2026/05/12

Өглөөний мэнд. Стратегийн гэх тодотголтой 16 ордоос долоон ордод нь Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогоод байна.

Хантавирусын халдварын тохиолдол нэмэгдсэн ч дэлхийг хамарсан цар тахал болох магадлал бага гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Ираны дайн дэлхийн газрын тосны нөөцийг урьд өмнө байгаагүй хурдтай шавхаж байна.

Сандрах бус анхаарах вирус

“MV Hondius” аяллын хөлөг дээр байсан АНУ-ын нэг, Францын нэг зорчигчийн хантавирусын шинжилгээний хариу эерэг гарсныг албаныхан мэдээлээд байна.

Нидерландын далбаатай экспедиц аяллын тус хөлөг Испанийн Канарын арлуудын Тенерифегийн эрэгт зогсож, улс орнууд хөлгөөс өөрсдийн иргэдээ татаж авах ажиллагаа Ням гарагт эхлээд байв. Татан авах нислэгийн үеэр франц эмэгтэйд шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь муудсан бөгөөд одоогоор түүнийг дөрвөн франц зорчигчийн хамт эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаад байгааг БНФУ-ын Эрүүл мэндийн сайд онцолжээ.

Хөлгийн зорчигч, багийнхнаас бүрдсэн 150 гаруй хүнийг Испани, Канад, Их Британи, Нидерланд зэрэг улсууд татан авч байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлсэн бөгөөд хантавирусын далд үеийн хугацаа нэлээн урт тул 42 хоногийн турш зорчигчдын биеийн байдлыг идэвхтэй ажиглах зөвлөмж хүргүүлжээ.

Ховор тохиолддог амьсгалын замын өвчин үүсгэгч Андын омгийн хантавирусын голомт болоод буй тус хөлгийн зорчигчдоос сүүлийн байдлаар найман батлагдсан тохиолдол илэрч, гурван хүн нас бараад байна.

Лабораториор батлагдсан бүх тохиолдол нь хүнээс хүнд зөвхөн ойрын хавьтлын үед хязгаарлагдмал байдлаар халдварлах магадлалтай Андын хувилбар байсныг ДЭМБ баасан гарагт мэдээлж байв. Мөн цар тахалд хүргэж, олон улсыг хамарсан тархалт үүсгэх эрсдэл бага гэж үнэлснээ бататгасан байна. Томуу, Covid-19-ийг үүсгэсэн коронавирустэй харьцуулахад хантавирус халдварлах чадвар болон мутацид орох чадвар сул аж.

Гэсэн хэдий ч хөлөг дээр вирус хаанаас хэрхэн тархсантай холбоотой тодорхойгүй байдал их байгаа тул Засгийн газрууд шуурхай хариу арга хэмжээ авч буй нь энэ болжээ. “Бид үүнд Covid-той ижил байдлаар хандмааргүй байна. Үүнээс болж нийтийн сандрал түгшүүр үүсгэж болохгүй” хэмээн АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн захирал Жай Бхаттачаря онцолжээ.

Тиймээс гол сорилт нь цаг хугацаа байхаар байна. Шинж тэмдэг нь илрэх хүртлээ 6-7 долоо хоног далд байдаг тул аялагчид өвчилсөн гэдгээ мэдэлгүйгээр улс хооронд зорчиж, улмаар хавьтлуудыг илрүүлэх, тархалтыг тогтоон барихад хүндрэл учруулж болзошгүй. Харин аялал жуулчлалын салбарын хувьд эмнэлгийн үйлчилгээнээс хол, урт хугацааны аяллын үеэр өвчин дэгдэх эрсдэл, мөн халдварт өвчин илрэхээсээ өмнө олон улсын хил дамнан зөөвөрлөгдөх эрсдэлийг дахин сануулсан хэрэг боллоо.

Анхаарлын төвд

Бүгдээрээ хэлэлцэв. Стратегийн ач холбогдолтой ордод Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох асуудлаар Засгийн газар Тавантолгой, Нарийн Сухайт, Шивээ-Овоо зэрэг ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 20 орчим ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа. Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх бодлогыг дэмжих ч “ард түмэнд ногдох” 60 хувийн өгөөжид яг юуг тооцохоо тодорхой болгох шаардлагатайг ААН-үүд хэлж байв. Мөн Төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулахдаа өсөн нэмэгдэх байдлаар зохицуулах нь зүйтэй зэрэг санал дэвшүүлжээ. Стратегийн ач холбогдолтой гэгдсэн 16 ордоос 7 ордод нь одоогоор эзэмшлийн хувь хэмжээ тогтоогоод буй.

Сав хоосрох эрсдэл. Ираны дайн Персийн булангаас гарах түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулснаар дэлхийн газрын тосны нөөц урьд өмнө байгаагүй хурдтай шавхагдаж байна. Morgan Stanley-ийн тооцоолсноор III сарын 1-нээс IV сарын 25-ны хооронд дэлхийн газрын тосны нөөц өдөрт ойролцоогоор 4.8 сая баррелиар буурчээ.

