- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/11
2025/12/11
Өглөөний мэнд. Импортын гаалийн татвараас төвлөрөх хөрөнгө буурснаас 2.9 их наяд төгрөгийн татварын орлого дутаж байна. ОТ-н сонсголыг даргалагч гэрчүүдэд ялгавартай хандаж байгааг Оюу Толгой ХХК шүүмжлэв. SpaceX ирэх онд IPO хийж, үнэлгээгээ 1.5 их наяд ам.долларт хүргэхээр төлөвлөж байна.

Аварга IPO айсуй
SpaceX компани хувьцаагаа нээлттэй санал болгож, 30 тэрбум ам.доллароос хамаагүй өндөр дүнтэй хөрөнгө татан төвлөрүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлснийг ойрын эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал Илон Маскийн компани 2019 онд Saudi Aramco-ийн тогтоосон дээд үзүүлэлтийг давж, бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй IPO-г хийхээр зэхэж буй аж. Саудын Арабын газрын тосны аварга компани IPO-оор 29 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж байсан юм. Түүнчлэн SpaceX зах зээлийн үнэлгээгээ 1.5 их наяд ам.доллар буюу Saudi Aramco-той ойролцоо түвшинд хүргэхээр зорьж байгааг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр SpaceX-ийн удирдлагууд болон зөвлөхүүд компаниа нээлттэй болгох ажлыг наанадаж 2026 оны дундуур, эсвэл сүүлээр хийхээр төлөвлөсөн байна. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж IPO-ийн тов өөрчлөгдөх боломжтой бөгөөд 2027 он руу хойшлогдож ч магадгүйг хэлжээ.
Тус компани нээлттэй зах зээл рүү ийнхүү яарахад Starlink хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээнийх нь эрчтэй өсөлт, үүрэн холбооны бизнест хүч үзэх амбиц нь түлхэц болж байна. Мөн компани сар, Ангараг гараг руу нисэх хөтөлбөртөө ашиглах “Starship” пуужингаа идэвхтэй хөгжүүлж байгаа юм.
2025 онд SpaceX 15 орчим тэрбум ам.долларын орлоготой ажиллах бол 2026 онд орлого нь 22-24 тэрбумын хооронд хэмжигдэх төлөвтэйг эх сурвалж мөн мэдээлсэн байна. Борлуулалтын орлогынх нь дийлэнх хувийг Starlink бүрдүүлэхээр байгаа аж.
IPO-оор татан төвлөрүүлсэн санхүүжилтээ тус компани сансарт байршилтай дата төвүүд, тэдгээрт шаардагдах чипүүдийн худалдан авалт зэрэгт зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Дараагийн дөрвөн жилд тооцоолон бодох хүчин чадлыг тэлэх хамгийн хурдтай арга зам нь сансарт дата төвүүд байршуулах явдал болохыг Илон Маск сүүлд болсон арга хэмжээний үеэр хэлж байв.
Анхаарлын төвд
Оныг тарчиг үднэ. Импортын гаалийн татвараас төвлөрөх хөрөнгө буурснаас 2.9 их наяд төгрөгийн татварын орлого дутаж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Мөн нүүрсний үнэ 50 хувиар буурсан нь орлого буурахад нөлөөлж буйг онцлоод уул уурхайн салбарын хэд хэдэн төрлийн татварын өр нэлээд хуримтлагдсан байгааг тодотгов. Тиймээс уул уурхайн салбарт үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлөлт, татвар бууруулдаг асуудлыг цаашид зогсоох, хязгаарлах санал боловсруулахаар төлөвлөжээ. Мөн иргэд, ААН-үүдэд дарамт өгөлгүйгээр өр барагдуулах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бол Татварын хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээг шат дараатайгаар авна гэж Сангийн сайд онцлов.
Сонсдоггүй сонсгол. Оюу Толгой ХХК Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголтой холбоотойгоор түр хорооны дарга О.Батнайрамдалд албан ёсны хүсэлт хүргүүлсэн байна. “Сонсголын эхний өдрийн үйл явцыг харахад тэнцвэртэй, дэгийн дүрэм журам тэгш үйлчилсэн, үнэн зөв, асуудлын голыг тогтооход зорьж байгаа гэж үзэхэд эргэлзээ төрж байна” гэж тус компани мэдэгдэлдээ дурджээ.

