.
Иймд Оюутолгой төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулж, 2030 оноос Оюутолгой менежментийн хувьд бие даан ажиллах зэрэг хатуу шаардлага тавьсан юм. Ерөнхий сайдын уулзалтын өмнө Монгол талын тавьсан санал одоо байгаа LIBOR+6.5 хувийн хүүг зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах, Монголын хүртэх өгөөж 53 хувиас доошгүй байхад чиглэж байлаа.
Мөн Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах, Entrée Resources компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг үндсэн хуулийн 6.2-т нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буй.

15 жилийн турш Rio Tinto, ЗГ хоорондын тэмцэл л яригдлаа шүү дээ. Зөвхөн үүн дээр мунгинаж, 15 жил хэрүүл хийх хооронд бусад бүх улс урагшлаад алга боллоо. Тэгэхээр хурдан зас, дуусга гэж хэлнэ. Нэгдсэн шийдэл үнэхээр шаардлагатай ч дахиад л өнөөх бүлэглэл хоорондын улс төр, фракцын систем асуудал болж байна.
Шинэ Ерөнхий сайд томилогдох болгондоо гэрээг дахин хийж эсвэл шинээр тайлбарлаж болно гэж боддог. Энэ бол хууль дээдлэх зарчим биш, харин бүлэглэлийн зарчим. Тэгэхээр Монголын ард түмэнтэй, Монголын ЗГ-тай, Rio Tinto-той чин шударгаар ярилцах хэн нэгэн үнэхээр хэрэгтэй байна.
Анхаарлын төвд
Эгзэгтэй цагийн уулзалт. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж, пүрэв, баасан гарагуудад тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй худалдаа, Ираны дайн зэрэг асуудлууд дахь үл ойлголцлоо шийдэхээр хэлэлцэх гэж байна. Хэлэлцэх асуудлын тэргүүнд Ираны дайн байх магадлалтай бөгөөд мөн АНУ-аас Тайваньд зэвсэг худалдах асуудлыг хэлэлцэхээ Д.Трамп илэрхийлээд байгаа. Үүнээс гадна АНУ-ын айлчлалын бүрэлдэхүүнд Tesla-ийн Илон Маск, Apple-ийн Тим Күүк, Boeing-ийн Келли Ортберг гэсэн бизнесийн томчууд багтахыг Цагаан ордон баталгаажуулсан юм.
AI-ийн ашгийг ард түмэнд. Компаниудын хиймэл оюуны салбараас олсон ашгийн татвараас иргэдэд "ногдол ашиг" олгох нь зүйтэй гэсэн санааг БНСУ-ын тэргүүлэх бодлого боловсруулагчдын нэг нь дэвшүүлэв. Энэ нь Samsung, SK Hynix зэрэг чип үйлдвэрлэгч компаниудад асар их ашиг хүртээсэн хиймэл оюуны тэсрэлтийн өгөөжийг иргэдэд хуваалцах талаар эрх баригчдад ирж буй шахалт нэмэгдсэний дохио боллоо.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Бодлого хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Юн Бом Facebook-т оруулсан постдоо дээрх санааг илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдад таавар болж, улмаар мягмар гарагийн арилжаагаар БНСУ-ын хувьцаануудын ханш огцом савлахад хүргэжээ. Өнгөрсөн сард Samsung-ийн чипийн гол үйлдвэрийн гадна олон арван мянган хүн жагсаж, хиймэл оюунаас олсон ашгаас ажилтнууддаа олгох хувиа нэмэгдүүлэхийг шаардсан юм.
“Гал” өсөлттэй жил. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 655 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс 80 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцоолж байгааг мэдээллээ. Компанийн борлуулалтын орлого 2022 оноос хойш 5.6 дахин өсөж, 2025 онд 593.1 тэрбум төгрөг хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Ингэснээр цэвэр ашгийн дүн 1.6 тэрбум төгрөгөөс 72.2 тэрбум төгрөг болж, 45 дахин өссөн байна. Биржийн арилжаагаар экспортын борлуулалтыг тогтвортой нэмэгдүүлж, тээвэр логистикийн хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэсэн нь DMP-ийн орлогын огцом өсөлтөд нөлөөлжээ.
Үнийг тогтоох арга. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөргөдлийг тогтворжуулахыг зорьж буй Сингапурын Засгийн газар орон сууц дамлан борлуулахыг хязгаарлах шинэ журмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь Төрөөс татаас олгодог, хямд орон сууцуудад чиглэхийг Сингапурын Үндэсний хөгжлийн сайд мэдээлжээ. Шинэ журмаар сууц өмчлөгч байрандаа заавал оршин суух хугацааг хоёр дахин уртасгаж, 10 жил болгосон байна. Ингэснээр анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд дэмжлэг болно гэж үзжээ. Уг мэдээлэл гарсны дараа Сингапурын үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцааны ханш уналаа.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Тариалалтын бэлтгэл
Өнгөрсөн онд тариалангийн гол бүс нутгуудаар бороо, хургүй гантай байснаас шалтгаалан ургац алдаж, ААН-үүд санхүүгийн хүндрэлд орсон юм. Залгуулаад энэ онд түлш шатахууны үнэ өссөн нь газар тариалангийн салбарт сорилт болохоор байна.

