- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/04
2026/05/04
Өглөөний мэнд. МХБ дэх уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин нэмэгдээд байна.
Жэймс Лиотта: Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт Монголоос бүрэн гарсан.
Сүүлийн 20 жил улсаас татаас аваагүй Өмнөговь аймгийн төсөв I улиралд ₮107.6 тэрбумын ашигтай гарав.

Алдагдсан 15 жил
15 жилийн ойгоо тэмдэглэж буй АмЧам Монголын өнгөрсөн сард зохион байгуулсан “Гадаад шок ба дотоод тогтворгүй байдал” сэдэвтэй уулзалтын үеэр өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад юу болсныг дүгнэж, харьцуулалт хийсэн байна. Эдгээр жилүүдэд Монгол Улс яагаад ухарч, ижил гараанаас гарсан орнууд хэрхэн биднийг ардаа орхисон талаар АмЧам Монгол-ын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта Bloomberg TV Mongolia-д ярьсныг хүргэе.
“2011 онд Монгол Улсын уул уурхайн бус эдийн засаг бүсдээ тэргүүлж байсан бол одоо сүүл мушгиж байна. Харамсалтай нь өнгөрсөн 15 жил манай өрсөлдөгчдийн жил байлаа. Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнууд гайхалтай дэвшиж чадсан бол Монгол Улс эрчээ алдсан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлттэй харьцуулж харснаар одоогийн нөхцөл байдлаа тодорхойлоход дөхөм болж байгаа юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харцгаая. Монгол Улсын татсан хөрөнгө оруулалт 68.1 хувиар агшсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалт 64 хувиар татарсан байгаа. I үе шатаас II үе шат руу шилжих үед хөрөнгө оруулалт буурна гэдгийг бид эртнээс л мэдэж байсан.
Оюутолгойг оруулахгүй тооцвол гадаадын хөрөнгө оруулалт 75 хувиар унасан байна. Хувийн хөрөнгө оруулалт Монголоос бүрэн гарсан. Хачирхалтай нь зөвхөн Төр болон ТӨК-иудын хөрөнгө оруулалт л өссөн дүр зурагтай байна. 66.7 хувиар өссөн байгаа. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, ТӨК-иудад орж байгаа энэ хөрөнгө оруулалт нь хөгжин цэцэглэх бус “амьд үлдэх” мөнгө. Эдийн засгийг хөдөлгөж, ажлын байр үүсгэдэггүй.
Бусад улсууд зах зээлээ либералчилж, олон улсын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлсэн. Харин бид энэ бүх хугацааг Оюутолгойн асуудлаар маргалдаж өнгөрөөсөн. Хувийн хэвшлийн үлгэр жишээ болсон хөрөнгө оруулалттай төсөлтэй 15 жилийг маргалдаж өнгөрөөлөө.
2011 онд бид Узбекистан, Тажикистан, Киргиз улсын нийлбэр дүнгээс ч өндөр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байсан. Харин өнөөдөр Узбекистан улс дангаараа манайхаас 8 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт татаж байна. Тэд бидэн шиг газар доороос их хэмжээний алт, зэс илрүүлээгүй. Манай өрсөлдөгчид олон 10 жил реформ хийсэн бол бид ухарсан.
Хөрөнгө оруулагчдын Азид хөрөнгө оруулах сонирхол нь буураагүй. Зүгээр л Монгол Улсын дэвшүүлсэн дүрэм журам, хэрэгжилтээс залхсан. Гэхдээ энэ бүхэнд шийдэл бий.
Анхаарлын төвд
Өмнөговийн манлайлал. Бие даан төсвөө бүрдүүлж, улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг Өмнөговь аймгийн төсөв оны эхний улирлын эцсийн байдлаар 107.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төсвийн орлого нь 373.2 тэрбум төгрөг, зарлага нь 265.6 тэрбум төгрөг байсан байна. Тус аймаг 2026 онд улсын төсөвт 1.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан нь долоон аймаг болон нийслэлээс төвлөрүүлэх нийт орлогын 70 гаруй хувийг бүрдүүлэх юм.

