- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/17
2025/12/17
Өглөөний мэнд. Монголбанкны дараагийн Ерөнхийлөгчийг урьд өмнөхөөс илүү том инфляцын сорилт хүлээж байна. Төгрөгийн ханш тогтворжиж эхэлснээр хөрөнгө төгрөгийн хадгаламж руу шилжиж эхэллээ. SpaceX-ийн үнэлгээ нэмэгдэж, Илон Маскийн хөрөнгө анх удаа $600 тэрбум давлаа.

Монголбанкны жолоог шилжүүлнэ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буй тул шинэ нэр дэвшигчийг томилохоор хэлэлцэх гэж байна. Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоор зургаан тэрбум ам.долларын нөөцтэй, арилжааны 12 банкийг зохицуулах Төв банкийг удирдуулах эсэхийг шийдэх юм.

Сүүлийн байдлаар төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж байна. Таваарын үнийн "шок"-т ороод байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт экспортын орлого сэргэсэнтэй холбоотойгоор хүлээлтээс харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан юм. Эдийн засгийн өсөлт сэргэж, зээлжих зэрэглэл сайжирсан ч инфляц Төв банкны зорилтоос хэт өндөр буйг эдийн засагчид шүүмжилж байна.
С.Наранцогтын хувьд бодлого талаас анхаарах гол сэдэв нь инфляцыг тогтворжуулж, зорилтот түвшинд авчрах юм.
Өнгөрсөн оны эцсээс хойш Төв банкны зорилтот интервалаас дээгүүр түвшинд хадгалагдаж буй хэрэглээний үнийн индекс 11 дүгээр сард 8.2 хувьд хүрч, өсөлт нь саарсан. Хэдий тийм боловч шинжээчдийн таамаглаж буйгаар ирэх оны эхний хагаст инфляц энэ түвшинд хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Тиймээс эрчимжиж буй хүнсний үнэ болон ирэх оны цалингийн өсөлтөөс үүсэх инфляцын дарамтын улмаас эдийн засгийг хэт халахаас сэргийлэх нь Монголбанкны шинэ Ерөнхийлөгчийн хувьд гол сорилт болохоор байна.

Одоогийн макро тэнцвэрийн нөхцөл байдлыг харвал таатай орчин ерөөсөө биш. Валютын нөөцийн дарамт хэвээрээ л байна гэсэн үг. Төв банкнаас авч хэрэгжүүлдэг бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан бодит хөрсөн дээр зөөлөн газардах арга хэмжээг зургаан сараас нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Инфляцын өсөлт, төгрөгийн худалдан авах чадварын уналт тасралтгүй үргэлжилж, хэрэв хагарвал жинхэнэ бодит хямрал үүсэх учраас буцааж зөөлөн газардуулах арга хэмжээ авна. Мөн цаашдаа ийм байдал үүсэхгүй байлгах системийн шинэчлэлийг дунд хугацаанд хийнэ.
Анхаарлын төвд
Төгрөг рүү буцах урсгал. Төгрөгийн ханш тогтворжиж эхэлснээр хөрөнгө төгрөгийн хадгаламж руу шилжиж эхэллээ. Оны эхний хагас жилд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 4.7 хувиар суларсантай зэрэгцэн валютын хадгаламжийн хэмжээ хурдтай нэмэгдэж байсан бол VI сараас хойш төгрөг эргээд 1 орчим хувиар чангарснаар иргэд болон ААН-үүд төгрөгийн хуримтлал руу чиглэж байна. Нийт төгрөгийн хадгаламжийн дүн өмнөх сараас 3.1 хувиар нэмэгдсэн бол мөн хугацаанд валютын хадгаламж болон харилцах данс дахь мөнгөний хэмжээ тус тус 1 орчим хувиар багассан үзүүлэлттэй.
Их наяд руу дөхсөөр. SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнээр тус компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгийн хэмжээ шинэ дээд түвшинд хүрч, 600 тэрбум ам.долларын босго анх удаа давсан байна. Сансрын хөлөг үйлдвэрлэгч SpaceX компани хувьцааны дотоод арилжаа явуулж, үнэлгээгээ 800 тэрбум гаруй ам.долларт хүргэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хаалттай компани боллоо. Үүний дараа Илон Маскийн нийт хөрөнгө 638 тэрбум ам.доллароор хэмжигдэх болсныг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

