- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/08
2026/05/08
Өглөөний мэнд. Erdene Resource Development I улиралд 8,527 унц алт олборлож, ашигт ажиллагаанд шилжив.
Монгол Улсын гадаад худалдааны ашиг оны эхний дөрвөн сард 3.1 тэрбум ам.доллар давж, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ.
БНСУ-ын No Brand дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрч, энэ онд гурван салбар нь нээгдэнэ.

Алтны өсөлтөөр ашигт ажиллагаа руу
Алтны үнэ дээд түвшиндээ хадгалагдсан энэ оны нэгдүгээр улиралд Erdene Resource Development Corp. компани "Баян Хөндий" төслийн олборлолтоо арилжааны түвшинд хүргэж, ашигт ажиллагаанд шилжсэн болохоо онцоллоо.
Эхний гурван сард компани 8,527 унц алт олборлож, нэг унц алтыг дунджаар 4872 ам.доллароор борлуулснаар төслийн нийт орлого 42 сая ам.доллароор хэмжигдсэнийг тайландаа мэдээлжээ. Өөрөөр хэлбэл алтны одоогийн ханшнаас 150 орчим ам.доллароор илүү дүнгээр борлуулалт хийжээ.

Өмнөх улиралтай харьцуулбал үйлдвэрлэл нь 20 хувиар өсөж, уурхайн үйл ажиллагаа нийт хүчин чадлын зорилтын 94 хувьд хүрсэн байна. Мөн алтны металл авалт дунджаар 96 хувьтай байсан нь ТЭЗҮ-д тусгасан 93 хувиас давжээ. Өнгөрсөн есдүгээр сард олборлолт эхэлснээс өдийг хүртэл “Баян Хөндий” төслөөс 16 мянга гаруй унц алт олборлоод байгааг компанийн Гүйцэтгэх захирал Питер Акерли онцолжээ.
Ингэснээр оны эхний улиралд Erdene Resource Development тайлант улиралд 4.8 сая канад долларын цэвэр ашигтай ажилласан байна. Харьцуулбал өмнөх оны I улиралд 4.5 сая канад долларын алдагдал хүлээж байв.
Тус компани "Баян хөндий" төслөөс гадна Монгол дахь зэс, молибдений бусад төслийн хөгжүүлэлтэд ахиц гаргасан байна. Тухайлбал: Оюутолгойн ойролцоо орших "Тэрэг уул" зэсийн төслийн анхны өрөмдлөгөө гүйцэтгэсний зэрэгцээ зэс, молибдений "Зуун мод" төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээг энэ оны III улиралд гаргах хүлээлттэй байгаагаа онцоллоо.
Анхаарлын төвд
Амттай амлалтууд. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2000 гаруй лицензийг эргэлтэд оруулахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд мэдээллээ. Хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлснээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тогтвортой уул уурхайг дэмжиж, олборлоод экспортлох бодлогоос боловсруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлэх бөгөөд, энэ хүрээнд ган болон зэс боловсруулах цогцолбор байгуулахаар төлөвлөж байгааг танилцууллаа. Үүнээс гадна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрэн нээхээ амлав.
Хүлээлт. АНУ Ормузын хоолойг үе шаттай нээж, олон мянган хүний аминд хүрсэн дайныг зогсоох тухай саналд нь Ираны тал ямар хариу өгөхийг хүлээж байна. Ираны удирдагчид Америкийн саналд тусгасан нөхцөлийн дагуу цөмийн хөтөлбөрөө орхихыг хүлээн зөвшөөрөх ямар нэг дохио өгөөгүй. Пүрэв гарагт Вашингтоноос нэг хуудас харилцан ойлголцлын санамж бичиг Ираны талд танилцуулсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Үүнд Ормузын хоолойг шат дараатайгаар дахин нээх, Ираны боомтуудыг бүсэлсэн АНУ-ын тэнгисийн цэргийн ажиллагааг зогсоох зэрэг асуудал багтжээ.

