- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/01
2026/05/01
Өглөөний мэнд. АНУ-ын технологийн томчуудын хиймэл оюуны зарцуулалт энэ онд $700 тэрбумыг давахаар байна.
Монголын Засгийн газрын олон улсын бондын хүүгийн зөрүү сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна.
Чипийн ашиг нь 48 дахин өссөн Samsung компани БНСУ-ын инфляцыг өдөөх эрсдэл үүсгэх болов.

AI зарцуулалтын их давлагаа
АНУ-ын хамгийн том технологийн компаниуд энэ онд хөрөнгийн зардалд нийт 725 тэрбум ам.доллар төсөвлөж, үүнээс дийлэнхийг нь хиймэл оюуны дата төвийн тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөжээ.
Alphabet, Meta компаниуд бүтэн жилийн хөрөнгийн зардлын төлөвлөгөөгөө хоёул нэмэгдүүлсэн бол Microsoft энэ онд 190 тэрбум ам.доллар зарцуулах тооцооллоо XII сарын сүүлээр танилцуулаад байсан юм. Харин Amazon төлөвлөгөөгөө 200 тэрбум ам.долларт хэвээр үлдээсэн ч I улиралд зарцуулалт нь огцом өсөж, чөлөөт мөнгөн урсгал нь буурсныг компанийн шинэ тайлан харуулж байна.

“Бид энэ онд дэд бүтцийн хөрөнгийн зардлын төсөөллөө нэмэгдүүлж байна. Эд ангийн өндөр өртөг, ялангуяа санах ойн чипийн үнийн өсөлт үүний голлох шалтгаан. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтад итгэж болно гэдгийг бидний төслүүдээс, салбараас өгч буй бүх дохио харуулж байна” хэмээн 2026 онд хөрөнгийн зардлынхаа дээд түвшнийг 145 тэрбум ам.доллароор тогтоосон Meta-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг тайлангаа танилцуулахдаа онцолжээ.
Олон их наяд ам.доллароор хэмжигдэх үнэлгээтэй эдгээр дөрвөн компани хөрөнгийн зардлаа ийнхүү нэмэгдүүлснээс дүгнэхэд хиймэл оюун өдгөө өөрөө асуулт байхаа больсон байна. Харин эрэлтийг хангаж чадах дэд бүтцийг хэн хурдан барих вэ, энэхүү үлэмж зарцуулалтаасаа бодит үр дүн гаргаж чадах уу гэдэг гол анхаарах асуултууд болжээ.
Лхагва гарагт тус дөрвөл I улирлын тайлангаа ердөө хоёр минутын дотор шил даран танилцуулцгаасан юм. Зарцуулалтаасаа үр дүн гаргах тал дээр Google түүчээлж, өнгөрсөн улиралд үүлэн тооцооллын бизнес нь дорвитой өсөж 20 тэрбум ам.долларын борлуулалт хийснийг тайлагналаа. Ингэснээр Alphabet-ийн хувьцааны ханш 6.6 хувиар өсжээ. Харин Meta-д хөрөнгө оруулагчдын итгэл тийм ч хүчтэй байсангүй, хувьцааны ханш нь 6 хүртэлх хувиар унасан байна.
Анхаарлын төвд
60% асуудал биш. Стратегийн орд газрын нийт өгөөжийн 60-аас багагүй хувийг иргэдэд хүртээх Монголын ЗГ-ын шийдвэр Mongolian Mining Corporation-ийн зээлжих зэрэглэл, мөнгөн урсгалд төдийлөн нөлөөлөхгүй, дагаж хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Bloomberg Intelligence-ийн шинжээч Эндрю Чан дүгнэжээ. "Ухаа худаг" ордыг эзэмшдэг тус компанийн санхүүгийн ашигт ажиллагаанд шинээр хөрөнгө оруулсан алтны төсөл нь томоохон түлхэц болж, үр ашгаа өгөхөөр байна гэж үзсэн байна. Ялангуяа 2026 онд алтны үйл ажиллагаанаас 100 сая ам.долларын цэвэр ашиг олох боломжтой байгааг тооцоолжээ.
Амжилтаас үүдсэн зовлон. Нэгдүгээр улиралд Samsung-ийн чип үйлдвэрлэлийн нэгжийн ашиг 48 дахин өсөж түүхэн дээд цэгтээ хүрснээр гол өрсөлдөгчид болох TSMC, SK Hynix-ийг хол давуу тэргүүллээ. Тайлант улиралд хиймэл оюуны дата төвүүдээс ирэх захиалга өндөр байсан нь тус компанийн чип үйлдвэрлэлийн бизнес 36 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажиллахад түлхэц болжээ. Ингэснээр нийт группийн хэмжээнд 32 гаруй тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон байна.

