2026/05/05

Өглөөний мэнд. Өмнөговь аймаг шинэ цахилгаан станцын төслөө санхүүжүүлэхээр 150 тэрбум төгрөгийн эхний бондоо гаргалаа.

Оны эхний дөрвөн сард Монгол Улсын хүлээн авсан жуулчдын тоо өмнөх оноос өссөн ч БНСУ-ын жуулчдын тоо 47%-иар буурсан байна.

GameStop компани eBay цахим худалдааны платформыг 56 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавилаа.

Аймгийн анхны бонд

Өмнөговь аймаг Монгол Улсын аймгуудаас анхдагч болж, жилийн 16 хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн орон нутгийн бонд гаргалаа. Даваа гарагт урьдчилсан захиалга нь эхэлсэн тус бондын татан төвлөрүүлэх хөрөнгөөр Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслөө санхүүжүүлэх юм.

Цаашид Өмнөговь аймгийн төв Даланзадгад Монгол Улсын дөрөв дэх том хот болж, аймгийн хөгжил эрчимжих хүлээлттэй тул 2033 он гэхэд дулааны хэрэглээ нь хоёр дахин, цахилгааны хэрэглээ нь 79 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан байна. Шинээр барих 50 мегаваттын дулаан, цахилгаан хосолсон цахилгаан станц барих ТЭЗҮ-г 2024 онд аймгийн төсвөөр батлуулжээ.

2000 онд ашиглалтад орсон одоогийн цахилгаан станц нь 9 мегаваттын хүчин чадалтай, ашиглалтын хугацаа нь таван жилийн өмнө дуусжээ. Мөн эрчим хүчний хэрэглээний ердөө 50 хувийг хангадаг тул үлдсэн хэрэгцээгээ төвийн бүсийн эрчим хүчний системийн нийлүүлэлтээр хангадаг аж.

Өмнөговь аймаг 2026-2028 онуудад нийт 500 тэрбум төгрөгийн бондыг нээлттэй зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Үүнээс энэ онд 150 тэрбум төгрөг, 2027 онд 300 тэрбум төгрөг, 2028 онд 50 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.

Ирэх онуудад Өмнөговь аймгийн төсөвт төвлөрүүлэх 2.2-2.3 их наяд төгрөгийн орлогоос тодорхой хувийг урсгал зардал болон үндсэн хөрөнгө оруулалтад зарцуулж, түүнээс үлдэх 1.5 их наяд төгрөгөөс 500 тэрбумын бондын санхүүжилтийг хийхээр төлөвлөснийг бондын андеррайтераар ажиллаж буй Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр мэдээлж байлаа.

Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт зэрэг томоохон ордуудад нь уул уурхайн 18 компани үйл ажиллагаа явуулдаг тус аймаг 2026 онд улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан байна. Энэ нь төсвөөс татаас авахгүйгээр орлого төвлөрүүлэх бусад долоон аймаг болон нийслэлийн төвлөрүүлж буй дүнгээс хамаагүй өндөрт тооцогдож байгаа юм.

Анхаарлын төвд

Эхний хагасын идэвхжил. Монголын Хөрөнгийн бирж дээрх хувьцааны арилжаа эрчээ хадгалж, IV сард нийт 25.9 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь он гарснаас хойш гурав дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт болж байна Хамгийн өндөр хөрвөх чадвартай хувьцаануудын ханш дийлэнхдээ уналттай байгаа хэдий ч худалдан авагчид идэвхтэй арилжаанд оролцож байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 94.8 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 53.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Ихийг хийсэн жил. Газар шим үйлдвэр ХК 2025 онд үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо 10 сая ширхэг болж, 2023 оноос 34.1 хувиар өссөнийг үйл ажиллагааны тайландаа онцоллоо. Мөн тайлант хугацаанд зах зээлд шинээр таван төрлийн 22 бүтээгдэхүүн нэвтрүүлж, нийт 70 нэр төрөлд хүрсэн байна. Түүнчлэн жимс, хүнсний ногооны 2400 тонн багтаамжтай, хөргөлтийн систем бүхий механикжсан агуулах, цагт зургаан тонн хаягдал ус урьдчилан цэвэршүүлэх цогц байгууламжийг тус тус ашиглалтад оруулжээ.

43 жилийн бэлтгэл дуусав. Дулааны тавдугаар цахилгаан станцын гүйцэтгэлийн ажил албан ёсоор эхэлж байгааг НЗДТГ мэдээллээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тус төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар байхаар тооцоолж байна. Нийт төсөвт өртгийн 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгчээр шалгарсан Камбож улсын “Митайм Интернэйшнл” компани, үлдсэн 20 хувийг Монгол Улс хариуцна. НЗДТГ төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр дотоодын зах зээлд 200 тэрбум төгрөгийн бонд гаргаад байгаа.

