2026/04/20

Өглөөний мэнд. Апекс Капитал ҮЦК Erdene Resource-ийн хувьцааны зорилтот ханшийг өндөр тогтоож, “авах” дохио өгөв.

Оны эхний улиралд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 61.2 хувиар өслөө.

Mongolian Mining Corporation-ийн нүүрсний борлуулалт эрчтэй сэргэж, хувьцааны ханш нь он гарснаас хойших уналтаа нөхөхөд ойр байна.

ERD: Авах дуудлага

Монгол болон Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development Corp. компанийн хувьцааны одоогийн ханш бодит үнэ цэнээсээ доогуур үнэлэгдсэн гэж Апекс Капитал ҮЦК дүгнэж, тус компанийн хувьцааг “авах” (buy) дохио өгсөн байна.

Алтны ханшийн өсөх, буурах, тогтворжих хөдөлгөөнд суурилсан хувилбаруудаар тооцвол нэгж хувьцааны ханш нь 7.13-10.12 канад доллар хоорондох түвшинд хүрэх боломжтой гэж Апекс Капитал Bloomberg Terminal-д нийтэлсэн ERD-ийн хувьцааны шинжилгээндээ үнэлжээ. Харин алтны ханш тогтвортой байх үеийн буюу суурь хувилбараар 8.63 канад доллар гэж үнэлсэн нь Торонтогийн бирж дэх ERD-ийн IV сарын 15-ны хаалтын ханшнаас бараг 30 хувийн өсөлттэй дүн болж байна.

Компани “Баян Хөндий” алтны төслийнхөө олборлолт ба борлуулалтыг 2025 оны III улиралд эхлүүлж, хөгжүүлэлтээс үйлдвэрлэл рүү шилжсэн нь хувьцааны төлөвийг “бух” чиг хандлага руу оруулах гол шалтгаан болсон байна. Хайгуулын цэвэр эрсдэлийн шатыг давж бодит мөнгөн урсгал бий болгож эхэлсэн тул энэхүү шилжилт маш чухал болохыг шинжилгээнд онцолжээ.

Үүнээс гадна төслийн үйл ажиллагааны онцлог нь өөрөө том давуу тал болж буй. “Баян Хөндий” нь алтны 464.9 мянган унц, мөнгөний 220.5 мянган унц батлагдсан ба магадалсан нөөцтэй, ордын дундаж агуулга тонн тутамд 3.8 грамм байгаа нь алтны ил уурхайд ховор тохиох өндөр үзүүлэлт. Иймд металл авалтын хувь харьцангуй өндөр, компани өрийн ачаалал багатай байгаа нь цаашид олборлолт нэмэгдэх тусам ашигт ажиллагаа нь сайжрах магадлалтайн дохио болохыг дурдсан байна.

Мөн ERD-ийн нэг унц олборлох зардал 869 ам.доллар байгаа нь ижил төстэй компаниудынхаас харьцангуй бага үзүүлэлт аж. Эдгээрт үндэслэн Апекс Капитал Erdene Resource Development-ийн хувьцааг “undervalued” хэмээн үнэлж, таваас дээш жилээр урт хугацаанд хөрөнгө оруулахад тохиромжтой гэж зөвлөсөн ч олборлолтын саад, өртгийн өөрчлөлт, алтны үнийн хөдөлгөөнд эмзэг байдал зэрэг уул уурхайн түгээмэл эрсдэлүүдэд өртөх боломжтойг мөн анхааруулжээ.

Анхаарлын төвд

Уул уурхайн орон. Оны эхний улиралд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 16.4 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 61.2 хувиар өслөө. Үүнд уул уурхайн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 74.2 хувиар, борлуулалт нь 93.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Гадаад зах зээлд эхний улирлын байдлаар хийсэн 14.2 их наяд төгрөгийн борлуулалтын 14.1 их наяд төгрөгийг нь уул уурхайн салбарын борлуулалт дангаараа бүрдүүлсэн байна.

Багануур ХК 2027 онд нүүрс олборлолтоо 5 сая тонн хүргэхээр төлөвлөж буйгаа үйл ажиллагааныхаа тайландаа онцоллоо. Тодруулбал 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож байсныг 4 орчим хувиар нэмэгдүүлэх аж. Тус компани 2025 онд 267 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 1.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаад байгаа. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Багануур ХК-ийн тайланд 16.8 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрснийг мэдээлсэн ч тус компани аудитын тайлангийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, маргаантай байгаагаа тайландаа дурджээ.

20 жилийн дараах айлчлал. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан улсад хийх Төрийн айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Гурав хоног үргэлжлэх уг айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас 85 компани багтаж буй бөгөөд хоёр улсын бизнес форум зохион байгуулагдаж, хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулах төлөвтэй. 2024 онд тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм.

