- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/04/22
2026/04/22
Өглөөний мэнд. Apple компани Стив Жобсын үеийн шийдэмгий байдлыг эргүүлэн авчирна гэж шинэ CEO-доо найдлага тавьж байна.
Rio Tinto-ийн зэсийн олборлолт I улиралд 9 хувиар өсөхөд Оюутолгойн гарц гол нөлөө үзүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстанд хийж буй айлчлалын хүрээнд тус улсаас 1 сая тонн газрын тос импортлохоор санамж бичиг байгуулав.

Apple-ийн жолоог авах эрхэм
Мягмар гарагт Apple Inc. урт удаан хугацаанд тус компанийг удирдсан Тим Кукийг Жон Тернус залгамжлахаар болсныг зарлахдаа Калифорни мужийн Купертино дахь компанийн төв байрны гадаа хоёр захирлын хамт алхаж буй зургийг нийтэлсэн юм.
Тэд хоёул ихэр юм шиг хар хөх цамц, хөх жинсээр ижилсэж, гартаа “Apple Watch” зүүж, хоорондоо инээлдэн ярилцаж байлаа. Apple-ийн техник хангамжийн захирал Жон Тернус Гүйцэтгэх захирлын албан тушаалын залгамж чанарыг хадгалж, Кукийн ажил хэргийг үргэлжлүүлнэ гэсэн санааг уг зургаар илэрхийлсэн нь тэр байв.

Гэсэн хэдий ч Тернус ирэх IX сард албан тушаалаа хүлээн авахдаа нэгэн сорилттой тулгарахаар байна. Apple-ийн босгосон эзэнт гүрэн, жилийн 400 тэрбум ам.долларын орлогыг хэвээр авч явах нь хангалтгүй. Боломжийг алдалгүй ашиглах, шинэ бүтээгдэхүүний зах зээлд орох, хиймэл оюуны салбарт компаниа хөл дээр нь тогтоох шаардлага түүнд тулгарна.
Эдгээрийн аль нь ч хялбар биш байх бөгөөд чухам “өөрөөр сэтгэх” чадвар л Apple компани хиймэл оюуны эринд мандан бадарсан хэвээр байх эсэхийг шийдэх юм.
Хурдтай хөдлөхүй
Амжилтад хүрэхийн тулд Тернус үйл ажиллагааны сахилга бат, хүлээцтэй тайвнаар удирдах ухаан зэрэг одоо бүтэж байгаа зүйлсээ тэр хэвээр нь хадгалахын сацуу Тим Кукын эрин үеийг тодорхойлсон зөвшилцөл суурьтай шийдвэр гаргалтаас ангижрах хэрэгтэй болно.
Кукын үед компани “Apple Watch”, “AirPods”, “Vision Pro” шинэлэг сайн бүтээгдэхүүн цөөнгүй гаргасан ч амжилтын хувьд алаг цоог байлаа. Ухаалаг цаг, утасгүй чихэвч нь нүсэр амжилтад хүрсэн ч хоёул өмнөх удирдлага, инженерчлэлийн багийн гол гишүүд компанид ажилласан хэвээр байх үед бүтээгдсэн юм.
Харин жинхэнэ хувьсгал авчирна гэж Кукын хараачилж байсан “Vision Pro” арваад жилийн хөгжүүлэлт, олон тэрбумын хөрөнгө оруулалтыг үл харгалзан бүтэлгүйтсэн. Apple мөн жолоочгүй автомашины төсөлдөө 10 тэрбум ам.долларыг зарцуулсан ч хожим тус төслөө бүрэн орхиж байлаа. Эдгээр бүтэлгүйтсэн санаануудын аль алинд нь Тернус хянамгай хандаж, зарим үед бүр эсэргүүцэж байжээ…
Анхаарлын төвд
ОТ-н үлэмж нөлөө. Rio Tinto зэсийн олборлолт нь оны эхний улиралд есөн хувиар өсөж, нийт 229 мянган тонн зэс олборлосноо тайлагналаа. Компанийн Чили улс дахь “Escondida” уурхайн хүдрийн агуулга буурч, гарц нь багассаар байгаа энэ үед Оюутолгойн гарц энэхүү бууралтыг нөхөхөд гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. “Оюутолгойн хүчин чадал төлөвлөгөөний дагуу нэмэгдэж, хөнгөн цагааны бизнес мөн өндөр гүйцэтгэлтэй байлаа” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт онцолжээ. Харин төслийн үйл ажиллагаа шат ахихад саад болж буй лицензийн асуудалд Rio-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээ үргэлжлүүлсээр байгааг мэдэгджээ.