Ган хийц ХК 2025 онд цэвэр алдагдал нь өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 107 дахин өсөж, 693.6 сая төгрөг хүрсэн бол борлуулалтын орлого нь 55.2 хувиар буурч, 948.3 сая төгрөг болсныг мэдээллээ. Зах зээлийн нөхцөл байдал, төмөр хийц үйлдвэрлэлийн салбарын БНХАУ-аас өндөр хамааралтай байдал, улс төрийн нөхцөл байдал, татварын дарамт зэрэг нь 2025 оны үйл ажиллагаанд сорилт дагуулсныг тус компани тайлбарлаж байв. Улмаар нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжийг нь хязгаарлажээ.

Зоригтой дуугарав. Жижиг хөрөнгө оруулагчдын дунд алдартай GameStop компани eBay цахим худалдааны платформыг 56 тэрбум ам.доллароор худалдан авах санал гаргалаа. Ингэхдээ бэлэн мөнгө, хувьцааны хэлцлээр авах сонирхлоо илэрхийлж, eBay-ийн нэгж хувьцааг 125 ам.доллароор буюу өнгөрсөн баасан гарагийн хаалтаас 20 хувиар өндөр үнээр үнэлжавах санал тавьсан байна. Одоогоор GameStop компани 12 тэрбум ам.долларын үнэлгээтэй бол eBay компани 46 тэрбум ам.Долларын үнэлгээтэй байна. GameStop-ийн хувьд 9 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй, TD банкнаас 20 тэрбумын зээл авахаар урьдчилан тохиролцсон болохоо мөн мэдэгджээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Жуулчдын тогтвортой өсөлт

Монгол Улс 2026 он гарсаар нийт 204,629 жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар, 2024 оны мөн үеэс 53.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

  • Монгол Улсад ирсэн жуулчдын 41 хувь нь ОХУ-ын, 31 хувь нь БНХАУ-ын, долоон хувь нь БНСУ-ын иргэд, гурван хувь нь япон жуулчид байжээ.

  • Энэ оны тавдугаар сар хүртэлх хугацаанд БНСУ-аас ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан аж. Харин япон жуулчдын тоо 7.7 хувиар өссөн бол ХБНГУ-ын жуулчдын тоо 23.7 хувиар өссөн байна.

  • 2026 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалаас нэг тэрбум ам.доллар олох зорилт тавиад буй.

  • Энэ онд аялал жуулчлалын компаниудад 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөснөөс 1053 ААН 2.3 их наяд төгрөгийн хүсэлт гаргасныг салбарын сайд мэдээлж байв. Өөрөөр хэлбэл зээлд хамрагдах хүсэлт эх үүсвэрээсээ 9 дахин өндөр байна.

Зам зуур

Монгол Улсын зүүн хэсэгт 65 жилийн турш үзэгдээгүй хулангийн сүрэг тус бүс нутагт эргэн ирж, популяци нь тогтвортой сэргэх шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлснийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) ТББ мэдээлсэн байна.

Хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замын зүүн хагаст хулангийн хэд хэдэн сүрэг тогтмол үзэгдэх болсон тухай байгаль хамгааллын "Oryx" сэтгүүлийн энэ сарын дугаарт онцолжээ. Өмнө нь хулан Баруун Монголын говиос Дорнод Монголын тал хүртэл өргөн уудам нутагт тархаж байсан ч XX зууны дундуур Транс-Монголын төмөр зам баригдсанаас хойш хулан болон бусад нүүдэллэн явагч амьтдын хөдөлгөөн хязгаарлагдаж, улмаар дорнод хэсэгт үзэгдэхээ больсон байна.

Монгол Улсын Засгийн газар болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг энэхүү сорилтыг арилгах хамтын ажиллагааны шийдлүүд боловсруулж, улмаар 2025 оны тавдугаар сард Монгол, БНХАУ-ын хилийн ойролцоо зэрлэг амьтдыг аюулгүй нэвтрүүлэх төмөр замын хашаагүй бүс байгуулсныг мэдээлжээ. Энэхүү арга хэмжээ нь үр дүнгээ өгч, хулангийн сүрэг төмөр замыг даваад зогсохгүй зүүн бүс нутагт сүрэглэн амьдарч эхэлсэн нь харагдаж байна.

Эцэст нь товчхон

Монголбанк өнгөрсөн сард нийт 1.1 тонн үнэт металл худалдан авснаас 838 тонныг нь алт бүрдүүлжээ. Оны эхний дөрвөн сард Төв банкны нийт үнэт металл худалдан авалт 2020 оноос хойших дээд түвшинд хүрч, 4.3 тонн болсон байна.

ХХААХҮЯ: Нийт 16 аймгийн 1000 гаруй багт ногоон тэжээл тариалахад нь хөрөнгө оруулах, техник технологийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг салбарын яам мэдээллээ. Төслийн хүрээнд нийт 100 га атаршсан талбайд ногоон тэжээл тариалахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Онцлох зураг

Прагийн марафоны оролцогчид Карл хааны гүүрийг давж буй нь - Прага, БНЧУ

Michal Čížek/AFP/Getty Images