2025/12/26

Өглөөний мэнд. Энэ онд дэлхий дахины сайн ойлгосон нэг зүйл нь Хятад улсыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй… Засгийн газар шатахуун түлшний онцгой албан татварыг 2027 он хүртэл тэглэхээр шийдвэрлэв. МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ түүхэн дээд цэгтээ хүрлээ.

Хятадыг хэзээ ч бүү дутуу үнэл

Нийтлэлч Шули Рен

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын дайн, хиймэл оюуны тэсрэлт гээд 2025 он гэнэтийн үйл явдал, эргэлтээр дүүрэн жил байлаа. Энэ бүгдээс ухаж ойлгох хамгийн чухал дүгнэлтүүдийн нэг нь юу гэвээс Хятад улсыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй нь.

Оны эхээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ найдваргүй болсон мэт ярьцгааж байлаа. Эдийн засагчид 1990-ээд онд Японд тохиосон шиг “алдагдсан он жилүүд”-ийн түүх Хятадад ч бас давтагдах нь хэмээн таамаглаж байв. Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн гол зорилт БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн давамгайллыг сөрөхөд чиглэж, экспортлогчид нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас төрөлжүүлж, үйлдвэрлэлээ өөр орнууд руу шилжүүлэхээр яарсан.

Хөрөнгө оруулагчид Хятадын 3D асуудал нь (дефляц, debt-өр, demographics-хүн амын бууралт) тогтолцооны шинжтэй болсон тул даван туулшгүй хэмээн тооцоолж, олноороо тус улсаас дайжиж байв.

Гэтэл он дуусаж буй энэ үед дээрх хүлээлтүүд орвонгоороо эргэсэн гэхэд хилсдэхгүй. Д.Трампын худалдааны дээрэнгүй тактикийн эсрэг бат зогссон ганц удирдагч нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин. Харин ч газрын ховор элементийн зах зээл дэх Бээжингийн хяналтыг зэвсэг болгон ашиглаж, Трампыг ухрахад хүргэсэн юм. Ийнхүү тус улс дэлхийн хамгийн идэвхтэй үйлдвэрлэгч гүрний статусаа хэвээр хадгаллаа.

Тэгэхээр Хятад улс “шүдний өвчин”-өө хэрхэн илаарьшуулж, DeepSeek дээр гаргасан амжилтаа технологи, биотехнологи, батлан хамгаалахын салбартаа ч гэсэн давтаж чадав? Амжилтын үр Хятадын хөрсөнд анхнаасаа суусан байв уу, эсвэл Барууны элитүүд зүгээр л нүдээ аниад өнгөрүүлчхэв үү? Хариулт аль алинд нь бий.

Нэгдүгээрт, Ши Жиньпин дээд боловсролд онцгой анхаарсан нь үр жимсээ өгч эхэлж байна. 2000 онд БНХАУ-д ахлах сургууль төгсөгчдийн 10 хувь нь их сургуульд элсдэг байсан бол өдгөө энэ нь 40 хувь болж өсжээ. Магистр, докторын хөтөлбөрт оюутнуудын хамгийн түгээмэл, бүр илт давуу сонгодог мэргэжил нь инженерчлэл болсон байна.

Үр дүнд нь Хятадын чадварлаг боловсон хүчний бааз суурь асар тэлжээ. 2000-2020 оны хооронд инженерүүдийн тоо нь 5.2 саяас 17.7 сая болж өссөн байна. Мөн 2022 оны байдлаар дэлхийн топ 20 хувьд багтах хиймэл оюуны судлаачдын 47 хувь нь БНХАУ-д бакалаврын зэрэг дүүргэсэн байгаа юм. Харьцуулбал АНУ-д төгссөн судлаачид 18 хувийг эзэлж байна.

Анхаарлын төвд

Татваргүй бензин. Засгийн газраас автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл тэглэхээр шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь түлш, шатахууны үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, иргэдийн орлогыг хамгаалах зорилготой аж. Мөн Ерөнхий сайдын дэргэд түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулахаар болсон байна.

