2026/04/30

Өглөөний мэнд. Оюу Толгой ХХК I улиралд 101.6 мянган тонн зэс үйлдвэрлэж, гүний уурхайн үйлдвэрлэл нь дээд амжилт тогтоожээ.

АНУ-ын ДНБ-ий 4 хувийг бүрдүүлдэг салбарууд БНХАУ-ын газрын ховор элементээс хамааралтай байна.

Цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц байгуулсан ААН-д 1%-ийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Бүрэн чадалдаа дөхсөөр

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрснээр оны эхний улиралд төслөөс үйлдвэрлэсэн нийт баяжмал дахь зэсийн хэмжээ 101.6 мянган тоннд хүрч, өмнөх оны I улиралтай харьцуулахад 56 хувиар өссөнийг Оюу Толгой ХХК тайлагналаа.

Тайлант хугацаанд 92 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх зорилт тавьсныг ийнхүү давуулан биелүүлэхэд гүний уурхайн "Панел 2" хэсгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөт ажил гүйцэтгэл сайтай байсан, баяжмалын металл авалт өндөр буюу 90 орчим хувь байсан нь голлон нөлөөлснийг онцолсон байна. Мөн 123.1 мянган унц буюу өмнөх оны мөн үеэс хоёр дахин их хэмжээний баяжмал дахь алт үйлдвэрлэжээ.

Ингэснээр эхний улиралд Оюутолгой ХХК-ийн борлуулалтын орлого 2 тэрбум ам.доллароор хэмжигдэж, төлөвлөгөөнд тусгасан 1.3 тэрбум ам.долларын борлуулалтаас давсан байна. Энэ хугацаанд 2.2 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөр хэлбэрээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн асуудалд өмнөх Засгийн газрын үед хийгдсэн хэлэлцээрүүдээс хойш төдийлөн ахиц гараагүй, цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэйг Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэлж байв. Түүнчлэн Entrée Resources компанийн талбайд хэсэгчлэн хамаардаг "Панел 1"-ийн хөгжүүлэлтийн ажил лиценз шилжүүлэх явцаас шалтгаалан хүлээгдэж байгаа бөгөөд 2026 онд "Панел 1" хэсэгт хийх аливаа ажил төлөвлөөгүйг мэдээлсэн юм.

Анхаарлын төвд

АМНАТ-ийн саадыг арилгана. Зэсийн салбарыг хөгжүүлэх чиглэлд зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх заалт бүхий Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсоныг Засгийн газар мэдээллээ. АМНАТ өөрчилсний үр дүнд зэсийн 10-15 төсөл ирэх таван жилд ашиглалтад орох нөхцөл бүрдэхийг онцолж байна. Мөн чухал ашигт малтмалын жагсаалт баталж, салбарт баримтлах бодлого төлөвлөгөө боловсруулах аж. Уул уурхайн зарим төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийн эсэргүүцэл бэрхшээл учруулдаг явдлыг шийдэх үүднээс хариуцлагатай уул уурхайг дэмжиж буй аймаг, сумд АМНАТ-ийн орлогын 15 хүртэлх хувийг олгохоор мөн тусгажээ.

Алтан түлхүүр. Ирэх сард Ши Жиньпиний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтад БНХАУ-ын газар ховор элементийн зах зээл дэх ноёрхол 1.2 их наяд ам.доллароор хэмжигдэх давуу тал олгож байна. Bloomberg Economics-ийн судалгаагаар АНУ-ын эдийн засгийн 4 хувь буюу 1.2 их наяд ам.доллартой тэнцэх хэсгийг газрын ховор элемент ашигладаг салбарууд бүрдүүлж байна. Нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад зарим салбар даван гарах боломжтой ч дийлэнх нь үйл ажиллагаагаа бүрэн зогсооход хүрэх эрсдэлтэй аж.

"Зарим тохиолдолд газрын ховор элемент нь алтан түлхүүртэй адил. Нийлүүлэлтийн тасалдал үүсэхэд үйлдвэрлэгчид түүхий эдийг орлуулахын тулд хэдэн сар, цаашлаад хэдэн жил ч зарцуулж магадгүй" гэдгийг Bloomberg Economics онцолжээ. Өнгөрсөн онд Дональд Трампын тарифын хариуд БНХАУ газрын ховор элементийн экспортоо хязгаарласан ч X сард төрийн тэргүүнүүдийн уулзалтын дараа хориг арга хэмжээг нэг жилээр хойшлуулсан юм.

OPEC баяртай. Арабын Нэгдсэн Эмират Улс 60 жил түншилсэн OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс гарахаа мэдэгдсэн нь бусад гишүүн орнуудыг цочирдууллаа. Ингэснээр тус бүлэг хурдацтай өөрчлөгдөж буй газрын тосны зах зээлд нөлөөллөө хадгалж үлдэхэд сорилттой тулгарахаар байна. OPEC болон түншүүдийн хувьд энэ алхам нь нийлүүлэлтийг тохируулж, газрын тосны ханшийг удирдах эрх мэдлийг нь багасгана. Харин удаан хугацаанд OPEC-ийн квотын эсрэг зогсож байсан АНЭУ-ын хувьд газрын тосны зах зээлд бие даасан тоглогч болох юм. Ираны дайн эцсийн шийдвэр гаргахад хүргэсэн гэж тус улсын Эрчим хүчний сайд мэдээлжээ.

