- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/30
2025/12/30
Өглөөний мэнд. 2025 онд уур амьсгалд ээлтэй нөлөө үзүүлсэн хөрөнгө оруулалт, инновац, бодлогын өөрчлөлтүүдийг багцаллаа. Сүүлийн нэг сарын хугацаанд ТОП-20 индекс өсөлтөөрөө бүс нутагтаа тэргүүлж байна. Зэсийн үнэ БНХАУ, Лондонд бүх цаг үеийн дээд цэгээ дахин шинэчиллээ.

Уур амьсгалын сайн мэдээнүүд
Дэлхийг дулааруулж буй хүлэмжийн хийн ялгарал 2025 онд үргэлжлэн өсөж, ялгарлыг бууруулахаар улс орнуудын хүлээсэн амлалт уур амьсгалын гамшгаас сэргийлэх түвшинд хүрэхэд дэндүү хол хэвээр байна. Гэхдээ нааштай үйл явдлууд бас бий.
Дэлхий нийт 10 жилийн өмнө тооцоолж байснаас илүү хурдтайгаар нүүрстөрөгчийн эх үүсвэрүүдийг бууруулж эхэлсний сацуу нар, салхины эрчим хүч, цэнэг хуримтлуур, шугам сүлжээ гээд бүгдийг хамрах цэвэр эрчим хүчний шилжилтэд оруулсан нийт хөрөнгө оруулалт 2025 онд шинэ дээд үзүүлэлт болох 2.2 их наяд ам.долларт хүрснийг Лондонд төвтэй Energy and Climate Intelligence Unit (ECIU) ашгийн бус байгууллага мэдээллээ.
Мөн цэвэр технологид хийсэн олон улсын хөрөнгө оруулалт бохирдуулалт ихтэй салбаруудад орсон хөрөнгөөс хол давсан байна. Тодруулбал шатах түлшний төслүүдийг санхүүжүүлсэн $1 болгонд цэвэр эрчим хүч рүү $2 орж байсныг ECIU онцоллоо. Харин бохирдлын хамгийн том дөрвөн эх үүсвэр болох БНХАУ, Европын Холбоо, АНУ, Энэтхэгт дээрх дүн $2.60 байжээ.

Taylor Weidman/Bloomberg
Сэргээгдэх эрчим хүчний салбарт орсон санхүүжилтийн дүн оны эхний хагаст дахин рекорд тогтоож, 386 тэрбум ам.доллар хүрсэн нь 2024 оны мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт болохыг BloombergNEF-ийн сүүлийн судалгаа харуулж байна.
Мөн Их Британийн “Ember” байгууллагын мэдээлснээр нар, салхины эх үүсвэрүүд 2025 оны эхний гурван улиралд дэлхий даяар шинээр бий болсон цахилгаан эрчим хүчний эрэлтийг бүрэн хангах хэмжээнд өсжээ. Өөрөөр хэлбэл олон улсад сэргээгдэх эрчим хүчний нийт хүчин чадал 2025 онд дээд үзүүлэлтээ шинэчлэх нь тодорхой болсон байна. “Ember”-ийн тооцооллоор СЭХ-ний хүчин чадал 2024 онтой харьцуулахад 11 хувиар өссөн байх төлөвтэй.
Сүүлийн гурван жилийн хугацаанд СЭХ-ний нийт хүчин чадал жилд дунджаар бараг 30 хувиар өсжээ. Энэ эрчээр явбал дэлхий нийт 2023 онд COP 28 хурлаар тогтоож байсан 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин өсгөх зорилтдоо хүрэх юм.
Энэхүү давшилтыг дэлхийд бохирдуулалтаараа тэргүүлдэг БНХАУ түүчээлж, 2025 онд дэлхий даяар шинээр суурилагдсан нарны эх үүсвэрийн хүчин чадлын 66 хувийг, салхины эрчим хүчний 69 хувийг дангаараа бүрдүүлэхээр байгааг Ember онцолсон.
Анхаарлын төвд
Тайвуу жилийн хүлээлт. 2026 онд гадаад валютын дотоодын зах зээлд эерэг хүлээлт давамгайлж, төгрөгийн ханш тогтвортой байх төлөвтэйг Монголбанк мэдээллээ. Мөн нүүрсний экспортын орлогын түвшин тогтвортой байж, зэс болон алтны үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй гэж үзсэн байна. 2026 онд зэсийн үнэ тонн нь 10,000 ам.доллар, алтны үнэ унц нь 3700 ам.долларт байна гэж тооцоолжээ. Ирэх онд томоохон гадаад өр, бондын эргэн төлөлт байхгүй тул урсгал дансны алдагдал 2025 онтой харьцуулахад 40 орчим хувиар буурах магадлалтайг мөн танилцуулсан байна.
Оны супер төгсгөл. Зул сарын амралтын дараах арилжаагаар зэсийн үнэ Лондоны металлын биржид 6.6 хүртэлх хувиар огцом өсөж, тонн нь 13 мянган ам.доллар дөхөөд эргэн буурлаа. Мөн баасан гарагт Шанхайн биржид 2.7 хувиар өсөж, тонн нь 100,000 юань буюу 14,230 ам.долларт анх удаа дөхсөн байна. Томоохон уурхайнуудын ажиллагаа саатсанаас үүдэлтэй нийлүүлэлтийн бууралт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогын тодорхойгүй байдал зэргээс шалтгаалж зэсийн үнэ ер бусын өсөлттэй жилийг үдэж байгаа юм.

