- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/22
2025/12/22
Өглөөний мэнд. Төв Азийн шинэ “бар” эдийн засаг Киргиз улсад өсөн бүрэлдэж байна. Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 2021 оноос хойш буурах хандлагатай байна. БНХАУ-д коксжих нүүрс VIII сараас хойших хамгийн өндөр үнийн өсөлттэй долоо хоногоо үдэв.

Төв Азийн шинэ бар
БНХАУ, Казахстаны дунд хавчуулагдсан жижиг Киргиз улс реэкспорт, гадаад гуйвуулга болон аялал жуулчлалын салбарынхаа хурдтай тэлэлтэд дөрөөлөн гадаадын нэн чухал хөрөнгө оруулалт татаж, Төв Азийн бүсийн шинэ “бар” эдийн засагтай улс болох сууриа бэлдэж байна.
Сүүлийн гурван жил дараалан дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9-өөс дээш хувиар өссөн Киргизийн эдийн засаг энэ онд 10 хувь давж тэлэх төлөвтэй гэж тус улсын Төв банк мэдээлж байна. Аялал жуулчлалын тэсрэлт, барилга бүтээн байгуулалт, дотоодын хэрэглээний өсөлт болон БНХАУ-аас Киргизээс дамжин хөрш улсууд руу нь гардаг бараа бүтээгдэхүүний реэкспорт нь өсөлтийн тэргүүн хөдөлгөгч хүч болж буйг Киргизийн Төв банкны тэргүүн Мелис Тургунбаев өгүүлжээ.

Олон Улсын Валютын Сангийн төсөөллөөр дунд хугацаанд Киргизийн өсөлт удааширч, жилийн дундаж өсөлт нь дараагийн таван жилд ойролцоогоор 5 хувьд тогтворжихоор байна.
Киргиз нь БНХАУ-аас гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд хамт байсан Казахстан, Узбекистан, Тажикистан улсуудтай хиллэдэг. 2022 онд ОХУ Украинд халдан довтолсны дараа тавигдсан хориг арга хэмжээнүүдийн улмаас худалдааны урсгал өөрчлөгдөж, дээрх хөрш орнууд импорт, экспорт, төлбөр тооцооны зуучлагчийн үүрэг гүйцэтгэх болсон нь эдийн засгийн өсөлтөд дэм өгчээ.
“Сүүлийн жилүүдэд болсон геополитикийн үйл явдлуудаас бүс нутгийн худалдааны бүтэц эрс өөрчлөгдсөн. Манай улс илүү идэвхтэйгээр бүс нутгийн болон олон улсын худалдааны нэг хэсэг болж байна” хэмээн Бишкек хотод ярилцлага өгөхдөө хэлж байсан юм.
Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам, Нарын гол дээрх “Камбарата-1” усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд нь мөн эдийн засгийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт татаж байгааг Тургунбаев онцолжээ. Төмөр замын холболт нь Киргизийн логистикийн нөөц боломжийг эрс нэмэгдүүлэх бол шинэ УЦС ашиглалтад орсноор тус улс эрчим хүчний экспортлогч улс болох аж. Энэхүү хоёр төслийн нийт өртөг нь 10 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Анхаарлын төвд
Өргөн, гэхдээ гүехэн. Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар 2017 оноос хойших доод цэгтээ хүрээд буйг Санхүүгийн зохицуулах хорооны сүүлд нийтлэгдсэн тайлан харууллаа. 2025 оны III улирлын эцэст нийт эргэлтэд гарсан хувьцааны 1.1 хувь нь арилжаалагдсан байгаа нь сүүлийн найман жилийн хамгийн тааруу үзүүлэлт болжээ. 2021 оноос хойш хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар ерөнхийдөө буурах хандлагатай байгаа бөгөөд ХЗЗ-ийн үнэлгээ 2022 оноос хойш бараг гурав дахин өссөн ч хувьцааны арилжааны хэмжээ төдийлөн нэмэгдээгүй байна. Тайланд тусгаснаар хөрвөх чадвар бага байгаа нь хувьцааны хэт өндөр төвлөрөлтэй холбоотой аж.
Нээлттэй болох МИАТ. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Ингэснээр 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын 10-66 хүртэлх хувийн хувьцааг нээлттэй санал болгох юм.

