2025/12/15

Өглөөний мэнд. Сүүлийн нэг жилийн хугацаанд татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн байна. АНУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулсны дараа зэсийн үнэ дахин шинэ дээд цэгтээ хүрэв. 367 нэр төрлийн барааг тарифаас чөлөөлөх ЕЭЗХ-ны хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа.

Татварт сөхөрсөөр

Татварын албанд бүртгэлтэй 265 мянган татвар төлөгчийн 26 хувь нь нийт 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй байгааг Татварын Ерөнхий Газар мэдээллээ.

Өртэй 72 мянга гаруй татвар төлөгчийн дийлэнх нь 10 хүрэхгүй сая төгрөгийн өртэй байгаа нь нийт 6.1 их наяд төгрөгийн өрийн ердөө 1.4 хувийг эзэлж байна. Харин үлдсэн хувь нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүдэд хамаарч байгаа аж. Мөн нийт өрийн 30 орчим хувь буюу 2.1 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын компаниуд бүрдүүлж байна. Үүнд ашигт малтмалын үнийн уналт нөлөөлж буйг тодотгожээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн нь бизнесийн орчин суларч буйн илрэл болж байна. Иймд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хүрээнд татварын өршөөлийн асуудлыг эргэн харах цаг болсныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлж байв.

Энэхүү мэдэгдэл нь татварын өртэй байгаа иргэд, ААН-үүдэд татвараа төлөхгүйгээр “харзнах, хойшлуулах” сэдэл төрүүлж байгааг Сангийн сайд анхааруулсан. Нүүрсний үнэ буурснаас шалтгаалан татварын орлого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл байгааг ТЕГ мэдээлжээ. Тус байгууллага 2025 онд 18 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15.5 их наяд төгрөгийн орлого төвлөрч, 86.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Анхаарлын төвд

Сонсгол дуусав. Оюутолгойн асуудлаарх нээлттэй сонсголын хамгийн сүүлийн өдөр Монгол Улсын хүртэх өгөөж, гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний асуудлаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулав. 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын суурь гэрээг хууль тогтоомжтой уялдуулах тухай УИХ-ын тогтоол огт хэрэгжээгүй гэж шинжээч үзсэн байна. Гэрээ анх байгуулах үед Монгол Улс 34 хувьтайгаар хэлэлцээр хийх ёстой гэсэн зарчмын байр сууриар гэрээ байгуулсныг Ерөнхий сайд асан С.Баяр тодотгож, тухайн үед 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулах хууль эрх зүйн ямар ч ойлголт байгаагүйг тайлбарласан юм.

Сиднейн халдлага. Ням гарагийн орой буугаар зэвсэглэсэн этгээдүүд Сиднейн алдарт “Bondi Beach”-д иудейн шашны Ханука баярыг тэмдэглэхээр цугласан байсан еврей иргэд рүү гал нээснээр 12 хүн амь үрэгдэж, 29 хүн шархдав. Австрали улсын түүхэнд хамгийн томд тооцогдох энэхүү террорист халдлага нь еврей үндэстнийг онилсон дайралт байсныг Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз дурдаад, антисемитизмийг бүрэн устгах болохоо амлажээ.

Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журмыг СЗХ баталлаа. Журам хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломжтой юм. Мөн үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээнд тавих шаардлага, зээлдүүлэх боломжтой үнэт цаасны төрөл зэрэг бусад чухал зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Үүнээс гадна “Би Би Эс Эй” ХХК-ийн “Гоулд траст” нэртэй хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан буюу “Gold ETF” үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэжээ.

Металлын манлайд зэс. АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулсны дараа зэсийн ханш гурван хувиар өсөж, тонн нь 11,906 ам.доллар болсноор шинэ дээд түвшинд хүрлээ. Холбооны Нөөцийн банк 2026 онд АНУ-ын эдийн засаг 2.3 хувиар өснө гэж өмнөх төсөөллөө ахиулсан юм. Мөн инфляц саарна гэж төсөөлж буй нь зэсийн зах зээлд эергээр нөлөөлөхөөр байна. Үүнээс гадна зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ дотоодын эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдээлсэн нь түүхий эдийн үнэд түлхэц болжээ. 2025 он гарсаар зэсийн ханш 35 орчим хувиар өсөөд байгаа юм.

Маргаантай хэлэлцээр батлагдав. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар соёрхон баталлаа. Хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааг гаалийн тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлөх юм. Монгол Улсаас экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байна.

Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр ЕЭЗХ-ны улсууд руу хийх экспорт 24.1 хувиар өсөх тооцооллыг гаргасан. Гэхдээ МУИС-ийн судлаачдын тооцоолсноор хэлэлцээрийн үр дүнд нийт экспорт 3.7 хувиар өсөх бол импорт 4.72 хувиар өсөх төлөвтэй. Ялангуяа аж үйлдвэрийн салбарын импорт 100 гаруй хувиар өссөнөөр дотоодын үйлдвэрлэл 18 орчим хувиар буурах эрсдэлтэйг анхааруулсан юм.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Монгол бондууд

Оюутолгойн хянан шалгах түр хорооны сонсгол анхаарлын төвд байсан өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондууд дийлэнхдээ хөдөлгөөн багатай байлаа.

