2026/05/06

Өглөөний мэнд. ЛэндМН ББСБ ХК оны эхний улиралд ₮9.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, ашгийн өсөлт нь саарлаа.

Хүйтэн цаг агаарт илүү тэсвэртэй натри-ион батарей цахилгаан автомашины салбарт хувьсгал хийх боломжтой.

Монгол Улсын гадаад валютын нөөц он гарснаас хойш тасралтгүй өссөөр IV сард $7.3 тэрбум хүрлээ.

EV-ийн чухал нээлт

-30C хэмийн хүйтэн жавраас хамгаалах өвлийн зузаан хүрэм өмссөн Кэлвин Квек Өвөр Монголын нэгэн үзэсгэлэнт газарт байх туршилтын дром дээр автомашин, технологийн салбарын бусад мэргэжилтнүүд, хорхойтнуудын хамт хүрэлцэн иржээ.

БНХАУ-ын зүүн хойд нутгийн Якэши хотын ойролцоох цас мөсөөр хучигдсан зам, налуу гүвээн дээгүүр Chongqing Changan Automobile компанийн цахилгаан хөдөлгүүрт SUV, Coupe автомашинууд торох юмгүй сүлжин давхилдахыг тэд үзэж байлаа. Гэхдээ хоёрдугаар сард болсон энэхүү үзүүлэх тоглолтын хамгийн биширмээр зүйл нь үзэгчдийн нүднээс далд байсан юм.

Автомашинуудад тэрхүү хүч чадлыг өгч буй цэнэг хураагуурт ашиглагдсан гол түүхий эд нь орчин үеийн цахилгаан тээврийн хэрэгсэл болон сэргээгдэх эрчим хүч хуримтлуурын салшгүй хэсэг болсон лити биш, харин натри байлаа. Тус туршилтаар цэнэг хураагуурын илүү аюулгүй, өртөг багатай инновац гэгдэж буй натри-ион батарейгаар тоноглож масс зах зээлд нийлүүлэх анхны цахилгаан автомашинуудыг сурталчлан таниулахаар зорьжээ.

Энэ оны дунд үеэс БНХАУ-ын Төрийн өмчит авто үйлдвэрлэгч Changan компани натри-ион батарей бүхий анхны цахилгаан автомашинуудаа борлуулж эхлэх юм. Шинэ загваруудад цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Contemporary Amperex Technology (CATL)-ийн технологийг ашиглах аж.

CATL-ийн инновац нь натрийн батарей дахь энергийн нягтаршлыг 50 хувиар нэмэгдүүлж, инженерчлэл тал дээр тулгардаг сорилтуудыг арилгасан болохыг тус компанийн Гүйцэтгэх захирал Гао Хуан Бээжинд болсон арга хэмжээний үеэр ярьж байлаа. Олон улсын Эрчим хүчний агентлагийн дурдсанаар 2026 он нь натрийн батарейн “эргэлтийн жил” болох боломжтой бөгөөд түгээмэл лити-ион технологийн эрэлтийн тодорхой хувийг хэдийнээ эзэлж эхэлжээ.

Анхаарлын төвд

OTC-ийн онцгой мөчлөг. Дотоодын биржийн бус зах зээл дэх шинэ бонд гаргалт 2024 оноос хойших дээд түвшинд хүрлээ. 2026 оны IV сард тус зах зээлд 356.9 тэрбум төгрөгийн бонд шинээр гарсан нь өнгөрсөн оны эхний дөрвөн сард гарч байсан нийт дүнтэй бараг тэнцэхүйц үзүүлэлт болж байна. Түүнчлэн 43.5 сая нь ам.доллароор нэрлэгдэж гарсан нь мөн л түүхэн дээд үзүүлэлт болж буй. Хаалттай зах зээл дэх нийт өрийн хэрэгслийн үлдэгдэл дүн IV сарын эцэст 3.7 их наяд төгрөг хүрсэн ба сүүлийн нэг жилийн хугацаанд 48 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Өсөлт саарав. 2026 оны эхний улиралд “ЛэндМН ББСБ” ХК 9.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээллээ. Нийт орлого нь 36.4 хувиар өсөж, 39.3 тэрбум төгрөг хүрсэн ч ашгийн өсөлт нь харьцангуй бага байна. Тайлант хугацаанд бичил бизнес эрхлэгч харилцагчдын тоо нь 15.7 нэгж хувиар өссөн бол залуу буюу 35-аас доош насны бизнес эрхлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй. Мөн нийт зээлийн багц нь өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өсөж, 338 тэрбум төгрөг хүрчээ.

