- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/09
2025/12/09
Өглөөний мэнд. БНХАУ-д коксжих нүүрсний үнэ 2026 онд 1-3 хувиар буурах төсөөллийг Bloomberg Intelligence-ийн шинжээчид танилцууллаа. Оюутолгойн нээлттэй сонсголын эхний өдөр Онтрэ ХХК-ийн лиценз эзэмшил, шилжүүлэлтийн асуудлыг хөндөв. Netflix компани Warner Bros.-ийг худалдан авах хэлцэл монополын асуудал үүсгэж болзошгүйг Дональд Трамп анхааруулав.

Нүүрсний өнгө 2026 онд
Энэ онд хэсэг хугацаанд V хэлбэрийн огцом өсөлт үзүүлээд байсан коксжих нүүрсний үнэ 2026 онд 1-3 хувиар буурах төлөвтэй гэсэн төсөөллийг Bloomberg Intelligence-ийн шинжээчид танилцууллаа. БНХАУ-ын орон сууцны зах зээлийн удаашрал үргэлжилж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татруу байх нь ган, гангийн бүтээгдэхүүний эрэлтийг сулруулж, цаашлаад коксжих нүүрс болон коксны үнэд дарамт болно гэж BI-ийн шинжээч Ортис Фань, Мишель Люн нар үзсэн байна.

Түүнчлэн Хятадын зохицуулагч байгууллагууд нийлүүлэлтийн илүүдэл, хямд үнийн өрсөлдөөнийг хязгаарлах “анти-инволюц”-ын бодлого хэрэгжүүлж эхэлснээр гангийн үйлдвэрүүд зөюхөн шаардлагатай үед түүхий эд худалдан авч, татан авалт болон агуулахын нөөцөө нарийн хянах болсон байна.
Өргөн хүрээндээ Хятадын эдийн засгийн гол хөдөлгүүр нь бүтээн байгуулалтаас нэмүү өртөг өндөртэй үйлдвэрлэл, ногоон технологи руу шилжиж буйг даган гангийн зах зээлд хэрэглээ оргил цэгтээ хүрч, бууралтын үе шат руу орсныг онцолж байна. Гэхдээ энэхүү шилжилтийн үр дүнд бага хэмжээгээр үйлдвэрлэдэг, өндөр чанарын гангийн эрэлт нэмэгдэх учиртай аж. Тус улсын гангийн эцсийн бүтээгдэхүүний эрэлт 2026 онд 1 хувиар буурч, 878 сая тонн болно гэж таамаглажээ.
Үүнээс гадна Хятадын дотоодын олборлогчдын коксжих нүүрсний нийлүүлэлт 2022-24 онд дунджаар 485 сая тонн байсан бол 2026 онд ялимгүй буурч 460 сая тонн байхаар байна. Мөн 2024 онд түүхэн дээд түвшиндээ хүрч байсан коксжих нүүрсний импорт нь 2025 оны бүтэн жилийн дүнгээр 5 орчим хувиар буурах төлөвтэй. Гангийн зах зээлийн базаахгүй төлөв хадгалагдсанаар 2026 онд ч импорт үргэлжлэн буурах магадлалтай гэж таамагласан байна.
Монгол, Орос хүчээ авна
Монгол Улс, ОХУ нь 2026 онд БНХАУ-ын коксжих нүүрсний топ хоёр нийлүүлэгч байж, Австралиас хол тасарна гэж BI-ийн шинжээчид таамаглажээ. Төмөр замын дэд бүтэц сайжирч, тээвэрлэлтийн өртөг буурсан нь Монголд бүтцийн давуу тал олгох бол ОХУ-д Хятадтай геополитикийн хувьд дотно харилцаатай нь ашигтай тусахаар байна.

2025 оны эхний есөн сарын байдлаар эдгээр хоёр түнш улс нь БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 80 шахам хувийг бүрдүүлжээ. Харин Австралийн далайгаар тээвэрлэх коксжих нүүрсний импорт тээвэрлэлтийн өндөр зардал, үнийн савлагаанаас шалтгаалж ердөө 6 хувийг нь эзэлсэн байна.
Анхаарлын төвд
Дэнслэх сонсгол. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголын эхний өдөр өндөрлөв. Төслийн ТЭЗҮ-ийг гаргалгүйгээр үйл ажиллагаа явуулсан, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд Онтрэ ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрлийг багтаагаагүй зэрэг нь эхний өдрийн гол сэдвүүд байв. Шинжээчийн дүгнэлтээр Онтрэ ХХК-ийн эзэмшилд буй тусгай зөвшөөрлүүдийн Монголын талд ногдох хэмжээ 6.8 хувь нь байгаа нь үндсэн хуульд нийцэхгүй байна гэжээ. Мөн Оюу Толгой ХХК нь тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулах хүсэлт гаргах эрх зүйн боломж нээлттэй гэж үзлээ.
Хүүгийн бууралт мөдгүй. Монголбанк ирэх оны хоёрдугаар хагас хүртэл бодлогын хүүгээ бууруулахгүй гэж FitchSolutions-ийн судалгааны нэгж BMI таамаглалаа. 2025 оны дийлэнх хугацаанд бодлогын хүүгээ 12 хувьд барьсан Монголбанк инфляцын тогтвортой өндөр түвшин, төгрөгийн ханшийн сулралаас шалтгаалж мөнгөний бодлогоо зөөлрүүлэх орон зай маш бага байгааг онцолжээ. Инфляц аравдугаар сард 9.2 хувьтай гарч, хоёрдугаар сараас хойших дээд түвшиндээ хүрсэн нь хүнсний үнийн өсөлт, мөн төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалсан импортын өндөр өртгөөр өдөөгдсөнийг онцолсон байна. Иймд 2026 оны хоёрдугаар хагас хүртэл Монголын инфляц төв банкны зорилтот түвшин рүү орохгүй төлөвтэй гэж BMI үзжээ.

