2025/12/23

Өглөөний мэнд. Оны төгсгөлд алт, мөнгөний ханш оргил цэгээ шинэчилж, зэсийн ханш тонн нь $12,000 руу дөхлөө. Монголын агаарын тээврийн салбарын энэ онд тээвэрлэсэн зорчигчдын тоо цар тахлын өмнөхөөс 68 хувиар өсжээ. Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээл 2026 онд Уолл-Стритийн анхаарлын төвд байх нь.

Металлууд гялалзсаар

Олон улсад геополитикийн зөрчлүүд хурцдаж, АНУ-д Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин бууруулна гэдэгт хөрөнгө оруулагчид мөрийцөж эхэлснээр алт болон мөнгөний ханш бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчиллээ. Ингэснээр уг хоёр металл сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэх нь тодорхой болж байна.

Даваа гарагт унц алтны үнэ 1.5 хувиар өссөнөөр аравдугаар сард хүрч байсан дээд түвшин болох 4,381 ам.доллароос давсан. Харин мөнгө 3.4 хүртэлх хувиар өсөж, унц нь 70 ам.долларт хаалаа.

Холбооны нөөцийн банк 2026 онд бодлогын хүүгээ хоёр удаа бууруулна гэсэн хүлээлт арилжаалагчдын дунд давамгайлж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төв банканд хүүгээ дорвитой бууруулж эхлэх шахалт үзүүлж буй нь үнэт металлуудын ханшийг дэмжих хүчин зүйл болж байна. Мөнгөний бодлого зөөлрөх нь хүүгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд болох алт, мөнгөний ханшид эерэг нөлөө үзүүлдэг.

Үүнээс гадна сүүлийн долоо хоногуудад олон улсад геополитикийн сөргөлдөөн даамжирснаар эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт нэмэгдэж буй. АНУ Венесуэлийн газрын тосны тээвэрлэлтэд хориг тавьж, Николас Мадурогийн Засгийн газрын эсрэг арга хэмжээгээ чангаруулсан бол Украин улс анх удаагаа Газар дундын тэнгист ОХУ-ын газрын тос тээвэрлэгч хөлөг рүү довтолсон юм.

Энэ он гарсаар алтны үнэ бараг 70 хувиар өсөхөд төв банкнуудын идэвхтэй худалдан авалт, алт дагадаг биржээр арилжаалагддаг сангууд (ETF) руу орох урсгал нь гол дэмжлэг болсон. Дональд Трампын дэлхийн худалдааны бүтцийг өөрчлөх алхмууд, мөн АНУ-ын төв банкны хараат бус байдалд тэрбээр заналхийлсэн нь алтны өсөлтөд улам эрч нэмж байлаа.

Үүнээс гадна зэсийн үнэ дээд түвшнээ дахин шинэчилж, тонн нь 12 мянган ам.долларын босго руу улам ойртоод байна. Эрчим хүчний шилжилтэд нэн чухал үүрэгтэй зэсийн нийлүүлэлт хумигдах болгоомжлол сүүлийн саруудад үүссэнээр үнэ нь дагаад өссөн юм. 2025 он гарснаас хойш 40 шахам хувиар өссөн нь 2009 оноос хойших нэг жилийн хамгийн өндөр өсөлт болж байна.

Ирэх онд ч зэсийн сайн үзүүлэлт үргэлжлэх өөдрөг төсөөллүүд гарсаар байгаа. АНУ-д эрэлт нэмэгдсэнээр хоёрдугаар улиралд зэсийн үнэ тонн нь 13 мянган ам.доллар хүрэх боломжтой гэж Citigroup үзсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Goldman Sachs Group ирэх оны хүсэмжит металлаар зэсийг нэрлэсэн юм.

Анхаарлын төвд

Агаарын тээврийн онцгой жил. Оны эхний 11 сарын байдлаар Монголын авиа компаниуд олон улсад нийт 1.8 сая зорчигч тээвэрлэснийг ИНЕГ мэдээллээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулбал 68 хувиар өссөн үзүүлэлт аж. МИАТ ТӨХК, Аэромонголиа, Хүннү Эйр гэсэн гурван компани энэ онд зах зээлийн 58 хувийг бүрдүүлсэн бол гадаадын 14 компани үлдсэн 42 хувийг эзэлжээ. Харин чиглэлийн хувьд Сөүл чиглэлийн нислэгээр ирсэн, явсан нийт зорчигчийн тоо хамгийн их буюу нийт 602,000 дөхсөн бол Бээжин чиглэлийн зорчигч 289,000 хүрчээ.

Хамгийн үнэтэй төслүүд. Улс орнууд чухал ашигт малтмал, эрчим хүчний шилжилтийн металлууд руу анхаарлаа хандуулж буй энэ үед дэлхийн уул уурхай, металлын салбарт хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлж байгаа 10 төслийг Mining.com нэрлэсэн байна. Үүнээс зургаа нь төмрийн хүдрийн төсөл бол фосфатын нэг, нүүрсний нэг, калийн хоёр төсөл багтжээ.

Саудын Арабын баялгийн сангийн хэрэгжүүлж буй фосфатын “Wa’ad Al Shamal” төсөл нийт хөрөнгө оруулалтын зардал нь 22.7 тэрбум ам.долларт хүрснээр уг жагсаалтыг тэргүүлжээ. Хоёрдугаарт Гвиней улс дахь Rio Tinto-ийн “Simandou” төмрийн хүдрийн төсөл жагсаж байна. 2010 онд эхэлсэн тус төслийн хөрөнгийн зарцуулалт 20 тэрбум ам.доллар хэдийнээ давжээ.

