2026/04/21

Өглөөний мэнд. Туулын хурдны замын байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаж, төсөл үргэлжлэх нөхцөл бүрджээ.

Оны эхний улиралд Говь ХК-ийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурчээ.

БНХАУ 2026 онд цөмийн долоон реактор шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Алдагдлаас гарахад “амархан”

Говь ХК I улирлын борлуулалтын орлого нь 13.3 хувиар өсөж, 43.4 тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа.

Өнгөрсөн онд тус компани хэлбэрээ өөрчлөн хаалттай болохоор шийдвэрлэсэн ч тэрхүү үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зогсоож, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээ хийлгүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлж байв. Үүний дараа Говь ХК 2019 оноос хойш анх удаа ашигтай ажилласан жилийн тайлангаа нийтэлсэн юм.

Энэ оны эхний улиралд тус компанийн алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурч, гурван тэрбум төгрөг болсон байна. Гол зардлуудын хувь дийлэнх нь өөрчлөлтгүй, өмнөх оны түвшинд хадгалагджээ.

2025 онд тус компани 203.3 сая төгрөгийн цэвэр ашигтай, 246.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байв. Гэхдэээ тус компанийн эздийн өмч хасах руу орсон нь хэдий ашигтай ажилласан ч энэ онд санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харуулсан юм. Сүүлийн жилүүдийн алдагдал нь хуримтлагдсаар 30 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь үүний гол шалтгаан болжээ.

Түүхэн мэдээллээс харахад жилийн эхний хагаст компанийн борлуулалт харьцангуй удаан байдаг бол сүүлийн хагаст аялал жуулчлал эрчимжсэнээр бараг хоёр дахин илүү борлуулалт хийдэг байна. Иймд хөрөнгө оруулагчид тус компанийн энэ оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтүүд болон ашигт ажиллагаагаа үргэлжлүүлж чадах эсэхийг анхааралтай ажиглахаар байна.

Анхаарлын төвд

Дахиад л муу мэдээ. Ойрх Дорнодын нөхцөл байдал ширүүссэнээр дайсагнагч талууд аливаа хэлэлцээрт хүрч чадах эсэхтэй холбоотой айдас нэмэгдэж, санхүүгийн зах зээлийг тодорхойгүй байдлын хар үүл дахин нөмрөв. Бямба гарагт Иран Ормузын хоолойг дахин хааж, үүнийгээ АНУ Ираны боомтуудыг бүсэлж гал зогсоох хэлэлцээг зөрчсөний хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн. Харин ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв хэлэлцээ бүтэлгүйтвэл Ираны бүх цахилгаан станц, гүүрүүдийг устгахаар сүрдүүлэв. Улмаар даваа гарагт брент газрын тосны үнэ 7.9 хүртэлх хувиар, Европт байгалийн хийн үнэ 11 хүртэлх хувиар өслөө.

Цунами дайрав. Даваа гарагт Япон улсын зүүн хойд бүс нутаг орчимд газар хөдлөлт болж, 80 см өндөртэй цунами тухайн бүсийн эрэгт хүрснийг тус улсын үндэсний NHK телевиз мэдээллээ. Газар хөдлөлтөөс үүдсэн давлагаа Иватэ, Аомори, Хоккайдо мужуудын эргийг дайрсан бөгөөд албаныхан цунамигийн анхааруулга гаргаж, иргэдийг эргээс хол аюулгүй газар руу шилжихийг зөвлөжээ. Орон нутгийн цагаар 16:50 орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн нь магнитудын 7.4 баллын хүчтэй байсныг Японы Цаг уурын агентлагаас мэдээлжээ. Тэдгээр мужуудын эрчим хүчний компаниудын мэдээлснээр арал дээрх дулааны болон атомын цахилгаан станцуудын ажиллагаанд ямар нэг саатал, гажуудал илрээгүйбайна.

Ногоон гэрэл. Туулын хурдны замын төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг Байгаль орчин, Уур амьсгал өөрчлөлтийн яам мэдээллээ. Ингэснээр түр зогсоогоод байсан төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид төслийн бүх шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч, хоёр жил тутамд аудитын шалгалт хийгдэхийг салбарын яам тодотголоо. Гэхдээ үүнтэй зэрэгцэн УИХ дахь АН-ын бүлгээс тус төслийн ажлыг бүрмөсөн зогсоож, байгаль орчин, эдийн засгаа тууштай хамгаалах талаар Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлсэн байна.

Төмөр замын бонд. Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр Монголын Төмөр зам ТӨХК-ийн биржийн бус зах зээлд гаргасан 300 тэрбум төгрөгийн бонд арилжаалагдаж дууссан байна. 12 сарын хугацаатай, 17 хувь хүртэл хүүтэй, хагас жил тутам хүү төлөх нөхцөлтэй тус бондыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаат хөрөнгө оруулалт татах замаар эргэн төлөхөөр төлөвлөж буйг мэдээлэв. Одоогоор 84 хувьтай үргэлжилж байгаа тус төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд дуусгах товтой байна.

