2025/12/19

Өглөөний мэнд. Сүүлийн 6 жилийн хугацаанд арилжааны банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Санжаагийн Наранцогт Монгол Улсын Төв банкийг удирдахаар томилогдлоо. 55,000 хувийн өсөлт үзүүлсэн RRP компани AI хөөсрөлттэй холбоотой айдсыг нэмэгдүүлэв. 

Банкны орон

Сүүлийн зургаан жилийн хугацаанд арилжааны банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. 2018 оны эцэст 33 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байсан банкны салбар 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 74.4 их төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Тус хугацаанд иргэдийн зээлийн үлдэгдэл бараг гурав дахин өссөнийг онцлох нь зүйтэй.

Хөрөнгө, зээлийн хэмжээ хурдтай тэлэхийн зэрэгцээ оргил үедээ 11.7 хувьд хүрч байсан чанаргүй зээлийн хувь хэмжээ Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнд хоёр дахин буурч, сүүлийн тоон мэдээллээр 5 орчим хувьд хүрээд байна.

Монголбанкнаас эдийн засаг дахь илүүдэл мөнгийг татаж авахын тулд гаргадаг төв банкны үнэт цаасны хэмжээ 2018 оноос өмнө 2 их наяд төгрөгөөс бага түвшинд хадгалагдаж ирсэн байна. Харин түүнээс хойш огцом нэмэгдэж, 11 дүгээр сарын байдлаар 10 их наяд төгрөгт хүрээд буй.

Энэ үйл ажиллагаа Төв банкны алдагдлын 60 орчим хувийг бүрдүүлдгийг шинээр томилогдсон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолж байсан. Түүнчлэн тэрбээр одоогийн валютын нийлүүлэлтийн аргачлалд шүүмжлэлтэй хандаж, банкнуудын зээлийн хүүд дээд хязгаар тавих хуулийг дэмжинэ гэдгээ нээлттэй сонсголын үеэр дурдсан юм.

“Төв банк касс биш”

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нь эдийн засагч, санхүүч, менежерийн “гурван тулгуурт” туршлагадаа үндэслэн албан тушаалаа хашихаа мэдэгдсэн. Мөн дараагийн тэргүүний хувьд Төв банкийг Засгийн газрын “касс” болгохгүйгээр төсвийн бодлогын алдааг засдаг, эдийн засгийн өсөлтийг тэтгэх мэргэжлийн стратегийн түнш байх түвшинд хүргэхийг зорино гэдгээ онцолсон юм.

Түүний богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажил бол репо санхүүжилт болон бусад хэрэгслийг аль нэг банк эсвэл салбарт зориулан тусгайлан хуваарилдаг байдлыг бүрэн халах юм. Мөн валютын гарах урсгалыг нэмэгдүүлж буй тансаг болон импортын хэрэглээний зээлийг бодлогын хүү өсгөхөөс бусад хэрэгслүүдээр хязгаарлах аж.

Монголбанк

Мөн өнгөрсөн хугацааны төсөв, мөнгөний бодлогын үр дүнд эдийн засаг хөөсөрснийг тэрбээр онцолж, “богино хугацаанд хүндрэлийг давах, хөөсийг хагалахгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Инфляц энэ оны турш Төв банкны зорилтот интервалиас дээгүүр түвшинд, бодлогын хүү 2022 оны хоёрдугаар хагасаас хойш 10 хувиас дээш хадгалагдаж байна. Мөн ирэх оноос багш эмч нарын цалингийн өсөлт, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, валютын ханшийн төлөв, нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй юм.

Тиймээс Төв банкны шинэ Ерөнхийлөгчийг инфляцыг зорилтот интервалд тогтворжуулах, төсөв мөнгөний бодлогыг уялдуулан эдийн засгийн өсөлтийг тэтгэх сорилт угтаж байна.

Анхаарлын төвд

Ипотекийн хөөс. Хуримтлалын сангийн хөрөнгө 2025 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 759.5 тэрбум төгрөгт хүрснийг Монголбанк мэдээллээ. Тус сангийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлж эхэлснээр санхүүжилт нь сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн аж. X сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 11 их наяд төгрөг давж, зээл хүссэн иргэдийн тоо 2200 орчим байжээ. Ипотекийн зээлийн хөтөлбөр орон сууцны үнийн хөөрөгдлийг өдөөж байна гэсэн байр суурийг Монголбанкны шинэ Ерөнхийлөгч илэрхийлж байгаа. Тиймээс өрхийн орлогоос хамааран зээлийн хүү тогтоох байдлаар төрөлжсөн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэйг тэрбээр онцолсон юм.

