2026/04/28

Өглөөний мэнд. $16 их наядын үнэлгээтэй технологийн аваргууд энэ долоо хоногт I улирлын тайлангаа танилцуулна.

Лондоны марафоноор тогтоосон дээд амжилт Adidas компанид маш том сурталчилгаа боллоо.

Эрдэнэс Тавантолгой ХК энэ сардаа багтаан ₮786.6 тэрбумын ногдол ашиг хуваарилна.

Adidas-ийн давхар баяр

Бүтэн марафоныг хоёр цагийн дотор дуусгасан түүхэн амжилтыг энэ оны Лондоны марафоноор нэг биш бүр хоёр ч тамирчин тогтоолоо. Нэгэн цагт санаанд буумгүй байсан энэ том ялалтыг тэмдэглэх хангалттай шалтгаан Германы спорт хувцас, хэрэгсэл үйлдвэрлэгч Adidas компанид очиж байна.

Ням гарагт Кенийн гүйгч Себастьян Саве, Этиопийн гүйгч Ёмиф Кежелча нар хоёул Adidas-ийн шинээр гаргасан 500 ам.долларын үнэтэй гүйлтийн пүүзээр Лондоны марафоны барианы шугам дээр гишгэсэн юм.

Уралдааны эцсийн мөчид Саве Кежелчагаас ардаа орхиж, 42.2 километрийн зайг 1 цаг 59 минут 30 секундэд буюу өмнөх дээд амжилтаас нэг минутаар бага хугацаанд туулан барианд оров. Харин Кежелча анх удаа оролцсон бүтэн марафондоо тэргүүлэгчээс ердөө 11 секундын дараа бариалсан нь бахдам амжилт боллоо. Түүнчлэн эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын Тигст Ассефа 2 цаг 15 минут 41 секундэд барианд орсноор өнгөрсөн жил өөрийн тогтоосон эмэгтэйчүүдийн марафоны дээд амжилтыг шинэчиллээ.

Эдгээр гурван тамирчин бүгд Adidas компанийн өнгөрсөн пүрэв гарагт танилцуулсан цоо шинэ "Adizero Adios Pro Evo 3" гүйлтийн гутлыг өмсөж гүйсэн байна. Стандарт хэмжээ нь ердөө 97 грамм жинтэй гэдгээрээ тус загвар сүүлийн арваад жилд холын зайн гүйлтийн спортод хувьсгал авчирсан гүйлтийн гутлын төрөл дундаа хамгийн хөнгөнд тооцогдох аж.

“Энэ бол тамирчдын олон жилийн их хөдөлмөр, тууштай зүтгэлийн үр шим болохын зэрэгцээ цахиур хагалах супер гутал бүтээсэн манай инновацын багийн амжилт билээ” хэмээн Adidas-ийн Гүйлтийн спортын хэлтсийн Ерөнхий Менежер Патрик Нава онцолжээ. Даваа гарагт Франкфуртын биржийн арилжаагаар Adidas компанийн хувьцааны ханш 1.4 хувиар өссөн байна. Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдлаас спорт хувцасны зах зээлд үзүүлэх нөлөөллөөс хөрөнгө оруулагчид болгоомжилж, тус компанийн хувьцааны энэ он гарсаар 18 хувиар буураад байгаа юм.

Adidas сүүлийн жилүүдэд гүйлтийн хувцасны франчайзаа сэргээн босгож, цар тахлаас хойш гүйлтийн хорхойтнууд, сонирхогчид эрс нэмэгдсэнийг давуу тал болгохоор зорьж буй. Мөн “Samba”, “Gazelle” зэрэг түлхүү загварын зориулалттай бүтээгдэхүүнээс хамаарлаа багасгаж, спорт хувцас хэрэгслээс гол ашгаа бүрдүүлдэг болох Гүйцэтгэх захирал Бьёрн Гулдений стратегийн нэг хэсэг болж байна.

Анхаарлын төвд

Дайн хоёр дахь сардаа. АНУ-Ираны энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад хүрэлцэн очоод байна.. Энэхүү уулзалт нь дайны нөхцөл байдлыг хэлэлцэх таатай боломж байхыг Техраны зүгээс онцолжээ. Үүнээс өмнө Иран улс АНУ-ыг боомтын бүслэлтээ зогсоосны хариуд Ормузын хоолойг нээх түр тохиролцоонд хүрэх, цаашлаад дайныг зогсооход ч бэлэн гэсэн дохио өгснийг Axios мэдээлсэн байна.

Буцаалтын улирал. Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтөд 28,879 татвар төлөгч нийт 57.1 тэрбум төгрөг олгохыг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Үүнээс шинээр орон сууц худалдан авсан 10,700 гаруй иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг олгох аж. Буцаан олголтыг IV сарын 20-ноос татвар төлөгчдийн дансанд шилжүүлж эхлээд байгааг мөн мэдээлэв. 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол 1%-ийн татвар төлөхөөр заасан ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан ч Засгийн газар буцаан татаад байгаа.