Одоогийн нөөц нь дэлхийн газрын тосны зах зээлийн шокийг бага зэрэг тогтворжуулж байгаа ч дуустлаа шавхагдах боломжтой аж. Газрын тосны хоолойн тээвэрлэлтийн систем хэвийн ажиллахад тодорхой хэмжээний газрын тос шаардлагатай байдаг тул нөөц бодитоор 0 болохоос хамаагүй өмнө байж болох хамгийн доод түвшиндээ хүрэх эрсдэлтэйг JPMorgan анхааруулжээ. Сүүлийн байдлаар Дональд Трамп Ираны дайныг зогсоох саналд өгсөн хариуд татгалзсанаар брент төрлийн газрын тосны үнэ 4.2 хувиар өсөж, баррель нь 105.5 ам.доллар хүрээд байна.

Импортын урсгал. Оны эхний дөрвөн сарын байдлаар 380 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг ГЕГ мэдээллээ. ОХУ-аас дизель түлшийг энэ он дуустал дотоодын зах зээлийнх нь буюу хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсоноо тул АИ-92 болон дизель түлшний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг салбарын сайд мэдээлж байв. Мөн импортод гол жин дардаг суудлын автомашины импорт тогтмол буурсаар байна. I-IV сард нийт 25,800 гаруй суудлын автомашин импортолсон нь 2024 болон 2025 оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар доогуур үзүүлэлт.

Төрийн банк ХК олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаж, 2025 оны IX сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэснээр нийт 300 сая ам.долларын дүнтэй бонд гаргаснаа онцоллоо. Нэмэлт бондын өгөөж 8.5 хувь, купон 8.9 хувь дээр тогтжээ. Татан төвлөрүүлсэн 100 сая ам.долларыг дотоодын ногоон Таксономи болон банкны тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бүрэн зориулахаа мэдээлэв.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Дефляцын намгаас гарав

Өнгөрсөн сард БНХАУ-ын инфляц эрчимжиж, удаан хугацаанд үргэлжилсэн дефляцын бүсээс гарсан нь Бээжингийн эрх баригчдын хүсэн хүлээж байсан үзүүлэлт боллоо.

  • Тус улсын үйлдвэрлэлийн салбарын инфляц (PPI) цар тахлын эхэн үеэс хойших буюу сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ. Ираны дайн үйлдвэрлэлийн өртгийг өсгөсөн нь голлон нөлөөлснөөр IV сард үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар өсөж, шинжээчдийн голч таамгийг давсан байна.

  • Хүнсний үнэ буурсан ч БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар, өмнөх сараас нэг хувиар өссөн нь мөн л шинжээчдийн таамгаас өндөр байна.

  • Үйлдвэрлэлийн салбарын инфляц эрчимжсэн нь олон улс дахь түүхий эдийн үнийн огцом өсөлт, дотоодын зарим салбарын эрэлт сэргэсэн болон зах зээлийн өрсөлдөөн нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан гэж БНХАУ-ын Статистикийн товчооны мэргэжилтнүүд тайлбарлалаа.

  • Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний нийлүүлэлтийн доголдол нь БНХАУ-д сүүлийн гурван жил хагасын турш үргэлжилсэн үйлдвэрлэлийн дефляцыг ийнхүү зогсоолоо.

  • Хэдий тийм боловч дотоод эрэлт сул хэвээр байгаа энэ үед үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн нь компаниудын ашигт ажиллагаанд дарамт болохоор байна.

Зам зуур

Nintendo компани 2027 оны III сар хүртэлх санхүүгийн жилд “Switch 2” консолын борлуулалт 17 хувиар, тоглоомнуудын борлуулалт 11 хувиар буурна гэх төсөөллөө танилцуулсны дараа хувьцааны ханш сүүлийн гурван сарын хамгийн огцом дүнгээр буурлаа.

Компани санах ойн чип болон бусад түүхий эдийн өртөг өссөнтэй холбоотойгоор “Switch 2” болон анхны “Switch” , цахим үйлчилгээ болон тоглоомын үнээ нэмэх арга хэмжээ авахаа мөн мэдэгджээ.

Киото хотод төвтэй Nintendo компанийн хувьцааны ханш даваа гарагт Токиогийн биржид 10 хувиар унасан нь 2024 оны наймдугаар сараас хойших хамгийн доод түвшинд тооцогдож байна.

Эцэст нь товчхон

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн баасан гарагт МХБ-ээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 128 мянган тонн нүүрсийг нийт 8.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр, БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалснаа мэдээллээ. Компани 2026 он гарснаар нийт 132 удаагийн арилжаа зохион байгуулж, 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийгээд байгаа.

Оюутолгой ХХК ус бохирдуулсны төлбөр төлөх асуудлаа эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсоныг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам мэдээллээ. Компанийн 2026 оны I улирлын байдлаар төлөх 1.5 тэрбум төгрөг болон 2022-2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөх асуудал шийдэгдээгүй байгааг албаныхан хэлж байв. Ингэснээр нийт 5 орчим тэрбум төгрөгийн төлбөр төлөх асуудал үүссэнийг Усны газрын дарга мэдээлжээ.

Онцлох зураг

Унгарын шинэ парламентын тангараг өргөх ёслолд тоглохоор хүлээж буй залуу хөгжимчид - Будапешт, Унгар

Dénes Erdős/AP