2026/04/16

Powered by:

Өглөөний мэнд. Оны эхний улиралд Монгол Улсын төсвийн алдагдал өмнөх оныхоос дөрөв дахин тэлсэн байна.

AI чатботуудын өгдөг эрүүл мэндийн зөвлөгөөний 50 хувь нь алдаатай байгааг судалгаагаар тогтоожээ.

2026 он гарсаар олгосон ажилгүйдлийн тэтгэмжийн дүн 2022 оны бүтэн жилийн дүнгээс давжээ.

Алдагдал алийгаа алдав

2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин тэлсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй I улирлын алдагдалд тооцогдох магадлал өндөр боллоо.

Тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн бол тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгджээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.7 их наяд төгрөг болж, улмаар тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.

Ойрх Дорнодын дайнаас үүдсэн эрчим хүчний хямралын нөлөө Монгол Улсад инфляц, зардал талын дарамтыг хүндрүүлэх хүлээлттэй байгаа үед төсвийн алдагдал ийнхүү өндөр түвшинд хүрээд байна. Мөн удаан яригдсан татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал төсөвт үзүүлэх нөлөөлөл нь 3.7 их наяд төгрөг байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тооцоолсон бол Засгийн газраас 2.7 их наяд төгрөг хүртэлх дүнгээр төсвийн орлого тасарна гэж тооцсон юм.

Татварын нийт орлогын гол хэсгийг бүрдүүлдэг орлогын албан татварын орлого эхний улиралд 43.5 тэрбум төгрөгөөр буюу 17 хувиар, онцгой албан татвар 31.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр тасалдсан дүн болж байна. Түүнчлэн хөрөнгийн зардлын хувьд оны эхний улиралд 1.1 их наяд төгрөг болж, 2025 оны I улирлаас 497.5 тэрбум төгрөгөөр буюу 84 хувиар өсжээ.

Төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2025 онд 35 хувьд хүрээд байсныг 2028 он гэхэд 28 хувь руу бууруулахаар зорихоо ЭЗХЯ ирэх тавдугаар сард өргөн барих Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгаснаа мэдээлж байв.

“Төсвийн зарлагын 70 орчим хувийг урсгал зардал, 30 хувь нь хөрөнгийн зардал бүрдүүлж байна. Урсгал зардлын дийлэнх нь цалин, тэтгэвэр байгаа. Урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг хүчээр бууруулснаар цалин, тэтгэвэр нэмэх орон зай хумигдмал болно. Тиймээс урсгал зардалд томоохон реформын чанартай өөрчлөлт хийхгүй бол цаашид цалин нэмэгдүүлэхэд хүндрэлтэй” хэмээн ЭЗХЯ-ны Төсвийн хүрээний төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Мягмардорж бидэнтэй ярилцахдаа онцолж байлаа.

Анхаарлын төвд

Хэлэлцээ үргэлжлэх найдлага. АНУ, Иран хоорондын энхийн яриа хэлэлцээний боломжит хоёр дахь үе шатыг хөрөнгө оруулагчид түгшин хүлээж, лхагва гарагт зах зээл ер бусын тайван байлаа. Газрын тос, голлох валютуудын ханш төдийлөн өөрчлөгдөөгүй бол Уолл Стрит, Азийн хувьцааны зах зээлд өсөлт давамгайллаа. Иран улстай хийх хэлэлцээ “ойрын хоёр өдөрт” дахин эхэлж магадгүй талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлснийг New York Post мэдээлсэн юм.

Хараат бус байдлын төлөө. Төв Азийн Киргиз улс бага оврын усан цахилгаан станцын төслүүдээ эрчимжүүлж, цахилгаан эрчим хүчний импортоос бүрэн хамааралгүй болох зорилт тавин ажиллаж байгааг тус улсын Эрчим хүчний яам онцолсон байна. Энэ хүрээнд дараагийн дөрвөн жилийн хугацаанд нийт 421 МВт-ын хүчин чадалтай 48 усан цахилгаан станц шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус улс 2021-2025 оны хооронд бага оврын 27 усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан нь одоогоор жилд нийт 427 сая КВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа аж.

Sputnik

Нутаг дэвсгэрийн 90-ээс дээш хувь нь уулархаг Киргиз улс усны эрчим хүчийн ихээхэн нөөцтэйд тооцогддог. Гэсэн хэдий ч эрчим хүчний нийт хэрэгцээнийх нь 40 орчим хувийг хангадаг Токтогулийн УЦС-ын далангийн усны түвшин тогтворгүй байгаагаас Киргиз улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний дутагдалд орж, хөрш орнуудаасаа эрчим хүч импортлох шаардлага нь нэмэгдсэн байна.

Зардлын задлан. 2010 онд Монголын айл өрхүүд хүнсний бараа, бүтээгдэхүүнд нийт сарын зарлагынхаа 30 гаруй хувийг зориулдаг байсан нь сүүлийн дөрвөн жилд 20 хувиас доогуур түвшинд хүрч буурчээ. 2025 оны эцэст улсын хэмжээнд нэг өрхийн дундаж зарлагын 16.4 хувийг хүнсний бүтээдэхүүн худалдан авалт бүрдүүлж байгааг ҮСХ-ны статистик харуулж байна. Гэсэн хэдий ч мах, махан бүтээгдэхүүн айл өрхийн хүнсний хамгийн том зардал нь болдог хэвээр. Сүүлийн статистикаас харвал мах, махан бүтээгдэхүүн нь зарлагын нийт дүнгийн 32.8 хувийг бүрдүүлжээ. Бүтцийн хувьд ийм байгаа бол үнийн дүнгийн хувьд нийт хүнсний зардал гурван жилийн өмнөхөөс 120 мянган төгрөгөөр буюу 40.6 хувиар нэмэгдсэн байна.

