- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/18
2025/12/18
Өглөөний мэнд. 1.32 тэрбум ам.доллар нэхэмжилж буй ОХУ-ын компанийн талд гаргасан шүүхийн шийдвэрийг Rio Tinto хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэв. Арилжааны банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахь удаагаа буурсан үзүүлэлттэй гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатарын 19 сайд, 16 яамтай Засгийн газар 16 дэд сайдаар бүтцээ зузаатгав.

Rio Tinto ба Оросын шүүх
Хөнгөн цагаан үйлдвэрлэгч Rusal компаниас Rio Tinto группийн эсрэг гаргасан 1.32 тэрбум ам.долларын дүнтэй нэхэмжлэлийг ОХУ-ын Калининград мужийн арбитрын шүүх хэлэлцэж, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаад байгаа. Оросын шүүхээс Орос компанийн талд гаргасан энэхүү шийдвэрийг Rio Tinto хүлээн авахгүйгээ мэдэгдэж, эрх бүхий шүүх хэдийнээ эцсийн шийдвэрийг нь гаргачихсан хууль зүйн асуудлыг дахин хэлэлцэх зохисгүй гэж үзжээ.
Rusal нь Австралийн Квинсланд муж дахь хөнгөн цагааны оксидын үйлдвэрийн 20 хувийг эзэмшдэг байсан ч Украины дайн эхэлсний дараа Австрали улс ОХУ-д хориг тавьснаас шалтгаалж хувь эзэмших эрхээ алдсан юм. Улмаар тус үйлдвэрийн 80 хувийг эзэмшдэг Rio Tinto-д бүрэн хяналт очсон тул Rusal эзэмшлийн хувиа эргүүлэн авахаар 2024 онд Австралийн шүүхэд хандсан ч ялагджээ.

“Австрали улсын тавьсан хоригийг хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн гэж Австралийн шүүхээс дүгнэлт гаргачихсан асуудалд Rusal нь нөхөн төлбөр авах эрхтэй гэж үзэж байна. Бид ОХУ-д болсон хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль шүүхийн үйл ажиллагааг буруу зорилгоор ашигласан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж байна. Цаашид бид энэ асуудалд байр сууриндаа бат зогсож, өөрсдийн эрх болон хөрөнгүүдийг хамгаалахад шаардлагатай бүх алхмыг хэрэгжүүлэх болно” хэмээн Rio Tinto Reuters-д өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
Оюутолгойд хамаарах уу?
Алдсан хөрөнгийнхөө хариуд Rusal Rio Tinto болон охин компаниудаас нь 104 тэрбум рубльтэй (1.32 тэрбум ам.доллар) тэнцэх нөхөн төлбөр нэхэмжилж буй. Калининградад 12 дугаар сарын 10-нд хаалттай хэлбэрээр явагдсан шүүх хуралд “Oyu Tolgoi Netherlands BV”, “THR Oyu Tolgoi Ltd” зэрэг Австрали дахь хөнгөн цагааны үйлдвэртэй хамааралгүй Rio-ийн охин компаниудыг хариуцагчаар нэрлэсэн болохыг “Коммерсант” сонин мэдээлжээ. Rio Tinto нь “Оюутолгой” төслийн 66 хувийг дээрх хоёр компаниар дамжуулан эзэмшдэг юм.
ОХУ-ын нэр бүхий компани Rio-г шүүхэд өгч, нөхөн төлбөрт нь Оюутолгойд эзэмшиh хувийг нь авах санал тавьсныг Сангийн Сайд асан С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт ОТ-н сонсголын үеэр хэлж байв. Хариуцагч талуудын нэрсээс харвал Rusal хөнгөн цагааны үйлдвэрийн хувиа буцааж авч чадахгүй бол оронд нь Оюутолгойд хувь эзэмшихийг оролдохоор зорьж байх талтай.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 10 болон 12 дугаар зүйлд Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төслийн хувь эзэмшилд өөрчлөлт оруулж, эсвэл шилжүүлбэл гэрээг дуусгавар болгох тухай тусгасан байдаг. Дашрамд дурдахад өмнө нь Rio Tinto компани БНХАУ-ын Chinalco-оос хувьцаагаа буцаан авахын тулд Оюутолгой төсөлд хувь эзэмшүүлэх санал тавьж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Анхаарлын төвд
Зээлийн өсөлт жигд бус. ҮСХ-ны 11 дүгээр сарын тайланд арилжааны банкнуудын олгосон зээлийн үлдэгдэл өмнөх сараас 0.8 хувиар буурч, 43.4 их наяд төгрөг болсныг мэдээлсэн байна. Жилийн өсөлтөөр авч үзвэл иргэдийн сегментэд олгосон зээл харьцангуй удааширч, 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өссөн бол хувийн хэвшилд олгосон зээл 30.7 хувиар нэмэгдэж, өсөлтийн эрчээ хадгалжээ. Эдгээр үзүүлэлт нь Төв банкны мөнгөний бодлогын арга хэмжээ хүртээмжийн талаасаа сегментүүдэд тэгш бус дамжин орж, инфляцад нийлүүлэлт талаас ирэх нөлөөнд өөрчлөлт бага байгаагийн дохио болж байна.
35 сайд ажиллана. Засгийн газрын хуралдаанаар МАН, ХҮН намаас нэр дэвшүүлсэн 16 дэд сайдыг хэлэлцэж томиллоо. Ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатарын 19 сайд, 16 яамтай Засгийн газар 16 дэд сайдаар бүтцээ нэмэгдүүлж байна. Харин оронд нь бүтээмжийн менежер, хянагч, зөвлөх зэрэг 440 орчим даргыг халж байгаагаа мэдэгдсэн юм. Дэд сайд нь хоёр хөрштэй харилцах Засгийн газар хоорондын комиссыг ахалдаг, ОХУ, БНХАУ-д мөн ийм жишгээр ажилладаг тул дэд сайдуудыг цомхотгосноор ажил гацах тохиолдол гардаг болохыг МАН-ын Удирдах зөвлөлөөс тайлбарласан байна.

