- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025 онд дүн тавих 12 чарт
2025 онд дүн тавих 12 чарт

2025 онд дүн тавих чартууд
Ирээдүйдээ сэтгэл чилээсэн залуу үеийнхний эсэргүүцэл дэлхий дахиныг шуурга шиг дайрлаа. Эдийн засаг дахь төрийн оролцоо, төрийн өмчийн үр ашиг асуудал дагуулж, харин хувийн хэвшлийнхэн сорилтоор дүүрэн жилийг үдлээ. Олон зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд шил дараалан эвдэгдэж, хөөсрөлтийн болгоомжлол даган нэмэгдлээ.
Эдгээр томоохон үйл явдлуудыг Bloomberg TV Mongolia чарт, зураглал, графикаар энэ онд хэрхэн өгүүлснийг багцлан хүргэж байна.
Дэлхийг тойрсон шинэ салхи
Амьжиргааны өртөг, орон сууцны үнийн өсөлтөд хүч мөхөстөж, ажлын байрны бүрхэг ирээдүйд итгэл нь бүдгэрсэн Gen Z үеийнхэн дэлхий даяар эсэргүүцлийн давлагаа өрнүүлж, төр засгийг доргиосон жил боллоо.
Монгол, Балба, Мадагаскар, Болгар улсуудад Засгийн газар нь унасан бол Индонез, Перу, Серби зэрэг улсуудад залуусын удирдсан жагсаал цуглаан мохолгүй үргэлжилж байна. Carnegie Protest Tracker-ийн мэдээлснээр 2025 онд 10 мянга болон түүнээс дээш хүн оролцсон 53 удаагийн жагсаал болсон нь 2017 онд анх бүртгэж эхэлснээс хойших дээд үзүүлэлт аж.

Taylor Weidman/Bloomberg
Жагсаал, үймээн самууны үүдэл, үйл явц улс болгонд харилцан адилгүй боловч жагсагчид, дэмжигчид, экспертүүдээс авсан ярилцлагыг сонсвол ижилхэн эмзэглэл давтагдаж байна. Тэгш бус байдал, ажилгүйдэл, авлига улам нэмэгдэж, мөн эцэг эхчүүдийнхээ туулж өнгөрүүлсэн шиг сайхан амьдралаар амьдарч чадах уу гэдэгт оюутан залуус эргэлзэх болсноос нийтлэг бухимдал бүрэлдэж, улмаар эсэргүүцлийн жагсаалд хүргэсэн юм.
Өрийн тойрог
22.8 их наяд төгрөгөөр хэмжигдэх өр төлбөр хуримтлуулсан Төрийн өмчит компаниудын үр ашгийн асуудал энэ онд анхаарал татсан сэдвүүдийн нэг байж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, ТӨК-иудыг хувьчлах ажил олон жил яригдсаны эцэст эхний алхмууд нь тодорхойлогдсон. Олон улсад ч мөн адил хөгжиж буй орнуудын гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж, нийт гадаад өрийн хэмжээ нь өнгөрсөн онд түүхэн дээд буюу 8.9 их наяд ам.доллар болсныг Дэлхийн Банкнаас анхааруулсан юм.

Мөн 2024 оны байдлаар гадаад өрийн хүүгийн төлөлтийн экспортын орлогод эзлэх харьцаа дэлхийд хамгийн өндөрт тооцогдох таван улсын тоонд Монгол Улс нь Мозамбик, Сенегал, Египет, Колумби улсын хамт бичигдсэн байна. Тодруулбал Монгол Улсын гадаад өр 38 тэрбум ам.доллар байсан нь нийт экспортын орлогын 225 хувьтай, үндэсний нийт орлогын 182 хувьтай тэнцэж байна.
Сайн мэдээ гэвэл ирэх онд томоохон гадаад өр, бондын эргэн төлөлт байхгүй тул урсгал дансны алдагдал 2025 онтой харьцуулахад 40 орчим хувиар буурах төсөөлөлтэйг Монголбанк танилцуулж байв. Гэхдээ ингэлээ гээд тайвширч болохгүй. Түр амсхийх орон зай гарсан энэ үеийг бодлого тодорхойлогчид гарамгай ашиглаж, гадаад өрийн зах зээл рүү яарахын оронд дотоодын төсөв санхүүгийн байдлаа засах хэрэгтэйг Дэлхийн Банк зөвлөсөн юм.
Бизнесүүдэд халтай жил
Татварын ерөнхий газрын мэдээлснээр 2025 онд 70,000 гаруй аж ахуйн нэгж нийт 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй байна. Оны төгсгөлд Татварын өртэй холбоотойгоор 23,000 гаруй ААН-ийн дансыг хаасан байснаас 4368-ынх нь дансыг эргүүлэн нээсэн юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд татварын өртэй ААН-ийн тоо 20,000 орчмоор нэмэгдсэн нь бизнесийн орчин суларч буйн илрэл хэмээн татварын өршөөлийг идэвхтэй дэмжиж буй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга тодотгож байлаа.

