2025/12/24

Өглөөний мэнд. 1990-ээд оноос хойших хамгийн том өмч хувьчлал ирэх жилүүдэд явагдах гэж байна. Зэсийн үнэ түүхэнд анх удаагаа тонн нь 12 мянган ам.доллар хүрлээ. БНХАУ Монголын хилийн ойролцоо тив алгасагч 100 гаруй пуужин байрлуулсан байж магадгүйг Пентагон мэдээлжээ.

Их өмч хувьчлал айсуй

Засгийн газар 2026-2028 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хувьцааг олон нийтэд нээлттэй гаргах, бүхэлд нь хувьчлахаар төлөвлөж буй. Энэ ажил амжилттай хэрэгжвэл Монголын түүхэнд 1990-ээд оноос хойших хамгийн том өмч хувьчлал болох юм.

УИХ 2001-2022 онд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах таван удаагийн үндсэн чиглэл баталсан ч хэрэгжилт нь дунджаар 33 хувьтай байгааг ЗГХЭГ-ын дарга танилцуулсан. Тиймээс энэ удаагийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын Хөрөнгийн Биржийн менежментийг сайжруулах нь чухал гэдгийг УИХ-ын гишүүд тодотгож байв.

Засгийн газар эхний ээлжид Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт Үйлдвэр, МИАТ зэрэг 18 компанийн 10-66 хувийг олон нийтэд худалдах, эсвэл хувьцаа нэмж гаргах бол Монгол Шуудан, Цемент шохой зэрэг найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөжээ.

2024 оны байдлаар Төрийн өмчийн болон Төрийн өмчийн оролцоотой 101 компани, үйлдвэрийн газар байгаагаас 73 нь 100 хувь Төрийн өмчид байдаг аж. 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар эдгээр компаниудын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 74.3 хувь, нийт өр төлбөр нь 22.9 их наяд буюу ДНБ-ий 28.6 хувьтай тэнцэж байна.

Амжилттай кейс: МХБ

Монголын Хөрөнгийн Бирж нь 2022 оны сүүлээр нэмж хувьцаа гарган, олон нийтэд анх удаа санал болгож байв. Ингэснээр Төрийн хувь эзэмшлийг 66 хувь хүртэл бууруулж, одоогийн байдлаар 34 хувь нь 10,000 гаруй хувьцаа эзэмшигчдийн мэдэлд очжээ.

МХБ ХК нь анх биржид бүртгүүлэхэд 36.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан гурван жилийн дотор гурав дахин өсөж, дотоодын хөрөнгийн зах зээлд хийсэн хамгийн амжилттай IPO болсон юм. Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж, арилжаа явагдаж эхэлснээс хойш компанийн ашигт ажиллагаа огцом нэмэгдэж, үүнийг дагаад хувьцааны ханш нь ч өссөн.

Энэ удаа ЗГ-аас нэмж хувьцаа гаргахаар төлөвлөсөн компаниудын нэг нь МХБ ХК юм. Урьдчилсан байдлаар Төрийн эзэмшлийг 51 хувь хүртэл бууруулж, нэмэлт хувьцаа гаргах тохиолдолд дор хаяж 30 орчим тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт татах боломжтой аж. Энэ нь анх олон нийтээс татан төвлөрүүлж байсан дүнгээс нв гурав дахин илүү хөрөнгө юм.

Анхаарлын төвд

Залуусын ажилгүйдэл. Хүн амын өсөлт удаашрах, залуучуудын эзлэх хувь аажмаар буурах хандлагатай байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хамгийн том сорилт болохоор байгааг Дэлхийн банкны Хөдөлмөрийн зах зээлийн төлөвийн тайланд онцолж байна. Монгол Улсад дээд боловсрол эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар дутмаг хэвээр байгааг тус тодотгожээ. Түүнчлэн бүс нутгийн орнууд дунд залуучуудын ажилгүйдэл хамгийн өндөр орноор Монгол Улсыг нэрлэсэн байна.

Зэсийн үнэ бүх цаг үеийн дээд цэгтээ хүрч, Лондоны металлын биржид тонн нь анх удаагаа 12 мянган ам.долларын босго давлаа. Эрчим хүчний шилжилтэд нэн чухал тус металлын импортод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тариф тогтоох, олон улсад нийлүүлэлт нь хумигдах болгоомжлол нь зэсийн үнэ энэ онд 37 орчим хувиар өсөхөд гол түлхэц болсон юм.

Пентагоны таамаг. БНХАУ шинээр байгуулсан пуужингийн гурван бааздаа 100 гаруй тив алгасагч баллистик пуужин (ICBM) байрлуулсан байж болзошгүй талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны тайланд дурдсаныг Reuters агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал хатуу түлшээр ажилладаг "DF-31" пуужингуудыг Монгол Улстай залгаа хилийн ойролцоо орших баазуудад байрлуулсан байх магадлалтайг дурдсан ч цохилт өгөх аливаа боломжит цэгүүд байгаа эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна.

Тайланд мөн БНХАУ-ын цөмийн хөтөлбөрийн тэлэлт үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны байдлаар цөмийн цэнэгт хошууны нөөц нь 600 орчимд хүрснийг дурдсан байна. Харин 2030 он гэхэд 1000 гаруй цөмийн цэнэгт хошуутай болно гэж тооцоолжээ. Цөмийн хөтөлбөрийнх нь тэлэлт, шинэчлэлийн талаар мэдээллүүдийг Бээжингийн зүгээс "БНХАУ-ын нэр хүндийг гутааж, гүтгэж, олон улсын тавцанд санаатайгаар худал мэдээлэл тараах оролдлого" хэмээн үгүйсгэж байв.

