Төлөв 2026

2026 он Wall Street-ийн нүдээр

Тэнгэрт тулсан зарцуулалт. Өгөөжийн тодорхойгүй түвшин. Жигд бус хурд.

Wall Street-ийн бүхий л компани хиймэл оюуны тэсрэлтийг тойрсон эрсдэлүүдийг мэдэхээрээ нэг болсон. Гэхдээ 2026 онд бол хиймэл оюун нь “хувьсгалт” технологи гэдгийг үгүйсгэх мэргэжилтнүүд тун цөөн байна. Тиймдээ ч Bloomberg News-ийн эмхэтгэсэн энэхүү хөрөнгө оруулалтын төлөвт өөдрөг хүлээлт бараг бүрэн ноёрхжээ.

Харин эрсдэл талаасаа гэвэл уламжлалт хүчин зүйлс зонхилж байна. Геополитик, худалдааны саад, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн базаахгүй нөхцөл гэх мэт. Гэсэн ч хиймэл оюуны тэсрэлт үргэлжилж, Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын хөнгөлөлтийн хууль хэрэгжсэнээр олон улсад өсөлтийн хөдөлгүүр “нүргэлсэн” хэвээр байна гэсэн ерөнхий дүгнэлт гарч байна.

Wall Street-ийн 60 гаруй байгууллагын стратегичдын армиас хөрөнгө оруулалтын орчны өнгийг тодорхойлсон 700 гаруй дүн шинжилгээг Bloomberg уламжлал ёсоор оны эхэнд нэгтгэн танилцууллаа. Тэдгээр дундаас хамгийн их анхаарал татаж буй талбарууд дахь хамгийн чухал төсөөллүүдийг сорчлон хүргэж байна.

Суурь кейс: Хөрөнгийн зардал+Бодлого=Өсөлт

Хураангуй: Wall Street-ийн 2026 оны хүлээлт өөдрөг талдаа. Геополитик, худалдааны зарим асуудлууд арилахгүй ч олон улсын болон АНУ-ын өсөлт тэсвэртэй хэвээр байх төлөвтэй. Төсвийн болон мөнгөний бодлогын дэмжлэг нь хиймэл оюуны хэрэглээг дэмжсэн урьд байгаагүй өндөр зарцуулалттай хоршсоноор энэхүү өсөлтийн мөчлөгийг үргэлжлүүлэх нь. Бүтээмж дээшлэхэд хиймэл оюуны үзүүлэх нөлөөлөл мөн эерэг байна. Хөрөнгө оруулалтын олон хэрэгслийн үнэ нэлээн өндөрт байгаа тул өсөлт нь дагаад хязгаарлагдана. Мөн зах зээлд хөөсрөлт хараахан үүсээгүй байна.

Citi

Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх хоёр жилд ерөнхийдөө жигд байж, 2026 онд 2.7 хувь, 2027 онд 2.8 хувиар тэлнэ гэж тооцоолж байна. Тарифын дарамт өсөлтийг доош татсан хэвээр байх хэдий ч ерөнхий нөлөөллийг нь хүлцэж болохоор харагдаж байна.

Capital Group

Олон улсын худалдааны зөрчил намжиж, Засгийн газрын дэмжлэгийн арга хэмжээнүүд хэрэгжиж, хүүгийн түвшин доошилж, хиймэл оюуны хөрөнгө оруулалтын огцом өсөлт эдийн засгийн өсөлтийг дэмжсэнээр энэ онд тогтвортой байдал өргөжин тэлнэ гэсэн хүлээлттэй байх хэрэгтэй.

JPMorgan Wealth Management

Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ бууруулах мөчлөг, эдийн засгийн бодлого илүү тодорхой болсны үр ашиг нь олон улсын өсөлт сэргэж, тогтвортой мөчлөгт шилжихэд дэм болно. АНУ-д хүүгийн түвшин буурснаар олон улсын хувьцаа, бонд зэрэг эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт өсөх боломжтой. Жигд өсөлтийн төлөв болон бусад хүчин зүйлс нь урт хугацаат бондуудын өгөөжийг савлагаагүй хадгална. Ерөнхийдөө төрөлжсөн хөрөнгө оруулалтын багцтай хөрөнгө оруулагчдыг дахин нэг таатай жил хүлээж байна.

