2025/12/16

Өглөөний мэнд. ДНБ-ий “бодлогогүй” өсөлтийн араас хөөцөлдөхгүй байхыг БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин анхааруулав. Монголын хөрөнгийн зах зээлд “short” арилжаа хийх эрх зүйн орчин бүрдлээ. Jade Gas-ийн Монголын говиос олборлосон хийнд метаны агууламж 97-оос дээш хувьтай байна.

Чанартай өсөлт нэгдүгээрт

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өндөр тоонд дулдуйдсан өсөлтийг шүүмжилж, зөвхөн цаасан дээрх үр дүнгийн төлөө “бодлогогүй” төслүүдийн араас хөөцөлддөг явдлыг таслан зогсоохоо амлалаа.

“Бүхий л төлөвлөгөөг гаргахдаа баримтад тулгуурлаж, бат бөх, элдэв хэтрүүлэггүй жинхэнэ өсөлт рүү тэмүүлж, өндөр чанартай бөгөөд тогтвортой хөгжлийг сурталчлах учиртай” хэмээн Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Төвийн эдийн засгийн ажлын хурлын үеэр хэлснийг Хятадын Коммунист намын албан ёсны хэвлэл People’s Daily мэдээлжээ.

Мөн “Бодит байдлыг умартан бодлогогүй, түрэмгий ажиллаж, хэт ихийг шаардаж, нөөцийг хянуур бусаар захиран зарцуулж буй хэн бүхэнд хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Ингэхдээ шаардлагагүй том хэмжээтэй аж үйлдвэрийн паркууд, үзэсгэлэн худалдаа ба форумуудын хяналтгүй өсөлт, зохиомлоор өсгөсөн статистик зэргийг жишээ болгосон байна.

Шулуун шударга, нарийн тодорхой уг шүүмжлэл нь Хятадын удирдагч улсынхаа ДНБ-ий өсөлтийн чанар, санхүүгийн нөөцийн зарцуулалтад нухацтай анхаарч буйн илрэл болж байна. Тус улсад албан ёсны дата, тоо баримт нь эмзэг мэдээлэлд хамаардаг, өндөр хяналттай тул ажиглагчид эдийн засгийнх нь эрүүл мэндийг үнэлэхэд хүндрэлтэй байдаг.

Албан тушаалтнуудын амжилтыг зөвхөн ДНБ-ий өсөлтөөр бус, харин иргэдийн сайн сайхан байдал, тогтвортой байдлыг хэр хангаж чадсантай уялдуулан үнэлэх ёстойг Ши Жиньпин мөн онцолжээ. Эдийн засгийн урт хугацааны бат бөх суурийг тавихын төлөө юу хийх нь өнөө цагт эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхийн төлөө хийж буй ажилтай нь ач холбогдлын хувьд ижил болохыг нэмж дурдсан байна.

Олон жилийн турш БНХАУ эдийн засгийн гүйцэтгэлээ богино хугацааны тоон мэдээллээр хэмжиж, түүндээ тулгуурлан албан тушаалтнуудыг тушаал ахиулах шийдвэр гаргаж ирсэн юм. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд БНХАУ-ын эдийн засаг хурдацтай өсөхөд дэм болсон ч орон нутгийн засаг захиргаануудын өр хуримтлагдах, нэг салбарт хэт олуул орсноос болж нийлүүлэлт илүүдэх зэрэг өнөө цагт улам илэрхий харагдах болсон сөрөг нөлөөллүүд үүсгэжээ.

Анхаарлын төвд

IPO давлагаа айсуй. Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын Төрийн эзэмшлийн хувьцааны 10-66 хүртэлх хувийг олон нийтэд санал болгохыг Засгийн газар мэдээллээ. Үүнд Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт Үйлдвэр, Эрдэнэс Критикал Минералс, Багануур, Шивээ-Овоо, МИАТ зэрэг төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүд багтаж байна. Ингэхдээ 8 компанийн хувьцааг бүхэлд нь худалдах бол 7 компани, үйлдвэрийн газрыг нэгтгэх аж. Үр дүнд нь 100 хувь Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж буурна гэжээ.

Short арилжаа Монголд. УИХ өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журмыг СЗХ батлав. Ингэснээр хувьцааг зээлээр авч зараад, дараа нь бага үнээр эргүүлэн худалдаж авч зөрүүнээс нь ашиг олдог "Short selling" буюу богино позицын арилжаа хийх эрх зүйн орчин бүрдэж байна.

Одоогоор Монголын хөрөнгийн зах зээлд зөвхөн ханш өсөхийг дэмждэг механизм ажиллаж буй. Харин уналтад мөрий тавьдаг “Short” арилжаа нэвтэрснээр зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах давуу талтайг мэргэжилтнүүд онцолдог.