24 цагийн арилжаа Монголд. Биржийн бус зах зээлийн арилжаа блокчэйнд шилжиж, төлбөр тооцоог автоматаар гүйцэтгэдэг болсноос хойших гурван сарын хугацаанд хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх 40 хувиар нэмэгдээд буйг Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо мэдээллээ. Түүнчлэн энэ сарын 15-ны өдөр үнэт цаасны арилжаа нь ажлын өдрүүдэд 24 цаг тасралтгүй ажиллах горимд албан ёсоор шилжсэн тул зах зээлийн идэвхийг эрчимжүүлэх хүлээлттэй байна.
Amazon OpenAI-тай хамтрах уу? Amazon компани OpenAI-д багадаа 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, мөн өөрсдийн чипээ нийлүүлэхээр эхэн шатны яриа хэлэлцээ эхлүүлжээ. Хэлцэл амжилттай болбол OpenAI-ийн үнэлгээ 500 тэрбум ам.доллар дөхөх боломжтойн сацуу Amazon-ийн үйлдвэрлэх “Trainium” чипийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм.
755%-ийн өсөлт. БНХАУ-ын чип үйлдвэрлэлийн "MetaX Integrated Circuits Shanghai" компанийн хувьцааны ханш IPO хийсэн өдөртөө огцом өссөн байна. Анхдагч зах зээлийн арилжаагаар 585.8 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн тус компанийн хувьцаа лхагва гарагт Шанхайн биржид 755 хүртэлх хувиар өсжээ. Ингэснээр MetaX-ийн IPO БНХАУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн 500 саяас 1 тэрбум ам.долларын дүнтэй IPO-нуудаас хамгийн өндөр гүйцэтгэлтэйд тооцогдож байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Воны базаахгүй жил
Гаднын хөрөнгө оруулалтын сангууд Өмнөд Солонгосын хувьцаануудыг зарах урсгал нэмэгдэхтэй зэрэгцэн ам.долларын ханш тогтворжсоноор воны спот ханш сүүлийн найман сарын доод цэгтээ хүрлээ.

12 дугаар сарын 17-ны өдрийн арилжаагаар ам.долларын эсрэг 0.6 хувиар суларч, спот ханш нь 1,482.2 нэгж болсон. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн доод түвшин юм.
БНСУ-ын хувьцаануудыг зарах урсгал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт саарснаар воны ханш энэ оны сүүлийн хагаст 8 гаруй хувиар суларсан байна. Ингэснээр Азийн хамгийн тааруу үзүүлэлттэй валют болж, тус улсын эрх баригчдад валютын ханшийг тогтворжуулах шаардлага үүсгээд байгаа юм.
Энэ хүрээнд хамгийн сүүлд БНСУ-ын төрийн өмчит Тэтгэврийн сан хедж хийх бодлогоо илүү уян хатан болгосноор валютын тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ мэдэгдсэн.
Хэдийгээр Өмнөд Солонгосын Kospi индекс 12 дугаар сарын 17-ны өдөр өсөлттэй байсан ч хөрөнгө оруулагчид гурав дахь өдрөө дараалан тус улсын хувьцаануудыг зарж байна.
Зам зуур

Найруулагч Жэймс Камероны нийт хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрснийг Forbes мэдээллээ. Алдарт “Avatar” цувралынх нь гуравдугаар анги үзэгчдийн хүртээл болохоос ердөө хэдхэн өдрийн өмнө тэрбээр тэрбумтан болсон нь энэ аж.
Тун удахгүй нээлтээ хийх "Avatar: Fire and Ash" киноны орлого 2 тэрбум ам.доллар хүрнэ гэж шинжээчид тооцоолж байгаа.
Өдгөө 71 настай Жэймс Камероны 40 жилийн турш найруулагчаар ажиллахдаа туурвисан бүтээлүүдийнх нь Box Office-ийн амжилт нийт 9 тэрбум ам.доллар хүрээд байгаа юм. 2009 онд нээлтээ хийж, 2.9 тэрбум ам.долларын орлого олсон “Avatar” цувралын эхний ангийн амжилтыг давах бүтээл одоогоор гарч ирээгүй байна.
Эцэст нь товчхон
ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрсэн бол борлуулалт нь 51.8 их наяд төгрөгт хүрч, 2024 оны нийт үзүүлэлтээс давжээ. Борлуулалт 2.7 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд уул уурхайн олборлолт, тэр дундаа зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жоншны үйлдвэрлэл өссөн нь нөлөөлжээ.
Анод, Зоос, Хадгаламж банкийг дампуурахад хүргэсэн Олон Овоот Гоулд ХХК-тай холбоотой авлага барагдуулах ажлыг шинэ зарчмаар үргэлжлүүлж байгааг Монголбанк мэдээллээ. Ингэхдээ гурван төлбөр хүлээн авагчаас хүчин төгөлдөр байгаа ашигт малтмалын 8 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, өөрсдөө авлагаа барагдуулах шийдлийг сонгосон байна.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Zijin Mining компанийн ажилтнууд Сербийн Бор дахь зэс хайлуулах үйлдвэрт - IX сарын 17

Oliver Bunic/Bloomberg