2025/12/10

Өглөөний мэнд. Экспортын орлоготой нь харьцуулбал гадаад зээлд хамгийн өндөр хүү төлдөг топ 5 орны нэг нь Монгол байна. TMK Energy-ийн “Гурвантэс XXXV” төслөөсөө олборлосон метан хийн хэмжээ XI сард дээд түвшнээ дахин шинэчилжээ. ЕЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр батлагдахын өмнө Монгол Улсын өндөгний импорт 22.7 хувиар өсөөд байна.

Өрийн эргүүлэгт

Хөгжиж буй орнуудын гадаад өрийн эргэн төлөлт болон шинээр авах санхүүжилтийн зөрүү 2022-24 оны хооронд 741 тэрбум ам.доллароор тэлж, дор хаяж сүүлийн 50 жилийн дээд хэмжээндээ хүрснийг Дэлхийн Банк мэдээллээ.

Тэдгээр орнуудад зээлийн дундаж хүү 2008-2009 оны санхүүгийн хямралын өмнөх түвшинд дөхөж өсөөд байгаатай зэрэгцэн үндсэн төлбөр, хүүг багтаасан нийт төлөлтийн дүн нь огцом нэмэгдэж буйг Дэлхийн Банк өнгөрсөн долоо хоногт гаргасан Олон улсын өрийн судалгааны тайландаа онцолжээ. Тус банкны тооцоолсноор хөгжиж буй орнуудын гадаад өрийн нийт хэмжээ өнгөрсөн онд түүхэн дээд буюу 8.9 их наяд ам.доллар болсон байна.

Зээлд төлөх дүн ийнхүү нэмэгдэж байгаа нь улс орнууд эрүүл мэнд, боловсролын салбартаа зарцуулах нөөцөө танахад хүргэж буйг Дэлхийн Банк анхааруулжээ. Тэр дундаа гадаад өр экпортын орлогынх нь 200-аас дээш хувийг эзэлж буй орнуудад хүн амын талаас дээш хувь нь урт хугацааны эрүүл амьдралд нэн шаардлагатай шим тэжээл бүхий өдөр тутмын хоол хүнс худалдан авахад бэрхшээлтэй тулгарч байна гэж үзжээ.

Тэргүүлэгчдийн эгнээнд Монгол

2024 оны байдлаар гадаад өрийн хүүгийн төлөлтийн экспортын орлогод эзлэх харьцаа дэлхийд хамгийн өндөрт тооцогдох 5 орны тоонд Монгол Улс Мозамбик, Сенегал, Египет, Колумби улсуудын хамт бичигдэж байна. Тодруулбал Монгол Улсын нийт гадаад өр 38 тэрбум ам.доллар байгаа нь нийт экспортын орлогын 225 хувьтай, үндэсний нийт орлогын 182 хувьтай тэнцэж байна. Харин өрийн үйлчилгээний зардал экспортын орлогын 32 хувийг эзэлж буйг Дэлхийн Банкны судалгаа харууллаа.

“Түр амсхийх орон зай гарсан энэ үеийг бодлого тодорхойлогчид гарамгай ашиглаж, гадаад өрийн зах зээл рүү яарахын оронд дотоодын төсөв санхүүгийн байдлаа засах хэрэгтэй” хэмээн Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Индермит Гилл онцолжээ.

Судалгааны тайланд дурдсанаар бага орлоготой улсуудын тэн хагас нь өрийн дистресст орох өндөр эрсдэлтэй, эсвэл хэдийнээ орсон байгаа аж. “Засгийн газрын өрийн бүтцийг цаг тухайд нь, уялдаа зохицуулалттайгаар өөрчлөн шийдвэрлэх нь бодлогын тэргүүний арга хэмжээ байх ёстой” хэмээн тайланд анхааруулсан байна.

Анхаарлын төвд

Өндөгний татвар ба импорт. Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар хэлэлцэж буй. Хэлэлцээр батлагдсанаар 90 сая ширхэг хүртэлх өндөгний импортод татварыг 50 хувь хөнгөлж, 7.5 хувийн татвар ногдуулах юм. ГЕГ-ын статистик мэдээллээр Монгол Улс оны эхний 11 сард 111.6 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин 50 мянган тонны квот тогтоож, 3.75 хувийн татвар ногдуулахаар байгаа улаанбуудайн импорт өмнөх оны мөн үеэс 65.5 хувиар буурсан байна.

“Азтай үнэг”. TMK Energy компани Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийнх нь хийн гарц дээд цэгээ дахин шинэчлэн тогтоосныг зарлав. 11 дүгээр сард компани өдөрт дунджаар 466 м.куб хий олборлосон нь өмнөх сараасаа 18 хувиар дээгүүр үзүүлэлт болжээ. Түүнчлэн 11 дүгээр сарын 14-нд өдрийн дүнгээр хамгийн их буюу 527 м.куб хий олборлосон байна.

Компани “Lucky Fox” цооногуудаасаа арилжааны зорилгоор хий олборлохын тулд цооногийн усны даралтыг хангалттай түвшинд бууруулах шаардлагатай байгаа. Шавхсан усны хэмжээ аравдугаар сарынхтай ижил түвшинд байж, өдөрт дунджаар 493 баррель ус шавхсанаа мэдээлжээ. Түүнчлэн 2025 оны хайгуулын хөтөлбөрөө өндөрлүүлж, цуглуулсан шинэ датануудаа геологийн моделиудад ашиглаж эхэлснээ онцолжээ.