БНСУ пуужиндсаар. Хиймэл оюунд ашиглагдах чипийн эрэлт эрс өссөнөөр БНСУ-ын хөрөнгийн зах зээл үнэлгээгээр Канадынхаас давж, дэлхийн 7 дахь том хөрөнгийн зах зээл боллоо. БНСУ-ын биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ энэ он гарсаар 71 хувиар өсөж, 4.59 их наяд ам.доллар хүрсэн бол Канадын зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 7 хувиар өсөж, 4.5 их наяд ам.доллар болсон байна. Саяхан зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.доллар давсан Samsung Electronics болон SK Hynix компанийн хувьцааны ханш энэ онд хоёр дахин өссөн хөдөлгөөнтэй байгаа нь үүнд гол нөлөө үзүүлжээ.
Мах Импэкс ХК 2030 оноос эхлэн хувьцааны ногдол ашгаа үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлдээ дурдсан байна. Тус компани сүүлийн гурван жил дараалан нэгж хувьцаанд 100 төгрөг тооцон ногдол ашиг хуваарилсан юм. Тус компани боловсруулах үйлдвэр, мал төхөөрөх үйлдвэр зэрэг гурван үе шатаас бүрдсэн МИК-80 төслөө 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж буй. Үүний зэрэгцээ экспортын борлуулалтаа нэмэгдүүлэх чиглэлд Ойрх Дорнодын улс орнуудад халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортлохын сацуу ОХУ руу мах экспортлох зөвшөөрөл авах бэлтгэл хангаж буйг мэдээллээ.
ХОС хөгжүүлнэ. Засгийн газар хувийн хэвшилд хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэхээс гадна Хөгжлийн банк, Хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хөрөнгө босгохоор төлөвлөж байгааг ЭЗХЯ мэдээлэв. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк 3.5 тэрбум ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг олон улсын болон дотоодын зах зээлээс босгосон байна. Үүнээс сүүлийн 5 удаагийн бондыг хаалттай гаргасан бөгөөд цаашид илүү ил тод нээлттэй байдлаар эх үүсвэр татан төвлөрүүлэхээр зорьж байгаагаа онцлов.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Хүчтэй мөчлөг
2026 оны эхний дөрвөн сард экспортын өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, нийт худалдааны эргэлт болон худалдааны ашигт эерэг нөлөө үзүүлснийг Гаалийн байгууллагын статистик мэдээлэл харуулж байна. Ингэснээр гадаад худалдааны ашиг 3.1 тэрбум ам.доллар давж, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ.

Эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс 6.8 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.6 орчим тэрбум ам.доллароор нэмэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувиар өссөн үзүүлэлт болохыг ГЕГ мэдээллээ.
Энэ хугацаанд 37.4 сая тонн нүүрс экспортолсон нь 64.3 хувиар өссөн бол 3 тэрбум орчим ам.долларын дүнтэй зэсийн баяжмал гаргасан байна. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрсэн зэрэг нь нийт экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ.
Нөгөө талд импортод гол жин дардаг суудлын автомашины үнийн дүн 43 хувиар буурсан нь өсөлт саарах гол шалтгаан болж буй. Нийт импортын 23.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 8.3 хувийг суудлын автомашин бүрдүүлсэн байна.
Зам зуур

Алтай Холдинг болон Скай Хайпермаркет ХХК боломжийн үнэтэй бүтээгдэхүүний "No Brand" сүлжээ дэлгүүрийг Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлэхээр БНСУ-ын Emart групптэй мастер франчайзын гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд “No Brand”-ийн бизнес концепцийг Монголд нутагшуулж, 2026 онд Улаанбаатар хотод эхний гурван дэлгүүрийг нээхээр төлөвлөсөн байна.
“No Brand” төсөл нь "Private-label" буюу сурталчилгаа, сав баглаа боодол, нийлүүлэлтийн дундын зардлыг арилгах замаар бүтээгдэхүүний үнийг бага байлгах стратеги ашигладгаараа уламжлалт супермаркетаас ялгаатай. Чухал хэрэгцээний бараа бүтээгдэхүүнд төвлөрч, брэндийн ялгарлаас илүүтэй үнийн өрсөлдөх чадварыг чухалчилдаг уг бизнес загвар өндөр амжилт олж, одоогоор БНСУ-д болон олон улсад “No Brand"-ийн олон зуун салбар нээгджээ.
Монголд Emart дэлгүүр нээгдсэний 10 жилийн ойтой давхцаж буй энэхүү төсөл нь Алтай Холдинг компанийн хувьд дараагийн томоохон стратегийн алхам болохыг компанийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг онцолсон байна.
Эцэст нь товчхон
Ерөнхий сайд Н.Учрал орон сууцны 50 хувийг ипотекийн зээлээр, 50 хувийг нь түрээслээд өмчлөх хэлбэрээр тооцох уян хатан нөхцөл бий болгохоо мэдэгдлээ. Орлого багатай иргэдийг олноор нь орон сууцанд хамруулахын тулд урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулж, зээлийн хүртээмжийг илүү нэмэгдүүлэхийг онцлов.
Засгийн газар татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүллээ. ААН-ийн орлогын албан татварын шатлалыг өөрчилж, татвар ногдуулах орлогын хэмжээг нэмэгдүүлэх, ААН 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлөх зэрэг гол өөрчлөлтүүд тусгажээ.
Онцлох зураг
Чин улсын хааны дүрээр хувцасласан эр Ванфүжин гудамжны нэгэн дэлгүүрт - Бээжин, БНХАУ

Ng Han Guan/AP