Сонсголын дүгнэлт. Оюутолгойн сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Оюу Толгой ХХК экспортын борлуулалтын орлогоо Төв банк болон арилжааны банкаар дамжуулж авдаг байх, баяжмалын агууламжийг уурхайн амнаас шууд авч лабораторид шинжлэх, үр өгөөжийг 5 жил байсныг 3 жил тутам харилцан хянаж үзэх гэсэн саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд байхаар төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох гэдгийг хасах санал дэмжигджээ.

Зэсийн хишиг. Хөрөнгийн зах зээлд хувьцааг нь нээлттэй санал болгох ТӨК-иудын жагсаалтад багтсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2025 онд 693.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа тайлагналаа. Энэ онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонныг боловсруулснаа 574,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Хуулиараа тус компанийн 10 хувийг МХБ-ээр арилжаалах боломжтой юм. Олон улсын стандартаар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээгээр Эрдэнэт үйлдвэр 6.6 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, ашгийн харьцаа нь 11.6 хувьтай гарсан байна.

Эзэмшлийг задлах компаниуд. ТӨК-иудын хувьцааг нэмж гаргах ажлын хүрээнд мөн Монголын цахилгаан холбоо ХК-ийн энгийн хувьцааны 49 хүртэлх хувь, Үндэсний давхар даатгал ХК-ийн хувьцааны 34 хүртэлх хувийг нэмж гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр төрийн эзэмшил нь 51-66 хувиас багагүй болох аж. Хувьцааг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжинд санал болгохоор төлөвлөжээ. Мөн Монголын хөрөнгийн бирж ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 15 хүртэлх хувь, Шивээ-Овоо ХК-ийн 49 хүртэлх хувь, Багануур ХК-ийн 24 хүртэлх хувийн хувьцааг нэмж гаргана

Тэрбумын хэлцэл. Хятадын Jiangxi Copper компани Австралийн зэс олборлогч SolGold-ийг нэг тэрбум гаруй ам.доллароор худалдан авах гэрээ байгуулжээ. SolGold нь Jiangxi Copper-ийн өмнөх хоёр удаагийн саналд татгалзсан. Харин энэ удаа нэгж хувьцааг нь 0.28 фунт стерлингээр буюу өмнөх саналаас 43 хувиар өндөр үнэлгээгээр худалдан авах саналыг зөвшөөрсөн аж. Энэхүү хэлцэл нь металлуудын үнэ түүхэн дээд цэгээ шинэчилж байгаа энэ үед зэсийн уурхай худалдан авах сонирхол огцом нэмэгдэж буйн нэг жишээ болж байна.

AI үргэлжлэн цойлно. BlackRock компани 2026 онд хиймэл оюуны салбарын хувьцаанууд зах зээлийн дунджаас давж өснө гэж ирэх оны олон улсын хөрөнгө оруулалтын төлөвтөө тусгажээ. Мөн хиймэл оюуны салбарын зарцуулалт макро эдийн засгийн түвшинд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхээр байгааг онцолж, 2030 он хүртэл тус салбарын компаниуд 5-8 их наяд ам.долларын хөрөнгийн зардалтай байх төсөөллийг гаргажээ.

Блумберг санал болгож байна

Sponsored

Агуулахын сорилтуудыг шийдэх ухаалаг шийдэл

Улирлын шинжтэй эрэлт нэмэгдэх үед бизнесүүдэд бараа бүтээгдэхүүнээ аюулгүй хадгалах, зөв ангилж байршуулах, захиалгыг хугацаанд нь алдаагүй бэлтгэх зэрэг тал дээр асуудлууд тулгардаг. Үүнийг дагаад агуулахын талбайн хүрэлцээ, хүний нөөцийн ачаалал, бараа материалын хяналт сулрах зэрэг эрсдэлүүд үүсэх нь бий.