Англи хэлний шалгалтад унав. Швейцарын олон улсын боловролын EF Education First байгууллагаас жил бүр гаргадаг англи хэлний мэдлэгийн индекст Монгол Улс 2025 онд 447 оноо авч, "very low" буюу хамгийн доод түвшинд багтжээ. Тус байгууллага дэлхийн 123 орны 2.2 сая орчим иргэдийг шалгалтад хамруулж, англи хэлний унших, сонсох, ярих, бичих ур чадварыг нь дүгнэсэн байна. Өнгөрсөн оны индекст 464 оноотойгоор 84 дүгээрт бичигдэж байсан Монгол Улсын оноо энэ онд 17-гоор буурч, 123 орноос 95 дугаарт бичигдэх болжээ. 2016-2022 оны хооронд Монгол Улс уг индекст тасралтгүй байр ахисан ч түүнээс хойш гурван жил дараалан буурсан аж.
Доргиох хэлцэл. Netflix компани 72 тэрбум ам.долларын дүнгээр Warner Bros. Discovery компанийг худалдан авах төлөвлөгөө нь монополын асуудал үүсгэж болзошгүйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхаарууллаа. "Энэ бол хэрэгжих ёстой процесс. Юу болохыг нь харна даа. Гэхдээ зах зээлд эзлэх хувь хэт их болохоор байгаа нь асуудал дагуулж магадгүй" хэмээн тэрбээр ням гарагт Вашингтоны "Kennedy Center"-т болсон арга хэмжээний үеэр ярьсан байна.
Хэлцэл амжилттай болсноор дэлхийн №1 стриминг платформ "Netflix" тус зах зээлийн дөрөв дэх том платформ болох "HBO Max"-тай нэгдэх юм. Хэлцлийн үр дүнд бий болох хуулийн этгээдийн зах зээлд эзлэх хувь нь хуульд заасан 30 хувийн хязгаараас хангалттай давах учир АНУ-ын Хууль зүйн яамны Монополын эсрэг хэлтсийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Өөдөө чиглэлтэй зэс
Нийлүүлэлтийн хомсдол үүсэх болгоомжлолоос үүдэн даваа гарагт зэсийн үнэ 1 орчим хувиар өсөж, тонн нь 11,735 ам.доллар буюу бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ.

БНХАУ мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэхээ танилцуулснаас гадна гадаад худалдааны ашиг нь 1 их наяд ам.доллар хүрснийг мэдээлсэн юм. Зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч тус улсын эдийн засаг тогтворжих нь эрэлт нэмэгдэх хүлээлт үүсгэж байна.
Мөн хиймэл оюуны дата төвүүдийн эрэлт нэмэгдэх, цэвэр эрчим хүчний төслүүдийн хэрэгцээг хангах хэрэгцээ зэргээс үүдэн ирэх жилүүдэд зэсийн хомсдол үүсэж магадгүй гэж шинжээчид тодотгож байгаа.
2026 онд зах зээлд 450 мянган тонн зэсийн хомсдол үүсэж магадгүй гэж Citiс Securities-ийн шинжээчид үзсэн. Мөн ирэх оны хоёрдугаар улиралд тонн нь 13 мянган ам.доллар хүрэх төлөвтэйг Citigroup-ийн шинжээчид тооцоолжээ.
Энэ он гарсаар зэсийн ханш Лондоны Металлын биржид 30 гаруй хувиар өсөөд байна.
Зам зуур

SpaceX компани “Starlink Mobile”-ийг барааны тэмдэгтээр бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Илон Маскийн компани хурдацтай тэлж буй хиймэл дагуулын сүлжээндээ түшиглэн үүрэн холбооны оператор компани байгуулахаар зорьж буйн дохио энэ боллоо.
АНУ-ын Патент, барааны тэмдэгтийн газрын мэдээлснээр SpaceX хүсэлтээ өнгөрсөн аравдугаар сарын 16-нд гаргасан бөгөөд одоогоор шинжээчийн дүгнэлтийг хүлээж байгаа аж.
SpaceX-ийн Starlink дэлхийн тойрог зам дахь олон мянган хиймэл дагуулаар өндөр хурдтай интернэтийн үйлчилгээ үзүүлж, толгой компанийнхаа зах зээлийн үнэлгээ хурдацтай өсөхөд түлхэц болж буй. Bloomberg-ийн мэдээлснээр SpaceX ирэх оны сүүлээр IPO хийж магадгүй аж.
Эцэст нь товчхон
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр гурван жилийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн гэрээг уих-д өргөн барихад бэлэн болсныг тодотгосон.
Онцлох зураг
Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:
Капитолын ордны бөмбөгөр танхимыг үзэж буй зочид - VII сарын 3

Eric Lee/Bloomberg