2026/04/15

Powered by:

Өглөөний мэнд. Мөнгөний нийлүүлэлт ₮49.4 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өссөн эдийн засаг дахь халалтын дохио болов.

Дөрвөн сарын дараа болох COP17 бага хурлын гол бүсийн бэлтгэл ажил, үйл ажиллагааны менежмент зогсонги байдалд оржээ.

Монгол Улсыг зорин ирэх япон жуулчдын тоо эхний улиралд 85.4 хувиар өсөөд байна.

Хугацаа хумигдсаар

2026 оны төсвөөс байгаль орчны салбарт хийх хамгийн том хөрөнгө оруулалт нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д зориулсан бүтээн байгуулалт.

Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тооцоотой тус хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдахад дөрвөн сар орчмын хугацаа үлдээд байгаа энэ үед бэлтгэл ажил 55.9 хувьтай явагдаж буйг ажлын албанаас нь мэдээлж байна. Зохион байгуулах дэд хороод дундаас харилцаа холбоо хариуцсан дэд хорооны гүйцэтгэл хангалтгүй, мөн дотоодын хувийн хэвшлийнхний гүйцэтгэх "Ногоон бүс"-ийн бэлтгэл ажил болон үйл ажиллагааны менежментийн ажил нь зогсонги байдалд ороод байгаа аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 26.9 га талбайд СОР17 хурлын үндсэн арга хэмжээг “ногоон бүс”, “хөх бүс” гэсэн хоёр хэсэгт хувааж зохион байгуулах бөгөөд нийт 44 мянган м.кв талбайг барилгажуулахыг салбарын яам нь мэдээлж байв. Гэтэл "Ногоон бүс"-ийн санхүүжилт шийдэгдээгүй байгаа тул ажлыг үргэлжлүүлэн хариуцах боломжгүйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдсэн.

Хоёрдугаар сард нийслэлийн төсөвт хийсэн тодотголоор төсвийн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс 70.1 тэрбум төгрөгийг COP17 хурлын байгууламж, үйлчилгээний түрээсийн зардалд зарцуулахаар хуваарилсан юм. Үүнээс өмнө бага хурлын барилга байгууламж, тоног төхөөрөмжид 217.1 тэрбум төгрөг, бэлтгэл ажил, мэдээлэл түгээх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт 39.5 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгаад байлаа.

Мөн өнгөрсөн онд төсөв батлахдаа 2026 онд Байгаль орчны сайдын төсвийн багцыг 70 орчим хувиар нэмэгдүүлж 442 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байв.

Одоогоор “Ногоон бүс”-ийн гадна зохион байгуулалтын төсөв хараахан батлагдаагүй байгаа бол дотор тохижилтод нь нийт 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Түүнчлэн зочдыг хүлээн авах байрны төсөв нийслэлийн 2026 оны төсөвт тусгагдсан боловч хүрэлцээгүй тул хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг БОУАӨЯ-нд тавьснаа нийслэлээс мэдээллээ.

Анхаарлын төвд

Хаалтыг хаалтаар. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд очих дарамтыг нэмэгдүүлэхээр Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаах ажиллагааг эхлүүллээ. Тодруулбал хоолой дахь Ираны боомтууд болон эрэг орчмын байгууламжуудын орох, гарах хөдөлгөөнийг хааж эхэлсэн нь дэлхийн эрчим хүчний бүтээгдэхүүний урсгал улам тасалдах эрсдэлийг үүсгэж байна. Үүний хажуугаар АНУ, Ираны талууд дайныг зогсоох яриа хэлэлцээгээ дахин эхлүүлсэн сайн мэдээг ойрын эх сурвалж өгснөөр нефтийн үнэ суларч, хувьцааны зах зээл сэргэлээ. Хоёр талын тохиролцсон гал зогсоох хугацаа ирэх долоо хоногт дуусах юм.