PickPack Group эдгээр сорилтыг шийдвэрлэх зорилгоор агуулахын цогц үйлчилгээг бизнес эрхлэгчдэд санал болгож байна. Үүнд:

  • PP Business - хүссэн газраасаа бизнесээ удирдах боломж

  • Агуулалт, ангилалт, хүргэлт – бүх үйлчилгээг нэг дороос авах боломж

  • 24 цагийн харуул хамгаалалт – бараа материалын аюулгүй байдлыг бүрэн хангана

Яагаад PickPack Group-ийн агуулахын шийдэл гэж?

  • Улирлын эрэлт нэмэгдэх үед нэмэлт талбай хайх шаардлагагүй

  • Бараа бүтээгдэхүүний хөдөлгөөн, үлдэгдлийг алсаас хянах боломж

  • Байршлаас үл хамааран үйл ажиллагаагаа удирдах нөхцөл

Эдгээр нь бизнес эрхлэгчдэд цаг хугацаа, зардал хэмнэх, шинэ жилийн их ачааллыг эрсдэлгүй даван туулах, хэрэглэгчдэдээ найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх бодит боломжийг олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.PickPack.mn веб сайт, мөн 7777-6090 утсаар холбогдоорой.

Гүн рүү: Үнэлгээ 14 их наяд руу

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ түүхэн дээд цэгтээ хүрлээ.

  • Лхагва гарагийн арилжаагаар ТОП-20 индекс түүхэн дээд цэгтээ ойртохын зэрэгцээ МХБ дэх компаниудын зах зээлийн үнэлгээ 13.78 их наяд төгрөгт хүрч, энэ оны II сарын 17-нд тогтоосон дээд цэгээ шинэчлээд байна.

  • Оны эхээр хэд хэдэн хувьцаанууд ханшийн дээд түвшиндээ хүрч, хөрөнгийн зах зээл огцом өсөлттэй байх үед нийт зах зээлийн үнэлгээ 13.75 их наяд төгрөг болж байв. Түүнээс хойш 10 сарын дараа ийнхүү дээд үзүүлэлтээ шинэчилж байна.

  • Томоохон компаниудын хувьцааны ханш оны сүүлээр өсөлттэй байгаа нь гол жин дарж байна. Хүлээлт өндөртэй хөрөнгө оруулагчид оны эцсийн тайлангаас өмнө хувьцааны зах зээл руу орж, хямдруулалттай байгаа банкны салбарын хувьцаануудын худалдан авалт эрчимжиж буй дүр зурагтай.

  • Түүнчлэн уул уурхайн салбарын хувьцаанууд өсөх чиглэлд байна. МХБ-д бүртгэлтэй хамгийн том уул уурхайн компани болох Тавантолгой ХК-ийн хувьцааны ханш IV сарын доод цэгээсээ 23.5 хувиар өсжээ.

  • Харин аравдугаар сар хүртэл огцом өссөн ч түүнээс хойш царцаад байсан Эрдэнэ Ресурс Девелопмент ХК-ийн хувьцааны ханш өчигдрийн арилжаагаар сүүлийн хоёр сар орчмын дээд цэгтээ хүрсэн байна.

Эцэст нь товчхон

Европын Сэргээн босголт хөгжлийн банк Хаан банктай хамтран мэдээлэл технологийн “Ай Ти Зон” компанид 4.2 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олголоо. Тус санхүүжилтийг “Ай Ти Зон” үндсэн үйл ажиллагаа болон жижиглэнгийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эргэлтийн хөрөнгөд зарцуулах аж. Мөн ЕСБХБ эрсдэл хуваалцах хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд тус компанид 100,000 евро хүртэлх буцалтгүй тусламж олгохоор болжээ.

Хөдөө аж ахуйн бирж ТӨК-ийн хувьцааны 66 хүртэлх хувийг олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгааг байгааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга мэдээллээ. Төрийн өмчид 100 хувь байгаа Хөдөө аж ахуйн бирж нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах, бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Орон гэрээсээ дүрвэсэн Палестинчууд Газын зурвасын төв хэсэгт гал зогсоосны дараа Нецаримын корридороор гэр рүүгээ буцаж буй нь - I сарын 27

Ahmad Salem/Bloomberg