2026/04/24

Өглөөний мэнд. Уул уурхайн биржийн арилжаа сэргэж, Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн борлуулалтын орлого I улиралд 126 хувиар өссөн байна.

Казахстан улс 2050 он гэхэд дор хаяж гурван атомын цахилгаан станцтай болохоор зорьж байна.

ХасБанк ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурч, ₮42.4 тэрбум хүрэв.

Цөмийн амбиц

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн Төрийн айлчлалын хүрээнд талууд эрчим хүчний бүтээгдэхүүний чиглэлд яриа хэлэлцээнүүд хийсний нэг нь цөмийн энергийн хамтын ажиллагаа байлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Казахстаны Атомын эрчим хүчний агентлагийн дарга Алмасадам Саткальевтай уулзаж, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах цаашдын бололцооны талаар ярилцсаны зэрэгцээ салбарын дэд бүтэц хөгжүүлэлт болон мэргэжилтэн сургалтад туршлага солилцох талаар хэлэлцсэнийг Казахстаны эх сурвалжууд мэдээлжээ.

2024 онд тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол дахь айлчлалын үеэр талууд цөмийн эрчим хүч, уран олборлолтын чиглэлд хамтран ажиллахаар болж, Казахстаны төрийн өмчит Kazatomprom компани Монголын Мон-Атом ХХК-тай стратегийн түншлэл байгуулж байв.

Хэдийгээр Казахстан шар нунтаг олборлолт, нийлүүлэлтийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч 1999 оноос хойш цөмийн эрчим хүчийг ашиглахаа зогсоогоод байсан юм. Харин сүүлийн жилүүдэд тулгарах болсон эрчим хүчний хангамжийн эрсдэлүүдийг харгалзан Казахстан улс 2024 онд бүх нийтийн санал асуулгын үр дүнгийн дагуу атомын цахилгаан станц шинээр барихаар шийдвэрлэж байлаа.

Дор хаяж 3-ыг

Тэгвэл Казахстан улс 2050 он гэхэд багадаа гурван атомын цахилгаан станц ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж буйг Атомын эрчим хүчний агентлагаас нь мэдээллээ.

Эхний АЦС-ын төсөл хэдийнээ хэрэгжиж эхэлсэн бол хоёр дахь станцын бүтээн байгуулалт судалгааны шатандаа явааг тус агентлаг онцолсон байна. Харин гурав дахь станцад бага оврын модуляр реакторын (SMR) технологи ашиглахаар судалж буйг дурджээ.

The Times of Central Asia-ийн мэдээллээс харвал АЦС-уудын бүтээн байгуулалтаас гадна ураны нөөцөө зөв зохистой ашиглах, тоног төхөөрөмж ба цөмийн түлшний үйлдвэрлэлийг дотооддоо нутагшуулах, цөмийн эрчим хүчний судалгаа, технологийн бааз суурьтай болох зэрэг зорилтуудыг тус улс 2050 он хүртэлх цөмийн стратегидаа тусгасан аж.

Анхны АЦС-ынх нь бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ОХУ-ын төрийн өмчит Rosatom компани шалгарсан бол дараагийн хоёр станцыг БНХАУ-ын China National Nuclear Corporation барихаар болжээ. Түүнчлэн Алматы хотоос баруун хойд зүгт 400 км-ийн зайд, Балхаш нуурын эрэг дээр эхний станцыг барихаар байршлыг нь тодорхойлсон аж.

Анхаарлын төвд

Өндөр ашгийн хишиг. 2026 оны эхний улиралд Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 126 хувиар өсөж, 3.4 тэрбум төгрөг хүрчээ. Тайлант хугацаанд 10.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 66 орчим хувиар өндөр дүн болж байна. Уул уурхайн биржийн арилжаа дээд түвшиндээ хүрч өсөж, мөн Засгийн газрын бонд зэрэг үнэт цаасны арилжаа идэвхжсэнээр МХБ ХК-ийн үндсэн үйл ажиллагааны орлого сэргэхэд түлхэц боллоо. Мөн компани 2025 оны ногдол ашиг болох 4.9 орчим тэрбум төгрөгийг 11 мянга гаруй хувьцаа эзэмшигчийнхээ дансанд байршуулсныг мэдээлсэн юм.

Эрүүл бус маржин. Улсын Их Дэлгүүр ХК оны эхний улиралд үйл ажиллагааныхаа зардлыг бууруулсан ч бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалан ашиглалтын зардал нь өссөнийг тайландаа онцоллоо. Ингэснээр тайлант хугацаанд 2.4 тэрбум орчим төгрөгийн түрээсийн орлоготой, үүнээс 2 тэрбум төгрөгийн зардал гаргаснаар 302.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн 15.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг үйл ажиллагааныхаа тайланд мэдээлжээ. Цаашид түрээсийн орлогоо үе шаттай нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг бууруулах зэргээр компанийн ашгийг сайжруулахад анхаарахаа тодотгов.