Улаан металл, ногоон ирээдүй. Нөөцийн хомсдолтой холбоотойгоор зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.долларт ойртоод байна. Ингэснээр зэсийн үнэ 2025 онд 35 орчим хувиар өсөж, 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэх төлөвтэй. Reuters агентлагаас шинжээчдийн дунд хийсэн сүүлийн үеийн судалгаанаас харвал зэсийн зах зээл энэ онд 124 мянган тонн, ирэх онд 150 мянган тонны хомсдолд орно гэж үзжээ. Дэлхий даяар эрчим хүчний сүлжээг шинэчилж өргөтгөхөд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж буй нь зэсийн эрэлтэд түлхэц болж байгаа юм.

Метан 97%<. Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлэгч Jade Gas Holdings компани "Eлаан нуур" талбайгаас гарган авч буй хийд метан хийн агууламж маш өндөр байгааг мэдээллээ. Үйлдвэрлэлийн хоёр хэвтээ цооногоос гарсан хийд найрлагын нарийвчилсан шинжилгээ хийхэд метаны агууламж 97 хувиас дээш, харин нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж маш бага буюу 1 хувиас доош байжээ.

Метаны цэвэршлийн хувь өндөр байгаа нь төслийн олборлолтоосоо LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий, CNG буюу байгалийн шахсан хий үйлдвэрлэх Jade Gas-ийн гол зорилтод нийцэж байна. Цаашлаад метанол, устөрөгчийн боловсруулалт зэрэг химийн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэх сонголт нээж өгч байгааг онцолжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Луугар эргэн ирлээ

Саяхан л Хонконгийн хөрөнгийн зах зээлд шинэ хэлцлүүд цөөрч, хөрөнгө оруулагчдын хүлээлт тааруу, банкнууд энэ салбарт хөрөнгө оруулахаас зугтаж байв. Харин энэ онд байдал өөрчлөгдсөн байна.

  • Энэ он гарсаар Хонконгийн Хөрөнгийн биржид IPO, багцын арилжаагаар дамжсан хувьцааны арилжаа бараг дөрөв дахин өсөж, 73 тэрбум ам.доллароос давжээ.

  • Ингэснээр Хонконгийн хөрөнгийн зах арилжааны хэмжээгээр 2013 оноос хойш анх удаа Азидаа тэргүүлж, олон улсад АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж эхэллээ. 2025 онд Энэтхэгт хийгдсэн IPO шинэ дээд амжилт тогтоож, БНХАУ, Японд ч өсөлт өндөр байсан ч Хонконг ийнхүү тэргүүллээ хадгалав.

  • БНХАУ-ын компаниуд олон улсад тэлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Хонконгт өндөр дүнтэй IPO-үүд хийсэн нь өсөлтөд гол нөлөө үзүүлжээ.

  • Цэнэг хураагуур үйлдвэрлэгч CATL компани тавдугаар сард түүхэн дэх хоёр дахь том IPO-ийг хийж, 5.3 тэрбум ам.доллар босгосон бол цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD болон Xiaomi тус бүр 5 гаруй тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн юм.

Зам зуур

БНХАУ дэлхийн хамгийн томд тооцогдох дрон тээгч буюу эх хөлгийн анхны нислэгийг үйлдэж, хүнгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэлийн ахиц дэвшлээ харууллаа. Нисэх онгоц тээгч хөлөгтэй ижил зарчмаар ажиллах “Jiutian” нэртэй тус хөлөг нь олон тооны дрон, пуужин тээвэрлэх чадалтай бөгөөд Шэньси мужид анхны даалгавраа амжилттай гүйцэтгэснийг Xinhua агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

“Jiutian”-ийг өнгөрсөн онд Жухай хотод болсон агаарын шоуны үеэр анх танилцуулж байсан юм. Хөлөг нийт 6 тоннын даацтай, удирдлагатай бөмбөг, агаар-агаар ангиллын болон хөлөг онгоц эсэргүүцэх пуужин, камиказе дрон тээвэрлэх найман хошуутай аж. Мөн бөөнөөр довтлох 100 гаруй жижиг дрон тээвэрлэх багтаамжтай юм байна. Гэхдээ хэмжээ нь том учраас байлдааны үед радарт харагдахгүй байх чадварыг нь бууруулж болзошгүйг зэвсгийн экспертүүд онцолжээ

Эцэст нь товчхон

ҮСХ: Орон сууцны үнийн индекс 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн бол өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна. Насжилтаар авч үзвэл хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар, шинэ орон сууцных 11 хувиар өсжээ.

ЭХЯ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 10 МВт-ын хүчин чадалтай 42 МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станц ашиглалтад орсон байна. Станц ашиглалтад орсноор Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалалд оролцож, хоногийн бага болон оройн оргил ачааллын зөрүүг бууруулахыг онцолжээ.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Калифорни мужийн Хасли хавцалд гарсан түймрийг дарахаар гал унтраах нунтаг бодис цацаж буй онгоц - VIII сарын 8

Gaia Squarci/Bloomberg