Өсөлт: Трендтэй нөхөрлө

Хураангуй: Дэлхийн эдийн засгийн өсөлт гол төлөв урт хугацааны чиг хандлагатай нийцэх ч 2025 оныхоос үл ялиг удаашрахаар байна. Өсөлтийг өдөөх бодлогууд болон хиймэл оюуны зарцуулалт энэхүү мөчлөгийг үргэлжлүүлэх болно. Дэлхийн улс орнуудын эдийн засаг харилцан адилгүй гүйцэтгэлтэй байна гэж таамаглаж буй компаниуд байна. Мөн Европын төсвийн зарцуулалт болоод мөнгөний зөөлөн бодлого бүс нутгийн өсөлтийг бодитойгоор эрчимжүүлж чадах эсэхэд хуваагдмал байр суурьтай байна.

Citi

Бидний таамгаар хөгжингүй орнуудад өсөлт бага зэрэг саарч 1.7 хувиас 1.6 хувь руу, хөгжиж буй орнуудад өсөлт 4.2 хувиас 4 хувь болж удааширна.

UBS

Санхүүгийн илүү таатай нөхцөл бүрдэхээс гадна төсөвт ээлтэй бодлого дэмжлэг үзүүлснээр АНУ-ын эдийн засаг 1.7 хувиар өсөх төлөвтэй. Евро бүсийн ДНБ-ий өсөлтийг 1.1 хувь гэж таамаглаж буй бол Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн өсөлт ойролцоогоор 5 хувьд хүрэх төлөвтэй байна.

Vanguard

Манай гаргасан БНХАУ-ын эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөлөл нэгдсэн хүлээлтээс дээгүүр байгаа. Одоо үргэлжилж буй гадаад болон бүтцийн шинжтэй сорилтуудыг үл харгалзан бодит ДНБ-ий өсөлт нь 4 хувь гэхээс илүүтэй 5 хувьд хүрэх магадлал өндөр гэж үзэж байна.

Мөнгөний бодлого: Болгоомж илүүдэхгүй

Хураангуй: Японы Төв банкийг эс тооцвол дэлхий даяар дийлэнх төв банкнууд мөнгөний зөөлөн бодлого руу шилжих хандлагатай байна. Тэр дундаа Холбооны нөөцийн банкны тэргүүн нь солигдож, бодлогын хүүгээ бууруулах улс төрийн шахалтад бүр ч ихээр өртөх төлөвтэй. Гэхдээ АНУ-д инфляц өндөр хэвээр байгаа тул асуудал тийм ч хурдан шийдэгдэхээргүй байна. Харин хөдөлмөрийн зах зээл сулрах нь бодлогын хүүг бууруулах шалтгаан болж болно. Гэсэн ч зах зээл хүү их дүнгээр буурна гэдэгт хэт өндөр хүлээлт тавьж байгааг дийлэнх хөрөнгө оруулалтын фирмүүд анхааруулж байна. 

Capital Economics

АНУ-ын эдийн засаг тэсвэртэй байна. Мөн Холбооны нөөцийн банкны гол анхаардаг инфляцын PCE үзүүлэлт 3 орчим хувьтай байна гэж бид таамаглаж байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүү буурах явц хөрөнгө оруулагчдын таамаглаж байгаагаас илүү удаан байх шинжтэй. Энэ онд бодлогын хүү 3 хувиас ч доошилно гэж зах зээл таамаглаж байгаа. Харин бидний зүгээс Холбооны нөөцийн банкны бодлогын хүү 3.25 - 3.5 хувьд хадгалагдана гэж үзэж байна.

UniCredit

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.1 хувь болж удаашрах төлөвтэй. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн салбар сул, дотоодын эрэлт тааруу байгаагийн илрэл юм. Хятадын төв банк эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ онд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн бууруулах хандлагатай байна.

Bank of America

ЗГ-ын бондуудын өгөөж 2026 онд огцом доошилж, гэнэтийн хөдөлгөөн харуулж магадгүй байна. Бид 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2026 оны эцэст 4 - 4.25 хувь болно гэж таамаглаж байна. Эрсдэл өндөр нөхцөлд үүнээс ч бага байх магадлалтай. Бидний зүгээс Холбооны нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ ердөө хоёр удаа буюу VI болон VII сард тус тус 25 суурь нэгжээр бууруулна гэж таамаглаж байна.

