2025/12/08

Өглөөний мэнд. “Оюутолгой” төслийн олборлолт эрчимжсэнээр Rio Tinto 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төсөөллөө дээшлүүллээ. Мөн 300 гаруй гэрч оролцох Оюутолгойн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэлж байна. 2025 он гарсаар Монголд зочилсон жуулчдын тоо 810 мянга давж, түүхэн дээд үзүүлэлтийг эвдлээ.

Бүх нүд ОТ дээр

“Оюутолгой” төслийн зэс, алтны уурхайн үйл ажиллагаа эрчимжсэнээр Rio Tinto компани 2025 онд зэсийн үйлдвэрлэлийн төлөвөө нэмэгдүүллээ.

Оюутолгойн зэсийн уурхайн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу энэ онд 50 хувиар, ирэх онд 15 хувиар өсөхөөр байгааг онцолжээ. Ингэснээр тус компани зэсийн нийт үйлдвэрлэлээ 2025 онд 860-875 мянган тонн хүргэнэ гэж үзжээ. Өмнөх төсөөллөөр компани энэ онд 780-850 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж үзэж байсан юм.

Гэхдээ 2026 онд үйлдвэрлэх зэсийн хэмжээ нь энэ оныхоос бага буюу 800-870 мянган тонн байх төсөөлөл танилцуулсан нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгож, улмаар Rio Tinto-ийн Лондон, Австралид бүртгэлтэй хувьцааны ханш баасан гарагт ихээхэн савлалаа.

Rio Tinto-ийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт ирэх жилүүдэд компанийнхаа үйл ажиллагааг оновчлохын тулд стратегийн томоохон шилжилт хийхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд зардлаа танаж, шаардлагагүй гэж үзсэн хөрөнгүүдээ зарахын сацуу төмрийн хүдэр болон зэсийн бизнестээ голчлон анхаарахаа мэдэгдсэн юм.

Сүүлийн өдрүүдэд Лондоны хөрөнгийн биржид эрэлт нэмэгдсэнээр зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ хүрч, тонн нь 11,400 ам.доллар даваад байгаа. Хиймэл оюун, эрчим хүчний шилжилтийн эрэлт цаашид зэсийн эрэлтийг дэмжиж, ирэх оны хоёрдугаар улиралд тонн нь 13 мянган ам.доллар хүрэх төлөвтэйг Citigroup-ийн шинжээчид тооцоолжээ.

Чухал өдрүүд эхэлнэ

Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 12 хүртэл зохион байгуулагдах гэж байна. 300 хүн гэрчээр оролцох уг сонсголоор Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны биелэлтийг дэнслэх юм.

Үүнээс гадна Засгийн газар Оюутолгой төслийн зээлийн хүүг одоо байгаа 11 хувиас 6 хувь болгон бууруулахаар Rio Tinto компанитай хэлэлцээр хийж буй. Хөрөнгө оруулагч талын эхний санал ЗГ-ын зорьж буй хэмжээнд хараахан хүрэхгүй байгааг ЗГХЭГ-ын дарга мэдээлсэн.

Сонсголыг өнөөдөр болон лхагва, баасан гарагуудад Bloomberg TV Mongolia-аар шууд хүлээн авч үзээрэй.

Анхаарлын төвд

Зэс vs Нүүрс. Энэ оны эхний 11 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 850 сая орчим ам.доллароор буурсан ч импортын дүнгээс 3.5 тэрбум ам.доллароор давж, худалдааны тэнцэл эерэг гарлаа. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс зэсийн баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 72.5 хувиар өсөж, 5 тэрбум ам.доллар хүрчээ. Ингэснээр I-XI сард экспортолсон нийт 73.8 сая тонн чулуун нүүрсний орлогыг давсан дүн болж байна.

Жуулчдын рекорд. 12 дугаар сарын 2-ны байдлаар Монгол Улсын хүлээн авсан гадаадын нийт жуулчдын тоо 810,389-т хүрснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ. Энэ нь 2024 оны бүтэн жилийн үзүүлэлтийг даваад зогсохгүй түүхэн дээд амжилт шинэчлэн тогтоосон үзүүлэлт болж байна. Өнгөрсөн онд Монгол Улс нийт 808,956 жуулчин хүлээн авч байжээ.

2025 оны эхний 10 сард хүлээн авсан жуулчдын тоо 743 мянгад хүрээд байсан бол зөвхөн 11 дүгээр сард 67 мянга орчим жуулчин Монголд ирсэн байна. Харьцуулбал өмнөх оны 11 дүгээр сард 40.6 мянган жуулчин улсын хилээр орсныг ҮСХ-ны тоо баримт харуулж байна. Өнгөрсөн сард гарсан Netflix-ийн хит шоу "Physical: Asia"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, эцсийн шатанд үлдсэн нь олон улсад томоохон сурталчилгаа болж, цахим орчны хэлэлцүүлгүүдэд Монголд аялах сонирхлоо илэрхийлж буй гадаадын иргэдийн тоо эрс нэмэгдсэн юм.