  • 2026 болон 2027 онд хугацаа нь дуусах бондуудын ханш харьцангуй илүү мэдрэг буюу ханш нь долоо хоногийн эхнээс бага зэрэг өссөн үр дүнтэй байна. 2027 онд хугацаа нь дуусах бондын ханш 11 дүгээр сарын дундуур нэрлэсэн үнээ давж өсөөд байсан юм. Түүнээс хойш уналтад ороод байсан бол баасан гарагийн байдлаар эргэн нэрлэсэн үнэдээ ойртлоо.

  • Дийлэнх бондын өгөөжийн түвшин 6 хувиас доогуур байгаа бол хамгийн урт хугацаатай буюу 2031 онд хугацаа нь дуусах бондын өгөөж 6 хувь руу дөхөж байна.

  • Үүний зэрэгцээ дотоодын компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш оны хоёрдугаар хагас эхэлснээс хойш өссөөр байна. Хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын бондууд руу анхаарлаа хандуулж эхэлсэн байгаа бөгөөд өндөр өгөөжтэй бондуудын эрэлт нэмэгдээд байгаа.

  • Монгол Улс болон топ банкнуудын зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр бондуудын ханшид дэмжлэг болж байгаа аж. Тухайлбал Худалдаа Хөгжлийн банкны 2027 онд хугацаа нь дуусах бондын ханш 3.8 хувиар өсөж, Засгийн газрын бондын өсөлтийг давсан үзүүлэлттэй байна.

Зам зуур

Маккаллистерийн гэр бүлийнхэн Зул сарын баяраа Парист өнгөрүүлэхээр яарч, найман настай хүү Кевинийг “гэртээ ганцаараа” үлдээснээс хойш 35 жил өнгөрчээ. Харин өнөө цагт таван хүүхэдтэй эгэл жирийн гэр бүлийн хувьд Чикагогийн чинээлэг хороололд том байшинд амьдрах, Парис руу аялах, тэр байтугай наад захын хэрэгцээгээ хангана гэдэг боломжгүй зүйл болж хувирсан байна.

Чикагод таван хүүхэд өсгөхөд шаардагдах зардал 1990 онд жилд багадаа 33,500 ам.доллар байсан бол өнөөдөр 165 мянган ам.долларт хүрч, дундаж хосын нийт орлогоос 36 мянган ам.доллароор давж буйг InvestorsObserver-ийн судалгаанд дурджээ. Гол нь дээрх нийлбэр дүнд зөвхөн хоол хүнс, хүүхэд асран хамгаалах болон эрүүл мэндийн зардлыг оруулж тооцсон байна.

АНУ-ын бусад хотуудад байдал бүр ч хэцүү. Филадельфи болон Кливлэндэд дундаж орлого ба таван хүүхдэд шаардагдах зардлын зөрүү бүр 87 мянган ам.доллар хүрч байна. “Бидний хайртай кинон дээр гардаг амьдрал өдгөө дийлэнх гэр бүлийн хувьд мөрөөдөл төдий болсон байна” хэмээн InvestorsObserver-ийн Ахлах шинжээч Сэм Бурги хэлжээ.

Эцэст нь товчхон

ЭХЯ: 2025 оны байдлаар 681 сая ам.долларын өртөг бүхий эрчим хүчний 8 төсөл арга хэмжээ гадаад зээлээр хэрэгжиж байгааг Эрчим хүчний сайд мэдээллээ. Шинээр ашиглалтад орох эх үүсвэрүүдээс харвал 2026 онд Сэлэнгэ аймгийн төвд 70 мВт дулааны цахилгаан станц, 2027-2028 онд Баянгийн 660 мВт цахилгаан станц, 2028-2029 онд Бөөрөлжүүтийн ЦС дахин 300 мВт эрчим хүч үйлдвэрлэхээр байна. Ингэснээр өвлийн оргил ачаалалтай саруудад нөөц хүчин чадалтай болохоор байгааг онцоллоо.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк эмэгтэй бизнес эрхлэгчид болон залуу эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Голомт банканд 20 сая ам.долларын урт хугацаат зээл олгох гэрээ байгууллаа. Энэ төрлийн зээлийн бүтээгдэхүүн зах зээлд гарснаар дагалдаад техник туслалцааны дэмжлэг орж ирэх тул жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэхэд чухал алхам болохыг Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцолж байв.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Италийн Маранелло дахь Ferrari компанийн үйлдвэрийн төв байрнаас гарч ирж буй спорт автомашин - X сарын 9

Gaia Squarci/Bloomberg