- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/04/29
2026/04/29
Өглөөний мэнд. Газрын тосны үнэ баррель нь 120-150 хүрвэл дотоодод шатахууны үнэ 70-120 хувиар өсөх тооцооллыг Монголбанк гаргажээ.
Эрдэнэс Тавантолгой ХК энэ онд багтаан хувьцаагаа хөрөнгийн биржээр арилжаалахаар бэлтгэж байна.
БНСУ Их Британийг гүйцэж, дэлхийн найм дахь том хөрөнгийн зах зээл боллоо.

Түлшний түгшүүр
Ираны дайнаас шалтгаалж дэлхийн газрын тосны зах зээлд түүхэнд байгаагүй том нийлүүлэлтийн тасалдал үүсээд байгаа. Энэхүү хямралын бодит цар хүрээ газрын тосны үнэд бүрэн илрэх болоогүйг Олон улсын Эрчим хүчний агентлагаас анхааруулж байна.
Ормузын хоолой бараг бүрэн хаагдсанаар өдөрт 13 сая баррельтай тэнцэх газрын тосны нийлүүлэлт тасарч, мөн зөрчил мөргөлдөөнд эрчим хүчний 80 гаруй байгууламж гэмтсэнийг засварлахад хоёр жил хүртэлх хугацаа шаардагдахыг тус агентлаг онцолжээ.
Тэгвэл газрын тосны үнэ баррель нь 95, 120, 150 ам.доллар хүрч өсөх тохиолдолд дотоодод шатахууны үнэд хэрхэн нөлөөлөх, улмаар инфляцад ямар нөлөө үзүүлэх талаар Монголбанк тооцоолсон байна.

Баррелийн үнэ нь одоогийнхтой ойролцоо буюу 95 ам.доллар хүрэхэд шатахууны үнэ 40 орчим хувиар нэмэгдэнэ гэж үзсэн байна. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг тэлж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш суурь төсөөллөөс дунджаар 100 орчим төгрөг, ирэх онд 150 орчим төгрөгөөр суларна. Улмаар тээвэрлэлт, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх дам нөлөөгөөр бусад бараа, үйлчилгээний үнэ өсөж, нийт инфляц суурь төсөөллөөс энэ онд 4.4 нэгж хувиар, ирэх онд 1.4 нэгж хувиар тус тус өснө гэж тооцоолжээ.
Харин 120 ам.доллар хүрч өсөх тохиолдолд шатахууны үнэ 70 гаруй хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш ам.долларын эсрэг 160-300 төгрөгөөр суларч, инфляц суурь төсөөллөөс 9 орчим нэгж хувиар эрчимжихээр байна.
Хамгийн муу хувилбар буюу газрын тосны үнэ ирэх улирлуудад баррель нь 150 ам.доллар, 2027 онд 117 ам.доллар орчимд хадгалагдахад дотоодод шатахууны үнэ 120 гаруй хувиар өсөх тооцоололтой байна. Энэ нь инфляцыг суурь төсөөллөөс 13.4 нэгж хувиар өсгөхөөр байгааг тодотгожээ.
ОХУ-тай байгуулсан гэрээний хүрээнд 2026 он дуусталх хугацаанд АИ-92 автобензинийг тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа юм. Харин дизель түлшний үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагаж тодорхой хэмжээгээр нэмэгдээд буй. Сүүлийн байдлаар ОХУ-аас дотоодын зах зээлийнх нь үнээр түлш худалдан авах тохиролцоо хийсэн бөгөөд ингэснээр ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээлж байсан юм.
Анхаарлын төвд
Хувьцааг чөлөөлнө. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны 10 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах шийдвэрийг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр бэлтгэж байгааг мэдээллээ. Энэ хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хараат бус хөндлөнгийн аудит оруулах ажил 40 хувьтай үргэлжилж байгааг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу онцлов. ЭТТ ХК үндсэн чиг үүрэгтээ хамаарахгүй өндөр өртөгтэй төслүүд санхүүжүүлж буй нь санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж байгааг Үндэсний аудитын газар анхааруулж байсан юм.