Үүнээс гадна энэ оны IX сарын байдлаар Монгол Улсад 279.9 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 41.1 хувь нь үйл ажиллагаа явуулж байгааг ҮСХ мэдээлсэн юм. Мөн үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн ердөө 2.6 хувь нь 50-иас дээш ажилтантай ч тэдгээр ААН-үүдийн тоо сүүлийн нэг жилд 85-аар буурсан базаахгүй баримтууд байна.
Ерөнхийдөө 2025 он хүнсний салбараас бусад салбарт томоохон сорилтын жил байсныг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал онцолж, мөн гадаад, дотоодын зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж бизнесийн орчинд тулгарч буй сорилт бэрхшээлүүд 2026 онд ч үргэлжлэх төлөвтэйг анхааруулсан юм.
Өргөссөн ч гүехэн хэвээр
Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа уламжлал ёсоор оны сүүлд идэвхжиж, ТОП-20 индекс болон бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшнээ шинэчиллээ. Зах зээлийн үнэлгээ 13.8 их наяд хүрч, өнгөрсөн оны эцсээс 7 орчим хувиар өссөн боловч ДНБ-д эзлэх харьцаа бараг хэвээр буюу 16 хувь орчимд үлдэж байна. Мөн их наяд төгрөгөөс дээш үнэлгээтэй компаниудын клубт Эрдэнэс Ресурс Девелопмент болон ХасБанк нэгдэж, зургуулаа боллоо. Эдгээр аваргууд нийлээд нийт зах зээлийн 70 гаруй хувийг бүрдүүлж байна.

Гэсэн хэдий ч хувьцааны хэт өндөр төвлөрлөөс болж хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 2017 оноос хойших доод цэгтээ хүрээд буйг Санхүүгийн зохицуулах хорооны сүүлд нийтлэгдсэн тайлан харууллаа. 2025 оны III улирлын эцэст нийт эргэлтэд гарсан хувьцааны 1.1 хувь нь арилжаалагдсан байгаа нь сүүлийн найман жилийн хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Ерөнхийдөө ХЗЗ-ийн үнэлгээ 2022 оноос хойш бараг гурав дахин өссөн ч хувьцааны арилжааны хэмжээ төдийлөн нэмэгдээгүй байна.
OTC-ийн тэсрэлт
Компаниуд хэрэгтэй санхүүжилтээ татахын тулд хөрөнгийн зах зээлийг чиглэх хандлага нь нэмэгдсээр байгаа. Үүний үр дүнд Монголын биржийн бус зах зээлийн нийт үнэлгээ III улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгтэй тэнцэж, нэг жилийн дотор 50 гаруй хувиар эрс өссөн байна.

2025 онд ББЗЗ-д төгрөгийн бондоор 1.6 их наяд төгрөг, ам.долларын бондоор 63.9 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн байна. Харин 2021 онд ББЗЗ-ийн үйл ажиллагаа анх эхэлснээс хойш компаниудын нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 5 их наяд төгрөгт хүрчээ. Өнгөрсөн оны эцэст нийт гаргасан бондуудын 47 хувийг бүрдүүлж байсан санхүүгийн салбарын компаниудын эзлэх хувь 2025 онд буурч, бодит эдийн засгийн салбарын компаниуд өрийн хэрэгслийн зах зээлд илүү идэвхтэй оролцож эхэлсэн юм.
Дийлэнх бонд 1-2 жилийн хугацаатай гарсан ба хүүгийн түвшин дунджаар 19.6 хувьтай байгаа.
Зэс аминд оров
Монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ он дамнан унаснаар оны эхний 11 сард экспорт өмнөх оноос 850 сая орчим ам.доллароор буурч, татварын орлого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн юм. Гэсэн ч зэсийн баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 72.5 хувиар өсөж, 5 тэрбум ам.доллар хүрснээр энэ хугацаанд экспортолсон 73.8 сая тонн чулуун нүүрсний орлогыг давлаа. Хөрөнгө оруулалтын гэрээ, лиценз шилжүүлэлтийн асуудлаар Монголыг талцуулсан Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эрчимжсэнээр экспортын орлогод аврал авчирсан юм.