Тариф: Дасал болжээ

Хураангуй: Дональд Трампын “Чөлөөлөх өдөр” дахиж болохгүй. Бүр АНУ-ын Дээд шүүхээс тарифыг хориглох ч магадлал бий. Энэ тохиолдолд АНУ-ын засаг захиргаа тарифаа хэрэгжүүлэх өөр арга зам эрэлхийлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл худалдааны саад бэрхшээлүүд арилахгүй гэж үзэж байна. Гэхдээ дэлхий дахин энэ нөхцөл байдалд хэдийнээ дассан болохыг хөрөнгө оруулалтын фирмүүд хэлж байна.

BCA Research

Дээд шүүх АНУ-ын импортын тарифыг хүчингүй болгох магадлал үнэндээ тийм ч өндөр биш. АНУ-ын татварын орлого 2026 онд өсөх төсөөлөлтэй.

Citi

Одоогийн нөхцөл байдалд тариф нь эдийн засгийн өсөлт эсвэл инфляцад даацтай нөлөө үзүүлэх магадлал маш бага байна. Тиймээс эдийн засгийн уналтын эрсдэл бага гэж таамаглаж байна.

AI: Хөөсрөлт алга

Хураангуй: Хиймэл оюуны хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэд чиглэсэн асар их хөрөнгийн зарцуулалт нь олон салбарыг, цаашлаад дэлхийн эдийн засгийг бүхэлд нь дэмжихээр байна. Уг технологийн хэрэглээ нь эрүүл мэнд зэрэг салбартбүтээмжийг бодитойгоор нэмэгдүүлж эхлэх болно. Wall Street-ийн үзэж байгаагаар хиймэл оюуны зах зээлд одоохондоо хөөсрөлт үүсээгүй. Үүссэн байлаа гэхэд хагарах болоогүй.

Federated Hermes

Хиймэл оюуны авчрах бүтээмжийн өсөлт эрчимжиж эхлэх төлөвтэй. Дэлхий даяар бүхий л салбарын компаниуд хиймэл оюуны хувьсгалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр бүтээмжийн шинэ эриний үүдийг нээх магадлалтай.

HSBC

Хиймэл оюуны хөөсрөлтөд бид санаа зовохгүй байна. Гэхдээ богино хугацаанд үргэлжлэх зах зээлийн уналт тохионо гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Russell Investments

Хиймэл оюунаас эдийн засагт бүхэлд нь үзүүлэх бүтээмж, ашигт ажиллагааны үр нөлөө 2026 онд нэмэгдэнэ гэж харж байна. Аливаа шинэ технологийн бүтээмжийн цикл ихэвчлэн “J” хэлбэрийг дагадаг. Эхэндээ сөрөг үзүүлэлттэй байх ч яваандаа урт хугацааны өсөлт рүү орно.

Хувьцаа: Өндрөөс өндөрт

Хураангуй: Бодлого, хиймэл оюун, хөрөнгийн зарцуулалт бүгд хувьцааны өсөлтийг дэмжиж байна. Гэхдээ АНУ-ын зах зээлд үнэлгээ өндөр түвшнээс эхэлж байгаа тул энэ онд хувьцааны зах зээл өмнөх гурван жилийн өсөлтийг гүйцэхээргүй харагдаж байна. Том компаниудад төвлөрсөн хөрөнгө оруулалтаас сэргийлж төрөлжүүлэлт хийх нь зүйтэй. Хиймэл оюуны ашиглалт нэмэгдснээр зарим салбарууд “Гайхамшигт 7”-д ойртож ирнэ. Хөрөнгө оруулалтын компаниуд дийлэнхдээ Европ, Ази болон хөгжиж буй орнуудын зах зээлийн талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа.

UniCredit

Бидний үзэж байгаагаар хиймэл оюуны хөөсрөлт зах зээлд байхгүй. Гэхдээ энэ нь эрсдэлгүй гэсэн үг биш. Тус салбарыг зөв өнцгөөс харах нь л чухал. Түүнээс биш “Dotcom”-ийн хөөсрөлттэй харьцуулах нь төөрөгдүүлсэн хэрэг болно. “Гайхамшигт 7” шинэлэг санаатай, гэхдээ борлуулах бүтээгдэхүүнгүй стартап компаниуд биш. Харин ч хөгжсөн, бэлэн мөнгөний нөөцтэй, ашигтай ажилладаг компаниуд.