ҮЦК-иуд хамгийн ашигтай жилээ үдэх төлөвтэй. Санхүүгийн зохицуулах хорооны III улирлын зах зээлийн тоймд үнэт цаасны компаниуд 23.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар өссөн үзүүлэлт болж буй бөгөөд сүүлийн хоёр жилд 15 дахин өссөн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дэх үнэт цаас гаргалт эрчимжиж, ҮЦК-иудын ашигт ажиллагаа эрс нэмэгдсэн юм. Ингэснээр орлогын хамгийн том хэсгийг бүрдүүлдэг брокерын үйл ажиллагаа нэлээд тэлжээ. Тухайлбал нийт үнэт цаасны арилжааны дүн 2022 онтой харьцуулахад 2.5 дахин нэмэгдэж, энэ оны эхний гурван улирлын байдлаар 847.8 тэрбум төгрөг хүрсэн байна.

Трампын ивээл. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Nvidia компанид H200 хиймэл оюуны чипээ БНХАУ-д нийлүүлэх зөвшөөрөл олголоо. Ингэхдээ АНУ-ын Засгийн газарт БНХАУ-д нийлүүлсэн чипээс 25 хувийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна. Гэхдээ H200 чипийг зөвхөн "баталгаатай харилцагчдад" нийлүүлэх бөгөөд Intel, AMD зэрэг компаниуд ч мөн энэхүү тохиролцооны хүрээнд БНХАУ-д чип нийлүүлэх боломжтой гэж Д.Трамп онцолжээ. Харин Nvidia-ийн илүү дэвшилтэт AI чипүүд болох “Blackwell” болон “Rubin”-ийг Хятадад нийлүүлэх зөвшөөрөл олгоогүй аж.

Дийлдэхгүй түрээс. Улаанбаатар хотын орлого багатай өрхүүдийн хувьд түрээсийн орон сууцны үнэ өрхийн орлогоос 250 орчим хувиар өндөр байгааг Барилга.МН-ийн шинэ тайланд дурдсан байна. Судалгаанд Хан-Уул дүүрэгт түрээсийн орон сууцны үнэ хамгийн өндөр буюу дунджаар 3.18 сая төгрөг, харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 1.48 сая төгрөг байгааг тооцоолжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Үргэлжлүүлэн өгсөх жил

Хөгжиж буй орнуудын эдийн засаг сэргэж, Засгийн газруудынх нь бондын эрсдэл буурсан тул хөрөнгийн зах зээл нь ирэх онд ч өсөлтөө хадгална гэж шинжээчид үзэж байна.

  • Өндөр өсөлттэй бүс нутгуудад төвлөрдөг Asia Frontier Capital компани Шри Ланка, Бангладешийн Хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй хувьцаануудаас худалдан авч эхэлсэн аж. Мөн Аргентин, Гана, Эквадор зэрэг улсын бондын өгөөж ирэх онд өсөх боломжтой гэж Aberdeen Group-ийн шинжээчид таамаглаж байна.

  • Өрийн дарамтад орж байсан эдгээр улс санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулснаас гадна худалдааны дайн, геополитикийн эрсдэлээс хол байгаа тул хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон юм.

  • “MSCI Frontier Markets Index” энэ онд ам.долларын дүнгээр 43 хувиар өссөн нь 2005 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн “FTSE Frontier Emerging Markets Government Bond Index” 12 хувиар өссөнөөр дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа юм.

Зам зуур

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргаснаа мэдээллээ. Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд Чингис хааны хөрөг, ар талд Ардын хувьсгалын "Анхны долоо" болон Монгол орны газрын зургийг зохиомжлон оруулжээ.

Гүйлгээнд хүчин төгөлдөр бус энэхүү дурсгалын мөнгөн тэмдэгтийг Монголбанкны веб сайтаар дамжуулан худалдан авах боломжтой аж. Үүнээс гадна төв банк 5 төрлийн хамгаалалтын элементтэй, нано-фольго технологиор бүтээгдсэн “Төгрөг-100 жил” марк танилцуулж, худалдаанд гаргажээ.

Эцэст нь товчхон

НЗДТГ: “Нэгдүгээр тойрог зам” төслийн санхүүжилтийн 15 хувь буюу 492 тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол нэгдлээс гаргахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн нийт зардал 3.2 их наяд төгрөг бөгөөд анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө гэж тооцоолжээ.

АХБ: Улаанбаатар хотод тусгай замын автобусны системийг байгуулахад Азийн Хөгжлийн Банк 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор баталлаа. Төслийн хүрээнд “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт хөтөлбөр” буюу IF-CAP хөтөлбөрөөс мөн 500,000 ам.долларын буцалтгүй тусламж олгох аж.

УИХ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын төслийн хүрээнд хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ буюу УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолд хяналт шалгалт хийх түр хороо байгуулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ. Хил холболтын төслийн гурван цогц гэрээний хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК БНХАУ-ын China Energy-д 16 жилийн хугацаанд нийт 240 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн юм.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Бэлчээрийн цасгүй хэсэгт идээшилж буй хонин сүрэг - Йоркшир, Их Британи, I сарын 3

Dominic Lipinski/Bloomberg