Эрчим хүчний шилжилтийн амин чухал түүхий эдэд тооцогдох зэс энэ оны хүсэмжит металлуудын нэг байж, үнэ нь түүхэнд анх удаагаа 12 мянган ам.долларын босгыг давсан. Томоохон уурхайнуудын ажиллагаа саатсанаас үүдэлтэй нийлүүлэлтийн бууралт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогын тодорхойгүй байдал зэргээс шалтгаалж зэсийн үнэ 2025 онд 35 орчим хувиар өсөж, 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэж байна.
Ирэх онд ч зэсийн сайн үзүүлэлт үргэлжилж, тонн нь 13 мянган ам.доллар хүрэх төсөөллийг Citigroup тэргүүтэн гаргаад байгаа. Харин Монгол Улсын ирэх оны төсөвт зэсийн үнийг 9,653 ам.доллар, Монголбанкнаас 10 мянган ам.доллар орчимд байх тооцоолол гаргасан юм.
Нүүрсний ирээдүй
БНХАУ-ын орон сууцны зах зээлийн хямрал үргэлжилснээр гангийн зах зээлд нийлүүлэлт илүүдэж, улмаар коксжих нүүрсний үнэ оны эхний хагаст 2016 оноос хойших доод цэгтээ хүрч унасан. Мөн Хятадын зохицуулагч байгууллагууд нийлүүлэлтийн илүүдэл, хямд үнийн өрсөлдөөнийг хязгаарлах “анти-инволюц”-ын бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь ган үйлдвэрлэгчдийг ч тойроогүй юм. Өргөн хүрээндээ Хятадын эдийн засгийн гол хөдөлгүүр нь бүтээн байгуулалтаас нэмүү өртөг өндөртэй үйлдвэрлэл, ногоон технологи руу шилжиж буйг даган гангийн зах зээлд хэрэглээ оргил цэгтээ хүрч, бууралтын үе шат руу орсныг шинжээчид онцолж байна.

Одоохондоо Монгол Улс БНХАУ-ын кокжсих нүүрсний гол импортын түнш нь хэвээр байна. 2025 оны эхний есөн сарын байдлаар Монгол болон ОХУ нь БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 80 шахам хувийг бүрдүүлжээ.
Алт наашаа, ам.доллар цаашаа
Ороо бусгаа, тодорхойгүй цаг үед хөрөнгө оруулагчдын хоргодох байр болдог алтны үнэ энэ онд унц нь анх удаагаа 4,500 ам.долларт хүрлээ. Нэг жилд 70 гаруй хувиар ингэж эрчтэй өсөж, дээд түвшнээ удаа дараалан шинэчилсэн тохиолдол сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд гарч байсангүй. Төв банкнууд эрчтэйгээр худалдан авч, алт дагадаг ETF-үүдэд орох урсгал үерлэсэн нь алтны өсөлтөд гол дэмжлэг болов. Өргөн дүр зургаараа алт ам.долларыг орлож, эрсдэлээс хамгаалах гол хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж буйг Кен Гриффин, Рэй Далио зэрэг алдарт хөрөнгө оруулагчид хэлж байсан юм.
Харин Монголд Erdene Resource Development компанийн “Баян Хөндий” алтны төслийн бүтээн байгуулалт алтны үнийн өсөлттэй уралдан явагдаж, өнгөрсөн есдүгээр сард анхны алтаа Монголбанканд тушаасан юм. Төслийн хүрээнд олборлох алтны нийт нөөц 513,700 унц бөгөөд жил бүр ойролцоогоор 85 мянган унц алт олборлох төлөвлөгөөтэй. “Баян Хөндий”-ийн өндөр хүлээлт нь Торонто болон Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development-ийн хувьцааны ханш энэ онд цойлоход гол түлхэц болсон билээ.
Муур хулгана
Инфляц энэ оны турш 8-9 хувийн хооронд хэлбэлзэж, Монголбанк ч бодлогын хүүгээ жилийн ихэнх хугацаанд 12 хувьд хэвээр хадгаллаа. Өнгөрсөн онд Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь инфляцын гол хөдөлгөгч байсан бол энэ оны хоёрдугаар хагасаас хүнсний өндөр инфляц залгасан. Харин ирэх оноос цалингийн өсөлт инфляцад гол түлхэц болох шинжтэй.

