2025/12/04

Өглөөний мэнд. Ирэх онд агаарын бохирдолтой тэмцэх зарцуулалтын 95 хувь нь шахмал түлшинд зарцуулагдана. Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох арга замууд судалсаар байна. Jade Gas-ийн “Улаан нуур” төслөөс олборлосон хий 11 дүгээр сард өмнөх сараасаа 18 хувиар өсжээ.

₮50 тэрбумыг түлшинд

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар ирэх онд 54.8 тэрбум төгрөгийн урcгал зардалтай ажиллахаар байгааг нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд дурдсан байна. Үүний 95.2 хувь нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтын зардал, борлуулалтын урамшуулалд дангаараа зарцуулагдахаар байна.

12 дугаар сарын нэгнээс буюу гурав хоногийн өмнөөс нийслэлчүүд хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжээд байгаа. 2025-2026 оны галлагааны улиралд 425 борлуулалтын цэгээр импортын 306 мянган тонн хагас коксон түлш худалдаалж, Улаанбаатар хотын 170 гаруй мянган өрхийн түлшний хэрэгцээг хангахыг нийслэлээс мэдээлсэн. Нэг шуудай хагас коксны үнэ татаасаа тооцоод 5000 төгрөгөөр зарагдаж байна.

Хагас коксон шахмал түлш нь өмнө нь хэрэглэж байсан сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолж буй. Үүнээс гадна нийслэлийн төсвөөр энэ онд 5000 өрх, ирэх онд 50 гаруй мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн болон цахилгаан халаалт руу шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайн өрхүүдийн хэрэглээний зардалд нэг өрхөд 900 мянган төгрөгийн татаас олгох зохицуулалт хийжээ.

Агаарын бохирдлын 50-иас дээш хувь нь нүүрс, 30 орчим хувь нь автомашины яндангийн утаанаас үүдэлтэйг албаныхан мэдээлсэн. Юм шатааж л байгаа бол утаа гарах нь тодорхой тул түлшийг шинэчиллээ гээд агаарын бохирдол бууруулахад төдийлөн үр дүнд гарахгүйг судлаачид хэлдэг. Энэ өвөл угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдлууд өндөр түвшинд хадгалагдсаар байна. НЭМҮТ-ийн мэдээлснээр энэ онд угаарын хийд хордсон 1267 дуудлага бүртгэгдэж, 110 хүн угаартаж нас баржээ.

Анхаарлын төвд

Нэмэгдэх тусам муудсаар. Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж буй нь өртөг анх оруулж ирсэн дүнгээс нэмэгдэх үндсэн шалтгаан болж байгааг Үндэсний аудитын газраас анхаарууллаа. Аудитын дүгнэлтээр улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 145 төслийн 110 нь зураг төсөл, төсвийн шаардлага хангаагүй байгаа аж. Эдгээр 145 төсөл арга хэмжээний төсөвт өртөг анх 902 тэрбум төгрөгөөр батлагдсан ч магадлалаар 42.5 хувиар нэмэгдэж, 1.5 их наяд төгрөг байхаар баталгаажуулсан байна.

Дэндүү алсын Монгол. Энэтхэг улс Монгол Улсаас коксжих нүүрс импортлох эдийн засгийн үр ашгийг тодорхой болгохоор тууштай ажилласан хэвээр байгааг ойрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Reuters мэдээллээ. Тус улс жил орчмын өмнөөс нүүрс авах сонирхлоо илэрхийлсээр ирсэн ч далайд гарцгүй Монгол Улсаас хэрхэн тээвэрлэж авах нь гол бэрхшээл болоод байгаа.

Түүхий ган үйлдвэрлэлээр дэлхийд зөвхөн БНХАУ-ын дараа ордог Энэтхэг улс коксжих нүүрсний нийт хэрэгцээнийхээ 85 хувийг импортоор хангадаг, мөн талаас дээш хувийг нь Австрали улсаас авдаг. 12 дугаар сарын 1-нд гарсан Reuters-ийн мэдээлэлд дурдсанаар Монголоос нүүрс экспорлохын тулд Хятадаар дамжуулах, эсвэл илүү урт зам туулж ОХУ-ын Владивостокт хүргэн далайгаар тээвэрлэх гэсэн хоёр боломжит коридор байгаа аж. Энэтхэг, Хятадын одоогийн харилцааг авч үзвэл Хятадаар дамжуулж авах нь урт хугацаандаа эдийн засгийн үр ашиггүй гэж үзэж буйг мөн онцолжээ.

Хийн урсгал. Jade Gas Holdings компани нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” төслийн гарц нь тогтвортой өсөлтөө хадгалсаар байгааг танилцууллаа. 11 дүгээр сард хоёр хэвтээ цооногоосоо олборлосон хий нь өмнөх сартайгаа харьцуулахад 18 хувиар өсжээ. Ийнхүү төслийн талбай дахь үйл ажиллагаагаа цэвэр эрчим хүчээр хангаж, дизель түлшний хэрэглээг бүрэн халах боломжтой хэмжээнд хүрч байгааг онцолж байна. Тайлант хугацаанд тус компани өдөрт дунджаар 1551 метр куб, сарын турш 46.5 мянган метр куб хий олборлосон байна.