Дэндүү хямд дулаан. Дулааны IV цахилгаан станцад эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай гэж тооцоолжээ. Станц бодит өртгөөсөө хамаагүй бага үнээр цахилгаан, дулаан нийлүүлж буй тул 2027 он гэхэд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орохоор байгаа аж. Тодруулбал нэг КВт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж 117 төгрөгөөр, нэг ГКал дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. Улмаар 2025 онд дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснээ Ерөнхий сайдад танилцуулжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та App Store, Google Play платформуудаас татаж аваарай.

Гүн рүү: Аваргуудын тэнхээ

Технологийн томоохон компаниудын хувьцааны ханш сэргэснээр S&P 500 индекс шинэ дээд түвшинд хүрэхэд түлхэц боллоо. Ингэснээр Ираны дайныг тойрсон эрсдэл хэвээр байгаа ч зах зээлийн өсөлт цааш үргэлжлэх боломжтой гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад өгөөд байна.

  • S&P 500 индекс III сарын 30-нд 6300 нэгж рүү суларснаар энэ оны арилжааны ёроол түвшиндээ хүрч буурсан юм.

  • Харин түүнээс хойш технологийн хувьцаанууд сэргэж, хамгийн сайн гүйцэтгэлтэй салбар болж хувирсан байна. "Гайхамшигт 7"-ийн хувьцаа сагсанд нь багтдаг тус индекс III сарын 30-наас хойш 20 хувиар эрчимжлээ. Ингэснээр өнгөрсөн оны X сарын оргил үеэс 17 хувиар буураад байснаа бүрэн нөхжээ.

  • Microsoft компанийн хувьцаа энэхүү огцом эргэлтийг өнгөлжээ. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны X сарын 28-ны оргил үеэс III сарын 27-ны хооронд 34 хувиар буурч, доод түвшиндээ хааж байсан бол түүнээс хойш 19 хувиар өссөн хөдөлгөөнтэй байна.

  • Энэ талаар Wells Fargo-ийн Үнэт цаасны стратегич “Сүүлийн зургаан сарын хугацаанд ойлгосон зүйл бол технологийн салбаргүйгээр S&P 500 дээшлэх боломжгүй” гэж тодотгожээ.

  • Сүүлийн үеийн S&P 500-ийн өсөлтийн талаас дээш хувийг Nvidia, Meta, Apple, Alphabet, Broadcom зэрэг долоон компанийн хөдөлгөөн чиглүүлж байна.

Зам зуур

YouTube-д "Itchy Boots" хэмээх сувгаар аяллын контентуудаа нийтэлдэг Нидерландын аялагч, адал явдал хайгч Норали Шёнмакерийн Монгол орныг мотоциклоор хөндлөн гулд туулсан цувралыг бараг 7 сая хүн үзэж, тус платформ дахь одоогоор хамгийн их хандалттай аяллын влогуудын нэгд багтаад байна.

Тэрбээр энэхүү аяллын цувралаа Турк улсаас эхлүүлж, Өмнөд Ази, Төв Азийн орнуудаар дамжин БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орныг бүтэн туулсны дараа Монгол Улсын баруун хилээр нэвтрэн Ховд, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудын нутгаар аялжээ. Монгол дахь цуврал нь одоо үргэлжилж байгаа бөгөөд ням гараг бүр цацагддаг шинэ анги бүр нь 1-1.6 сая хүртэлх үзэлт цуглуулсан байна.

2018 оноос эхлэн дэлхийг мотоциклоор тойрох аялалд гарсан Норали Шёнмакер өдгөө 70 гаруй улсаар аялж, 190 мянган км зам туулаад байгаагаа сошиал хуудастаа онцолжээ. Мөн тэрбээр 2025 онд өмнөх аяллын тэмдэглэлүүдээрээ "Free Ride" нэртэй ном хэвлүүлсэн нь New York Times сонины бестселлер бүтээлүүдийн жагсаалтад багтсан байна.

Эцэст нь товчхон

СЗХ: Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 112 хувьцаат компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн 2025 оны жилийн дундаж үнэлгээ 61.8 хувьтай гарсан нь 2024 оны IV улирлын дундаж үнэлгээтэй харьцуулахад 2.4 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

ТУЗ, түүний дэргэдэх хороод, дарга гишүүдийн ажлын тайлан, гүйцэтгэлийн үнэлгээ, хараат бус байдал, хүйсийн харьцаа зэрэг заавал дагаж мөрдөх шаардлагуудыг нэмж оруулсан нь үнэлгээ буурахад нөлөөлжээ.

Онцлох зураг

Жоншань цэцэрлэгт хүрээлэн дэх цоморлигоо нээсэн алтан зул цэцэгс - Бээжин, БНХАУ

Adek Berry/AFP/Getty Images