- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/04/17
2026/04/17
Powered by:
Өглөөний мэнд. Ойрх Дорнодын дайны ачаар ОХУ-ын газрын тосноос олох ашиг өссөөр байна.
Дотоодын хөрөнгийн захад жижиг хувьцаа эзэмшигчид нэмэгдэж байгаа ч том хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл бараг өөрчлөлтгүй байна.
Дайны нөлөөллөөс үл хамааран БНХАУ-ын ДНБ I улиралд 5 хувиар өсөж, сүүлийн гурван улирлын дээд үзүүлэлтийг толилуулав.

Дайны “чимээгүй” ялагч
Ойрх Дорнодын дайн газрын тосны үнийг өсгөснөөр ОХУ түүхий газрын тосных нь эрэлт, экспортын татвараас их хэмжээний тооцоолоогүй ашиг олох болжээ.
Тус улсын баруун хилийн боомтуудаар гардаг гол төрөл болох “Urals” газрын тосны хил үнэ IV сарын эхний 13 хоногт баррель нь дунджаар 106.30 ам.доллар байсныг Argus Media-ийн дата харуулж байна. Энэ нь зөрчил ширүүсэж, газрын тосны үнэ хэдийнээ огцом өсөлттэй байсан III сарын дунджаас даруй 42 хувиар өндөр үнэ юм.
Ормузын хоолой хаагдсан нь Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтийг саатуулж, дэлхийн зах зээлийг доргиосон энэ үед дайны “чимээгүй” ялагчаар Москва ийнхүү тодорч байна. ОХУ-ын 2026 оны төсөвт баррель нь 59 ам.доллар байхаар тусгасан “Urals” газрын тосны үнэ ийнхүү тэнгэрт хадсан тул өнгөрсөн сард тус улсын Засгийн газар төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
ОХУ газрын тосны экспортын татвараа “Urals”-ийн зах зээлийн ханшаас нэг сарын хоцрогдолтой тооцдог тул гуравдугаар сарын огцом өсөлтөөс төсвийн орлогод нь үзүүлэх нөлөөлөл энэ сараас эхэлнэ гэсэн үг юм. Түүнчлэн ханшийг рублиэр тооцдог учраас одоогийн нөхцөлд улам давуу талтай.
Гуравдугаар сард “Urals” газрын тосны дундаж борлуулах үнэ 6191 рубльд хүрч өссөн байна. Хэрэв дөрөвдүгээр сард одоогийн өсөлттэй үнэ нь хадгалагдаж, рублийн ханш тогтвортой байна гэж үзвэл “Urals” тосны энэ сарын дундаж үнэ 8300 рубль болж өсөхөөр байна. Энэ нь 2022 оны гуравдугаар сард ОХУ Украинд бүрэн хүчээр довтолсноос хойших дээд түвшин болох юм.
“Urals”-ийн жилийн дундаж үнийн нэг ам.долларын өсөлт тутамд тус улсын татварын орлого 150 тэрбум рубль буюу 2 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэхийг Москва дахь Finam байгууллагын эдийн засагч Ольга Беланкая онцолжээ. Тиймээс зөвхөн дөрөвдүгээр сард ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбараасаа олох орлого 900-950 тэрбум рубльд хүрэх тооцоо гарсан байна.
Хэдий тус улс Ойрх Дорнодын дайнаас ашиг хүртэж буй ч газрын тосны дэд бүтэцдээ Украинаас цохилт амссан хэвээр байна. “Боомт, эрчим хүчний дэд бүтцэд нь учирсан хохирлыг харвал ОХУ ойрын хугацаанд олборлолтоо нэгдүгээр улирлын эхэн үеийн түвшнээс давуулахад хүндрэлтэй тулгарч магадгүй” хэмээн Олон Улсын Эрчим хүчний Агентлаг тайландаа дурджээ.
Анхаарлын төвд
Дайныг ажирсангүй. Оны эхний улиралд БНХАУ-ын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 5 хувиар өслөө. Энэ нь шинжээчдийн таамгийг даваад зогсохгүй сүүлийн гурван улирлын хамгийн өндөр өсөлт болж байна. БНХАУ-ын ДНБ-ий өсөлт эргэн эрчээ авсан нь Ираны дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө одоогоор хязгаарлагдмал болохыг илтгэхийн сацуу тус улсын бодлого боловсруулагчид эдийн засгаа дэмжих яаралтай арга хэмжээ авахаас зайлсхийх хугацаа олгож байна. Хэдий тийм боловч гадаад орчны тогтворгүй байдлаас гадна дотоодын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал зэрэг хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэйг тус улсын Үндэсний статистикийн товчо онцолсон байна.