Цахилгаанжуулах чармайлт. Улаанбаатар хотод ногоон дугаартай автомашинуудыг авто замын нэгдүгээр эгнээгээр явуулж, дугаарын хязгаарлалтад оруулахгүй байх зохицуулалт хийхийг салбарын сайдад даалгасан байна. Мөн тодорхой төрлийн цахилгаан автомашиныг ногоон зээлд хамруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц байгуулсан аж ахуйн нэгжид 1 хувийн татварын хөнгөлөлт болон хөнгөлөлттэй зээл олгох нөхцлийг бүрдүүлэхийг мэдээллээ. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт зарлаж, орон нутагт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтэц байгуулахаар төлөвлөжээ

Хуулийн засвар. Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ААН-ийг татварын дарамтаас чөлөөлөх шаардлагатай зарим зүйл заалтыг сайжруулж хялбаршуулсныг Засгийн газар мэдээллээ. Тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ААН-ийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлогод ногдох татвараас 90 хувийн буцаан олголт эдэлж буй таазыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тогтсон байна. Одоогоор 2.5 тэрбум хүртэлх орлоготой 180 мянга орчим аж ахуйн нэгж байгаа гэсэн тооцоо гарчээ. Мөн НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Сэвтэй тоонууд

Эхний улирлын тайлангаа танилцуулсан BYD компани урт хугацаанд үргэлжилж буй ашгийн уналтаа даван туулахын тулд их хэмжээний зээл авч буйг Bloomberg-ийн дата харууллаа. Мөн нутаг нэгт өрсөлдөгч Geely-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурсан байна.

  • Мягмар гарагт нийтэлсэн санхүүгийн тайланд нь дурдсанаар BYD-ийн богино хугацаат өр төлбөр гурван сарын дотор 72 хувиар өсөж, III сарын эцэс гэхэд 66.3 тэрбум юань буюу 9.7 тэрбум ам.доллар хүрсэн байна.

  • Үүний зэрэгцээ тайлант улирлын ашиг нь өмнөх оны мөн үеэс 55 хувиар буурч, сүүлийн гурван жил гаруйн доод түвшинд хүрчээ.

  • Харин Geely-ийн цэвэр ашиг оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурч, 4.2 тэрбум юань буюу 614 сая ам.доллар боллоо. Энэ нь Bloomberg-ийн шинжээчдийн тооцоолж байсан 4.5 тэрбум юаниас тааруу үзүүлэлт.

  • БНХАУ-д олон жил үргэлжилж буй үнийн дайны нөлөө тус улсын автомашин үйлдвэрлэгчдэд, тэр дундаа дэлхийн хэмжээний тэргүүлэгч компанид ч хүндхэн тусаж байгааг энэ нь харуулж байна.

Зам зуур

Samsung Electronics-ийг үүсгэн байгуулагч гэр бүлийн нийт хөрөнгө III сарын эцсийн байдлаар 45 тэрбум ам.доллар хүрсэн нь сүүлийн нэг жилд хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо.

Нийт хөрөнгө нь өмнөх оны мөн үед 20.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсныг Bloomberg”ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна. Ингэснээр тэд Азийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтын 10 дугаарт бичигдэж байсан бол одоо гуравдугаар байр руу огцом урагшилжээ.

Гэхдээ тус гэр бүлийн өв залгамжлагчид нь энэ сард төлөх ёстой 12 их наяд вон буюу 8.1 тэрбум ам.долларын өв залгамжлалын татварынхаа эцсийн хэсгийг төлж дуусгах ёстой.

Хиймэл оюуны дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт урьд өмнө байгаагүй хагас дамжуулагчийн эрэлтийг бий болгосон нь Samsung-ийг үндэслэгч гэр бүлийн хөрөнгө тэлэхэд голлон нөлөөлж байна.

Эцэст нь товчхон

ЗГ: Төрийн захиргааны төв байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор энэ оны зургаадугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан "Монголын эдийн засгийн чуулган 2026" арга хэмжээг цуцлахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Улаанбаатар БҮК ХК 2025 оны эцсийн байдлаар 36.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, төлөвлөгөө нь 37.8 хувьтай биелснийг мэдээллээ. Нийт борлуулалтад төмөр бетон эдлэл 94 хувь, металл 1 хувь, бусад орлого 5 хувийг эзэлж буйг үйл ажиллагааны тайландаа дурдсан байна.

Онцлох зураг

“Sotheby’s Hong Kong 2026” Азийн урлагийн долоо хоногийн үеэр цайны шаазан аягыг анхааралтай шалгаж буй оролцогч - Хонконг, БНХАУ

China News Service/Getty Images