- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/11
2026/05/11
Өглөөний мэнд. Инфляц дөрөвдүгээр сард огцом өсөж, хоёр жил хагасын дараа эргэн хоёр оронтой тоонд орлоо.
Автомашины худалдаанаас карьераа эхлүүлсэн эрхэм Казахстаны шинэ тэрбумтан боллоо.
Газрын тосны үйлдвэр, УЦС-ын төслүүдийг урагшлуулахад чухал нөлөөтэй хуулийн төслийг УИХ дэмжсэнгүй.

Автомашины ченжээс тэрбумтан…
1991 онд ЗХУ задран унах үед Алматы хотод чимээгүй ч гэсэн амьдрал үргэлжилсээр байлаа. Өргөн чөлөөнүүд, дуурийн театр, мөн дэлхийн хамгийн өндөрт оршдог мөсөн гулгуурын талбайгаараа алдартай тус хотод тухайн үед автомашин тансаг хэрэглээнд, Барууны бараа бүтээгдэхүүн нүдний гэмд тооцогдож байв.
Харин өнөөдөр Алматы хот Казахстаны эдийн засгийн тэсрэлтийн зангилаа цэг, худалдаа арилжааны завгүй төв болжээ. Коммунизмаас капиталист хэрэглээний эдийн засаг руу шилжсэн энэ аяллыг нэг хүнээр илэрхийл гэвэл тэр нь Нурлан Смагулов.
Bloomberg-ийн тэрбумтнуудын индекст Төв Азиас нэгдсэн шинэ тэрбумтан Смагулов улсынхаа шилжилтийг “хөлөглөж”, автомашин оруулж ирж зардаг наймаачнаас жижиглэнгийн үл хөдлөх хөрөнгийн магнат руу өсөн дэвжиж, өдгөө Алматы дахь урлагийн том музейн үүсгэн байгуулагч эрхэм болоод байна.

60 настай түүнийг бусад чинээлэг нутаг нэгтнүүдээс нь ялгаруулдаг гол хүчин зүйл гэвэл тэрбээр түүхий эд, санхүү, мөн улс төрөөс хөрөнгөө босгоогүй.
ЗХУ-аас өрх тусгаарлах үедээ Казахстаны нэг хүнд ногдох ДНБ ердөө 1500 ам.доллар байсан бол өнөөдөр 14 мянган ам.доллар хүрч, хүчирхэг хөрш ОХУ-тайгаа эн зэрэгцэж байна. Хурдтай өсөж буй хотууд, дундаж давхаргын тэлэлт, үүнийг дагасан хэрэглээний өндөр зардал нь 2000 оноос хойш жил бүр 5 гаруй хувийн өсөлттэй байгаа Казахстаны эдийн засгийг эрс өөрчилжээ.
“Би өмнө нь Казахстаны эдийн засгийн боломжид итгэдэг байсан, одоо ч итгэсэн хэвээрээ. Өсөн нэмэгдсээр буй хэрэглээний зардал, иргэдийн худалдан авалт дээр манай бизнес хөгжин цэцэглэж байна” хэмээн Смагулов өгүүлсэн юм.
Смагулов өдгөө гурван худалдааны төв эзэмшдэгийн нэг нь Казахстандаа хамгийн томд тооцогддог. Харин автомашины бизнес нь 19 дистрибьюторын гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Казахстанд үйлдвэрлэсэн таван автомашин тутмын хоёр нь Смагуловын угсралтын үйлдвэрүүдээс гарч байна.
Улсынхаа иргэдэд ийнхүү итгэсэн нь Смагуловт нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө авчирсныг Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харж болно.
Анхаарлын төвд
Инфляц алдуурав. Дөрөвдүгээр сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараасаа 2.8 хувиар огцом эрчимжсэнээр 2023 оны есдүгээр сараас хойш анх удаа хоёр оронтой тоо руу орлоо. Жилийн инфляц 10.1 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 19.7 хувьтай байсан нь голлон нөлөөлжээ. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар, үхрийн махны үнэ 42.9 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн оны зунаас хойш махны үнийн өсөлт инфляцад сар бүр өмнөхөөсөө өндөр нөлөө үзүүлж байгаа юм.
Дэмжигдсэнгүй. Түлш шатахуун, эрчим хүчний стратегийн төслүүдийг урагшлуулахад чухал нөлөөтэй Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл УИХ-аар дэмжигдсэнгүй. Ингэснээр газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүд гадаад зээллэгийн ашиглалтын хязгаараас шалтгаалж төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсэж байна.