Гадаад эх үүсвэрийг чангалав. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар X сарын 1-нээс хойш банкны гадаад зах зээлээс татсан 360 хоногоос гурав хүртэлх жилийн хугацаатай валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд хамааруулах шийдвэр гаргалаа. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх хандлагатай байгааг харгалзан гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор ийнхүү шийдвэрлэснээ Монголбанк мэдээллээ.
Олборлолтын үүд. Jade Gas Holdings компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө үнэлгээний хөтөлбөрөө Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулснаа мэдээллээ. Ингэснээр уг төсөл эдийн засгийн үр ашигтай болох нь тогтоогдож, хөгжүүлэлт болон олборлолтын шатанд шилжих суурь нь тавигдаж байгааг компани тэмдэглэжээ. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүсэлтээ гаргаж, нөөцөө бүртгүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Тус компанийн хувьд нөөцөө албан ёсоор бүртгүүлснээр урт хугацааны олборлолтын тусгай зөвшөөрөл авах авах үүд хаалга нь нээгдэх юм.
Оффисын төвлөрөл. Эдийн засгийн өсөлтийг дагаад сүүлийн жилүүдэд оффисын зах зээлд хотын төвийн “А” бүсэд шилжих хөдөлгөөн нэмэгдэж байгааг салбарын төлөөллүүд тодотгож байна. Бизнесийн байгууллагууд өмнө нь том талбайтай оффис сонирхох хандлага давамгайлдаг байсан бол энэ хандлага эрс өөрчлөгдөж чанартай, ашигтай жижиг талбайтай оффисын борлуулалт нэмэгджээ. Хотын төв цэгт тансаг зэрэглэлийн болон шинээр ашиглалтад орж буй барилгуудад оффисын сарын түрээс нэг метр квадрат нь дунджаар 80-100 мянган төгрөг байгааг Unegui.mn-ийн мэдээллээс харж болно. Харин борлуулах үнэ байрлал, гаднах орчин, барилгын насжилт зэргээс хамаарч хотын төвийн оффис нэг метр квадрат нь 8-16 орчим сая төгрөг байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Солонгосын давшилт
БНСУ-ын хувьцаанууд зах зээлийн үнэлгээгээр Их Британийг гүйцсэнээр тус улс дэлхийн найм дахь том хөрөнгийн зах зээлд тооцогдож эхэллээ. Тус улсын жишиг индекс энэ онд бараг 60 хувиар өсөж, бүх том индексийг ардаа орхиход хиймэл оюуны тэсрэлт түлхэц өгчээ.

БНСУ-ын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ энэ онд 45 хувь давж өсөж, 4.04 их наяд ам.доллар хүрчээ. Харин ижил хугацаанд Их Британийнх 6 хувиар өсөж, 3.99 их наяд ам.доллар болсныг Bloomberg-ийн дата харуулж байна.
2024 оны эцсээр Их Британийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ БНСУ-ынхаас бараг хоёр дахин өндөр байсан юм.
Хөрөнгө оруулагчид хиймэл оюунтай холбоотой технологийн тэргүүлэгч компаниудын хувьцаанд төвлөрснөөр ханш нь эрчимтэй өсөхөд гол түлхэц болсон байна. Ялангуяа тус биржийн урдаа барьдаг хоёр компани болох санах ойн чип үйлдвэрлэгч Samsung Electronics болон SK Hynix энэхүү өсөлтийн хурдыг түүчээлж буй.
Samsung л гэхэд III сараас эцэслэсэн улиралд цэвэр ашиг нь 755 хувиар өссөнийг тайлагнасан юм. Чипийн үнэ тэнгэрт хадсан VIII сараас хойш Samsung-ийн нэгж хувьцааны ханш гурав нугарсан SK Hynix-ийнх дөрөв дахин өсжээ.
Гэсэн хэдий ч бусад улсын өрсөлдөгчидтэй харьцуулбал хувьцаа нь хямд хэвээр байна. Хоёр компанийн форвард P/E харьцаа 6 байгаа бол Тайванийн TSMC-ийнх 21 байгаа юм.
Зам зуур

Microsoft компани OpenAI-ийн хиймэл оюун ухааны загваруудыг борлуулах онцгой эрхээсээ татгалзахаар тохиролцлоо. Ингэснээр OpenAI компани Amazon зэрэг үүлэн тооцооллын өрсөлдөгч компаниудтай гэрээ байгуулах боломж бүрдэж байна.
Үүний хариуд Microsoft өөрийн үүлэн тооцооллын системээр дамжуулан борлуулж буй OpenAI-ийн бүтээгдэхүүнээс олох ашгаасаа хувь төлөхөө зогсоох юм. Шинэчилсэн гэрээний дагуу OpenAI AGI буюу Ерөнхий хиймэл оюуныг хөгжүүлэх зорилтдоо хүрсэн эсэхээс үл хамааран Microsoft 2030 он хүртэл тус стартапын орлогоос хувь хүртэх аж.
Хоёр компанийн хамтын ажиллагаа энэ долоо хоногт Илон Масктай шүүх хурлын танхимд нүүр тулах үед олны анхаарлын төвд орохоор байна.Илон Маск OpenAI-ийг Microsoft-оос олон тэрбум ам.долларын дэмжлэг авч, ашгийн төлөөх компани болсноор анх байгуулагдах үеийн зарчмаасаа няцсан хэмээн буруутгаж, 134 тэрбум хүртэлх ам.долларын хохирол нэхэмжилж буй.
Эцэст нь товчхон
НЗДТГ: Гандангийн дэнжийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байгаа. Энэхүү ажлын хүрээнд 55 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 40 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа аж. Мөн тус бүсэд 1.6 га талбайг чөлөөлж жишиг гудамж болгон тохижуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг мэдээллээ.
Увс Хүнс ХК 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, цэвэр ашгийн маржин нь 16.8 хувиас 20.9 хувь болж тэлсэнийг үйл ажиллагааны тайландаа мэдээлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар компани нь 10 гаруй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ.
Онцлох зураг
Хаврын цаснаар алхаж буй эмэгтэй - Москва, ОХУ

Maxim Shipenkov/EPA