- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/25
2025/12/25
Өглөөний мэнд. Ам.доллар 2017 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэж байна. Улаанбаатарын метроны төслийн гүйцэтгэгчийг сонгох тендерийн эцсийн шатны шалгаруулалт эхлэв. Алт, мөнгөний ханш хоёул түүхэн дээд цэгээ дахин шинэчлэв.

Хонгилын үзүүрт метро
Нийт 2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро төсөл”-ийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр зарлагдсаныг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Ингэснээр 2026 ондоо багтаан бүтээн байгуулалтын ажил эхэлж 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар тооцоолж байна. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерт нэгдүгээр шатанд саналаа ирүүлсэн 27 ААН оролцох юм. Одоогоор төслийн менежментийн зөвлөхөөр БНСУ-ын Духуа Инженеринг тэргүүтэй түншлэл, төслийн зохицуулагч банкаар JPMorgan Chase сонгогдоод байгаа.

Гүйцэтгэгчийн хоёрдугаар шатны тендерийг материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд “EPC+F” буюу түлхүүр гардуулах болон санхүүжилтийн тодорхой хэсгийг гаргах нөхцөлөөр, хоёр багцтай зарлаж буй. “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байх бөгөөд үүнээс гүйцэтгэгч төсөвт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналыг тендерийн хамт хүргүүлж, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх нь зохистой гэж зөвлөх үйлчилгээний багийн зөвлөмжид оруулжээ. Харин төслийн “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлахаар төлөвлөж буй.
Метро ашиглалтад орсноор иргэд Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан бол 32 минутад зорчино. Метроны шугам Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, бүхэлдээ газар доогуур 20-30 метр гүнд явна. Мөн нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж, ажлын байрнууд бий болно гэж тооцоолжээ.

Метрог автобустай адилхан татаастай явуулахгүй байх ганцхан боломж бий. Тэр нь үл хөдлөх хөрөнгө болон нийтийн тээвэр хоёрыг хооронд нь уялдуулж, бүтээн байгуулалт хийх аргачлал.
Жишээлбэл, метроны компани маань 2030, 2031 онд ашиглалтад орлоо гэж бодъё. Нийт жилийн орлогынхоо 40 хувийг билетийн орлогоос, 40 хувийг үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого буюу метроны буудлуудад байх оффис, орон сууц, үйлчилгээний газруудын түрээсээс олно. Харин үлдсэн хувийг нь метро эсвэл үл хөдлөх хөрөнгө дотор байршуулах зар сурталчилгааны орлогоос бүрдүүлнэ гэсэн үг. Ийм Азийн моделийг ашиглаж хэрэгжүүлэх ёстой.
Анхаарлын төвд
Татварын хууль тун удахгүй. ААН-үүдийн татварын босго, НӨАТ-ын буцаан олголт зэргийг шинээр тодорхойлсон татварын багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Хууль батлагдсанаар иргэн, ААН-үүдийн татварын ачааллыг 2.6 орчим их наяд төгрөгөөр бууруулж, төсөвт 4 хүртэл их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж Сангийн яам тооцоолж байгаа. Татварын ерөнхий хуулиас гадна Аж ахуйн нэгж болон Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орох юм.
Алтны халуурал. Геополитикийн хурцадмал байдал, бодлогын хүү буурах хүлээлтийг илтгэж буй үнэт металлуудын үнийн өсөлт үргэлжилж, алт, мөнгөний үнэ бүх цаг үеийн дээд цэгээ шинэчлэн тогтоолоо. Гурван өдөр дараалан “ногоон бүс”-д байсан алтны спот ханш лхагва гарагт 1 хүртэл хувиар өсөж, унц нь түүхэнд анх удаа 4,500 ам.доллар давав. Харин мөнгөний ханш 3.7 хувиар өсөж, унц нь 70 ам.доллар давсан бол цагаан алтны ханш 10 арилжаа дараалан цойлж, унц нь мөн анх удаагаа 2,300 ам.доллар давжээ.