Цойлсон төсөв. 2026 оны нийслэлийн төсвийн нийт орлогыг 2.07 их наяд төгрөг, зарлагыг 5.8 их наяд төгрөг байхаар баталлаа. Энэ дундаа төсвийн орлогын бараг 60 хувийг буюу 1.2 их наяд төгрөгийг ААНОАТ-аас төвлөрүүлэхээр байгаа нь 2025 оноос 30 хувиар өндөр дүн болж байна. Харин 5.8 их наяд төгрөгийн зардлын 1.4 их наядыг Нийслэлийн Засаг даргын урсгал зардал эзэлжээ.

Мөн дамжуулан зээлийн буюу бондын үндсэн болон хүүгийн төлбөрт 100.3 тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 408.4 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан. Хамгийн хүлээлт өндөртэй мега төсөл болох “Туул” хурдны замын үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Netflix-ийн драм. Netflix компани Холливудын хамгийн том кино компаниудын нэг Warner Bros. Discovery-ийг 72 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл хаалаа. Ингэснээр дэлхийн дөрөв дэх том стриминг платформ “HBO Max”, “Game Of Thrones”, “Friends” тэргүүтэй алдарт бүтээлүүд болон “DC Universe” комик дүрүүдийн франчайз Netflix-тэй нэгдэж, видео контентын зах зээл эрс өөрчлөгдөнө гэсэн үг юм. Иймд Netflix зах зээлд хэт хүчтэй болж, хууль бусаар давуу тал олж аваагүй гэдгээ олон улсын монополын эсрэг зохицуулагч байгууллагуудад итгүүлэх шаардлагатай болж байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTV+ аппликэйшнийг та ЭНД дарж татаж аваарай.

Гүн рүү: Эрчээ алдана

Энэ онд өргөн хэрэглээний үнийн индекс үргэлжлэн нэмэгдэж буй суурь инфляц саарч байна. 2025 оны аравдугаар сарын эцэст улсын хэмжээнд ерөнхий ХҮИ-ийн өсөлт 9.2 хувьтай байгаа бол өндөр савлагаатай хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляцын түвшин буурч байна.

  • Хүнсний барааны үнийн өсөлтөөс шалтгаалан ерөнхий инфляцын түвшин сүүлийн гурван сар дараалан өсөөд байгаа юм. Харин суурь инфляц энэ оны I улирлаас хойш аажмаар буурч, аравдугаар сарын эцэст 7.6 хувьтай гарсныг Монголбанкны үзүүлэлт харуулж байна.

  • Төв банкнаас мөнгөний бодлогыг чангаруулснаас хойш зээл олголт болон өрхийн хэрэглээ саарч, эрэлт талаас мэдрэгдэх инфляцын дарамт багассан аж.

  • Түүнчлэн гадаад нөхцөл байдал харьцангуй тогтворжиж эхэлснээр цаашид суурь инфляц үргэлжлэн хөрөх төлөвтэй байгааг харуулж байна.

  • Харин баярын улиралд дотоод барааны үнэ өссөн чигтээ хэвээр хадгалагдаж, ерөнхий хэрэглээний үнийн индексийн өсөлт цаашид 9.3 хувь орчим байх төсөөллийг шинжээчид танилцуулаад байгаа юм.

Зам зуур

Тэйлор Свифт Трэвис Келситэй сүй тавихдаа ховор нандин, алмаазан гоёлтой алтан Cartier цаг зүүсэн байсан нь цагны хорхойтнуудын дунд жинхэнэ шуугиан тарьжээ.

Ийнхүү Cartier нь “Gen Z” үеийнхний хамгийн хүсэмжит брэнд болж, цагны зах зээлд шинэ давлагаа үүсгэв. Жижиг хэмжээтэй, гоёмсог хээнцэр загвартай цаг эргэн моодонд орох шилжилтийг Cartier түүчээлж, бүдүүн баараг спорт загварын цагны 10 жил үргэлжилсэн ноёрхолд цэг тавьжээ.

Ингэснээр тус брэндийн толгой групп, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний конгломерат Cie Financiere Richemont энэ онд Rolex зэрэг салбарын томоохон тоглогчдыг ардаа орхиод байна.

Цагны худалдааны платформ Chrono24-ийн мэдээллээр “Gen Z” хэрэглэгчдийн тус сайтаар худалдан авалт хийсэн дүнд Cartier-ийн эзлэх хувь 2018 оны 1.7 хувь байсан бол энэ оны эхний хагаст 6.8 хувь хүртэл өссөн байна. Бүх насны хэрэглэгчдийг харахад ч Cartier-ийн эзлэх хувь 2018 онд 2.9 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 5.4 хувьд хүрч нэмэгджээ.

Эцэст нь товчхон

Шунхлай ХХК-ийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 08-ны өдөр эхлүүлэхээр болсныг МХБ мэдээллээ. Үнэт цаасны танилцуулгаас харахад “Шунхлай-3” бондоор татан төвлөрүүлэх 50 тэрбум төгрөгөөр өмнөх бондуудын адил эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхээр төлөвлөснөө тодотгосон байна.

УИХ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Сүүлийн 4 жилийн мэдээллээс харвал нийт шийдвэрлэсэн иргэний хэргийн 10 орчим хувийг гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэжээ. Мөн жилд дунджаар 3-6 мянган иргэний хэргийг гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж байна.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Бээжинд болсон Дэлхийн хүн дүрст роботуудын наадмын гүйлтийн тэмцээнд оролцохоор “биеэ халааж” буй робот - VIII сарын 14

Qilai Shen/Bloomberg