Төсөвлөлтийн хүндрэл. IV сарын 10-ны байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 14 хувьтай буюу 480 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгааг Сангийн яам мэдээллээ. Санхүүжилт зөвхөн өмнөх оноос үргэлжлэн хэрэгжиж буй төслүүдэд олгогдсон бөгөөд шинээр хэрэгжих төслүүдийн санхүүжилт хараахан олгогдоогүй байна.

Мөн гаднын зээлээр хэрэгжиж буй томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажил Төсвийн тухай хуульд заасан хэмжээ хязгаараас шалтгаалан удааширч байгааг Сангийн сайд тодотгож байв. Энэ оны байдлаар 13.8 их наяд төгрөгийн гадаад зээлийг төсвийн тухай хуулиас шалтгаалан ашиглаж чадаагүй ч хүүг нь төлж байгаа аж.

Блумберг санал болгож байна

Sponsored

1 сая зочид буудлыг Монголд

Аялал жуулчлалын салбар эрчимтэй тэлж буй энэ үед Tapa компани дэлхийн томоохон аялал жуулчлалын платформ Expedia-тай хамтран Монголын хэрэглэгчдэд дэлхийн 1 сая гаруй зочид буудлыг Монгол хэл дээр хайж, харьцуулж, захиалах боломжийг нээлээ.

Шинэ хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчид зочид буудлаа байршил, үнэ, үнэлгээ, өрөөний нөхцөл, газрын зурагт тулгуурлан сонгохын зэрэгцээ аялалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээний тайлбарыг Монгол хэл дээр авах боломжтой болжээ. Ингэснээр олон улсын платформ ашиглах үед түгээмэл тулгардаг хэлний саад, мэдээллийн ойлгомжгүй байдал, захиалгын дараах харилцагчийн үйлчилгээний хүндрэл зэрэг асуудлыг бууруулах юм.

Мөн зөвхөн Монгол хэл дээрх хэрэглээгээр хязгаарлагдахгүйгээр үнэ болон төлбөрийн уян хатан нөхцөлд төвлөрч, хэрэглэгчдэд төрөл бүрийн хямдрал, урамшуулал санал болгоход онцгой анхаарч буй нь Tapa-ийн энэхүү хамтралын гол давуу тал болж байна. Үүнд:

  • Бүртгэлтэй хэрэглэгчийн тусгай хямдрал 

  • Нислэг захиалсан тохиолдолд зочид буудалд 60 хүртэлх хувийн хөнгөлөлт  

  • Сонгогдсон буудлуудад эрт захиалгын 20 хувийн хөнгөлөлт 

  • Гар утасны аппликэйшнээр хийсэн захиалгад нэмэлт урамшуулал

Зочид буудлын захиалгаас гадна нислэгийн тийз, eSIM, аяллын даатгал зэрэг аялалд шаардлагатай бусад үйлчилгээг нэг платформд нэгтгэсэн Tapa аяллын захиалгын туршлагыг дараагийн түвшинд авчирсан нь энэ боллоо.

Гүн рүү: Тасархай гүйцэтгэл

Хонконгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компани 2026 оны эхний улиралд 2.5 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулснаа тайлагналаа. Энэ нь өмнөх оноосоо 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна.

  • Сүүлийн сард Mongolian Mining Corporation-ийн хувьцааны гүйцэтгэл сайжирч, он гарснаас хойших уналтаа нөхөхөд ойр байна.

  • Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш 80 гаруй хувиар өссөн нь HSI индексийн 23 хувийн өсөлтөөс хамаагүй өндөр гүйцэтгэл болж байна.

  • БНХАУ-ын гаалийн үзүүлэлтээс харахад тайлант хугацаанд MMC-ийн борлуулах нүүрсний дундаж үнэ 75-80 ам.долларт тогтворжсон байх магадлалтайг Bloomberg Intelligence-ийн шинжээч Андрю Чен онцолжээ. Мөн 2026 оны цэвэр ашиг нь өнгөрсөн оныхоос эрс сэргэх суурь нөхцөл бүрдэж буй гэж үзсэн байна.

Эцэст нь товчхон

МХБ: Оны эхний улиралд нийт 2.4 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдаж, тэр дундаа III сард 907 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Дундаж үнийн өсөлт 11.7 хувьтай тэнцэж байгаа нь арилжааны дүнд дэмжлэг болж байна.

Эрчим хүчний салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэх, нийгмийн баталгаагаа сайжруулахыг шаардан жагслаа. Гэсэн ч одоогоор эрчим хүчний салбар цалингаа тавьж чадахгүй болох, ирэх өвлийн бэлтгэлийн засвар үйлчилгээг хийж чадахгүй байх нөхцөл байдалтай байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэв.

ЗГ: Энэ онд 100 мянган хүүхдийг Google системийн цахим сургалтын зөөврийн компьютертэй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн жилд 100 мянган ширхэг сургалтын зөөврийн компьютер үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй болох зорилт тавьсан байна.

Онцлох зураг

Ормузын хоолойн Кешм арлын эрэг орчимд зангуугаа хаясан газрын тосны танкер хөлөг өглөөний наранд

Asghar Besharati/AP