АЦС-аа асаана. Японы Tokyo Electric Power компани 2026 оны нэгдүгээр сард дэлхийн хамгийн том атомын цахилгаан станцын ажиллагааг дахин эхлүүлэхээр төлөвлөжээ. 2011 онд Фүкүшимагийн ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан Япон улсын хувьд энэ нь түүхэн эргэлтийн мөч болж байна. “Нийгата мужид байрлах Кашивазаки Карива АЦС-ын VI реакторыг нэгдүгээр сарын 20-ны өдөр дахин нээхээр төлөвлөж байна” хэмээн Tepco компанийн Ерөнхийлөгч мэдээлжээ. 2024 онд Японы Засгийн газар цөмийн эрчим хүчийг хязгаарлах бодлогоо цуцалснаас хойш нэг жилийн хугацаанд Tepco-ийн хувьцааны ханш 40 гаруй хувиар өсжээ.
Эргэн ирсэн бондууд. Засгийн газрын дотоод үнэт цаасны энэ оны сүүлчийн арилжаа явагдлаа. Энэ удаа тус тус 5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 1 болон 3 жилийн хугаатай бондууд амжилттай арилжаалагдав. Найман жил завсарласны эцэст энэ оны II улирлаас ЗГДҮЦ-ны арилжаа явагдаж эхэлсэн бөгөөд нийт 150 тэрбум төгрөг, IV улиралд 50 тэрбум төгрөгийн бонд гарчээ. Гэхдээ өмнөхөө бодвол маш бага хэмжээтэй гарсан эдгээр бондууд нь санхүүжилтээс илүүтэй дотоодын хөрөнгийн зах зээлийг дэмжих зориулалттайг Сангийн яам тайлбарласан. Харьцуулбал 2017 онд нийт 772.5 тэрбум төгрөгийн ЗГ-ын дотоод бонд арилжаалагдаж байв.
Иймд бондууд хоёрдогч зах зээлд бараг арилжаалагдахгүй байгаа гэж хэлж болохоор байна. Харин ирэх онд дотоод бонд гаргалт эрчимжиж, 500 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн нь энэ оныхоос бараг дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Долларын доройтсон жил
Ам.долларын ханш сүүлийн найман жил дэх хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэх нь тодорхой болж байна. Энэхүү уналт 2025 оны сүүлээс ирэх он хүртэл ч үргэлжлэх эрсдэлтэй гэж арилжаанд оролцогчид үзэж буй.

Ам.долларын ханшийн хөдөлгөөнийг илэрхийлдэг Bloomberg Dollar Spot Index мягмар гарагт 0.4 хувиар унаж, 10 дугаар сарын эхэн үеэс хойших доод түвшинд хүрсэн.
Өнгөрсөн улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжсэнтэй зэрэгцээд ам.доллар уналтаа хэсэгчлэн нөхсөн ч бүтэн жилийн дүнг харвал 2025 онд Bloomberg Dollar Spot Index ойролцоогоор 8 хувиар буурчээ.
“2026 онд ам.долларын ханш үргэлжлүүлэн сулрах ч уналт харьцангуй бага түвшинд байна” гэж Pioneer Investments компанийн шинжээчид өгүүлжээ. Энэ сард л гэхэд ам.долларын ханш 1 хувиас дээш дүнгээр унаад байгаа.
Зам зуур

Нью-Йорк хотын захирагчаар сонгогдсон Зохран Мамданигийн шинэ захиргаанд ажилд орохоор 74 мянга гаруй иргэн өргөдөл өгсөн байна. Ажилд горилогсдын дундаж нас 28 байсан нь шинэ он гараад албан тушаалаа хүлээн авах Зохран Мамданид иргэдийн хүлээлт маш өндөр байгааг, мөн Нью-Йорк хотын залуучуудад хөдөлмөрийн зах зээл хэр хүнд байгааг харуулсан дохио болжээ.
Өмнө нь олонд төдийлөн танигдаагүй байсан 34 настай Мамдани мужийн ассемблейн гишүүнээс Америкийн хамгийн том хотын удирдагчаар сонгогдоход залуу сонгогчид, сайн дурын ажилтнууд ихээхэн дэм болсон юм. Тус хотод 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин 2024 оны байдлаар 13.2 хувь байсан нь 2019 оноос 3.6 нэгж хувиар өссөн үзүүлэлт болохыг Нью-Йорк мужийн захиргааны санхүүгийн тайлан харуулж байна.
Нью-Йорк хотод амьжиргааны зардлыг бууруулахад чиглэсэн Мамданигийн амлалтууд нь ажлын байрны олдоц, түрээсийн өндөр үнэ, орлогын удааширсан өсөлт зэрэг бэрхшээлтэй тулгарч буй Нью-Йоркийн сонгогчдийн таалалд нийцсэн юм. Тэрбээр ажлаа хүлээн аваад өөрийн удирдлага доорх 60 агентлаг, 95 ажлын алба, 250 гаруй зөвлөл, комисст шинэ ажилтнууд авахаар байна.
Эцэст нь товчхон
ХААН Банк олон улсын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагуудаас 2025 онд нийт 530 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэр татан төвлөрүүлснээ мэдээллээ. Нийт санхүүжилтийн 37 орчим хувийг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд, 28 орчим хувийг байгаль орчинд ээлтэй, ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулж байгааг онцолсон.
Хөгжлийн банкны орон тоог бууруулах шийдвэр гаргасныг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. Энэ хүрээнд тус банкны ТУЗ 10 газар, 25 хэлтсийг 6 газар, 16 хэлтэс болгон цөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Мөн удирдах албан тушаалтны тоог 40 хувиар, 145 албан хаагчийг 99 болгон цомхотгоно гэжээ.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Илон Маск Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милейгийн бэлэглэсэн цахилгаан хөрөөг өргөж буй нь - II сарын 20

Jason C. Andrew/Bloomberg