2025/12/05

Powered by:

Өглөөний мэнд. ТОП-20 индексийн компаниуд 2025 он гарсаар 25 мянган шинэ хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Монгол Улс зэсийн баяжмалд дэлхийн жишгээс хоёр дахин өндөр АМНАТ тооцож буй нь хөрөнгө оруулагчдад таатай дохио биш. S&P 500-ийн шуургалсан өсөлт ирэх онд эрчээ алдана гэж Bank of America үзэж байна.

“Жижиг”-үүдийн хаан хэн бэ?

Хөрөнгийн зах зээлд шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулагчдын тоо энэ онд буураад байна. 11 дүгээр сарын эцсийн байдлаар жижиг хөрөнгө оруулагч буюу хувьцаат компанийн 5 хувиас бага хэсгийг эзэмшдэг 32 мянган шинэ хувьцаа эзэмшигч нэмэгдсэнийг ҮЦТХТ-ийн хувьцааны төвлөрлийн судалгаа харууллаа.

Тайлант хугацаанд арилжаанд оролцогчид дийлэнхдээ ТОП-20 индексэд багтдаг компаниудын хувьцааг худалдан авч, эдгээр компани цэвэр дүнгээр 25 мянган шинэ хувьцаа эзэмшигчидтэй болжээ.

Тэр дундаа Түмэн Шувуут ХК бараг 4000 шинэ хувьцаа эзэмшигчтэй болж, нийт хувь эзэмшигчдийн тоо нь 21 мянга давжээ. Ирэх оноос “Түмэн Шувуут 3” төслөө дуусгаж, үйлдвэрлэл нь нэмэгдэх хүлээлттэй тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 6 орчим хувиар буурсан хөдөлгөөнтэй.

Энэ оны эхэнд ерөнхийдөө хүнс үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өндөр эрэлттэй байж, хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байсан юм. Харин 11 дүгээр сарын эцэст санхүүгийн салбарын хувьцаанууд дээгүүрт бичигдэж байна. Тухайлбал Хас Банк ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшил 5-аас 8.8 хувь болж нэмэгдсэн бол Инновейшн Инвестмент ХК-ийн төвлөрөл нэмэгдэж, том хувьцаа эзэмшигчид компанийн 81 хувийг эзэмшиж эхэлсэн байна.

Анхаарлын төвд

Зэс гялалзав. Лондоны Металлын биржид зэсийн захиалга эрс нэмэгдсэнээр үнэ нь 3.4 хүртэлх хувиар өсөж, шинэ дээд түвшинд буюу тонн нь 11,500 ам.доллар хүрлээ. Үүнийг дагаад уул уурхайн компаниудын хувьцааны ханш ч өслөө. АНУ-ын тарифын бодлого нь хэдийнээ үүсээд буй зэсийн нийлүүлэлтийн хомсдолыг даамжруулж магадгүй гэх болгоомжлолыг нэмж байна. Лондоны Металлын биржийн зэсийн спот ханш энэ он гарсаар 30 гаруй хувиар өсөөд байгаа юм.

Дэлхийд байхгүй АМНАТ. Монгол Улс зэсийн баяжмалд дэлхийн жишгээс 2 дахин өндөр АМНАТ тооцож буй нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг сулруулж, Казахстан зэрэг ижил зах зээлтэй улсуудыг сонгоход хүргэж буйг салбарынхан тодотгож байна. Эрдэс бүтээгдэхүүнүүдээс зэсийн баяжмалд хамгийн өндөр буюу 21.6 хувийн АМНАТ-ийг Эрдэнэт Үйлдвэр төлдөг аж. Харин Оюутолгой хувь тогтворжуулах гэрээтэй учраас 5 хувийн АМНАТ төлдөг байна. Зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишгээр 7-8 хувь болгон бууруулбал Хармагтай, Цагаан суварга зэрэг томоохон төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэхийг салбарын сайд дурдаж байлаа.