Тээвэрлэлт эрчимжсэн жил. Монголын төмөр зам ТӨХК-ийн борлуулалтын орлого 2025 онд өмнөх оноос 2.4 дахин нэмэгдэж, 291.7 тэрбум төгрөг болсныг аудитлагдсан тайландаа мэдээллээ. Харин татварын дараах цэвэр ашиг нь 38.2 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос 26 орчим хувиар өсжээ. Тайлант хугацаанд тус компани нийт 8575 тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн төлөвлөгөөгөө 14.1 хувиар давуулан биелүүлжээ. Сүүлийн байдлаар буюу 2026 оны эхний улирлын байдлаар өөрийн эзэмшлийн төмөр замын суурь бүтцээр гурван сая тонн ачаа тээвэрлэснээ мэдээлэв.

МТЗ

Өвлийн жуулчид. 2026 оны эхний гурван сард Монгол Улс 143.4 мянган жуулчин хүлээн авсан нь цар тахлын үеэс хойших хамгийн сайн үзүүлэлттэй I улиралд тооцогдож байна. Тайлант хугацаанд Монгол Улсыг зорин ирсэн Япон улсын жуулчдын урсгал 85.4 хувиар, ОХУ-ынх 65 хувиар нэмэгдсэнээр бусад орныг тэргүүлжээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ, шууд нислэгийн хүртээмж зэрэг нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буйг салбарынхан тодотгож байна. Гэхдээ дэд бүтэц, авто замын чанар хүртээмж хангалтгүй, хүний нөөц дутагдалтай, жуулчны баазын төвлөрөл бага, ашигт ажиллагаа муу зэрэг тулгамдсан асуудлууд хэвээр.

Дээжээ хүргэнэ. Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээж туршилтаар тээвэрлэхээр болсныг Эрдэнэс Монгол нэгдлээс мэдээллээ. Энэтхэгийн төрийн өмчит Steel Authority of India компани Монголоос коксжих нүүрс авах сонирхлоо эртнээс илэрхийлсэн ч далайд гарцгүй манай улсаас тээвэрлэхэд тулгарах сорилтууд дээр гацаад байсан юм. Харин энэ удаа хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гарч, тээвэр логистикийн асуудлыг шийдэх арга зам судлахаар болжээ. Монголоос нүүрс худалдан авахын тулд БНХАУ-аар дамжуулах, эсвэл ОХУ-ын Владивостокт хүргэн далайгаар тээвэрлэх гэсэн хоёр боломжит хувилбар байгааг өмнө нь мэдээлж байв.

Магнатын уналт. China Evergrande Group-ийн Үүсгэн байгуулагч Хуй Ка Янь санхүүгийн залилан, авлигын зэрэг хэргүүдэд гэм буруутайгаа шүүх хурал дээр хүлээсэн байна. Нэгэн цагт Ази тивийн хоёр дахь хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдэж байсан үл хөдлөхийн магнатын энэхүү хэрэг нь БНХАУ-ын үл хөдлөхийн зах зээл хэрхэн хурдтай тэлж, сулран доройтсоныг илэрхийлсэн нэг ёсны амьд жишээ боллоо. Өр төлбөрийн хэмжээ нь оргил үедээ 300 тэрбум ам.доллар хүрч байсан Evergrande-ийн дампуурал нь Хятадын орон сууцны зах зээлийг сунжирсан уналтыг эхлүүлсэн гол шалтгаанд тооцогддог.

Блумберг санал болгож байна

📈 Улс төр, бодлого, геополитикийн зөрчилдөөнөөс зах зээлд үзүүлж буй нөлөө, учир шалтгааныг дүн шинжилгээ, өгөгдөлд суурилан хүргэдэг "Мөнгөний Урсгал" хөтөлбөр шинэчлэгдэж, илүү баялаг, гүнзгий агуулгатайгаар үзэгч танд хүрч байна.

Bloomberg TV Mongolia-ийн О.Цэнгэг, С.Жаргалмаа, Т.Тэргэл нар дотоодод болон олон улсад өрнөж буй үйл явдал, зах зээлийн хөдөлгөөнийг Bloomberg-ийн олон улсын 2700 гаруй сэтгүүлч, шинжээчдийн тайлбараар баяжуулан хүргэхээс гадна бодлого тодорхойлогчид, бизнесийн манлайлагчид, хөрөнгө оруулагчидтай ярилцаж, таны шийдвэр гаргалтыг хөтлөх болно.

