- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/07
2026/05/07
Өглөөний мэнд. Samsung $1 их наядын үнэлгээнд хүрсэн Азийн хоёр дахь компани боллоо.
Монгол Улс ОХУ-аас I улиралд $1.9 саяар өндөг импортолж, хамгийн том худалдан авагч нь болжээ.
Төлбөрийн тэнцэл III сарын эцсийн байдлаар $574.6 саяын ашигтай гарлаа.

Ази тивээс элитүүдийн эгнээнд
Дэлхийд санах ойн чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч Samsung Electronics компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.долларын босго давлаа. Хиймэл оюунд ашиглагдах чипийн эрэлт огцом өссөнөөр тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд дөрөв дахин өсөөд байна.
Лхагва гарагийн арилжаагаар Samsung-ийн хувьцааны ханш 13 хүртэлх хувиар өссөнөөр Тайванийн TSMC компанийн дараа нэг их наяд ам.долларын үнэлгээнд хүрсэн Азийн хоёр дахь компани болж байна. Түүнчлэн энэхүү өсөлт нь KOSPI индекс түүхэндээ анх удаа 7,000 нэгж давахад түлхэц боллоо.

Ази тив чип үйлдвэрлэлийн давамгай байдал, дата төвүүдийн дэд бүтцээр дэлхийн хиймэл оюуны экосистемийн салшгүй хэсэг болсон шилжилтийн гол цэгт Samsung компани TSMC болон нутаг нэгт SK Hynix-ийн хамтаар оршиж буй. Энэхүү шилжилт нь дэвшилтэт чип, тооцооллын хүчин чадлын эрэлт урт хугацаанд тогтвортой байх хөрөнгө оруулагчдын итгэлтэй хосолсноор Азийн технологийн хувьцаанууд цойлох хөшүүрэг болж байна. SK Hynix, TSMC-ийн хувьцааны ханш энэ сард мөн түүхэн дээд түвшинд хүрсэн юм.
“Samsung 1 их наяд ам.долларын үнэлгээтэй болсон нь бэлгэдлийн шинжээс давсан бодит жинтэй үйл явдал. Өргөн хүрээнд авч үзвэл энэ нь хиймэл оюуны дэд бүтцэд санах ойн чипийн гүйцэтгэх үүрэг мөчлөгийн шинжтэй бус, харин бүтцийн шинжтэй болсон гэдгийг зах зээл илэрхийлж байна" хэмээн Roundhill Investments компанийн Гүйцэтгэх захирал Дэйв Мазза онцолжээ.
Хэдхэн өдрийн өмнө Samsung компани чипийн нэгжийн ашиг нь III сараар эцэслэсэн санхүүгийн улиралд 48 дахин өсөж, түүхэн дээд түвшинд хүрснийг тайлагнаж байлаа. Чипийн нийлүүлэлт дутагдалтай хэвээр тул дараа дараагийн улирлуудад Samsung-ийн чип нийүүлэх гэрээний үнэ огцом дээшилсэн чиглэлээ хадгалж, ашгийн дээд үзүүлэлтээ дахин эвдэх төлөвтэй гэж шинжээчид таамаглаж байна.
Анхаарлын төвд
Хэлэлцээр үргэлжилнэ. "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр зогсоогүй, идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 12-нд Rio Tinto-ийн хэлэлцээрийн баг Монголд ирэхийг салбарын сайд мэдээллээ. Үүнээс гадна стратегийн орд газруудад төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох хэлэлцээрийн хүрээнд урьдчилсан байдлаар дөрвөн ААН-тэй санамж бичиг байгуулаад байгаа ч зарим компани хэлэлцээрт идэвхгүй хандаж байгаа нь хүндрэл үүсгэж буйг ЗГХЭГ онцлов. Иймд хэлэлцээрийг үргэлжлүүлэх, өгөөж болон санхүүгийн тооцоолол хийхэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх үүднээс тусдаа хуулийн төсөл боловсруулах чиглэл өгчээ.
Орос өндөг. 2026 оны эхний улиралд Монгол Улс ОХУ-аас 1.9 сая ам.долларын үнийн дүн бүхий тахианы өндөг импортолсноор тайлант хугацаан дахь хамгийн том худалдан авагч нь болсныг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Агроэкспорт төв мэдээлсэн байна. Монгол Улсын Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр батлагдсанаар 90 сая ширхэг хүртэлх өндөгний импортод татварыг 50 хувь хөнгөлж, 7.5 хувийн татвар ногдуулахаар болоод байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд өнгөрсөн онд 395 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, дотоодын нийт хэрэглээний 76 орчим хувийг хангасныг Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчдийн холбоо мэдээлж байв.

