2026/04/23

Өглөөний мэнд. Алгуур удааширч байсан иргэдийн зээл авалт эргэн эрчимжиж, III сард ₮27.5 их наяд хүрчээ.

Asian Battery Metals зэс-алтны "Майхан уул" төслийн худалдан авалтыг дуусгаж, өрөмдөхөд бэлэн болжээ.

ХААН Банк, Худалдаа Хөгжлийн банкны ашигт ажиллагаа оны эхний улиралд буурсан үзүүлэлттэй.

Баруун нутгийн баялаг

Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" төслийн худалдан авалтыг эцэслэж, өрөмдлөг эхлүүлэхэд бэлэн болсноо мэдээллээ.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани 890 мянган ам.долларын дүн бүхий уг хэлцлийг гүйцээснээр 2045 он хүртэл хүчинтэй лицензийг бүрэн эзэмшиж, эрчим хүчний шилжилтэд нэн чухал металлуудын хайгуулын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Одоогоор төслийн талбайд өрөмдлөгийн техникүүдээ байршуулж эхэлсэн бөгөөд нийт 1500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

"Майхан уул" төслийн талбай нь компанийн зэс-никелийн "Ямбат" төслийн талбайгаас ердөө 8 километрийн зайтай оршдог тул үйл ажиллагааны зардал хэмнэх өндөр боломжтой. Энэхүү худалдан авалт нь компанийн өсөлтийн стратегийн гол алхам бөгөөд "Ямбат" төсөлтэй хамтад нь хөгжүүлснээр ирээдүйн үнэ цэнийг нээх боломж байгааг ABM-ийн захирал З.Ган-Очир онцолжээ.

“Майхан уул" талбайд сүүлд хийсэн тандалтын өрөмдлөгөөр 132.5 метрийн гүнээс 2.23 хувийн зэс, тонн тутамд 0.73 граммын алтны агуулгатай 14.5 метрийн эрдэсжилт илэрсэн нь олборлолтын нөөц бололцоо өндөр болохыг илтгэсэн байна.

Төслүүд байршиж буй нутаг нь металлын баялаг эрдэсжилт бүхий бүс байх боломжтой нь компанийн өмнөх өрөмдлөгийн хөтөлбөрүүдийн үр дүнгээс харагдаж байв. Энэ оны хайгуулын хөтөлбөрөөр Asian Battery Metals ордын цар хүрээ, тасралтгүй үргэлжлэх чанарыг баталгаажуулахад төвлөрөх юм байна.

Анхаарлын төвд

Худалдаа, хамтрал. Монгол Улс Казахстан улсаас 6.7 сая ам.доллароор галт тэрэгний 100 ширхэг хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авахаар болж, мөн хоёр улсыг холбосон авто зам барихаар тохиролцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНКУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд дээрх хэлэлцээнүүд хийгдэж, мөн Засгийн газар болон ААН хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зураад байна. Түүнчлэн газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах хүрээнд тус улсаас 1 сая тонн газрын тос импортлохоор болсныг өмнө нь мэдээлсэн.

Улаан гэрэл. Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн 24 мега төслийн нэг болох “Туул хурдны зам” төслийг зогсоохоор шийдвэрлэлээ. Нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий дээрх төсөлтэй холбоотой асуудлаар иргэд, улс төрийн намууд Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн юм. Олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргаж, үнэн зөвийг тогтоох ёстой тул хууль хяналтын байгууллагаас хяналт, шалгалт явуулж дуустал төслийг зогсоож байгааг ЗГ-аас онцолсон. Нийслэлээс төслийн гүйцэтгэгчид 500 орчим тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өмнө нь мэдээлж байв.

Ашиг буурсан улирал. ХААН Банк ХК эхний улиралд 169.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг тайлагнасан нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар бага дүн боллоо. Тайлант хугацаанд цэвэр хүүгийн орлого нь 0.4 хувиар үл ялиг өссөн бол харилцах болон хадгаламжийн хэмжээ 15.7 их наяд төгрөг хүрч, 23.4 хувиар, цэвэр зээл нь 22.6 хувиар тус тус өсжээ. ХААН Банкны мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ харьцангуй өндөр байгаа нь 280 тэрбум төгрөгийн хүүгийн зардал төлөнгөө харилцагчдаас татсан эх үүсвэрийг эргүүлээд төдий хэмжээнд зээл болгон гаргахгүй байгааг харуулж байна. Харин Худалдаа хөгжлийн банк ХК-ийн цэвэр ашиг оны эхний улиралд 5.7 хувиар буурч, 46.2 тэрбум төгрөг болсон байна.