Казахстанаас нефть авна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстанд хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улс тус улсаас 1 сая тонн газрын тос импортлох тухай санамж бичиг байгуулжээ. Мөн Казахстаны компаниудыг Монголд газрын тосны хайгуул хийх боломжоор хангах зэрэг асуудлууд хэлэлцсэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тодотгож байв. Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр улсын төрийн байгууллага, ААН хооронд 18 санамж бичиг байгуулагдсан бөгөөд Монгол, Казахстаны нийт худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар байсныг 500 саяд хүргэхээр санал нэгдсэнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдсэн юм.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн шинэ 10 жилийн төлөвлөгөө буюу НҮБ-ын "2024-2034 оны Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт олон улсын анхаарлын төвд байна. Монгол Улс энэ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байгаа бөгөөд худалдаа, тээвэр, логистикийн бүтцийн шинэчлэл нь өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болох юм. Монголын хувьд уул уурхайн экспортын өрсөлдөх чадвар нь урт транзит зам, өндөр тээврийн зардал, хил дээрх саатлаас шууд хамааралтай. Тиймээс дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж орох эхний алхам бол хөрш орнуудтайгаа тогтмол харилцах, мэдээлэл солилцох явдал гэдгийг салбарын судлаач тодотгож байв.
ГШХО үргээгч орон. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн 15 жилд 68.1 хувиар агшсан байна. Дэлхийн Банкнаас энэ онд Монголын гадаадын хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцсон нь 15 жилийн өмнө 4.7 тэрбум байсантай харьцуулахад харамсалтай дүн. Эсрэгээрээ энэ хугацаанд Азийн бусад хөгжиж буй орнуудын татсан гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн байгаа нь зах зээлээ либералчлах бодлогын үр дүн гэж Амчам Монголын хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.
"Монголд хөрөнгө оруулах сонирхол өндөр хэвээр байгаа. Харин нэн яаралтай шийдвэрлэх асуудал нь хуулиудаа баталж, хэрэгжүүлэх явдал байна" гэж ОУСК-ийн Суурин төлөөлөгч Матью Ле Блан хэлсэн юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та App Store, Google Play платформуудаас татаж аваарай.

Гүн рүү: Бондууд өндийв
Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш өсөх хандлага үргэлжилж байна. Ираны дайны эхэлсний дараа III сарын эцэс хүртэл бондуудын ханш 3 орчим хувиар унасан бол сүүлийн долоо хоногуудад тогтвортой өсөх боллоо.

Хөрөнгө оруулагчид дунд АНУ Ирантай энхийн хэлэлцээрт хүрнэ гэсэн найдлага нэмэгдсэнээр хөрөнгөө эргэн зах зээлд хуваарилж эхэллээ.
Оны эхээр бондуудын ханш түүхэн дээд цэгт хүрч өссөн төдийгүй ЗГ-ын шинээр гаргасан бонд зах зээлд өндөр эрэлттэй байсан юм. Ханш нь огцом буурсан нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас бус макро орчны төлөв байдал дордсоноос үүдэлтэй байв.
2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш III сарын доод цэгээсээ 1.5 хувиар өсөж, дайнаас хойших уналтынхаа тал хэсгийг нь нөхжээ.
Харин дотоодын зах зээлд энэ оны байдлаар 80 тэрбум төгрөгийн ЗГ-ын бондыг МХБ-д арилжаалаад байна. Өнгөрсөн оны IV сард дотоод үнэт цаасны арилжааг сэргээснээс хойш эрэлт нь багассаар байгаа юм.
Сүүлд арилжаалагдсан нэг жилийн хугацаатай бондын хүүгийн түвшин хамгийн өндөр буюу 9.47 хувь дээр тогтоод байна.
Зам зуур

БНХАУ-ын Tencent Holdings компани Kaspi.kz компанийн тодорхой хувийг худалдаж авлаа. Энэ нь Хятадын технологийн аварга компанийн Казахстанд хийсэн анхны хөрөнгө оруулалт болж байна.
Тодруулбал Tencent Kaspi.kz-ийн удирдлагын баг болон урт хугацааны хөрөнгө оруулагчидтай хамтран тус компанийн 6 сая нэгж хадгаламжийн бичгийг Baring Fintech Venture Fund-аас худалдан авчээ. Энэ нь 518 сая ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Казахстаны финтек компанийн 3.2 хувийн хувьцаатай тэнцэж байна.
Tencent өмнө нь нэг л удаа Төв Азид хөрөнгө оруулж байсан аж. Өнгөрсөн онд Узбекистаны финтек, цахим худалдааны Uzum компанийн хувьцааг худалдан авч байжээ.
Казахстаны хамгийн алдартай санхүүгийн аппликейшныг ажиллуулдаг Kaspi.kz компани 2024 онд АНУ-ын Хөрөнгийн биржид IPO хийж, нэг тэрбум ам.долларын санхүүжилт босгосон юм.
Эцэст нь товчхон
Монос хүнс ХК 2026 оны эхний улиралд 9.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бол цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 29.8 хувиар буурч, 9.5 тэрбум төгрөг болжээ. 2026 онд тус компани борлуулалтын орлого болон цэвэр ашгаа 15-20 хувиар өсгөхөөр төлөвлөж буйг Гүйцэтгэх захирал А.Отгондарь онцолж байсан юм.
Ерөнхий сайд Н.Учрал: “Цаашид төр аппликейшн хөгжүүлэхгүй. Хувийн хэвшил хийх боломжтой, өрсөлдөөнөөр чанар нь сайжрах үйлчилгээнд өмнүүр нь орохгүй. Худалдан авалт, захиалгадаа үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, хуулийн саадыг арилгах зэрэг ажлуудыг хийнэ” гэлээ.
Онцлох зураг
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охины хамт баллистик пуужингийн туршилтын явцыг ажиглаж буй нь

БНАСАУ-ын Засгийн газар/AP