2026/04/27

Өглөөний мэнд. Төрийн хэрэгжүүлэх том төслүүдийн дөнгөж 0.5 хувь нь төсөв, цаг хугацаа, үр өгөөжийн амлалтаа бүрэн биелүүлдгийг судалгаа харуулав.

Сүү ХК энэ оны эхний улиралд 61.6 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. 

Ирэх 10-15 жилд дэлхийн 1.2 тэрбум хүн хөдөлмөрийн насанд хүрэх ч одоогийн нөхцөлд тэдний 400 сая нь л ажлын байр олох боломжтой.

Мега төсөл, микро үр дүн

Монголчуудын нэгэн “шүдний өвчин”-ийг илааршуулахад том дэм болох ойрын хугацааны хамгийн хүлээлттэй төсөл бол Монгол дахь анхны Газрын тос боловсруулах үйлдвэр. Гэтэл одоогийн төсвийн хуулийг мөрдөж ажиллавал газрын тос боловсруулах үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтад оруулах тооцоолол гарсныг Сангийн яам мэдээлэв.

Сүүлийн байдлаар 13.8 их наяд төгрөгийн гадаад зээлийг ашиглаагүй байгаагаас 6.2 их наяд төгрөг нь тус үйлдвэрт хамаарч буй аж. Гэтэл жилд дунджаар 1.3 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлж буйг салбарын сайд тодотгосон. Энэ асуудлыг шийдэх зорилготой Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүд санал зөрөлдсөнөөр хэлэлцүүлэг нь энэ пүрэв гараг хүртэл завсарлаад байна. Хуулийг баталснаар хоёр төсөвтэй болох, төсвийн алдагдлыг тэлэх зэрэг сөрөг үр дагавартай гэж зарим УИХ-ын гишүүд, мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж байгаа юм.

0.5%-ийн амжилттай стратеги

Газрын тос боловсруулах үйлдвэр нь төсвийн хэтрэлт, цаг хугацааны хоцрогдолтой төслийн томоохон жишээ болж буйг Монголбанкны эдийн засагчид мега төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд болон олон улсын туршлагын талаарх нийтлэлдээ дурдсан байна.

Монгол дахь төслүүдэд улс төр, амбиц, ашиг сонирхол хэт оролцохын хэрээр зардал, сөрөг үр дагавар нэмэгдэж, төсөл явцдаа биш анх эхлэхдээ л бүтэлгүйтсэн байх нь олонтоо. Судалгаанд дурдсанаар том төслүүдийн дөнгөж 0.5 хувь нь төсөв, цаг хугацаа, үр өгөөжийн амлалтаа бүрэн биелүүлдэг бол 99.5 хувь нь төсөв хэтэрч, цаг хугацаа, үр өгөөжөө алддаг гэж тооцоолжээ.

Газрын тосны үйлдвэрийн тухайд 2023 оны тооцооллоор анхны дүнгээс 34 орчим хувиар өсөөд байсан зардлын хэтрэлт нь цаашид 50 хувийг давбал нэмэлтээр 1.1 тэрбум ам.доллароос давсан гадаад зээл авах шаардлага үүсэх эрсдэл байгааг анхааруулжээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт гүйцэтгэл сайтай үргэлжилж, 2026 онд явцыг 80 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Монгол-Францын хамтарсан ураны төсөл харьцангуй чимээгүй байгаа бол зэс, гангийн үйлдвэрүүдийн төсөлд олон улсын тендер зарлаад байгаа.

Анхаарлын төвд

Сүү ХК энэ оны эхний улиралд 61.6 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Мөн цэвэр ашиг нь 3.18 тэрбум төгрөг хүрсэн байна. Тайлант хугацаанд тус компани ерөнхий ба удирдлагын болон санхүүгийн зардалд 10 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Компанийн сүү үйлдвэрлэлийн хүчин чадал 200 тонн байсан бол энэ оноос хоёр дахин нэмэгдэж, 400 тонн хүрсний сацуу Германы технологиудыг нэвтрүүлэн ажиллаж байгаагаа үйл ажиллагааны тайландаа дурдаж байв.

Хятадын шинэ AI модель. DeepSeek компани хүний тунгаан бодох чадварыг дуурайдаг нээлттэй эхийн хиймэл оюуны модель гаргаж, Цахиурын Хөндийг сандаргаж байснаасаа нэг жилийн дараа шинэ үндсэн моделийнхоо демо хувилбаруудыг танилцууллаа. “V4 Flash” болон “V4 Pro” цувралын модель нь дээд зэрэглэлийн гүйцэтгэлтэйгээр код бичихийн зэрэгцээ агентийн буюу бие даан гүйцэтгэх даалгаврууд, учир шалтгаан тунгаан бодох чадварт томоохон дэвшил гаргасныг DeepSeek онцолжээ.

