- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/12
2025/12/12
Өглөөний мэнд. Монголбанк бодлогын хүүгээ дахин хэвээр хадгалж, ирэх оны хоёрдугаар хагас хүртэл бууруулах орон зай байхгүйг мэдэгдэв. Засгийн газрын ₮5 тэрбумын бонд XII/10-ны өдөр анхдагч зах зээлд арилжаалагджээ. Швейцар улс хүн амаа 10 саяд хязгаарлах бодлого хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна.

Инфляц: Давааны цаана даваа
Монголбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэснээ зарлалаа. Ингэснээр төв банкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн III сард бодлогын хүүгээ 2 нэгж хувиар огцом нэмэгдүүлснээс хойш таван удаа дараалан хэвээр хадгалж байна. Одоогийн нөхцөлд бодлогын хүүг өөрчлөх шаардлага үүсээгүй гэж Монголбанк үзжээ.
Лхагва гарагт ҮСХ 11 дүгээр сард улсын хэмжээнд инфляц 8.2 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс нэг орчим нэгж хувиар өндөр түвшинд хадгалагдсаныг мэдээлсэн юм. Өнгөрсөн онд Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь инфляц өндөр түвшинд хадгалагдах гол шалтгааны нэг болж буй. Харин Монголбанкны мөнгөний бодлогын өмнөх хурлуудад танилцуулсан төсөөллөөс харвал үүний нөлөөлөл энэ оны эцсээр арилах төлөвтэй.

Ургац хураалт тааруу байснаас үүдэн хүнсний ногоо, намрын саруудад махны үнэ улирлын хандлагаа дагаж буураагүй нь хүнсний инфляцыг эрчимжүүлсэн бол ирэх оноос цалингийн өсөлт инфляцад гол түлхэц болохоор байна. Иймд инфляц 2026 онд зорилтот интервалд орж тогтворжих төлөвтэйг харгалзан үзвэл ирэх оны II хагас хүртэл бодлогын хүүг бууруулах хангалттай орон зай байхгүйг Төв банк тодотголоо.
Тэтгэврийн зээлийг тэлнэ
Үүнээс гадна Монголбанк банкнуудын олгосон тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох, мөн тус ангиллын үлдэгдэл хугацааг 36 сар хүртэлх хугацаагаар сунгасан тохиолдолд хөрөнгийн ангиллыг өөрчлөхгүй, хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасныг Монголбанкны Дэд ерөнхийлөгч онцолж байв.
Банкны системийн төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг сүүлийн хоёр жил орчмын хугацаанд 5 нэгж хувиар нэмэгдүүлж, оны эхээр 13 хувьд хүргээд байгаа. 2.3 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй банкны салбарт сүүлд гарсан Монголбанкны шийдвэр нь 308 тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлж өгөх боломжтой аж.
Анхаарлын төвд
Уруудах чиглэлд. АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар буурууллаа. Ийнхүү тус банк гурван удаа дараалан бодлогын хүүгээ бууруулж байна. Төв банкны зүгээс хөдөлмөрийн зах зээлийн сорилтуудын эсрэг эдийн засгийг дэмжихийн тулд хангалттай арга хэмжээ авсан гэж тус банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь Азийн бүсийн, тэр дундаа хөгжиж буй орнуудын Төв банкнуудад илүү чөлөөтэй бодлого хэрэгжүүлэх боломж олгоно гэж Wells Fargo-ийн шинжээчид үзжээ.
Уламжлал үргэлжлэх үү? Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн энэ оны өсөлт өмнөх онуудаас хоцрогдолтой байна. Хөрөнгийн захын жишиг индекс энэ онд 0.5 хувиар дээшилсэн бөгөөд үүнд сүүлийн нэг сарын өсөлт гол жин даржээ. Өнгөрсөн XI сар нь сүүлийн нэг жилийн хамгийн өндөр өсөлттэй сар болсон бол 12 дугаар сар гарснаас хойш 0.7 хувиар унасан нь түүхэн үзүүлэлтээс нэлээн зөрсөн хөдөлгөөн болов.