Саваа бэлдээгүйн уршиг. Шатахууны 30 хүрэхгүй хоногийн хэрэглээг нөөцлөх савны багтаамжтай Монгол Улсад шатахууны хомсдол, урт дараалалтай өдрүүд үргэлжилсээр байна. Савны нөөцийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор холбогдох хуулийн төслийг УИХ-аас баталсан бөгөөд урьдчилсан байдлаар 20 орчим ААН, нийт 200 гаруй мянган метр куб багтаамж бүхий агуулах сав барих хүсэлтээ өгөөд байгааг салбарын яам мэдээлсэн. Төмөр замын хэмжээнд 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 5220 тонн "АИ-92" автобензин тээвэрлэгдэж буй аж.

Алтан жил. Геополитикийн эрсдэлүүд болон бодлогын хүүг бууруулах хүлээлт зэргээс үүдэн алтны ханш энэ онд 50 удаа түүхэн дээд цэгээ шинэчиллээ. Даваа гарагийн арилжаагаар 2.4 хувиар өссөн алтны ханш мягмар гарагт 1.2 гаруй хувиар өсөөд байна. Он гарснаас хойш алтны ханш 70 гаруй хувиар чангарсан бөгөөд 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилийг үдэх төлөвтэй байгаа юм.

Зорилт урагшилж байна. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилт эрчим хүч болон эрчим хүчний бус салбарт тодорхой үр дүнтэй байна гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 12 дугаар сард танилцуулсан шинэ тайланд дүгнэсэн байна. 2024 оны байдлаар зорилтын хэрэгжилтийг үнэлэхэд хүлэмжийн хийн ялгарал суурь нөхцөлтэй харьцуулахад 2.9 сая тонн CO2 эквивалентаар буурчээ. Энэ нь 2024 оны зорилттой харьцуулахад 39.7 хувийн биелэлттэй гэсэн үг юм.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Азид бух урамдсан жил

2025 онд Азийн хөрөнгийн зах зээл болон валютын зах зээл 2020 оноос хойш анх удаа АНУ, Европыг өсөлтөөрөө давлаа.

  • Он гарснаас хойш “MSCI Asia Pacific” индекс 27 орчим хувиар өсжээ. АНУ болон Европын зах зээлийн өсөлт саарсан тул хөрөнгө оруулагчид хурдацтай өсөж буй Азийн хувьцаануудыг илүүд үзэх болсныг энэ нь харуулж байна. Үүнээс гадна ам.долларын ханшийн уналт Азийн бүсэд хөрөнгө оруулахад таатай нөхцлийг бүрдүүлж байна.

  • Энэ онд Япон, БНСУ, Тайвань, Хятадын зах зээл бүгд хоёр оронтой тоогоор өссөн байна. Тэр дундаа Өмнөд Солонгосын Kospi индекс 71 хувиар өссөнөөр хамгийн өндөр өсөлттэй индексүүдийн нэгт тооцогдож байна.

  • Түүнчлэн Вьетнамын хөрөнгийн зах зээл ойролцоогоор 38 хувиар өссөн бол Хятадын хувьцаанууд 2020 оноос хойших хамгийн сайн гүйцэтгэлтэй жилээ үдэх төлөвтэй.

Зам зуур

Huawei Technologies компанийн ультра-тансаг зэрэглэлийн "Maextro S800" седан автомашин БНХАУ-д ихээхэн алдаршиж, "Porsche Panamera", "Mercedes-Benz S-Class" зэрэг 100 мянган ам.доллароос дээш үнэтэй бүх автомашиныг борлуулалтаараа илүүрхэх болжээ.

Өнгөрсөн тавдугаар сард анх худалдаанд гарч байсан "Maextro"-ийн борлуулалт есдүгээр сар гэхэд тус ангиллын бусад автомашиныг гүйцэж, түүнээс хойш тэргүүллээ улам холдуулсныг ECC Intelligence-ийн дата харуулж байна. Ингэснээр БНХАУ-ын автомашины зах зээлд гадаадын брэндүүд ноёрхсон хэвээр байсан цөөн хэдэн секторын нэгийг дотоодын үйлдвэрлэгч эзэлсэн нь энэ боллоо.

"Удирдаач" гэсэн итали үгээр нэрлэгдсэн "Maextro"-ийн эхлэх үнэ 708 мянган юань, хамгийн тансаг хувилбар нь 1.02 сая юань хүрдэг байна. Харьцуулбал "Panamera"-ийн үнэ Хятадад 1.1 сая, "Maybach S Class" 1.47 сая, "Rolls-Royce Phantom" 8.47 сая юаниас тус тус эхэлдэг аж. "Maextro S800" нь цахилгаан хөдөлгүүрт сонголттой, 210 км/цагийн дээд хурдтай, гурван дэлгэцээс бүрдсэн хянах самбар, 40 инчийн проектор, автомат хаалга, 30 гаруй сенсороор тоноглогджээ.

Эцэст нь товчхон

Монголбанк: 2026 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Уг санхүүжилтийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл захиалан хийлгэх болон археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллах зэрэг чиглэлд зарцуулах аж.

Entrée Resources компани “Шивээ толгой” болон “Жавхлант” лицензийн талбай дахь төрийн эзэмшил, оролцооны асуудлаар Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэгтэй хийх албан ёсны хэлэлцээ нь ойрын хугацаанд эхлэхээр болсныг мэдээллээ. Компани Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, харилцан ашигтай шийдэлд хүрэх зорилготой ажиллахаа онцолжээ.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Энэтхэгийн Ахмедабад хотод бетон хоолой дотор хэвтэн амарч буй барилгын ажилчид - V сарын 21

Elke Scholiers/Bloomberg