Их эрэлтийн үе. Эдийн засгийн 7.2 хувийн дундаж өсөлтийг хадгалж, “Алсын хараа-2050” зорилтод хүрэхийн тулд 2035 онд нийт 1.8 сая гаруй хүн хөдөлмөр эрхэлж байх шаардлагатайг ГБХНХЯ-ны судалгаанд танилцуулжээ. 2035 он хүртэл хамгийн их ажиллах хүч шаардлагатай салбар нь барилга болон боловсруулах үйлдвэрлэлийн салбар байна. Мөн тасралтгүй буурч буй ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэхэд бодит цалинг бүтээмжтэй холбогдуулан өсгөх нь чухал болохыг дурдсан байна. Цалингийн түвшин сүүлийн 10 жилд нэрлэсэн дүнгээр 143 хувиар өссөн боловч бодит дүнгээр 23 хувиар өссөн тооцоотой.

QPay-ийн хурд. Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй компани болсноос хойш Инновейшн Инвестмент ХК-ийн бизнес хурдацтай тэлсээр байна. Хэд хоногийн өмнө цэвэр ашиг нь 2025 онд 34 хувиар өссөнийг танилцуулж байсан тус компани оны эхний улиралд 11.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, өмнөх оны мөн үеэс 52.9 хувийн өсөлт үзүүлснийг тайлагнав. 2024 онд нийт QPay-ийн борлуулалт нь хоёр дахин нэмэгдсэн бол 2025 онд 45 хувиар өсөж байлаа. III сарын эцэст тус компани 4.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд маржин нь өнгөрсөн оны үзүүлэлтээс бага зэрэг сайжирчээ.

Импортын инфляц айсуй. Дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлснээр БНХАУ-ын экспортлогчид бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж эхэллээ. III сард 10 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс эрс өссөнийг БНХАУ-ын гаалийн статистик мэдээлэлд хийсэн Bloomberg-ийн тооцоолол харуулж байна. Жишээлбэл синтетик материалтай хувцасны үнэ 3-5 орчим хувиар, мөн резин, хуванцар болон газрын тосноос гаралтай химийн бодис ашигладаг бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом нэмэгджээ. Ялангуяа эмнэлгийн тариурын үнэ сарын дотор 20 гаруй хувиар өссөн байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Хөдөлмөрийн насныхны давлагаа

Ирэх 10-15 жилийн хугацаанд хөгжиж буй орнуудад 1.2 тэрбум буюу урьд өмнө байгаагүй олон тооны залуус хөдөлмөрийн насанд хүрнэ гэж Дэлхийн Банкны шинэ судалгаанд мэдээлжээ. Гэтэл одоогийн байдлаар тэдгээрийн 400 сая нь л ажлын байр олох боломжтой байгаа аж.

  • Хөдөлмөрийн зах зээлд үүссэн хомсдол эдийн засгийн сорилт төдийгүй үндэсний аюулгүй байдлын сорилт болж хувирсныг Дэлхийн Банк анхааруулсан байна.

  • Өнгөрсөн удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр энэ асуудлыг хэлэлцүүлэлгүй, орхигдуулсан юм. Харин цаашид “Их 7”, “Их 20”-ийн уулзалтуудаар хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй асуудлыг үл тоомсорлож огт болохгүйг онцолжээ.

  • Иймд гурван үндсэн тулгуур дээр суурилсан ажлын байрны стратегийг санал болгосон байна. Нэгдүгээрт: Ажиллах хүч болон дэд бүтцийг зэрэг хөгжүүлэх. Хоёрдугаарт: Бизнест ээлтэй орчин бүрдүүлэх. Гуравдугаарт: Аж ахуйн нэгжүүдэд бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.

Зам зуур

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан, гадаадын иргэн 1 сая ам.доллар төлж АНУ-д байнга оршин суух эрх авах "Алтан карт" визийн хөтөлбөрт одоогоор ердөө нэг хүний хүсэлтийг зөвшөөрөөд байгааг тус улсын Худалдааны сайд Ховард Лутник пүрэв гарагт мэдээлсэн байна.

Тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын байнгын хорооны асуултад хариулахдаа "Алтан карт"-ын явцын талаар мэдээлэл өгсөн бөгөөд тус визэд хамрагдах хүсэлт гаргасан дахиад олон зуун хүний хүсэлтийг боловсруулж байгааг мөн онцолжээ.

Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн XII сараас "Алтан карт" виздээ хүсэлтүүд хүлээн авч эхэлсэн юм. Ерөнхийлөгч Трамп уг хөтөлбөрийг АНУ-д өндөр ур чадвартай мэргэжилтнүүд татах нэн чухал арга зам хэмээн тухайн үед сурталчилж байлаа. Виз горилогсод үйлчилгээний хураамж болгож 15 мянган ам.доллар төлөхөөс гадна "маш хатуу хяналт шалгалт"-ын үйл явцад хамрагдах ёстойг Лутник мөн дурдсан байна.

Эцэст нь товчхон

Монложистикс Холдинг ХК оны эхний улиралд 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол гадаад валютын ханшийн зөрүүнээс 46.1 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Мөн 64.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос төдийлөн өөрчлөлтгүй байжээ.

Барилга.мн: Оны эхний гурван сард Монгол Улс нийт 2.47 тэрбум ам доллароор бараа, бүтээгдэхүүн импортолсноос 9 орчим хувийг нь барилгын материал эзэлж байна.

Онцлох зураг

Пап Лео XIV-ийн удирдсан нийтийн мөргөлд оролцохоор цугласан католик сүсэгтнүүд - Малабо, Экваторын Гвиней

Luca Zennaro/EPA