Morgan Stanley

Европ болон хөгжиж буй орнуудын хувьцаанууд АНУ-ын зах зээлийг дэмжиж буй хүчин зүйлстэй төстэй тус дэм хүртэхгүй. Евро бүсийн өсөлтийн төсөөлөл тааруу, бүтцийн хувьд сорилттой тулгарч байгаатай зэрэгцээд тивийн үйлдвэрлэгчид БНХАУ-д үйлдвэрлэлээ алдаж байгаа нь Европын хувьцаануудын төсөөллийг бүдгэрүүлж байна.

UBS

БНХАУ-ын технологийн салбар олон улсад онцгой боломжийг санал болгож байна. Хөрвөх чадвар сайн, идэвхтэй жижиг хөрөнгө оруулагчид болон 2026 онд 37 хувийн өсөлттэй байх төсөөлөл нь тус улсын хувьцаануудын эрчийг хадгална. Төрөлжүүлэхийг хүссэн хөрөнгө оруулагчдад Ази тивээс Энэтхэг болон Сингапурын хувьцаанууд, мөн хөгжиж буй орнуудын хувьцаанууд зөв сонголт байх боломжтой.

Бонд: Илүү эгц

Хураангуй: Бодлогын хүүг бууруулах хүлээлт ойрын хугацааны өгөөжийг хязгаарлаж байгаа бол төсвийн дүр зураг урт хугацааны өгөөжийн дээшлүүлж байна. Үр дүн нь илүү эгц өгөөжийн муруй. Хөрөнгө оруулалтын зарим компаниуд бондын эрсдэлд хедж хийх чадварт эргэлзэж, өөр хэрэгслүүд зөвлөж байна. Гэхдээ ихэнх нь бондыг хөрөнгийн олз гэхээс илүүтэй орлогын эх үүсвэр гэж харж байна.

Societe Generale

Хөгжиж буй орнуудын хөрөнгө эдийн засгийн таатай орчноос өгөөж хүртсээр байх болно. Өсөлтийн оронд инфляцыг бууруулах, өрийн тогтвортой байдалыг хангахад чиглэсэн макро эдийн засгийн оновчтой бодлого нь үүний суурийг бий болгосон. Иймд, бид хөгжиж буй орнуудын бондуудад хийх хөрөнгө оруулалтын хэмжээг 3 нэгж хувиар өсгөж 10 хувьд тогтооно. Харин хөгжиж буй орнуудын хувьцааны хөрөнгө оруулалтыг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 6 хувьд, БНХАУ-д хийх хөрөнгө оруулалтыг 1 нэгж хувиар ахиулж хувьд хүргэнэ.

BCA Research

Бид 6-12 сарын хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө “bull-steepening” буюу богино хугацаат өгөөж урт хугацаат өгөөжөөс түргэн буурах үзэгдэлд бэлдэхийг зөвлөж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын болон спекулятив зэрэглэлийн бондуудаас илүүтэйгээр ЗГ-ын бондуудыг багцдаа нэмэхийг зөвлөхөөр байна.

Таваар: Металлын амт

Хураангуй: Алтны өсөлт зогсоно гэж бүү мөрий тавь. Мөн хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах аж үйлдвэрийн металлуудад позиц нээ. Харин газрын тос тийм ч их сонирхол татахааргүй байна.

JPMorgan Chase & Co.

Брент төрлийн газрын тосны үнэ 2026 онд 58 ам.доллар байх төсөөллөө бид хэвээр хадгалж, 2027 онд 57 ам.доллар байх шинэ төсөөлөл танилцуулж байна. Үнийг энэ түвшинд тогтвортой барихад нэлээн зүтгэл шаардагдах шинжтэй. Харин алтны хувьд өөдрөг төсөөлөл хэвэндээ. Төв банкнуудын худалдан авалт, хөрөнгө оруулагчдын эрэлт ханшийг нь дэмжсээр байна. Алтны ханш IV улиралд унц нь 5000 ам.доллар хүрч цойлох бол жилийн турш 4,753 ам.долларын дундаж үнэтэй байна гэж төсөөлж байна.