Төмрийн хүдэр нүүрсийг нөхөв. 12 дугаар сар гарснаас хойш удаашраад байсан уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өнгөрсөн долоо хоногт идэвхжиж, сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр дүнтэй арилжаа явагджээ. XII сарын 19-ний өдрөөр эцэслэгдсэн долоо хоногт нийт 22 хэлцэл баталгаажиж, 266.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Нүүрсний арилжаа энэ сард харьцангуй багассан ч төмрийн хүдрийн арилжаа нэмэгдснээр нийт үнийн дүнгийн 179.5 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Төмрийн хүдрийн үнэ XI сард сүүлийн 2 жил орчмын дээд цэгтээ хүрсэн юм.

Айсуй эрсдэлүүд. Нүүрсний үнэ сэргэх хандлага ажиглагдахгүй байгаа нь төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод дарамт учруулах төлөвтэйг Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын тайланд онцолжээ. Ирэх онд Оюу Толгой ХХК-ийн арилжааны зээлийн төлбөр төлөгдөж эхлэх, Засгийн газрын бондын эргэн төлөлт хийгдэх зэргээс шалтгаалан санхүүгийн дансны ашиг буурч, төлбөрийн тэнцэлд дарамт учруулж болзошгүй гэж үзсэн байна. Мөн банкны салбарт уул уурхайн салбарын зээлийн төвлөрөл өндөр байгаа тул нүүрсний үнийн уналт үргэлжлэх тохиолдолд салбарын орлого буурч, зээлийн чанар муудах эрсдэлтэйг анхааруулжээ.

Огцрох ээлжит шалтгаан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж буйгаа мэдээллээ. Тэрбээр Дэд сайд нарын томилгоог энэ долоо хоногт багтаан цуцлахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-д өргөн мэдүүлэхээ анхааруулж байв. Огцруулах бичигт 32 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэх юм. Харин УИХ-ын Ардчилсан намын бүлэгт 42 гишүүн бий.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: 2026 оны хүсэмжит зах зээл

Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээл Уолл-Стритийн таалалд нийцсэн зах зээл болж 2026 оныг эхлүүлэх төлөвтэй. Учир нь хөгжиж буй орнуудыг чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалын олон жил үргэлжлэх эерэг цикл эхэллээ гэж хөрөнгө удирдагчид мөрий тавьж байна.

  • Энэ онд хөгжиж буй орнуудын бүх үнэт цаасыг чиглэсэн капиталын урсгал 2009 оноос хойших дээд цэгтээ хүрсэн байна.

  • Ингэснээр хөгжиж буй орнуудын хувьцаанууд 2017 оноос хойш анх удаа АНУ-ын хувьцаануудыг өсөлтөөрөө давлаа. Мөн бондуудынх нь өгөөж ба АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж хоорондын зөрүү 11 жилийн доод түвшинд очиж, нарийсжээ.

  • Үүний зэрэгцээ “carry trade” буюу бага хүүтэй хэрэгсэл зээлээр авч, өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулах стратеги энэ онд 2009 оноос хойш байгаагүй өндөр ашиг хүртээсэн нь хөгжиж буй зах зээлүүд сонирхол татаж буйн илрэл боллоо.

  • Bank of America-ийн Лондонд зохион байгуулсан хөрөнгө оруулалтын чуулганаар энэхүү чиг хандлага бүр ч илэрхий ажиглагджээ. 300 гаруй хөрөнгө оруулагч оролцсоны дийлэнх нь хөгжиж буй зах зээлд эерэг хүлээлттэй байсан байна. Эцэст нь BofA-ийн стратегич Дэвид Хаунер “хөгжиж буй зах зээлийн баавгайнууд устсан” хэмээн дүгнэжээ.

Зам зуур

Walt Disney компанийн “Avatar: Fire and Ash” кино нээлтээ хийсэн эхний хоёр өдөртөө БНХАУ-ын зах зээлээс 57.6 сая ам.долларын орлого олж, тус улсын Box Office-ийг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Харин АНУ болон Канадын зах зээлд амралтын өдрүүдэд 88 сая ам.долларын тасалбар борлуулснаар мөн л Хойд Америкийн Box Office-ийг өнгөлжээ.

Үүнээс ердөө хэдхэн долоо хоногийн өмнө Walt Disney-ийн өөр нэг бүтээл “Zootopia 2” орлогоороо Хятадын зах зээлд гадаадын анимэйшн киноны дээд амжилтыг эвдэж байв. Харин Найруулагч Жэймс Камероны “Avatar” цувралын гуравдугаар анги энэ онд Хятад улсад гарсан гадаад кинонууд дундаас нээлтийн орлогоороо хоёрдугаарт жагссан юм.

Эцэст нь товчхон

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк Транскапитал ББСБ ХХК-д 4.5 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосноо мэдээллээ. Тус ББСБ шинэ санхүүжилтээ бичил, жижиг, дунд бизнесүүдийг дэмжихэд зарцуулах бөгөөд зээл олголтын 30 хувийг анхлан зээл авагч нарт хуваарилж, шинэ харилцагчдыг татах замаар зээлийн багцаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Монголбанк: Ипотекийн зээлийн үлдэгдэл XI сарын байдлаар 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өслөө. Өнгөрсөн сард 1719 иргэн ипотекийн зээлд хамрагдах өргөдөл гаргасан бөгөөд он гарснаас хойш сар бүр ойролцоогоор 1200-2300 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан байна.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

АНУ-ын Техас мужийн Бока Чика тосгонд байх Илон Маскийн цээж баримал - IV сарын 17

Mark Felix/Bloomberg