Зөвшөөрлийн саадыг арилгав. Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлөх шийдвэр гаргав. Ингэснээр худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн болон авто, зочлох үйлчилгээ, тоглоомын төв, соёл урлаг, чийрэгжүүлэх үйлчилгээ эрхлэх ААН, иргэд “e-business” платформоор хүсэлтээ илгээгээд бизнесээ шууд эхлүүлэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна цаашид Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүй бөгөөд мэдээллийн сан, аюулгүй байдлаа төр хариуцаж, дэд бүтэц хөгжүүлэлтийг хувийн хэвшилд даатгахыг онцоллоо.

Хүнс үйлдвэрлэгчдийн тайлан. Мах импекс ХК ирэх жилүүдэд экспортын борлуулалтад түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж буйгаа үйл ажиллагааныхаа тайланд онцолсон байна. Өнгөрсөн онд тус компанийн борлуулалтын орлого өмнөх оноосоо 90 гаруй хувиар өсөж, 103.5 тэрбум төгрөг хүрсний 50 гаруй хувийг экспортын борлуулалтаас хийсэн байна. Тэгвэл Талх Чихэр ХК 2025 онд 112 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 13 орчим хувиар буурсан дүн болжээ. Хэрэглэгчдийн хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөж буй үед импортын бараа материал, тээврийн зардал өссөн зэрэг нь борлуулалтын орлого буурахад нөлөөлснийг тодотгосон байна.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Тэтгэмж авагчид нэмэгдсээр

Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний улирлын байдлаар 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөнтэй зэрэгцээд зарлага нь 17.2 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 90.4 хувиар, тэтгэврийн даатгалын сангийнх 14 хувиар өссөн нь ерөнхий зарлагын өсөлтийг голлон бүрдүүлжээ.

  • Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага сүүлийн жилүүдэд эрс тэлж байна. Зөвхөн энэ оны эхний улиралд 16 мянга орчим иргэнд 89.7 тэрбум төгрөг олгосон нь 2022 оны жилийн нийт дүнгээс давжээ.

  • Сангийн зарлага орлогоосоо хэтэрснээр 47.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа аж.

  • Өнгөрсөн оны X-XII сард олгох байсан 14 мянга орчим иргэний тэтгэмжийг 2026 онд нөхөн олгосон нь сангийн зарлага нэмэгдэхэд нөлөөлжээ.

  • Энэ онд ажилгүйдлийн тэтгэмжид нийт 190 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн бөгөөд эхний улиралд 50 гаруй хувийг нь олгосныг харвал энэ оны сүүлийн саруудад ажилгүйдлийн тэтгэмж олгож чадахгүй нөхцөл үүсэх шинжтэй.

  • Мөн тайлант хугацаанд тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үеэс 14.6 мянгаар буюу 2.8 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 184.4 тэрбум төгрөгөөр буюу 13.9 хувиар өсжээ.

Зам зуур

Хиймэл оюунт чатботуудын хэрэглэгчдэд өгдөг эрүүл мэнд, анагаах ухааны зөвлөгөөний тэн хагас нь эргэлзээтэй мэдээлэл байгааг шинэ судалгаагаар тогтоожээ. Энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд улам чухал байр суурь эзлэх болсон тус технологиос үүдэж болзошгүй эрүүл мэндийн эрсдэлийг тодотгон харуулж байна.

АНУ, Канад, Их Британийн судлаачдаас бүрдсэн баг ChatGPT, Gemini, Meta AI, Grok, DeepSeek гэсэн хамгийн олон хэрэглэгчтэй таван платформд үнэлгээ хийж, дээрх дүгнэлтийг гаргажээ. Ингэхдээ чатбот тус бүрээс анагаах ухааны таван салбарыг хамарсан 10 асуулт асуухад тэдний өгсөн нийт хариултын 50 хувь нь эргэлзээтэй, 20 орчим хувь нь маш өндөр эргэлзээтэй мэдээлэл байсныг BMJ Open анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгааны тайланд онцолжээ.

Хаалттай буюу зөвхөн тодорхой хариулт шаардах асуултуудад чатботууд харьцангуй сайн хариулж байсан бол үүдэл эс, шим тэжээл зэрэг сэдвийг хамарсан нээлттэй асуултуудад тааруу үр дүн үзүүлсэн байна.

Түүнчлэн чатботууд ихэвчлэн өөртөө маш итгэлтэй, тогтсон ойлголт мэт өнгө аясаар хариулж байсны сацуу асуултад хариулахдаа эш татсан мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж өгсөн чатбот ганц ч байгаагүйг судлаачид тэмдэглэжээ.

Эцэст нь товчхон

УИХ: Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр товлосон. Сүүлийн байдлаар Иргэний зориг, ногоон нам болон Үндэсний эвсэл тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлээд байна.

НЗДТГ: Түрээслээд өмчлөх хэлбэрийн "Солонго 1, 2" орон сууцны төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууц ирэх долоодугаар сард ашиглалтад орох товтой байна. Түрээслэх хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт есдүгээр сараас цахимаар явагдах бөгөөд нэг м.кв талбайн түрээсийн үнэ нь 11,000-15,000 төгрөг байхаар тооцоолжээ.

Онцлох зураг

Дөрөвдүгээр сарын дундуур цэцэглэдэг хонхон цэцэгс ойн хөрсийг бүрхжээ - Халле, Бельги

Yves Herman/Reuters