Morgan Stanley

Суурь металлууд дундаас зэс ба хөнгөнцагаан нь Morgan Stanley-ийн тэргүүн сонголт байх болно. Хоёулаа нийлүүлэлтийн асуудалтай тулгарсан. 2025 онд дээд түвшнээ олон удаа шинэчилсэн алтны ханш 2026 онд ч эрчээ хадгалах төлөвтэй. Биет алтны өндөр эрэлт, бодлогын хүүгийн бууралт алтны ханшийг дэмжинэ.

UBS

Нийлүүлэлтийн саатал, эрэлтийн өсөлт, геополитикийн эрсдэлүүд, мөн дэлхийн эрчим хүчний шилжилт зэрэг урт хугацааны трендүүд таваарын ханшийг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын энэ ангилалд зэс, хөнгөнцагаан болон хөдөө аж ахуйн түүхий эдүүдэд томоохон боломж оршиж байна. Харин алт нь хөрөнгийн төрөлжүүлэлтэд нэн чухал хэрэгсэл хэвээр байх болно.

Валют: Доллар доошоо

Хураангуй: Холбооны нөөцийн банк мөнгөний зөөлөн бодлого руу дөхөхийн хэрээр ихэнх компани ам.долларын ханш цаашид үргэлжлэн суларна гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа энэ нь хөгжиж буй орнуудад ашигтай тусах төлөвтэй.

BNP Paribas

Ам.доллар хөгжиж буй орнуудын өндөр өгөөжтэй валютууд болон еврогийн эсрэг сулрах боловч Азийн валютуудын эсрэг харьцангуй чангарсан хөдөлгөөнөө хэвээр хадгалах төлөвтэй.

Goldman Sachs

Гадаад валютын зах зээлийн хувьд манай суурь төсөөллийн дагуу эдийн засгийн мөчлөг дагадаг хөдөлгөөнтэй валютуудад таатай жил байх болов уу. Олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт тогтворжиж, тэр дундаа Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж буй тохиолдолд ам.долларын ханш сулрах магадлал өндөр.

JPMorgan Chase & Co.

Бидний зүгээс 2026 онд ам.долларын ханш ерөнхийдөө сулрана гэсэн нэгдсэн төсөөлөлтэй байгаа ч 2025 онтой харьцуулахад бага дүнгээр, бусад валютын эсрэг харилцан адилгүй хөдөлнө гэж харж байна. Еврогийн хувьд Евро бүсийн эдийн засгийн өсөлт болон ХБНГУ-ын төсвийн тэлэлт дэмжлэг болсноор голдуу эерэг чиглэлд байх төлөвтэй.

Эрсдэл: Бодлого, хиймэл оюун, геополитик

Хураангуй: Алдаатай бодлогын эрсдэл их байна. Төв банкнууд хүүгээ бууруулснаар инфляц өсөх магадлал бий гэж зарим фирмүүд үзэж байна. Худалдааны саад тотгорууд үүнд нэрмээс болж магад. Өсөлтийн энэ мөчлөгт дэмжлэгийн бодлого баримталбал эдийн засгийн хэт халалт үүсэх боломжтой. Үр өгөөж нь тодорхой бус байхад хиймэл оюунд асар ихийг зарцуулах нь компаниудыг эрсдэлтэй болгож байна. Мөн геополитик, худалдааны шокуудын эрсдэлийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй.

Citi

АНУ-ын завсрын сонгууль зах зээлийн уналтыг өдөөх магадлал бий. Гэхдээ зөвхөн гуравдугаар улиралд.

JPMorgan Chase & Co.

Хөрөнгө оруулагчид инфляц, олон улсын худалдааны чиг хандлагын шилжилт, зах зээлийн савлагааны эрсдэлд хянамгай байх нь зөв. Хагарал хуваагдалтай өнөөгийн дэлхийд геополитикийн эрсдэл, валютын хэлбэлзэл нэмэгдвэл алт болон эрчим хүчний түүхий эдүүд найдвартай хамгаалах хэрэгсэл болж чадна.