12 дугаар сарыг өсөлттэй үддэг уламжлалаа ТОП-20 индекс сүүлийн таван жил хадгалжээ. Тус сард дундаж өсөлт нь 9.5 хувьтай байдаг аж. Тиймээс үлдсэн гурван долоо хоног орчмын хугацаанд индекс өсөх хүлээлт үүсгэж байна.
Далайд дусал нэмэр. Улс төрийн намуудад төсвөөс олгодог санхүүжилтийн дээд хэмжээг 2026 онд энэ оноос 420.9 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 7.8 тэрбум төгрөг байхаар тогтоолоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн хэмжээг ийнхүү өсгөснийг СЕХ тайлбарласан. Нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан нам эвсэлд Төрийн санхүүжилт олгох хуулийн дагуу долоон нам эвсэлд санхүүжилт олгож буй аж.
Парламент дахь суудлын тооноос хамаарч 2026 онд Монгол Ардын намд дээд тал нь 3.4 тэрбум төгрөг, Ардчилсан намд 2.7 тэрбум төгрөг, ХҮН намд 756.8 сая төгрөг олгохоор болжээ. Намуудын энэ санхүүжилтийнхээ 15 хувиас доошгүйг намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах ёстой юм.
Том арилжаа. Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай, хагас жил тутамд төлөгдөх, нийт 5 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа лхагва гарагт явагдсаныг МХБ мэдээлэв. Бондын жигнэсэн дундаж хүү 11.8 хувьд тогтсон байна. 2025 оны IV улирлын байдлаар ЗГ-ын дотоод үнэт цаасанд 50 тэрбум төгрөгийн арилжаа хийгдээд байна. Энэ улиралд арилжаалагдсан ЗГ-ын дотоод бондын 72.7 хувийг монгол болон гадаад иргэд эзэмшиж байгаа бол 27 хувь нь дотоодын ААН-үүдийн эзэмшилд байгаа аж.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Хүүгийн маргаан
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын асуудлаарх нээлттэй сонсгол өнөөдрөөр өндөрлөнө. Оюутолгойн гэрээнд зээлийн хүүг тухайн үеийн олон улсын зах зээлийн дундаж хүүгээс 3-6 нэгж хувиар өндөр тогтоосон гэж Хянан шалгах түр хорооны шинжээчид дүгнэж байна.

2009 онд анх хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулахад зээлийн хүүг USCPI+9.9 хувиар тогтоосон бол 2011 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа LIBOR+6.5 хувь болгожээ. Харин 2023 оноос хойш SOFR+6.5 хувиар тооцогдож байгаа аж.
Зээлийн хүү нь 2024 оны жилийн дунджаар 11.3 хувьтай байгааг шинжээч мэдээллээ. Харин Оюу Толгой ХХК-ийн зүгээс зээлийн бодит хүү 2022 оноос өмнө дунджаар 7.2 хувь байсан ч хөвөгч хүүгээс шалтгаалан сүүлийн гурван жилд 10 хувиас дээш гарсан гэж тайлбарлав.
ОТ ХХК 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Rio Tinto-оос 10.1 тэрбум ам.долларын зээлийг LIBOR+6.5 хувийн хүүтэй, ногдол ашгаас эргэн төлөх нөхцөлтэй авчээ. 2024 оны эцсийн байдлаар зээлийн үлдэгдэл 11.3 тэрбум ам.доллар, үүнээс хуримтлагдсан хүү 5.2 тэрбум ам.доллар байна.
Зээлийн хүүг өдрөөр тооцвол 2024 онд өдөрт 10.4 тэрбум төгрөг, 2025 онд 13.2 тэрбум төгрөг, харин 2026 онд 14.6 тэрбум төгрөг хуримтлагдахаар байна.
Одоогийн хүүгээр 2037 он хүртэл төлөх нөхцөлд нийт хүү 19.1 тэрбум ам.доллар болно. Харин 2025 оныг хүртэл төлсөн зургаан тэрбум ам.долларыг нэмж тооцвол нийт 10.1 тэрбум ам.долларын өрийг 31 тэрбум ам.доллар болгож төлөх тооцоололтойг шинжээч танилцуулав.
Зам зуур

Хэт барууны намуудын авах дэмжлэг нэмэгдсэнээр Европын орнуудын эрх баригчдад цагаачлалд хатуу хяналт тавих шахалт ихээр ирж буй. Тэгвэл Швейцар улс энэ чиглэлийн арга хэмжээг шинэ түвшинд гаргаж, хүн амынхаа тоонд дээд хязгаар тогтоох эсэхийг санал хураалтаар шийдэхээр төлөвлөжээ.
Уг санаачилга хэрэгжсэнээр Швейцар улс хүн амын тоо нь 10 сая хүрсэн тохиолдолд дүрвэгч, ур чадвартай ажилтан, өндөр цалинтай захирал гээд бүхий л ангиллын цагаачлалд нэгдсэн хориг тавих магадлалтай юм. Өдгөө тус улсын хүн ам 9 сая орчмоор хэмжигддэг.
Швейцарын иргэд ирэх онд дээрх санаачилгад саналаа өгч магадгүй бөгөөд урьдчилсан санал асуулгуудын үр дүнг харвал иргэдийн олонх нь дэмжих боломж бий аж. Тус улс үндсэн хуулийн өөрчлөлт, бодлогын томоохон шинэчлэлтийг бүх нийтийн санал хураалтаар шийддэг өвөрмөц тогтолцоотой.
Эцэст нь товчхон
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцлээ. Хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааг гаалийн тарифаас 4 нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлнө. Харин НӨАТ, онцгой албан татварт хамаарахгүй аж. Худалдааны хэлэлцээрийг гурван жилээр байгуулж, талууд өөрөөр тохиролцоогүй бол гэрээг сунгасанд тооцох юм.
ҮСХ: Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 11 дүгээр сард 116.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 15 хувиар өслөө.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан тус компанийн үйлдвэрлэсэн “Blue” нэртэй роботын хамт - III сарын 18

David Paul Morris/Bloomberg