📣 Ажлын өдөр бүр 19:00 цагаас "Мөнгөний Урсгал" хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир болон сошиал сувгууд, BTVM+ аппликейшнээр хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Тэлэлт эрчээ авав

Мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгө гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өсөж, 49.4 их наяд төгрөг хүрсэн байна. 2025 оны дунд үеэс хойш эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт эрчтэй нэмэгдсээр эхний улирлын эцэст өсөлт нь мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өмнөх үеийн түвшинд хүрлээ.

  • Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 8.7 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 27 их наяд төгрөг хүрч, 4.9 их наяд төгрөг буюу 22.1 хувиар өссөн нь дийлэнх хэсгийг бүрдүүлжээ.

  • Мөн валютын харилцах данс дахь мөнгөний хэмжээ 5.9 их наяд төгрөг хүрч, оны өмнөхөөс 67.1 хувиар огцом өслөө.

  • ҮСХ-ны мэдээлснээр гуравдугаар сарын зээлийн зээлийн нийт үлдэгдэл 45.3 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өсжээ. Хоёрдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад зээлийн өсөлт эрчимжсэн дүр зурагтай.

  • Нийт зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 5.1 хувьтай байгаа нь өмнөх саруудаас огцом өөрчлөлтгүй үзүүлэлт боллоо. Ерөнхийдөө 2024 оны зургаадугаар сараас хойш 4.8-5.9 хувийн хороонд хэлбэлзэж байна. Өнгөрсөн оны зун доод түвшнээсээ бага зэрэг нэмэгдээд байсан хэдий ч түүнээс хойш тогтвортой байгаа юм.

Зам зуур

Ираны дайн дэлхийн нэн чухал түлш, бордооны нийлүүлэлтийн сүлжээг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй тус улсад түгээмэл тарьж ургуулдаг пистачио буюу ангаахай самрын үнийг найман жилийн дээд цэгт нь хүргэж өсгөжээ.

Дангаар хэрэглэхээс гадна мөхөөлдөс, шоколад, зарим төрлийн ундааны орц болдог ангаахай самрын үйлдвэрлэлээр Иран улс дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог байна. Хэрэглэгчийн эрэлт ид өсөж буй үетэй давхцан зөрчил мөргөлдөөн дэгдсэнээр тус зах зээлд нийлүүлэлт, худалдаа эрс татарч, гуравдугаар сарын байдлаар ангаахай самрын үнэ АНУ-д фунт нь 4.57 ам.доллар хүрчээ. Энэ нь 2018 оны тавдугаар сараас хойших дээд үзүүлэлт болж буйг зах зээлийн судалгааны Expana Markets фирм мэдээлж байна.

2023 оны сүүлээр ангаахай самрын шанзтай "Дубай шоколад" TikTok, Instagram дээр ихээхэн алдаршиж, тус самрын эрэлт Европ, Ойрх Дорнод, Ази даяар огцом өсөж байв. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ангаахай самрын үнэ 30 хувь орчим өссөнийг Expana-ийн дата харууллаа.

Эцэст нь товчхон

НЗДТГ: 2028 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай үргэлжилж байна. Мөн нийслэлээс СБД-ийн Ногооннуур орчмын 5.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон бөгөөд тохижилтын ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

ҮСХ: Улсын хэмжээнд энэ онд төллөх нийт 25.3 сая малын 16.7 хувь буюу 4.2 сая мал оны эхний улиралд төллөжээ. Үүний зэрэгцээ том малын зүй бус хорогдол оны эхний улиралд улсын хэмжээнд 178.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 94.7 мянгаар өссөн байна.

Онцлох зураг

Ажилчид Гванхвамун талбай дахь Сэжүн хааны хүрэл хөшөөг угааж буй нь - Сөүл, БНСУ

Jung Yeon-Je/AFP/Getty Images