Хүртээмж сайжирчээ. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд олгосон зээлийн хувь хэмжээ эрчтэй нэмэгдсээр байна. 2022 оны эцсийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн нийт үлдэгдлийн 36.3 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл эзэлж байсан бол 2026 оны эхний улирлын байдлаар 42.7 хувьд хүрч өсжээ. Энэ нь зохицуулагч болон салбарын байгууллагуудаас санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талд авч буй арга хэмжээ нөлөөлж байгааг харуулж байна. Түүнчлэн өнгөрсөн оны эцэст банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт зээлийн 52.8 хувийг эмэгтэй зээлдэгч бүрдүүлжээ.

Эсрэг зүгт. Австралийн Төв банк бодлогын хүүгээ гурав дахь удаагаа дараалан нэмэгдүүлж, өндөр түвшинд хадгалагдсаар буй инфляцыг хазаарлах шийдэмгий алхам хийлээ. Ингэснээр дэлхийн бусад улсын Төв банкнаас мөнгөний бодлогын чиглэлээр ялгарч байна. Австралийн Төв банкны 9 гишүүнтэй Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 4.1 хувиас 4.35 хувь болгон өсгөхөд санал нэгдэж, цаашид зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна гэдгийг мөн онцолжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Урьд байгаагүй нөөц

Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ. Дөрөвдүгээр сарын эцэст нөөцийн хэмжээ 7.3 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар өссөн байна.

  • Өнгөрсөн оны эцэст нөөц анх удаа долоон тэрбум ам.доллар давж байсан бол түүнээс хойш 4.6 хувиар нэмэгдлээ.

  • Гадаад валютын нөөц 2026 он гарсаар тасралтгүй өссөөр сүүлийн нэг жилийн хугацаанд зургаа дахь удаагаа дээд түвшнээ шинэчилж байна. Олон улсад нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ цаг үед уул уурхайн салбарын идэвхжил өндөр түвшинд хадгалагдаж, экспорт эрчимжиж буй нь валютын орлогыг нэмэгдүүлж байгаа аж.

  • Үүний үр дүнд гадаад валюты нөөц оргил түвшинд хүрснээр төгрөгийн ханшийг тогтворжуулж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах төдийгүй гадаад эрсдэл болон “шок”-ийг тэсвэрлэх нөөц бололцоог бүрдүүлж байна.

Зам зуур

Дэлхийн нүүрсний нийт нийлүүлэлтийн тэн хагасыг эзлэх хувь нь БНХАУ-ын хэрэглээнд очдог. Хэдий тийм боловч нэг хүнд ногдох нүүрсний хэрэглээгээр Казахстан улс БНХАУ-ын өмнө бичигдэж, дэлхийд тэргүүлж байна.

Казахстаны эрчим хүчний нийт нийлүүлэлтийн 49.2 хувийг нүүрснээс үйлдвэрлэсэн эрчим хүч бүрдүүлж байгааг ОУЭХА-ын мэдээлэл харуулж байна.

Онцлох зураг

Жил бүр болдог “Gold Hill Cheese Race” уралдаанд 72 метр урттай хэвгий өөд 25 кг бяслаг өргөн уралдаж буй оролцогчид - Шэйфтесбюри, Их Британи

ZacharyCulpin/BNPS