Онцгой эмзэг Монгол. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа байгалийн томоохон гамшигт өртсөн Монгол Улс Дэлхийн уур амьсгалын эрсдэлийн индекст 1993-2022 оны хооронд дэлхийн 171 улсаас 19 дүгээрт бичигдсэнийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) онцолж байна. Ингээд зогсохгүй Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн экологийн асуудал байхаа больж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд бодитой сөрөг нөлөө үзүүлж эхэлж буйг анхааруулжээ. Байгалийн гамшиг, аюулт үзэгдлүүд Монгол Улсад жил бүр ойролцоогоор 0.43 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий гурваас дээш хувьтай тэнцэх хохирол учруулдаг байна.
Ногоон хөрөнгийн сэргэлт. Хиймэл оюуны тэсрэлтийн ачаар эрчим хүчний дэд бүтцийн эрэлт огцом өссөнөөр хөрөнгө оруулагчид уур амьсгалд ээлтэй хөрөнгө рүү шуурч байна. 2025 онд олон улсад гарсан ногоон бонд болон зээлийн хэмжээ 947 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрснийг Bloomberg Intelligence-ийн шинжээчид тооцоолжээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьцаанууд жилийн дүнгээр 2020 оноос хойш анх удаа өсөхөөр байгаа юм.
Сингапурт бонд гаргав. М банк Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан 97.19 ам.долларын нэгж үнэтэй, 100 сая ам.долларын дүнтэй бонд гаргасныг Голомт Капитал ҮЦК мэдээллээ. 9.875 хувийн тогтмол купонтой, 2028 оны 12 дугаар сарын 19-нд хугацаа нь дуусах тус бондыг J.P. Morgan болон SAPG хамтран зохион байгуулж, андеррайтинг хийжээ. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг банкны зээлийн үйл ажиллагааг тэлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор ашиглах аж.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Төгсгөл сайн хийв
Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн нэг сарын хугацаанд Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлж байна.

Тус хугацаанд ТОП-20 индекс 5.1 хувиар өсөж, түүхэн дээд цэгтээ хүрээд байгаа. Индексийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг уул уурхай болон банк санхүүгийн хувьцаанууд эрчимтэй өсөж, зарим нь дээд амжилтаа эвджээ.
Энэ онд хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх буурсан ба үүний үр дүнд энэ жилийн хагаст нь индексийн түвшин огцом өөрчлөлтгүй байсан юм. Харин сүүлийн хоёр сар орчмын хугацаанд эргээд идэвхжсэн дүр зурагтай.
Гэхдээ оны эхнээс хойших дүнгээр авч үзвэл ТОП-20 индекс 5.6 хувийн өсөлттэй байгаа нь Азийн индексүүдтэй харьцуулахад доогуур үзүүлэлт. Олон улсын хөрөнгийн зах зээлийг технологи болон хиймэл оюуны салбарын өсөлт өдөөсөөр байгаа. Тухайлбал, Nikkei 225 индекс оны эхний таван сард ТОП-20 индексийг давсан уналттай байсан бол түүнээс хойш бараг тав дахин илүү өндөр өсөлттэйгөөр оныг үдэх гэж байна.
Түүнчлэн хөгжиж буй орнуудын MSCI индекс болон дотоодоос ХААН Банк ХК багтдаг FTSE Frontier Market индекс ТОП-20 индексийг ардаа хол орхиод байна.
Зам зуур

БНСУ-ын цахим худалдааны хамгийн том компани Coupang хувийн мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдэдээ нийт 1 тэрбум гаруй ам.доллартой дүйцэх дүнтэй нөхөн төлбөр олгохоор санал болгожээ.
Тодруулбал 33.7 сая хэрэглэгчдэд тус бүр 50 мянган воны үйлчилгээний эрхийн бичиг санал болгож эхлэхээ даваа гарагт мэдээлсэн байна. Эрхийн бичигт 20 мянган воноор Coupang-ийн аяллын бүтээгдэхүүнүүдээс авах, гоо сайхны тансаг бүтээгдэхүүний платформ R.LUX-аас 20 мянган воноор худалдан авалт хийх зэрэг эрхүүдийг багтаажээ.
Нийт хүн амын гуравны хоёрыг хамарснаараа БНСУ-ын түүхэн дэх хамгийн том хувийн мэдээллийн хулгайд тооцогдож буй уг хэрэгт тус улсын Засгийн газраас хяналт шалгалт эхлүүлээд байгаа. Компанийн нэгэн хуучин ажилтан 33 сая хүний хувийн мэдээлэл рүү нэвтэрснийг Coupang өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.
Эцэст нь товчхон
Нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг баталсныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас мэдээллээ. Ингэхдээ ирэх таван жилд нийслэл хотыг “20 минутын хот” бодлогын хүрээнд бүсчлэн улсын зэрэглэлтэй хоёр, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул хоёр хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ
ҮСХ: Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2025 оны эцсийн байдлаар 58.1 сая толгой мал тоологдсон нь өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Япон улсын Ерөнхий сайдаар сонгогдсон Санаэ Такаичид парламентын доод танхимын гишүүд баяр хүргэж буй мөч - I сарын 27

Kiyoshi Ota/Bloomberg