Одоогийн төсвийн хуулийг мөрдөж ажиллавал газрын тос боловсруулах үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтад оруулах тооцоолол байгааг Сангийн яам мэдээлж байсан юм. Иймд хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор дахин өргөн мэдүүлэх боломжийг судална гэж Сангийн сайд тодотголоо. Дээрх төслүүдийн санхүүжилтийн ашиглалтын зардал нэмэгдсэнээр тухайн жилийн төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхийг зөвшөөрөх нь хуулийн төслийн зорилго байв.
Эрэлттэй хэлцэл. Голомт банк ХК олон улсын зах зээлд гаргаж буй гурван жилийн хугацаатай, 300 сая ам.долларын бонддоо 2 тэрбум ам.долларын захиалга татсанаа мэдээллээ. Арилжаанд АНУ, Их Британи, Хонконг, Сингапур зэрэг санхүүгийн төвүүдээс нийт 138 хөрөнгө оруулалтын сан болон брокерын компани оролцож, 2 тэрбум ам.долларын худалдан авах санал хүлээн авсан нь бондын санал болгосон хэмжээнээс 6.1 дахин өндөр дүн болсон бөгөөд купоны эцсийн түвшин 7.95 хувь дээр тогтжээ.
Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" буюу "Red Hill" төслийнхөө өрөмдлөгийг эхлүүлснээ пүрэв гарагт зарлалаа. IV сарын эцсээр тус компани төслийг худалдан авах 890 мянган ам.долларын дүнтэй хэлцлийг дуусгаж, 100 хувь эзэмших болсон юм. Худалдан авалт дууссаны дараа төслийн талбайд 1500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөр даруй эхлүүлэх болохоо мэдээлж байв. Анхны өрөмдлөгөөр харагдах байдлын хувьд зэсийн өндөр агуулга бүхий сульфидын эрдэсжилт огтолсныг ABM компанийн захирал З.Ган-Очир онцолжээ.
100 сая тн хүргэнэ. Монгол Улс 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028-2029 онд 105-110 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж буйг Ерөнхий сайд мэдээллээ. Хилийн боомтуудын ажиллах цагийг уртасгаж, мөн Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулснаар уг зорилгод хүрнэ гэж үзсэн байна. 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нүүрсний зах зээлийн үнийг 68 ам.доллароор тооцоолжээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Ирэх 3 жилийн өнгө
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.8 хувь, инфляц долоо орчим хувь байхаар тооцоолжээ.

Ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувьд хадгалах, инфляцыг 7-5 хувьд тогтворжуулахаар төлөвлөж байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2027 онд 34.8 их наяд төгрөг, нийт зарлагын дээд хэмжээ 36.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ.
Засгийн газрын өрийн нийт хэмжээг ирэх онд 57.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувьтай тэнцэх, 2028-2029 онд 63.6 их наяд төгрөг байхаар тусгав.
Нүүрсний олборлолт болон экспорт тогтвортой нэмэгдэх, дэлхийн зах зээлд бусад түүхий эдийн үнэ өсөх төлөвтэй нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, салбарын өсөлт төдийгүй боловсруулах үйлдвэрлэлийг тэтгэнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байна.
Эрсдэл талдаа Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ өсөж, үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнээр ААН-үүдийн ашиг буурахад нөлөөлнө. Ингэснээр дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй гэж үзжээ.
Зам зуур

Мьянмар улсын Мандалай муж дахь үнэт чулууны олборлолт, арилжааны төв Могокоос 11 мянган каратын буюу 2.2 килограмм жинтэй маш том бадмаараг чулуу олдсоныг тус улсын Засгийн газар зарлажээ.
Ягаавтар улаан өнгөтэй тус үнэт чулуу нь “ер бусын том хэмжээтэй, олоход хэцүү, маш ховор эрдэнэ” хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард шинээр бүрдсэн цэргийн дэмжлэгтэй ЗГ-ын харьяа Мэдээллийн яам мэдэгдэлдээ дурдсан байна. Өнгө, чанарыг нь харгалзан үзвэл энэхүү бадмаараг нь 1996 онд ижил газраас олдсон 21,450 каратын бадмааргаас илүү үнэ цэнтэй гэж үзэж байгааг мөн онцолжээ.
Мэдэгдэлд үнэт чулууг хэн олсон тухай, мөн хэр хэмжээний үнэ хүрэх талаар тооцоолол дурдаагүй байна. Сүүлд 2015 онд 25.59 каратын Бирм бадмаараг чулуу Женевт болсон Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар 30.39 сая ам.доллароор зарагдаж байв.
Эцэст нь товчхон
Иншүрко даатгал ХХК Японы хөрөнгө оруулагчтай стратегийн түвшний хамтын ажиллагааг эхлүүлж, 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсанаа мэдээлэв. Тус хөрөнгө оруулалт нь компанийн капиталын суурийг бэхжүүлэх, санхүүгийн чадавх болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх замаар урт хугацааны өсөлтийг дэмжих зориулалттай байх аж.
TWG Tea тансаг зэрэглэлийн цайны брэндийн "takeaway" концепц бүхий Монгол дахь анхны "boutique" салбар Шангри-Ла төвд нээлтээ хийлээ. Сингапур улсаас гаралтай, Ази, Европ, Ойрх дорнодын 10 гаруй хотод амжилттай хэрэгжсэн "takeaway tea" буюу сууж үйлчлүүлэх бус авч явах зориулалт бүхий концепц нь тансаг хэрэглээг их хотын завгүй амьдралын хэв маягт нийцүүлсэн онцлогтой болохыг тодотгож байна.
Онцлох зураг
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гольф тоглож байх үед хамгаалалтад гарсан тусгай албаны алба хаагч - Стерлинг, Виржиниа муж

Nathan Howard/Getty Images