Дэндсэн өсөлт. Хувьцааны ханшийн өсөлтөөр дэлхийд тэргүүлсэн Энэтхэгийн компани хиймэл оюуны тэсрэлтээс хоцрохгүйг эрмэлзэж буй хөрөнгө оруулагчдад томоохон анхааруулга болж байна. Саяхан болтол дотоодын зах зээлдээ ч танигдаагүй байсан RRP Semiconductor компанийн хувьцааны ханш XII сарын 17-ны өдрийг хүртэлх 20 сарын хугацаанд 55,000 хувиар өссөн нь 1 тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй дэлхийн бүх компанийг хол хаях үзүүлэлт аж.

2024 оны эхээр үл хөдлөх хөрөнгийн бизнесээс хагас дамжуулагч руу шилжсэн тус компани сүүлийн тайландаа хасах утгатай орлого тайлагнаад зогсохгүй бүтэн цагийн хоёрхон ажилтантайгаа мэдээлжээ. Гэсэн ч цахим орчинд хандалт их авсан, мөн Энэтхэгт жижиг хөрөнгө оруулагчид эрс олширч буйн ачаар хувьцааны ханшийн өсөлт нь 149 арилжаа дараалан хязгаарт тулсан байна. Энэ нь биржээс болон RRP өөрөө хөрөнгө оруулагчдад анхааруулга гаргахад хүргэж, зохицуулагч байгууллагын хараанд мөн өртжээ.

Мартагдсан дууль. “Labubu” тоглоомын эрэлт гэнэт өссөн шигээ хурдацтай буурч, нэгэн үе хөрөнгө оруулагчдыг хуйлруулж байсан Pop Mart компанийн хувьцааны ханш VIII сарын оргил цэгээсээ 40 орчим хувиар унаад байна. АНУ-ын “Хар баасан гараг”-ийн хямдралын үеэрх борлуулалт нь хүлээлтэд хүрээгүйгээс гадна хоёрдогч зах зээлийн эрэлт тааруу байгаа нь Pop Mart компани Walt Disney, Hello Kitty-д Хятадын өгөх хариулт болж чадах уу, үгүй юу гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Хоёр өөр замаар

БНХАУ-ын юанийн ханш чангарч буй ч эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу, компаниудын үнэлгээ орлогоосоо хэт өндөр байгаагаас шалтгаалан хувьцааны ханшийг дэмжихгүй байна.

  • БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд дотоодын эрэлт буурсныг харуулснаар энэ долоо хоногт MSCI индекс 10 хувиас өндөр дүнгээр унасан. Харин юанийн ханш 14 сарын дээд цэгтээ хүрч, чангараад байна.

  • Ингэснээр юань болон MSCI индексийн сүүлийн 20 хоногийн корреляц -0.3 болж, сүүлийн нэг жил гаруйн доод түвшинд хүрчээ. Тус үзүүлэлт нь сүүлийн найман жилд дунджаар 0.3-аас дээш байсан юм.

  • "Энэхүү зөрүү нь хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хувьцаанаас илүү валютын зах зээлийг сонирхож буйн илрэл болж байна" гэж Австралийн “epperstone Group-ийн Стратегич онцолсон.

  • БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, хэрэглэгчдийн зарцуулалт буурсан ч хувьцааны ханш өндөр түвшинд байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж байна. Мөн тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал гүнзгийрч байгаа энэ үед зохицуулагчдын бодлогын дэмжлэг үзүүлэхээс зайлсхийх хандлага нь хөрөнгийн зах зээлд дарамт болж буйг шинжээчид онцолсон юм.

Зам зуур

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Цагаан ордонд үг хэлэхдээ АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчдад баярын тусгай урамшуулал олгох, мөн ирэх онд орон сууцжуулалтын шинэ реформ эхлүүлэх төлөвлөгөөгөө зарлалаа. Мөн тэрбээр бүрэн эрхийн эхний жилийнхээ амжилт ололтыг магтаж, удаан үргэлжилж буй эдийн засгийн хүндрэлд өмнөх Ерөнхийлөгчийг буруутгах хэрэгтэйг сонгогчдод ятгасан байна.

Д.Трампын зарласан “Дайчны ногдол ашиг” нэртэй хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын зэвсэгт хүчинд зүтгэдэг 1.45 сая алба хаагчдад тус бүр 1776 ам.долларын дүнтэй урамшуулал олгох аж. АНУ 1776 онд байгуулагдсаныг бэлгэдэн ийм дүнтэй мөнгө өгч байгааг тэрбээр тайлбарлажээ.

Эцэст нь товчхон

УИХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, ААН-үүд зах зээлд нэвтрэхэд тулгардаг олон төрлийн давхардсан саад хоригийг багасгах хүрээнд хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ хүрээнд тусгай зөвшөөрлийн төрөл ангиллыг дахин тодорхойлж, нэр томьёог жигдэлж, зарим төрлийн зөвшөөрлийг цахимаар түргэн шуурхай авах боломж бүрдүүлэхээр тусгажээ.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Японы Курашики хот дахь “Kojima Jeans Street”-д өлгөсөн жинсэн өмднүүд - IX сарын 9

Fred Mery/Bloomberg