Тухайлбал гэрчүүдэд ялгавартай хандаж, зарим гэрчүүдэд хугацаа хэтрүүлэн ярих, сэдвээс хальсан тайлбар хийх боломж олгосон бол Оюу Толгой ХХК-ийн төлөөлөл болон гэрчүүдэд асуултад бүрэн хариулах ижил нөхцөл олгогдоогүй, хугацааг хязгаарласан гэж үзжээ. Мөн шинжээчийн дүгнэлтэд сонсголын явцад хариу тайлбар өгөх, тодруулга хийх боломж олгоогүйг тодотгосон байна.
Хомсдол 26 оноос. 2026 он хүртэл зэсийн үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй гэж BNEF-ийн шинжээчид үзэж байна. Харин зэсийн нийлүүлэлтийн хомсдол 2026 оноос бодитоор эхлэхийг онцолжээ. Томоохон уурхайнуудын үйл ажиллагааны тасалдал, геополитикийн эрсдэлүүд, мөн насжилт өндөртэй уурхайнуудын гарц буурч байгаа зэрэг нь нийлүүлэлтийн хомсдолд голлон нөлөөлөхөөр байгаа аж. Үүнээс гадна дэлхийн томоохон Төв банкнууд мөнгөний зөөлөн бодлого баримтлах төлөвтэй байгаа нь зэсийн хэрэглээ өндөртэй салбаруудын эрэлтийг дэмжинэ гэж үзжээ.
Лондоны металлын биржид зэсийн ханш дээд түвшнээсээ бага зэрэг суларч, лхагва гарагийн арилжаагаар тонн нь 11,487 ам.доллароор арилжаалагдаж байна.
Эсрэг тэсрэг инфляц. 11 дүгээр сард улсын инфляц 8.2 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс 1 орчим нэгж хувиар өндөр түвшинд хадгалагдав. Сарын инфляцын 3.1 нэгж хувийг хүнсний бараа, ус ундааны бүлэг, 2.4 нэгж хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлжээ. 2026 оны II хагас хүртэл инфляц төв банкны зорилтот түвшин рүү орохгүй төлөвтэй тул Монголбанк бодлогын хүүгээ бууруулах тэр хүртэл хомс байгааг BMI онцолж байв. Үүнээс гадна БНХАУ-ын инфляц 11 дүгээр сард 0.7 хувьтай гарч, хэрэглээний үнийн өсөлт нь сүүлийн жил гаруйн хугацааны хамгийн өндөр дүнгээр эрчимжсэн мэдээтэй.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Apple-ийг бүү дутуу үнэл
Оны эхээр Apple компани хиймэл оюуны дорвитой стратегигүйн улмаас ихээхэн шүүмжлэлд өртөж, хувьцааны ханш нь тааруу үзүүлэлттэй байв. Харин зах зээлд хиймэл оюуны компаниудын үнийн хөөсрөлт болон хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой болгоомжлол нэмэгдэж эхэлсэн нь эцсийн бүтээгдэхүүнээс ашиг хүртэхийг зорьж буй Apple-д давуу тал болж хувирсан байна.

Энэ оны эхний хагас жилд Apple-ийн хувьцааны ханш 18 хувиар унаж, “Гайхамшигт 7”-ийн индексүүдэд сүүлээсээ хоёрдугаарт бичигдэхээр тааруу үзүүлэлттэй байсан юм.
Харин жилийн хоёрдугаар хагасаас буюу зургаадугаар сараас хойш хувьцааны ханш нь 35 хувиар эрчимжиж, хиймэл оюуны гол тоглогчид болох Meta, Microsoft, Nvidia-ийг хол зөрүүтэй илүүрхэж эхлээд байна.
Одоогоор Apple-ийн зах зээлийн үнэлгээ 4.1 их наяд ам.доллар хүрээд буй нь S&P 500-д Nvidia-ийн араас гол жин дарах үзүүлэлт. Эдгээр өөрчлөлт технологийн томоохон компаниудын хиймэл оюунд зарцуулж буй асар өндөр зардалд эргэлзэж буйн илрэл болж байна.
Apple-ийн өсөлтийн нэг сөрөг тал нь ирэх 12 сарын ашгийн төсөөлөлд суурилсан ханш, ашгийн харьцаа нь 33 хүрч, дундаж түвшин болох 19-өөс нэлээд өндөр гарчээ.
Зам зуур

Тэрбумтан, сайн үйлстэн Маккензи Скотт энэ онд хамгийн их буюу 7.2 тэрбум ам.долларын хөрөнгөө хандивласнаа мэдээлжээ. 2019 онд Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулсан тэрбээр сүүлийн тав гаруй жилийн хугацаанд нийт 26 тэрбум ам.долларыг буяны үйлст зарцуулсан нь энэ аж.
Энэ онд тэрбээр их сургуулиуд, байгаль орчны төлөөх ашгийн бус байгууллагууд зэргээс бүрдсэн дэлхий даяарх 186 байгууллагад хандив өргөсөн байна. Сүүлийн байдлаар Маккензи Скоттын хөрөнгө бараг 40 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Эцэст нь товчхон
ХААН Банк орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлд Азийн Хөгжлийн Банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт татсанаа мэдээллээ. Энэхүү санхүүжилт нь АХБ-наас Монгол Улсын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчидтой уулзаж, дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргалаа. Энэ хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн талаар дараах арга хэмжээг 12 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө авч хэрэгжүүлэхээр болов.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Японы Йокохамагийн боомтод буусан Tesla-ийн автомашинууд - II сарын 6

Toru Hanai/Bloomberg