Сууриа бэлдсээр. SpaceX компани хиймэл оюуны кодчиллын стартап Cursor-ийг энэ оны эцсээр 60 тэрбум ам.доллароор худалдан авах, эсвэл хамтран ажилласны төлбөрт 10 тэрбум ам.доллар төлөхөөр тохиролцоонд хүрсэн байна. Энэ оны эцсээр IPO хийхээр төлөвлөж буй SpaceX саяхан Илон Маскийн xAI-тай нэгдсэн юм. xAI нь кодчиллын технологи дээр өрсөлдөгчдөөсөө хоцорч буй тул компанийг эхнээс нь сэргээн босгоно гэдгээ Илон Маск амлаж байв. Тэрбээр гуравдугаар сард ажилтнуудаа цомхотгох шийдвэр гаргаж, чадварлаг инженерүүдийг Cursor-оос өөрийн компанидаа элсүүлэн авч эхэлжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Гандан буурахгүй зээлийн хүү

2026 оны I улирлын эцэст иргэдийн зээлийн өсөлт эрчимжиж, нийт олгосон зээл өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар өсжээ.

  • 2024 оноос хойш аажмаар удааширч байсан иргэдийн зээл гуравдугаар сард эргэн эрчээ авснаар өмнөх сараас 2.4 хувиар өсөж, 27.5 их наяд төгрөг хүрсэн байна.

  • Түүнчлэн гуравдугаар сард шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2019 оноос хойших дээд цэгт хүрч, 18.3 хувьтай тэнцэж буй.

  • Хэдий тийм боловч Төв банкнаас хэрэгжүүлж буй хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогын хүрээнд зээлийн өсөлт цаашид саарах хандлагаа үргэлжлүүлэх төлөвтэй.

  • Үүнээс гадна арилжааны банкнуудад иргэдийн байршуулсан төгрөгийн хадгаламжийн дүн сүүлийн гурван сар дараалан нэмэгдэж, 21.8 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

  • Шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин 11.7 хувьд хүрч, сүүлийн нэг жил орчмын хугацааны дээд түвшинд хүрчээ. Үүнээс 10-12 сарын хугацаатай хадгаламжийн хүү хамгийн өндөр буюу 14.1 хувь байна.

Зам зуур

Украины хамгийн чинээлэг хүн, тэрбумтан Ринат Ахметов Монакогийн шинэ дүүрэг дэх тансаг зэрэглэлийн таван давхар орон сууцыг 471 сая евро буюу 554 сая ам.долларын үнээр худалдаж авсан байна. Энэ нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр дүнтэй орон сууцны худалдан авалт гэж тооцогдож байна.

Газар дундын тэнгис рүү харсан байршилтай 21 өрөө бүхий тус орон сууц нь Монако хот-улсын Маретерра дүүрэгт орших "Le Renzo" барилгын нэг хэсэг аж. Далайн усанд хиймлээр бий болгосон газар дээрх тус шинэ дүүрэг нь 2024 онд онд нээлтээ хийснээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс чинээлэг хөрөнгө оруулагчдыг татах болжээ.

Үл хөдлөх хөрөнгийг Ахметов System Capital Management буюу SCM нэртэй холдинг компаниараа дамжуулан худалдан авсан бөгөөд 2024 онд хэлцлийг эцэслэсэн ч үнийн дүн нь ил болоогүй байсан юм. Харин 2022 онд Украины дайн эхлэхийн өмнөхөн талууд худалдан авалтын гэрээгээ байгуулж байжээ.

Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харвал Ринат Ахметовын хөрөнгө сүүлийн байдлаар 7 тэрбум орчим ам.доллар байна.

Эцэст нь товчхон

ЗГ: Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор шийдвэрлэв. Нэмэгдлийг тавдугаар сарын 1-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайдад даалгасан байна.

Онцлох зураг

“Mara Salvatrucha” (MS-13) гэмт хэргийн бүлэглэлийн баривчлагдсан гишүүд шүүх хурлын үеэр - Теколука, Эль Сальвадор

AFP/Getty Images