Айлчлал дуусав. Монгол Улстай “отгон” стратегийн түншлэлтэй Казахстан улсад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн хариу айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Астана хотноо болсон “Казахстан-Монголын бизнес форум”-ын үр дүнд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийсэн байна. Бусад хэлэлцээнүүдийн үр дүнд:

  • Казахстанаас жилд 1 сая тонн газрын тос импортлох

  • Галт тэрэгний 100 хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах

  • VI сараас Казахстаны агаарын тээврийн “Скат” компани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх

  • Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар байгуулах зэрэг онцлох ажлуудыг гүйцэтгэхээр тохиролцжээ.

Цаадахаа бодоогүй тэлэлт. Монгол шиг хөгжиж буй эдийн засагтай улсуудын хувьд төсвийн тэлэх бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс илүү импортыг нэмэгдүүлэх магадлал өндөр. Төсвийн зардлын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг давснаар бодит импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцэлд нөлөөлөхөөр байгааг Монголбанкны төсвийн зардлын импортод үзүүлэх нөлөөний судалгаанд онцолжээ. Энэхүү нөлөө нь зээлийн идэвхжил өндөр үед илүү хүчтэй тул бодлого тодорхойлогчид цаашид эдийн засгийн төлөвийг илүү бодитоор тооцож, түүнд үндэслэн төсвийн зардлыг батлах нь чухал аж. Монгол Улсын төсвийн зардлын өсөлт цар тахлын дараагаас хурдацтай өсөж, 2024 оны эцсийн байдлаар 30.4 их наяд төгрөг хүрсэн юм.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Банкнуудын базаахгүй улирал

2026 оны I улиралд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй банкнуудын дөрвийнх нь ашиг нь буурсан үзүүлэлттэй байна. Харин Төрийн банк ХК-ийн цэвэр ашиг эхний улирлыг өсөлтөөр өндөрлүүлжээ.

  • Сүүлийн жил гаруй хугацаанд иргэдийн зээлийг чангалсаар банкнуудын өсөлтийн гол хөдөлгүүр нь хязгаартаа тулж эхэлж байна. Үүний зэрэгцээ хадгаламжийн дүн нэмэгдэж, хүүгийн зардал өссөөр байгаа нь ашигт ажиллагаанд дарамт болж буй.

  • ХасБанк ХК-ийн цэвэр хүүгийн орлого 7.5 хувиар өсөж, 79.7 тэрбум төгрөг хүрсэн ч цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурч, 42.4 тэрбум төгрөг болжээ.

  • Голомт банк ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 63 хувиар буурч, 44 тэрбум төгрөг хүрсэн байна. Банкны хүүгийн орлого таван хувиар өссөн бол хүүгийн зардал нь 15.5 хувиар нэмэгдсэнээр маржин нь агшжээ.

  • Харин оны эхний гурван сарын хугацаанд Төрийн банк 22.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 65.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Өнгөрсөн оны эхний улиралд тус банкны ашигт ажиллагаа нэлээд буураад байсан бол ийнхүү жилийн дараа эргээд тогтворжиж байна. Цэвэр зээлийн багц нь 4.2 их наяд төгрөг хүрч, 18 хувийн өсөлт үзүүлжээ.

  • Энэ оны эцсээр инфляц одоогийн буюу Монголбанкны зорилтод түвшинд үргэлжлүүлэн хадгалагдаж, бодлогын хүүг бууруулах орон зай үүсвэл банкны салбарт томоохон хурдасгуур болж өгөх юм.

Зам зуур

Эдийн засгийн олон салбарыг доргиож буй Ираны дайны нөлөөлөл бэлгэвчний зах зээлийг ч тойрсонгүй.

Дэлхий даяар зарагдах таван бэлгэвч тутмын нэгийг үйлдвэрлэдэг Karex компани Ойрх Дорнодын зөрчил нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүйжүүлж, үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж буйг харгалзан ойрын хугацаанд бүтээгдэхүүнийхээ үнийг 30 хүртэлх хувиар өсгөхөөр бэлтгэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Го Миа Киат Bloomberg News-т мэдээлсэн байна.

Малайз улсын тус компани жилд таван тэрбум гаруй ширхэг бэлгэвч үйлдвэрлэж, "Durex" зэрэг алдартай брэндүүдэд нийлүүлэхээс гадна өөрсдийн эзэмшдэг "ONE Condoms", "Carex" брэнд нэрээр мөн борлуулдаг байна.

Компани ойрын саруудад багтаан бэлгэвчний үнээ өсгөхөөр төлөвлөсөн бөгөөд цаашид ч дахиж үнэ өсөхгүй гэдгийг баттай хэлж чадахгүйгээ Го онцолжээ. Газрын тосноос гарган авдаг химийн бүтээгдэхүүний хомсдол, түүхий эдийн үнийн өсөлт нийлүүлэлтийн сүлжээнд нь хүндрэл учруулснаар Karex-ийн үйлдвэрлэлийн зардал дайн эхэлснээс хойш 25-30 хувиар өсөөд байгаа аж.

Эцэст нь товчхон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Төсөлд танхимын Ерөнхийлөгч улс төрийн намын харьяалалгүй, Төрийн албан хаагч бус, 10-аас доошгүй жил аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай байхаар заажээ.

АҮЭБЯ: ОХУ дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлсэн тул ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгджээ.

Онцлох зураг

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёныг угтан авахаар жагсаж буй хүндэт харуулууд - Ханой, Вьетнам

Nhac Nguyen/AFP/Getty Images