Дэлхийн хамгийн чинээлэг хүн тэрбээр SpaceX-ийн 42 хувийг эзэмшиж буй нь хөрвөх чадварын нөлөөллийг оруулсан тооцооллоор 317 тэрбум ам.доллартой дүйх юм. Хэрэв SpaceX ирэх онд IPO хийж, зорьсныхоо дагуу үнэлгээгээ 1.5 их наяд ам.долларт хүргэвэл Илон Маскийн хөрөнгө бүр ч ихээр арвижих боломжтой. Түүний компанидаа эзэмшдэг хувьцааны дүн 625 тэрбум ам.долларт хүрэх тул дэлхийн түүхэн дэх анхны "их наядтан" болоход ойртох юм.
УУБ оны төгсгөлд. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа өндөр савлагаатай байсан 2025 оныг харьцангуй тайван өндөрлүүлэхээр байна. Оны хоёрдугаар хагаст уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эрс нэмэгдэж, VIII болон XI сард 1 их наяд төгрөгөөс дээш хэмжээний хэлцэл хийгджээ. Харин XII эхний хоёр долоо хоногт оны эхээр ажиглагдсан удааширсан төлөвт эргэн шилжиж, нийт 798.6 мянган тонн бүтээгдэхүүнийг 193.9 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
Аврагч зэс. 2025 онд хэт өөдрөгөөр баталсан төсвийн зарлагыг тодотголоор 2.1 их наяд төгрөгөөр бууруулсан ч энэ оны эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасалдаж болзошгүйг Сангийн яам анхааруулаад байгаа. Үүний 1.2 их наяд нь импорт буурснаас шалтгаалж гаалийн татварын орлого багассантай холбоотой. Мөн оны эхний 11 сард АМНАТ-ийн орлого 43.3 хувиар буурахад нүүрсний экспортын үнийн дүн 40 орчим хувиар буурсан нь нөлөөлжээ. Гэхдээ зэсийн баяжмалын экспортын орлого 73 хувиар өсөж, нүүрсний нийт орлогыг даваад байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо тайлагнасан. Орлого нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан бол зарлага нь 10.8 хувиар буюу 2.7 их наяд төгрөгөөр өсжээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Биткойны шумбалт
Дэлхийн хамгийн том криптовалютын ханш сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд анх удаа 86 мянган ам.доллароос доошилж, баавгай зах зээл рүү улам гүн орлоо.

Даваа гарагт Биткойны ханш 3.7 хүртэлх хувиар унаж, 85,171 ам.доллар болсон байна. Энэ нь хоёрхон сарын өмнө хүрч байсан түүхэн дээд түвшин болох 126 мянган ам.доллароос ойролцоогоор 30 хувиар доогуур үнэ.
Өнгөрсөн аравдугаар сард дээд түвшиндээ хэлбэлзэж байх үед нь худалдан авсан хөрөнгө оруулагчид ханш багахан сэргэх тоолонд их хэмжээгээр зарж байгаа нь одоогийн уналтад нөлөөлж байна.
Хэдий Холбооны нөөцийн банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ бууруулсан ч зах зээлд хөрвөх чадал сул, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх сонирхол бага хэвээр байгааг шинжээчид онцолжээ.
Бусад криптовалютын ханш ч мөн буурсан хөдөлгөөнтэй байгаа юм. Тухайлбал “Ether”, “Doge”, “XRP” тус бүр 5 орчим хувиар унажээ.
Зам зуур

Ням гарагт Сиднейн Бондай Бич-д болсон халдлагын үеэр зэвсэгт этгээдүүдийн нэгийг үйлдэл дээр нь зогсоож, бууг нь булааж чадсан баатарлаг иргэнд gofundme платформоор дамжуулан өгсөн хандивын дүн 2 сая ам.доллар давжээ.
Ахмед Аль Ахмед нэртэй тэрбээр өдгөө 43 настай, хоёр хүүхдийн эцэг бөгөөд 2006 онд Сири улсаас Австралид цагаачлан ирж байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Халдагч руу дайрах үедээ тэрбээр 4-5 удаа буудуулж шархадсан тул олон удаагийн хагалгаанд орохоор байгааг Australian Broadcasting Corp мөн мэдээлжээ.
Түүний зоригт үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз тэргүүтэй удирдагчид магтаж, хүндлэл илэрхийлсэн юм.
Эцэст нь товчхон
УИХ: Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран нь XII сарын 8-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргасан юм. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг улираан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Бээжинд болсон Хятадын Олон улсын нийлүүлэлтийн сүлжээний экспогийн үеэр - VII сарын 17

Andrea Verdelli/Bloomberg