Энэ онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснийг ХХААХҮЯ мэдээлээд байна. Мөн хаврын тариалалтад 40.6 мянган тонн буудайн үр бэлэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өндөр үзүүлэлт болохыг ҮСХ мэдээллээ.
Энэ онд бороо, хур олон жилийн дундаж орчим байна гэсэн урьдчилсан төлөв гараад байгаа юм.
Засгийн газраас хаврын тариалалтад зориулж тариаланчдад 10 мянган тонн дизель түлшийг нэмэгдэлгүй үнээр тариалан эрхлэгчдэд нийлүүлэх зохицуулалт хийгээд буй. Гэсэн ч намрын ургац хураалтын үед шатахууны асуудал дахин үүсэх тул газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй.
Үүнээс гадна 200 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. IV сарын эцсийн байдлаар 293 иргэн, аж ахуйн нэгжид 50 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосон байна.
Зам зуур

VI сарын 2-ноос Казахстаны агаарын тээврийн SCAT Airlines компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээ мэдээллээ. Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үеэр Монгол, Казахстаны хооронд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлж, хоёр улсыг холбосон нэгэн шинэ гарцыг нээхээр тохиролцсоны үр дүн нь энэ болж байна.
Мөн Hunnu Air авиа компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй. Шууд нислэгийн давтамж, чиглэл нэмэгдсэнээр Европын улс орнуудаас жуулчдыг татах боломж бүрдэж байгааг МҮХАҮТ онцолж байв.
Одоогоор Монгол Улс Төв Азийн орнуудаас Узбекистан, Казахстан улстай шууд нислэг үйлдэх хэлэлцээр байгуулж, Алматы, Ташкент чиглэлд нислэг үйлдэж байна.
Эцэст нь товчхон
ЗГ: Ирэх VI, VII, VIII саруудад инфляц хоёр оронтой тооноос дээш эрчимжих төлөвтэй байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ. Инфляцын өндөр түвшин 2026 оны сүүлийн хагас болон 2027 онд хадгалагдах төлөвтэй байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулж байв.
ҮСХ: Орон сууцны үнийн индекс IV сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн бол өмнөх сараас төдийлөн өөрчлөлтгүй байна. Гэхдээ II сард 10.1 хувиар өсөж байсантай харьцуулахад тогтвортой түвшинд очжээ.
Онцлох зураг
Австралийн загварын долоо хоногийн үеэрх Toni Matičevski-ийн шоуны өмнө бэлтгэж буй загвар өмсөгч - Сидней, Австрали

Anna Kucera/AAP