1072-ын сураг. Эрдэнэс Тавантолгой ХК 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбумын ногдол ашиг хуваарилж, IV сарын 30-ны дотор олгохоо мэдээлээд байна. Нэгж хувьцаанд 65.55 төгрөг тооцож, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөг олгоно. Ногдол ашгийг иргэдийн дансанд хэзээнээс шилжүүлж эхлэх нь хараахан тодорхойгүй байгааг тус компани мэдээллээ. Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн хугацаанд нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргасан юм.

Төсөлд зориулсан хууль. УИХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн шийдэлд хүрснээр Гадаад зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл эцэслэн батлагдах шатанд орлоо. Уг хуулийн төслөөр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвийн төслүүдийн санхүүжилтийн асуудлыг арилгах юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн хуулийн зарим зохицуулалтаар нэн хөнгөлөлттэй, хямд эх үүсвэртэй авсан зээлүүд нь хугацаа нь уртсаж, өндөр хүү төлөх шаардлага тулгарч байгаа тул нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төслийг дэмжих нь чухал гэж үзсэн байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Дайныг ажирдаггүй “Mag-7”

Ираны дайн үргэлжилж буй хэдий ч хамгийн технологийн томоохон компаниудын хувьцааны ханшийн өсөлт S&P 500 индекс удаа дараа дээд түвшнээ шинэчлэх гол түлхүүр болж байна. Энэ долоо хоногт танилцуулагдах тайлангууд энэхүү өсөлт цаашид үргэлжлэх боломжтой эсэхийг харуулах юм.

  • Лхагва гарагт Alphabet, Microsoft, Amazon болон Meta Platforms компани тайлангаа танилцуулах бол пүрэв гарагт Apple-ийн тайлан нийтлэгдэх товтой байна. Эдгээр компани нийт 16 их наяд ам.долларын үнэлгээтэй байгаа юм.

  • Оны эхний гурван сарын хугацаанд технологийн томоохон компаниуд хиймэл оюунд хэт өндөр зарлага гаргаж байна гэх болгоомжлол компаниудын үнэлгээг багасгаж, жишиг индекс уналтад ороход нөлөөлж байв.

  • “Гайхамшигт 7”-ийн ашиг I улиралд 19 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа бол S&P 500-ийнх 12 хувьтай байна.

  • Өнгөрсөн долоо хоногт Tesla шинжээчдийн таамгийг давсан тайлангаа танилцуулсан юм. Харин зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч “Nvidia” тавдугаар сарын 20-ны өдөр тайлангаа гаргахаар байна.

  • Microsoft, Alphabet, Amazon, Meta-ийн нийт хөрөнгийн зардал нь өнгөрсөн оны 411 тэрбум ам.доллароос 649 тэрбум ам.доллар болж, эрс нэмэгдэхээр байгаа аж. Иймд дээрх зарцуулалтаасаа өндөр өгөөж хүртэж чадна гэдгийг батлах хэрэг компаниудад гарч байгаа юм.

Зам зуур

Машинтайгаа кино үздэг Америкийн “Drive-in” театр үеэ өнгөрөөсөн байж магадгүй ч Хятадын авто үйлдвэрлэгчид түүнийг өөр түвшинд эргүүлэн авчрах шинэ арга олжээ.

Huawei болон BAIC Motor компаниудын хөгжүүлсэн “Stelato S9” седан ангиллын автомашины их гэрэл нь давхар проекторын үүрэг гүйцэтгэдэг тул 100 инч хүртэлх хэмжээтэй дэвсгэр дээр кино гаргах боломжтой аж. 2 мегапикселийн нягтаршилтай тус гэрэл нь мөн чиглэл заасан тэмдэглэгээ, явган хүний гарц зэргийг газар дээр тусган харуулдаг байна.

Энэ төрлийн дэвшилтэт гэрлийн системийн зах зээл 2025 онд 1.1 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол ирэх арван жилд хоёр дахин өснө гэж Intelmarket Research тооцоолжээ

Эцэст нь товчхон

БЕГ: Ерөнхий боловсролын хөтөлбөр шинэчлэлийг ирэх хичээлийн жилээс нэгдүгээр ангиас эхлэн үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөр шинэчлэлийг сурах бичгийн шинэчлэлтэй уялдуулах бөгөөд сурах бичгийн эх зохиох хэвлэлийн газрыг сонгон шалгаруулж, шалгарсан хэвлэлийн газар багш эрдэмтдээс бүрдсэн багаа бүрдүүлэхийг мэдээллээ.

Дархан нэхий ХК болон охин компаниуд нь 2025 онд 18.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, үүнээс 4.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаад байна. Өмнөх онтой харьцуулахад борлуулалтын орлого нь 11.6 хувиар өсөж, цэвэр ашиг нь 23 хувиар буурчээ.

Онцлох зураг

2026 оны Лондоны марафонд оролцогчид эхний километрийн зурхай дээр - Лондон, Их Британи

Benjamin Gilbert/PA