Биржийг орхив. Тахько ХК-ийн албан хүсэлтийн дагуу нэгж бүр нь 168 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1.2 сая ширхэг орчим хувьцааг нь МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Тус компани энэ оны IX сарын 5-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлаар ХХК болж хэлбэрээ өөрчилж, нэгж хувьцаагаа 18 мянган төгрөгөөр үнэлэн эргүүлэх худалдан авахаар шийдвэрлэж байв.

Үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Тахько ХК-ийн хувьцаа 2007 оноос хоёрдогч зах зээлд арилжаалагдаж эхэлснээс хойш хувьцааны ханш нь 8 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь 17.8 тэрбум төгрөгт хүрээд байв.

Блумберг санал болгож байна

Технологи бол 1 их наяд ам.долларын тоглоом. Зөв цагтаа зөв хөрөнгө оруулалт хийж чадвал асар том ашиг хүртэнэ. Өнөөдөр хүн бүр ирээдүйд мөрий тавьж байгаа энэ үед хэрэв та жинхэнэ ирээдүйг хармаар байвал “Оргил үе” шинэ нэвтрүүлэгтэй хамт байгаарай!

Гүн рүү: Бодсоноос тэсвэртэй

Хиймэл оюуны салбарт хийх хөрөнгө оруулалт эрчимжсэнээс гадна өсөлтийг дэмжих төсөв болон мөнгөний бодлогын ачаар дэлхийн эдийн засаг тарифын дарамтыг харьцангуй сайн даван туулж буйг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) мэдээллээ.

  • Тус байгууллага АНУ болон Евро бүсийн энэ он болон ирэх оны өсөлтийн төсөөллөө ахиулаад байна. Тодруулбал IX сард АНУ-ын энэ оны өсөлтийн төсөөллөө 1.8 хувь болгон нэмэгдүүлж байсан бол одоо 2 хувьд хүргэжээ.

  • Харин Японы эдийн засаг ирэх онд 0.9 хувиар, БНХАУ-ын эдийн засаг 4.4 хувиар өснө гэж төсөөлжээ.

  • Худалдааны саад тотгор, тодорхойгүй байдлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт огцом саарна гэж таамаглаж байсан ч энэ онд харьцангуй тогтвортой байжээ.

  • Гэхдээ тарифын нөлөө аажмаар үнийн өсөлтийг өдөөж, өрхийн хэрэглээ болон бизнесийн хөрөнгө оруулалтын өсөлтийг сааруулах төлөвтэй.

  • Ингэснээр дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.2 хувь байх бол 2026 онд 2.9 хувь болж саарахаар байна гэж тооцоолжээ.

Зам зуур

Netflix-ийн хит шоу “Physical: Asia”-ийн Монголд бэлтгэсэн дөрвөн анги бүхий тусгай шоу буюу спин-офф энэ сарын сүүлээр үзэгчдэд хүрэхийг БНСУ-ын Joongang Daily сонин мэдээлжээ.

“Physical: Welcome to Mongolia” нэртэй, реалити шоуны форматаар бүтээгдсэн шинэ ангиудад “Physical: Asia”-ийн эцсийн шатанд өрсөлдсөн БНСУ, Монголын багийн оролцогчдын Монгол дахь аяллын талаар өгүүлэх аж.

Шоунд Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, "Cirque du Soleil" циркийн акробатчин Э.Лхагва-Очир, холимог тулаанч Ким Дун Хён, Crossfit-ийн тамирчин Амотти нар оролцохыг Netflix-ээс баталгаажуулсан байна. Мөн Netflix сошиал сувагтаа Э.Лхагва-Очир гэртээ хоол хийж буйг харуулсан тизер видео цацжээ. Эхний хоёр анги нь 12 дугаар сарын 24-нд, үлдсэн хоёр анги нь 12 дугаар сарын 31-нд гарах юм байна.

Азийн найман улсын 48 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур ухаанаараа өрсөлдсөн “Physical: Asia” шоу сая сая үзэгчдийг татаж, Netflix-ийн Англиас бусад хэл дээрх хамгийн их үзэлттэй шоунуудын эхний гурван байрт хэдэн долоо хоногийн турш бичигдсэн юм.

Эцэст нь товчхон

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй компаниудын Засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс дунджаар 7.2 хувиар сайжирсан бол II ангиллынх 10 хувь, III ангиллынх 20.4 хувиар өссөн байна. Мөн компаниудын хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн судалгааны үр дүнгээр 164 компаниас 42 нь 100 хувь үнэлэгджээ.

АҮЭБЯ: 12 дугаар сард ОХУ-аас 62 мянган тонн АИ-92, 1560 тонн АИ-95 автобензин, 129 мянган тонн дизель түлш худалдан авахаар захиалгаа баталгаажуулжээ. Ингэснээр нийт 193 мянга гаруй тонн нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас импортлохоор байна.

Онцлох зураг

“Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд” цувралаас:

UnitedHealth компанийн захирлыг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Луижи Манжоне Нью-Йорк хотын Дээд шүүхийн хуралд ирж буй нь (IX сарын 16)

Michael Nagle/Bloomberg