Харин АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх чиглэлд орж, энэ онд гурван удаа дараалан 25 суурь нэгжээр бодлогын хүүгээ бууруулсан юм. АНУ болон Монголын бодлогын хүүгийн зөрүү нэмэгдвэл төгрөгийн ханшид ээлтэй тусдаг болохыг Bloomberg Intelligence-ийн шинжээч Стивен Чу бидэнд хэлж байлаа. Оны эхний хагаст нүүрсний орлого буурсан нь төгрөгийн ханшид дарамт болж, улмаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг энэ онд 3.8 хувиар суларсан үзүүлэлттэйгээр үдэж байна.
Хятад ажирсангүй
Энэ онд бидний сайн ойлгосон зүйл юу вэ гэвэл Хятад улсыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй нь. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн гол зорилт БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн давамгайллыг сөрөхөд чиглэж, оны эхэнд экспортлогчид нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас өөр орнууд руу шилжүүлэхээр яарч байв. Гэсэн ч Ши Жиньпин Д.Трампын худалдааны дээрэнгүй тактикийн эсрэг бат зогсож, харин ч газрын ховор элементийн зах зээл дэх Бээжингийн хяналтыг зэвсэг болгон ашигласнаар Трампыг ухрахад хүргэсэн юм. Тарифыг үл харгалзан БНХАУ-ын худалдааны ашиг түүхэн дээд цэгтээ хүрч, дэлхийн хамгийн идэвхтэй үйлдвэрлэгч гүрний статусаа хэвээр хадгаллаа.

Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид үйлдвэрлэлд суурилсан хөгжлийн загвараа улам бэхжүүлж, “орчин үеийн аж үйлдвэрийн систем” байгуулахыг ирэх таван жилийн тэргүүн зорилтоороо сонгосон юм. Мөн ДНБ-ий чанартай өсөлтийг нэгдүгээрт тавьж, зөвхөн цаасан дээрх үр дүн, өндөр тооны төлөө тэмүүлдэг явдлыг таслан зогсоохоо Ши Жиньпин мэдэгдсэн юм.
ОХУ барьцаа ахиулав
Өнгөрсөн онд монголчууд эрчим хүчний хараат байдлын эрсдэлийг улсаараа мэдэрч байсан бол энэ онд шатахуун, түлшний хараат байдал хэр ноцтой түвшинд хүрснийг бүгд ойлголоо. Газрын тосны дэд бүтцүүдийг нь онилсон халдлагуудын улмаас ОХУ-д түлшний хомсдол нүүрлэж, улмаар шатахууны 30 хүрэхгүй хоногийн хэрэглээг нөөцлөх савны багтаамжтай Монгол Улсад бухимдалтай, урт дараалалтай өдрүүд оны сүүлээр үргэлжилсэн.

Үүнээс гадна есдүгээр сард ОХУ, БНХАУ-ын талууд Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч-II" хоолойн төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан юм. Түүнчлэн ОХУ-ын тэргүүлдэг Евразийн Эдийн засгийн холбоотой Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулж, 367 нэр төрлийн барааг гаалийн тарифаас харилцан хөнгөлөхөөр боллоо.
Хэлэлцээр хэрэгжсэнээр ОХУ-аас Монголд хийх экспортын 89 хувь нь татвараас чөлөөлөгдөж, Оросын бизнесүүд жил бүр 8 тэрбум рубль хэмнэх боломжтой болохыг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлж байв. Харин Монголоос ЕЭЗХ-ны улсууд руу хийх экспорт 24.1 хувиар өсөх тооцоолол гарсан ч аж үйлдвэрийн салбарын импорт 100 гаруй хувиар өссөнөөр дотоодын үйлдвэрлэл 18 орчим хувиар буурах эрсдэлтэйг МУИС-ийн судлаачид анхааруулж байв.
Хөөсрөлтийн айдас
Хиймэл оюуны тэсрэлт энэ цагийн “алтны халуурал”-аас өөрцгүй болж, технологийн компаниуд дата төвүүд, дэвшилтэт чипүүдэд тэрбум тэрбумаар нь зарцуулж байна. Ашгийн найдвартай эх үүсвэр болох эсэх нь тодорхойгүй технологид ийм их хэмжээний мөнгө ингэж хурдтай зарцуулж байсан тохиолдол өмнө нь гарч байсангүй.

Гол нь эдгээр хөрөнгө оруулалтууд эцсийн дүндээ салбартаа тэргүүлэгч Nvidia, OpenAI гэсэн хоёр компанитай л ихэвчлэн холбогдож байна. Тиймээс сүүлийн үед хоёр компанийн байгуулсан гэрээ, түншлэлүүд нь бизнес хэлцлийн нарийн төвөгтэй, харилцан уялдаа холбоотой сүлжээ бий болгож, их наядаар хэмжигдэх хиймэл оюуны тэсрэлтийг зохиомлоор өдөөж байна уу гэсэн болгоомжлол төрүүлэх болсон юм.
Энэ онд зөвхөн OpenAI-ийн Nvidia, AMD, Oracle компанитай байгуулсан гэрээний дүнг нэмбэл нэг их наяд ам.доллар өлхөн давахаар байна. Гэвч тус компанийн санхүүгийн үзүүлэлтийг харвал бэлэн мөнгөний урсгал нь 2030 он хүртэл эерэг болохгүй төлөвтэй.