Анхаарал татаж буй ТӨК-иудаас МИАТ компанийн 49 хүртэлх хувийн хувьцааг арилжаалахаар байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мэдээллээ. Эхний ээлжид 10 хувийн хувьцааг нь стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагааг сайжруулсны дараа нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөжээ. Хяналт шалгалтаар МИАТ компаний үйл ажиллагааны зардал өссөн ч гүйцэтгэл нь төлөвлөгөөнөөс доогуур гарсан гэж үзэж, улмаар Гүйцэтгэх захирал нь албан тушаалаа өгсөн юм.
Шилжилтийн өртөг. Монгол Улсад зөвхөн эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлд 2025-2035 онд нийт 7.9-16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурджээ. Эрчим хүчний эх үүсвэрийн 90-ээс дээш хувь нь нүүрсний эх үүсвэр байгаагаас гадна насжилт хэтэрсэн станцууд үйл ажиллагаа явуулсаар байгаа нь гол сорилт болж байгааг онцолсон байна. Монгол Улс 2024 онд 2.86 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч импортолсон нь 2023 онтой харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт болсон юм.
Нүүрс гандан буурахгүй. 2015 онд олон улсын эрчим хүчний эх үүсвэрийн 38 хувийг бүрдүүлж байсан нүүрс 2024 онд 33 хувийг эзлэх болсныг Bloomberg New Energy Finance-ийн судалгаа харууллаа. Гэхдээ эх үүсвэрт эзлэх хувь нь буурч буй ч 2020 оноос хойш нийт ашигласан хэмжээ нь өсөх чиг хандлагатай байна. Ихэнх бүс нутагт хуучирсан нүүрсний цахилгаан станцуудыг шат дараатайгаар хаах ажиллагаа явагдаж буй ч Ази, Номхон далайн бүс нутаг нүүрсний эрчим хүчний төв хэвээр байгаа. Тухайлбал 2024 онд Эх газрын Хятад, Энэтхэг, Вьетнам болон Индонез нүүрснээс үйлдвэрлэсэн эрчим хүчний ойролцоогоор 71 хувийг бүрдүүлжээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Коксжих нүүрс оны эцэст
Зах зээлийн ерөнхий сентимент сайжирснаар БНХАУ-д коксжих нүүрсний үнэ долоо хоногийн дүнгээр VIII сараас хойших хамгийн өндөр өсөлт үзүүллээ.

Пүрэв гарагт Даляний таваарын бирж дэх коксжих нүүрсний фьючерс үнэ 6 хувиар огцом өсөөд баасан гарагт эргэн буурсан. Гэхдээ долоо хоногийн дүнгээр 8 хувийн өсөлттэй байлаа.
Мөн гангийн өөр нэг түүхий эд төмрийн хүдрийн үнэ аравдугаар сараас хойших хамгийн өсөлттэй долоо хоногоо үдсэн байна.
Хөрөнгийн урсгал сайжирч, зах зээлийн хүлээлт эерэг тал руу хэвийж буй нь коксжих нүүрсний үнийн өсөлтийг дэмжсэнийг Galaxy Futures-ийн шинжээчид онцолжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн илүүдлийг бууруулах анти-инволюцын арга хэмжээ мөн хувь нэмэр оруулж байна.
Цаашид ган, коксны үйлдвэрүүдийн өвлийн нөөц бүрдүүлэлт, нүүрсний уурхайнууд оны эцэст олборлолтоо багасгах зэрэг нь коксжих нүүрсний эрэлт-нийлүүлэлтийн тэнцвэрийг ялимгүй сайжруулж магадгүй гэж Galaxy Futures үзжээ.
Зам зуур

Тослог ихтэй бяслаг, цөцгий тогтмол хэрэглэдэг хүмүүс тэнэгрэл (dementia) буюу ой санамж, сэтгэн бодох чадвар доройтох эмгэгт өртөх эрсдэл бага байгааг тогтоосон судалгааны үр дүн гарсныг АНУ-ын Нейрологийн академийн "Neurology" сэтгүүл мэдээлжээ.
Тодруулбал Швед улсад 25 жилийн турш 28 мянга гаруй хүнийг оролцуулсан судалгаагаар өдөр бүр 50 грамм ба түүнээс дээш хэмжээгээр тослог ихтэй бяслаг идэж байсан хүмүүст тэнэгрэл болон судасны өвчний гаралтай тэнэгрэлийн эрсдэл ерөнхийдөө доогуур байгааг ажигласан байна. Мөн өдөрт дунджаар 20 грамм тослог ихтэй цөцгий хэрэглэдэг хүмүүст дээрх өвчний эрсдэл мөн бага байжээ.
Харин тослог багатай сүүн бүтээгдэхүүний хэрэглээ болон тус өвчний эрсдэл хооронд тодорхой уялдаа ажиглагдаагүй байна. Түүнчлэн тослогийн хэмжээнээс үл хамааран сүүний хэрэглээ нь эрсдэл бууруулах нөлөө үзүүлээгүйг судалгаанд дурджээ.
Эцэст нь товчхон
Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас нийт 475 сая ам.долларын санхүүжилт авахаас 243.8 сая ам.доллар нь хөнгөлөлттэй нөхцөлтэй байх юм. Санхүүжилтээр 40 орчим сургууль цэцэрлэг барьж, 17 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн барилгыг засварлахаар төлөвлөсөн.
Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах хүсэлт 2025 оны батлагдсан төсвөөс хэтэрсэн тул 2026 онд олгохыг холбогдох байгууллагууд мэдээлсэн байна. 2025 онд ажилгүйдлийн тэтгэмжид 161.9 тэрбум төгрөг олгохоор төсөвлөжээ. Одоогоор 10, 11, 12 дугаар сарын хүсэлтүүдэд тэтгэмж олгогдоогүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж голч цалин III улиралд 2.3 сая төгрөг, нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна. Худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 139.8 болж, өмнөх улирлаас 2.3 хувиар буурчээ.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Перу улсын Чиллихуанид орших Солонгон уулан дээр ирсэн жуулчид - IV сарын 6

Alessandro Cinque/Bloomberg