Үүнтэй зэрэгцэн БНСУ-ын чип үйлдвэрлэгчдийн бий болгож буй их хэмжээний баялаг нь хэрэглээ, инфляцыг өдөөснөөр тус улсын төв банк ирэх нэг жилийн хугацаанд дор хаяж гурван удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд хүргэнэ гэж Mirae Asset Global Investments тооцоолжээ. Тодруулбал Samsung, SK Hynix-ийн ажилтнууддаа олгож буй өндөр цалин урамшуулал, чипийн үнийн өсөлт, мөн хувьцааны зах зээл дэх тэсрэлт зэрэг нь инфляц эрчимжихэд нөлөөлж, улмаар БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ одоогийн 2.5%-иас 2027 оны II хагас хүртэл шат дараатайгаар 3.5% хүртэл өсгөх нөхцөлд хүргэнэ гэж үзжээ.
CU-ийн эхний улирал. Премиум Нэксус ХК-ийн борлуулалтын орлого оны эхний улиралд 24.1 хувиар өссөн байна. Оны эхний гурван сард тус компани нийт 188.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн ч нийт ашгийн хэмжээ нь 4.8 хувиар өсжээ. Түлш, шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлт импортын зардал өссөн нь компанийн борлуулалтын өртгийг нэмэгдүүлсэн байх боломжтой. Нийт ашгийн маржин нь агшихтай зэрэгцэн компанийн зардлын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг ерөнхий ба удирдлагын зардал 46.6 хувиар өсөж, 12.6 тэрбум төгрөгийн хүрчээ. Үр дүнд нь тус компани 2026 оны эхний улиралд 3.4 тэрбум төгрөгийн алдагдал тайлагнасан байна.
Яаравчлуулсан хууль. Том төслүүдийн зардлыг харгалзаж тухайн жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтэрч болохыг зөвшөөрөх Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг төслийг хэрэгжүүлж, Монгол Улс түлш шатахуун, эрчим хүчний хараат байдлаас гарахад тус хуулийн төслийг батлах шаардлагатайг салбарын сайд онцолж байлаа.
Төв банкны дохио. Гадаад “шок”-ийн эрсдэл өндөр байгаа энэ үед Монгол зэрэг хөгжиж буй орнууд үнэ тогтворжуулах, ханшид хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг арга хэмжээ авах нь тохиромжгүй болохыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр онцоллоо. Мөн Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр салбарын либералчлалыг эрчимжүүлж, гаднын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон бусад саадуудыг арилгах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Эрсдэл зөөлөрчээ
Цар тахлаас хойш Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын хүүгийн зөрүү багассаар байна.

Тухайлбал хамгийн сүүлд буюу энэ оны III сард шинээр гаргасан 500 сая ам.долларын бонд нэрлэсэн үнээр арилжаалагдаж, хүүгийн түвшин 5.95 хувь дээр тогтсон байдаг. Энэ нь эрсдэлгүй хүүгийн түвшин буюу ижил хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжөөс 215 суурь нэгжээр өндөр тогтож, хамгийн бага зөрүүтэй байв.
Өнгөрсөн оноос эхлээд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд хөгжиж буй орнуудын бондын эрэлт нэмэгдэж, эдгээр улсын Засгийн газруудад олон улсын зах зээлд бонд гаргахад таатай нөхцөл бүрдэж эхэлсэн юм.
JPMorgan Chase-аас гаргадаг хөгжиж буй орнуудын бондын өгөөжийн зөрүүг хэмждэг индекс 2007 оноос хойших доод түвшинд хүрээд буй.
Үүний зэрэгцээ Монгол Улсын зээлжих зэрэглэл 2024 болон 2025 онд удаа дараа ахиж, дээд түвшиндээ тэнцэж ирсэн нь бондын хүүгийн зөрүү буурч, харьцангуй хямд санхүүжилт татах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Зам зуур

Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл албан тушаалаасаа буусны дараа ч төв банкны удирдах зөвлөлийн гишүүнээр хэсэг хугацаанд үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрээ өөрийн болон төв банкны эсрэг үргэлжилж буй хууль зүй, улс төрийн дарамттай холбоотой гэж тайлбарласан юм.
Сүүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Жером Пауэлл үүрэгт ажил нь тавдугаар сарын 15-наар эцэслэгдсэний дараа тодорхой хугацаанд захирлын хувиар үргэлжлүүлэн ажиллахаа мэдээлсэн байна.. Мөн төв банкны дараагийн удирдлагын шийдвэрт нөлөөлөх “далд удирдагч” болохгүй, нам гүм ажлаа хийхээ онцолжээ.
Гэсэн ч түүний энэ шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сангийн сайд Скотт Бессент нар шүүмжилж, төв банкны уламжлалыг зөрчсөн, улс төрийн маргаан дагуулсан алхам гэж үзэж байна.
Эцэст нь товчхон
МХБ: Уул уурхайн бүтэгдээхүүний арилжааны үеэрх үнийн өсөлт дээд цэгээ шинэчлэн тогтоосон байна. Лхагва гарагт Тавантолгой ХК-ийн арилжаалсан 51.2 мянган нүүрсний тонн тутмыг нь 36 ам.долларын ханшаас эхлүүлж, арилжааны үеэр ханш нь 66.5 ам.долларт хүрснээр 84.7 хувийн өсөлт үзүүлжээ.
ЗГ: Иргэдийг амьдрах орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны 2 хувийн албан татвараас чөлөөлөх заалтыг Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар дэмжсэнээр УИХ-д өргөн барихаар болсон юм.
Онцлох зураг
Фронтын шугамаас зургаан сарын дараа эргэн ирээд тэврэлдэж буй хоёр цэрэг - Донецк, Украин

Serhii Korovainyi/Reuters