Монгол базальт ХК 2025 онд 2165 тонн базальт чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлснээ мэдээллээ. Тайлант хугацаанд тус компани 9.26 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 24.6 хувиар буурсан дүн болж байна. Борлуулалт буурахад барилгын салбарын эрэлт саарсан, шинэ төсөл, барилгажилтын ажил буурсан, бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдсан нь нөлөөлснийг мэдээлжээ. Харин цэвэр ашиг 147.4 сая төгрөг байгаа нь өмнөх оны түвшинд хадгалагдсан эерэг гүйцэтгэл болжээ.
Олборлогчдын хувьцаа сайнгүй. МХБ-д бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханшид уналт давамгайлж байна. Зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй. Тус компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн гүйцэтгэл тааруу байснаар хөрөнгө оруулагчид хувьцааг нь зарж эхэлжээ. Нүүрсний зах зээл энэ онд сэргэж буй ч биржид бүртгэлтэй нүүрс олборлогчдын хувьцаа уналттай арилжаалагдсаар байна. Тухайлбал энэ оны байдлаар Шивээ-Овоо ХК-ийнх 18.5 хувиар, Адуун чулуун ХК-ийнх 3.6 хувиар буурчээ. Харин өнгөрсөн онд анх удаа ногдол ашиг тараасан Багануур ХК-ийн хувьцааны ханш 15 хувийн өсөлттэй байгаа юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Алдагдлаас мултрав
Төлбөрийн тэнцэл гуравдугаар сарын эцсийн байдлаар 574.6 сая ам.долларын ашигтай гарлаа. 2025 оны хоёрдугаар хагасаас экспортын гол барааны ханш өсөхтэй зэрэгцээд экспорт эрчимжиж эхэлсэн нь төлбөрийн тэнцэлд томоохон дэмжлэг болж байна.

Эхний гурван сард урсгал данс 481.2 сая ам.долларын ашигтай гарснаас нийт барааны экспортын дүн 1.8 тэрбум ам.доллар хүрч, өндөр түвшинд хадгалагдсан байна. Импорт харьцангуй бага өөрчлөлтэй байснаар тус дансны ашиг сүүлийн найман сарын хугацаанд өсөх хандлагатай байгаа юм.
Энэ оны эхний гурван сарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад барааны худалдааны ашиг бараг 10 дахин нэмэгджээ.
Харин урсгал дансны хамгийн том зардал болох хөрөнгө оруулалтын зардал 401.5 сая ам.доллар хүрчээ. Он гарснаас хойш үүнд нийт 1.2 тэрбум ам.долларын төлбөр төлсөн байна.
Ингэснээр төлбөрийн тэнцэл 2026 оны эхний сард 489.2 сая ам.долларын алдагдалтай гарч байсан ч I улирлын эцэст үүнийгээ бүрэн нөхөж, оны байдлаар 95.5 сая ам.долларын ашигтай гарч байна.
Зам зуур

Агаар мандалд тархсан бичил хуванцар дэлхийг дулааруулж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг ихэсгэж байгааг шинэ судалгаагаар тогтоосон байна.
АНУ, БНХАУ-ын судлаачид өчүүхэн хэмжээтэй өнгөт хуванцрын ширхэглэгүүд салхинд хийсэхдээ нарны гэрлийг шингээж, дулааныг тогтоон барьснаар агаарын температур өсөхөд хувь нэмэр оруулдаг болохыг тогтоосноо даваа гарагт Nature Climate Change сэтгүүлд нийтлүүлсэн судалгаанд дурджээ.
“Зөвхөн далайд биш, бидний дээрх тэнгэрт ч нүдэнд үл үзэгдэх хуванцрын асуудал оршиж байна. Тиймээс уур амьсгалын моделиудыг шинэчлэх хэрэгтэй” судалгааг эрхэн гаргасан эрдэмтдийн нэг, Шанхайн Фудань их сургуулийн агаар мандлын эрдэмтэн Фу Хонбо өгүүлжээ.
Эцэст нь товчхон
ССАЖЗЯ: Аялал жуулчлалын салбарт олгож буй 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээс 72 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлэгджээ. Нийт 250 тэрбум төгрөгийн зээлийг зургаан жилийн хугацаатай олгохоор баталснаас одоогоор 28 ААН-ийн 500 саяас 7 тэрбум төгрөг хүртэлх зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 1000 гаруй ААН-ээс 2.3 их наяд орчим төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн нь төлөвлөсөн эх үүсвэрээс 9 дахин давсан үзүүлэлт болжээ.
Шивээ-Овоо ХК-ийн Эрдэнэс Монгол ХХК-д төлөх өрийг хувьцаагаар сольж барагдуулах талаар судалж, санал боловсруулахыг ТУЗ-өөс нь компанид даалгасан байна. ЗГ-ын 157 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Шивээ-Овоо ХК толгой компани Эрдэнэс Монголоос жилийн 13 хувийн хүүтэй 100.5 тэрбум төгрөгийн зээл авсныг Үндэсний аудитын газрын тайланд мэдээлжээ.
Онцлох зураг
XX зууны дунд үеийн хэв маягаар хувцасласан оюутнууд Ялалтын вальс бүжиглэж байгаа нь - Москва, ОХУ

Alexander Zemlianichenko/AP