Стратегийн өөрчлөлт. Rio Tinto Group-ийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт зардал танаж, хөрөнгүүдээ зарах замаар компанийнхаа үйл ажиллагааг оновчилж, төмрийн хүдэр болон зэсийн бизнестээ голчлон анхаарахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд шаардлагагүй гэж төсөл хөтөлбөрүүдээ зарж 10 тэрбум ам.долларын эх үүсвэр нээх, тэр дундаа литийн төслүүдээ цаашид тэлэхгүй байх шийдвэр гаргасан байна. “Бүх зүйлийг хийх гэж оролдвол юу ч бүтээж чадахгүй” хэмээн Тротт онцолжээ.

Ураны дайралт. БНХАУ атомын цахилгаан станцуудын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж буй энэ үед тус улсын цор ганц уран олборлогч China National Uranium компани Шэньжэний хөрөнгийн биржид IPO хийж, 570 сая ам.доллар татан төвлөрүүллээ. Лхагва гарагт хувьцаагаа арилжаалж эхэлсний ханш нь гурав дахин өссөн байна. Одоогоор БНХАУ баригдаж буй цөмийн реакторуудын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа. Ингэснээр 2030 он гэхэд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр Франц, АНУ-ыг гүйцэх төлөвтэй.

Интерьер бүтээмжид ингэж нөлөөлдөг

Орчин үеийн оффисын дизайн болон тавилгууд зөвхөн гоо зүйгээр тогтохгүй ажилтнуудын сайн сайхан байдал, сэтгэл зүй, бүтээмжийг дээшлүүлэхэд нэн чухал үүрэгтэй болж хувьсан өөрчлөгдөж байна. Чадварлаг ажиллах хүчний төлөөх компаниудын өрсөлдөөн ширүүсэх тусам ажлын орчны тав тух, чанар нь заавал анхаарах ёстой нэгэн давуу тал болжээ.

Америкийн Интерьер дизайны нийгэмлэгийн судалгаанд дурдсанаар зөв дизайнтай ажлын байр бүтээмжийг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг байна. Байгалийн гэрэл сайтай, өнгө дизайны хувьд тэнцвэртэй, минималист бүтэц бүхий орчин нь стрессийг бууруулж, сэтгэн бодох чадварт эергээр нөлөөлдөг болохыг онцолжээ.

2025 онд оффисын интерьер дизайнд дараах чиг хандлагууд давамгайлж байна.

  • Biophilic буюу байгалийн элементүүд: Байгалийн гэрэл сайн нэвтрүүлэх том цонх, шилэн хана, мод, чулуу, хулс зэрэг байгалийн гаралтай элементүүд, цэвэр модон тавилга, материалыг ашиглах. Мөн ургамал, цэцэг, ногоон хана нэмэх нь агаарыг цэвэршүүлж, тайван уур амьсгал бүрдүүлнэ.

  • Тав тухтай минимализм: Завсрын, газрын өнгөтэй цайвар саарал, бүдэг ногоон зэрэг дулаан, тайвшруулах өнгөнүүд зонхилно. Мөн олон элементгүй цэвэрхэн дизайн, хурц өнцөггүй тавилга, тавцан нь тайван мэдрэмж өгч, анхаарал төвлөрөхөд тусална.

  • Эргономик ба функциональ шийдлүүд: Суух зөв байрлалыг дэмждэг, эргономик тохиргоотой ширээ сандал нь ажилтнуудын тав тух, эрүүл мэндэд нэн чухал. Мөн ажлын орчны зохион байгуулалтыг хялбархан өөрчилж болох модуляр тавилгуудыг сүүлийн үед компаниуд ихээр сонгож байна.

  • Зөв гэрэлтүүлэг: Байгалийн гэрлийг орлох дулаан өнгөтэй, зөв байрлалтай гэрэлтүүлэг нь ядаргаа, стрессийг бууруулах нөлөөтэй.

Шинэ жил, шинэ ажлын орчин

Оффисын интерьер, дизайн нь танай компанийн имиж, өрсөлдөх чадвар, соёлыг илэрхийлдэг нэн чухал хүчин зүйл.