Уул уурхайн томоохон төслүүд, экспортын гол боомт байршиж буй Өмнөговь аймаг сүүлийн 20 орчим жил улсын төсвөөс татаас аваагүй. Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 18 компани үйл ажиллагаа явуулж байна.
Эрчим хүчний төлөвлөгөө. Энэ онд 691 сая кВт/цаг эрчим хүчийг ОХУ-аас импортолж, 12 дугаар сард буюу оргил ачааллын үеэр БНХАУ-аас төвийн бүсийн нэгдсэн сүлжээ рүү 40 сая кВт/цаг эрчим хүч импортлох төлөвлөгөө батлагдсаныг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 5-6 жилд энергиэр 6-8 хувь, чадлаар 10 орчим хувийн өсөлттэй байгаа. Өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт/цаг болж, 2024 оноос 8.6 хувиар өссөн байна. Мөн нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 21.4 хувийг импортоор авчээ.
Инвескор ББСБ 2025 оны эцсийн байдлаар салбарынхаа нийт зээлийн багцын 12.5 хувийг бүрдүүлж байгааг үйл ажиллагааны тайландаа мэдээллээ. Өнгөрсөн онд компанийн нийт зээлийн багц 20 хувь өсөж, 882.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Зохицуулагч байгууллагуудын авч буй арга хэмжээний хүрээнд компанийн зээлийн бүтцэд томоохон өөрчлөлт орж, 2024 он 39 хувийг эзэлж байсан бизнесийн зээл өнгөрсөн оны эцэст 58.9 хувьд хүрчээ. Харин дижитал зээлийн эзлэх хувь хэмжээ 32.4 хувиас 13.7 хувь болж буурсан байна.
Ах дүүсийн хөрөнгө оруулалт. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр хүүгийн хамаарал бүхий компани Казахстан улсад 1.1 тэрбум ам.долларын өртөг бүхий вольфрамын төсөл хэрэгжүүлж буй уул уурхайн группт хөрөнгө оруулсныг Financial Times мэдээллээ. Тодруулбал Дональд Трамп Жуниор болон Эрик Трамп нар тусгай зориулалтын компаниар дамжуулан АНУ-ын барилга, бүтээн байгуулалтын Skyline Builders компанийн хувьцааг худалдан авсан байна. Пүрэв гарагт Skyline Builders нь тус вольфрамын төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд шалгарсан Cove Kaz Capital Group-тэй нэгдсэн аж.
Төв Казахстаны Караганда муж дахь Хойд Катпар, Дээд Кайракты гэсэн хоорондоо 30 орчим км зайтай хоёр ордоос бүрдэх тус төсөл нь хөгжүүлэлт хийгдээгүй дэлхийн хамгийн том вольфрамын нөөцийг хамарч байгааг Cove Capital мэдээлсэн байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Зарлалаа, зарагдлаа
Монголын Хөрөнгийн бирж дэх уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа 2025 оны сүүлийн хагаст эхэлсэн эрчээ хадгалж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3.6 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт боллоо.

Арилжааны гол бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээл өнгөрсөн онтой харьцуулахад эрс өөрчлөгдсөн дүр зурагтай байна. Ойрх Дорнодын мөргөлдөөн олон улсад, ялангуяа Азийн орнуудад эрчим хүчний хямралыг өдөөж, эрчим хүчний нүүрсний эрэлтийг бүс нутагт эргээд нэмэгдүүлээд байгаа юм. Ингэснээр нүүрсний ханш он гарсаар өсөлттэй байна.
МХБ-д арилжаалагдсан эрчим хүчний нүүрсний ханш дунджаар 72.2 хувиар өсөөд байгаа юм.
Үүнээс гадна коксжих нүүрсний үнэ арилжааны үеэр мөн эрс өсжээ. Биржийн мэдээлж байгаагаар коксжих нүүрс 21.1 хүртэлх хувийн үнийн өсөлттэй арилжаалагдаж байна.
Харин төмрийн хүдрийн арилжаа бага зэрэг удааширлаа. Оны эхний дөрвөн сард 1.7 сая тонн төмрийн хүдэр 375.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь өнгөрсөн оны мөн үед 2.7 сая тонн арилжаалагдсанаас 37 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Зам зуур

Шинээр гарсан тураах эмнүүд нь хэрэглэгчдийг хоол бага идэж, бохь их зажлахад хүргэх болжээ.
Hershey Co.-ийн Гүйцэтгэх захирал Кирк Таннер “GLP-1” төрлийн тураах эмнүүд нь компанийн үйлдвэрлэдэг амны гаа, бохины борлуулалтыг өсгөхөд нөлөөлж байгааг мэдээлсэн байна. Ингэснээр дэлхийд гуравдугаарт бичигдэх амттаны брэнд болох Hershey-ийн жижиглэн худалдааны борлуулалт сүүлийн улиралд 8 хувиар өсжээ.
“GLP-1” эм нь хоол шингээлтийг удаашруулдаг учир хэрэглэгчдэд дотор муухайрах, ам хатах, амнаас эвгүй үнэр гарах, хэхрүүлэх зэрэг гаж нөлөө илрэх боломжтой аж. Уг нөлөөг Novo Nordisk компанийн “Ozempic” эмтэй хамаатуулж, “Ozempic breath” гэх нэршил ч гарчээ.
Эцэст нь товчхон
СЯ: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсөлд ирэх гурван жилд эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувьд хадгалахаар тооцоолсон бол 2027 онд инфляц 7 хувь хүрч, 2028-2029 онд 6-5 хувь орчимд тогтворжино гэж төсөөлжээ.
Онцлох зураг
БНХАУ-ын Юннань мужийн Чиүбэй тойрогт орших Пужэхэй байгалийн үзэсгэлэнт газар

Xinhua/Shutterstock