Эрэлт саарав. Монгол Улсын ЗГ-ын нэг болон хоёр жилийн хугацаатай бондын арилжаа лхагва гарагт явагдаж, захиалга нь 1.6 дахин давлаа. Нэг жилийн хугацаатай бондын хүү 2 нэгж хувиар өсөж, 9.47 хувь дээр тогтжээ. Жилийн өмнө анх арилжиж эхэлсэнтэй харьцуулахад эрэлт багасаж буй нь хүүгийн түвшин нэмэгдэх шалтгаан болж байна. Харин хоёр жилийн хугацаатай бондын хүү бараг өөрчлөлтгүй, III сард гарч байсан үнэт цааснаас 6 суурь нэгжээр өндөр тогтжээ. Энэ улиралд Сангийн яамнаас нийт 70 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ арилжаалах хуваарь гаргаснаас 30 тэрбум нь IV сард гарахаар байна.
Өвгөн станц. Нийслэлийн дулаан хангамжийн 30 хувь, цахилгаан хэрэглээний 10 хувь орчмыг хангадаг Дулааны III цахилгаан станц ТӨХК энэ онд нийт дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэж тооцоолжээ. Учир нь усаар түгээх 1 ГКал дулааны эрчим хүчийг 29,418 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч 3251 төгрөгөөр буюу ес дахин бага үнээр борлуулж байгаа аж. Түүнчлэн 38 тэрбум төгрөгийн авлагатай бол өр төлбөрийн хэмжээ нь 37.5 тэрбум төгрөг хүрсэн байна. Мөн ихэнх тоног, төхөөрөмж нь хуучирсан тул шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаж өгөхийг тус ДЦС-ын удирдлагууд Эрчим хүчний сайдаас хүссэн байна.
Үндэсний ТВ-гээ хаана. Унгар улсын дараагийн Ерөнхий сайдаар сонгогдсон Петер Мадьяр Засгийн газраа бүрдүүлснийхээ дараа тус улсын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд томоохон шинэчлэл хийж, үндэсний радио, телевизийн нэвтрүүлгийг зогсоохоор төлөвлөснөө зарлажээ. Парламентын сонгуульд илт давуу ялалт байгуулсан "Тиса" намын дарга Петер Мадьяр лхагва гарагт Унгарын үндэсний телевиз болон радиод ширүүн уур амьсгалтай хоёр удаагийн ярилцлага өгснийхөө дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Ярилцлагын үеэр Мадьяр хөтлөгчийг "иргэдийн дунд айдас, цөхрөл үүсгэдэг байгууллагын төлөөлөл" хэмээн буруутгаж, мэдээний нэвтрүүлгийг нь Умард Солонгос, Нацист Германы үеийн суртал нэвтрүүлэгтэй адилтгажээ.
Блумберг санал болгож байна
📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.
📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Ардын хувьцаанууд
Он гарсаар ЛэндМН ББСБ ХК хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигч нэмснийг ҮЦТХТ-ийн тайлангаас харж болохоор байна. Харин дотоодын зах зээлд хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигчтэй Түмэн Шувуут ХК-ийн хувьцаа өндөр эрэлтээ хадгалжээ.

Нэгдүгээр сараас хойш Лэндмн компанид 1500 орчим хөрөнгө оруулагч шинээр нэмэгдэж, нийт 13.4 мянган хувьцаа эзэмшигчтэй болжээ.
I сард тус компанийн хувьцааны ханш нь оргил түвшинд хүрч, зах зээлийн үнэлгээ нь 130 тэрбум төгрөг хүрч байв Харин II сараас ханш нь эрс унасан хөдөлгөөнтэй байна.
Хөрөнгө оруулагчдын дунд Түмэн шувуут ХК-ийн хувьцаа өндөр эрэлттэй хэвээр байна. 2022 оноос хойш нийт хувьцаа эзэмшигчдийн тоо нь хоёр дахин нэмэгдэж, энэ оны байдлаар шинээр 1000 хөрөнгө оруулагч компанийн хувьцааг худалдан авчээ.
Үүнээс гадна QPay Mongolia, Сэндли ББСБ ХК болон Монложистикс-т хөрөнгө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо хамгийн ихээр нэмэгджээ.
Харин ижил хугацаанд МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын том хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл бараг өөрчлөлтгүй байна.
Зам зуур

Хонины ноосон спорт гутлаар нэг хэсэг хүчээ авч, оргил үедээ 4 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй болж байсан Allbirds Inc. компани татан буугдахаасаа хэдхэн өдрийн өмнө шинэ бизнес төлөвлөгөө зарласан нь хиймэл оюунт тооцооллын дэд бүтэц байв.
Хиймэл оюунтай холбоотой юуг ч сүр бадруулж хүлээн авдаг болоод байгаа хувьцааны зах зээл энэ боломжийг алдахгүй ашигласнаар Allbirds-ийн хувьцаа лхагва гарагийн арилжааг 582 хувийн өсөлттэй хаасан байна.
"NewBird AI" хэмээх шинэ нэрээр ребрэндинг хийхээр төлөвлөсөн Allbirds нь ид мандаж буй трендийг даган "төрөл арилжих" замаар зах зээлд амьд үлдэх боломж эрэлхийлсэн анхны компани биш. Сүүлийн жилүүдээс жишээ дурдвал криптовалютын халуурлын үеэр Long Island Iced Tea компани Long Blockchain Corp. нэртэй болж шинэчлэгдэж байлаа.
"Иймэрхүү өөрчлөлтүүд бол зах зээлд хөөсрөлт үүссэний дохио" хэмээн Miller Tabak + Co.-ийн зах зээлийн ахлах стратегич Мэтт Мэйли Bloomberg-т ярьжээ.
Эцэст нь товчхон
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт тусгасан УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхийг чуулганд оролцсон гишүүд 56.4 хувийн саналаар дэмжлээ. Хуулийн төсөлд тусгасан парламентын дархлааг сулруулах агуулга бүхий заалтуудыг хэлэлцүүлгийн явцад засах боломжтой гэж зарим гишүүн үзэж байна.
ҮСХ: Орон сууцны үнийн индекс III сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн бол өмнөх сараас 0.2 хувиар буурч, сарын дүнгээр орон сууцны үнэ хоёр сар дараалан буурсан байна. Шинэ болон хуучин орон сууцны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.1-9.5 хувиар өссөн ч өмнөх сартай харьцуулахад 0.1-0.4 хувиар буурчээ.
Онцлох зураг
Smithsonian амьтны хүрээлэнд мэндэлсэн, хоёр сартай, Linh Mai нэртэй зааны тугал - Вашингтон, АНУ

Anna Moneymaker/Getty Images