БСБ Оффис Мебель ХХК нь мэргэжлийн Интерьер дизайнерын үйлчилгээтэй тул та өөрийн хоёр дахь гэр болсон оффисдоо төгс зохицох 3D зураг гаргуулан эрүүл мэндэд ээлтэй сөрөг нөлөөгүй, олон улсын стандартуудыг хангасан чанартай тавилга, сандлуудаас сонгон хүссэнээрээ тохижуулаарай.

Сайхан мэдээ дуулгахад БСБ Оффис Мебель энэ 12 дугаар сард бүх оффис тавилга болон сандлаа 10 хувиар хямдруулаад зогсохгүй 500,000 хүртэлх дүнтэй ваучер, бэлэгнүүдийг газар дээр нь сонгоод авах боломж санал болгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Блумберг санал болгож байна

Гүн рүү: Эрчээ алдана

Холбооны нөөцийн банк ойрын хугацаанд мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулах хүлээлттэй зэрэгцээд ирэх оны хөрөнгийн зах зээлийн төлөвт шинжээчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр оронтой тоогоор өссөн АНУ-ын хөрөнгийн зах зээл ирэх онд энэхүү өсөлтөө хадгалж, эрчтэй өсөх орон зай бага болохыг Bank of America-ийн шинжээчид онцоллоо.

  • Энэ нь бусад гол банкнуудын төсөөлөлтэй харьцуулахад хамгийн бараан төсөөлөлд тооцогдож байна.

  • Компаниудын ашиг ирэх онд хоёр оронтой тоогоор өсөх төлөвтэй ч хувьцаануудын ханш сулрахаар байна гэж үзжээ. Ингэснээр ирэх оны 12 дугаар сард S&P 500 индекс ойролцоогоор 7100 нэгжийн түвшинд хүрэх төлөвтэй гэжээ.

  • Энэ нь одоогийн арилжааны сүүлийн хаалтын ханшаас ердөө 4 хувиар өндөр дүн болохоор байна. 2025 он гарснаас хойш тус индекс 16 орчим хувиар өсөөд байгаа.

  • Хиймэл оюуны салбарын хөөсрөлтийн болгоомжлол, Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын төлөв тодорхойгүй нь S&P 500 индексийн савлагаанд нөлөөлж байна.

Зам зуур

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы авсаархан “кэй” ангиллын автомашиныг улсдаа үйлдвэрлэж, борлуулах хүсэлтэйгээ илэрхийлж, энэ чиглэлд зохицуулалтын саадуудыг арилгахыг Тээврийн сайд Шон Даффид даалгасан байна. “Кэй” автомашин нь АНУ-ын аюулгүй байдлын стандартыг хангадаггүй, тус улсын авто замд хэт жижигдэх асуудалтай аж. Гэсэн ч Д.Трамп энэ санааг идэвхтэй дэвшүүлж, зах зээлд үнэнч хэрэглэгчидтэй болно гэж үзжээ.

“Кэй” автомашинууд нь Японы авто зах зээлийн гуравны нэг орчмыг бүрдүүлдэг бөгөөд бөгөөд Honda компани энэ секторт итгэл төгс давамгайлдаг байна.

Эцэст нь товчхон

НЗДТГ: 2024 онд гадаад зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондоор "Сэлбэ 20 минутын хот"-ын бүтээн байгуулалтын ажлыг явуулж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээллээ. Төслийг таван багц болгон хуваасан, одоогоор I, II багцын бэлтгэл ажил 90-ээс дээш хувьтай байгаа аж.

ЗГ: Өр төлбөрийн хэмжээ нь 78.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа ДЦС IV-ийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягийг албан үүргээс нь чөлөөлж, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг оронд нь томиллоо. Тэрбээр 2025 оны долоодугаар сард ДЦС III ТӨХК-д бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод байсан юм.

Онцлох зураг

Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд:

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей орон нутгийн сонгуулийн кампанит ажлын үеэр - IX сарын 3

Anita Pouchard Serra/Bloomberg