- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/03
2025/12/03
Өглөөний мэнд. Өрөнд баригдсан Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны харьяаллаас гаргах шаардлага үүсжээ. Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондууд оны сүүлийн сарыг уналттай эхлүүлж байна. Дотоодод нь өрсөлдөөн ширүүсэж буйгаас BYD-ийн борлуулалт 3 сар дараалан буурлаа.

Даатгалын сан уу, цалингийн сан уу
2026 онд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэхээр болсны 15 хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сан гаргана. Гэтэл зардал нь өсөх хэрээр өр төлбөр хуримтлагдсаар буй тус санг ийнхүү цалингийн сан мэт болгосноор сангийн тогтвортой байдал эрсдэлд орох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж буурах эрсдэл байгааг салбарынхан тодотгож байна.
Энэ оны эцэст сангийн орлогыг 2.2 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолж байгаа. Харин зарлага нь үүнээс 300 орчим тэрбум төгрөгөөр давах тооцоололтой. Ингэснээр ЭМДС-д 280 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэхээр байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тодотгосон. Даатгалын сангийн санхүүжилтээс шалтгаалан зарим эмнэлгүүд нэн яаралтай бус мэс засал эмчилгээнүүдийг хойшлуулж буйг иргэд хэлж байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоотой тус санд өр төлбөр хуримтлагдаж байгаа нь өртгөө зөв тооцож чадахгүйгээс гадна санхүүгийн сахилга бат, хяналт сул байгааг Эрүүл мэндийн сайдаас эхлээд салбарынхан шүүмжилж байв. Санд ирүүлсэн нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд нийт 230 мянган алдаа зөрчил илэрснийг ЗГХЭГ-ын дарга мэдээлж байсан юм.
Үүнээс гадна Төрөөс хариуцан төлдөг иргэдийн шимтгэл болон зарлага харьцангуй байна. Тухайлбал 2024 онд Төр хариуцан төлөх иргэдийн шимтгэл даатгалын сангийн орлогын 16.8 хувийг бүрдүүлсэн бол зарлага нь 41.9 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл Төр шимтгэлийг хариуцан төлдөг иргэдийн авсан тусламж үйлчилгээний зардал даатгалын санд төвлөрүүлсэн шимтгэлийн орлогоос 2.7 дахин өндөр байсан хэрэг. Харин нөгөө талдаа ажил олгогчийн орлогоос шимтгэл төлж буй даатгуулагч нь ЭМДС-ийн орлогын 42.4 хувийг бүрдүүлсэн ч сангийн зардлын 7.9 хувийг зарцуулжээ.
2026 онд сангийн нийт орлого 2.7 их наяд төгрөг бол нийт зарлага нь 2.45 их наяд төгрөг байхаар батлаад байна. Энэ нь 2025 оны тодотгосон төсвөөс орлого 11.4 хувиар өсөж, зарлага нь 9.6 хувиар нэмэгдсэн дүн юм.
Иймд цаашид сангийн хяналтыг сайжруулаад зогсохгүй ЭМДС-ийг Эрүүл мэндийн яамны харьяаллаас гаргах, эмчилгээний бүх төлбөрийг даатгалын сангаас гаргалгүй хамтын төлбөрийн системтэй болох, тарифыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах шаардлага тулгарчээ. ЭМЯ-ны харьяанд байснаар төсвийн бүх алдагдал, цоорхойг нөхөхөд ашиглагдаж байгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцолсон.
Анхаарлын төвд
ГВАН 6 тэрбум руу. 11 дүгээр сарын эцэст Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5 тэрбум 886 сая ам.доллароор хэмжигдсэн нь өмнөх сараасаа үл ялиг буурсан дүн боллоо. 2025 оныг 4.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй эхлүүлж байсан нь зогсолтгүй өссөөр аравдугаар сард түүхэн дээд хэмжээндээ хүрээд байсан юм. Өнгөрсөн сард Монголбанк валютын зах зээлд 431 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Оны эхнээс ам.долларын ханш төгрөгийн эсрэг огцом чангарч, IX сард түүхэн дээд буюу 3,595-д хүрч байсан бол түүнээс хойш 42 нэгжээр сулраад байна.
Стратегийн түнш +1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэж ахиулсан байна. Мөн цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Монгол Улс Итали улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 55 жилийг үджээ. Ирэх онд тус улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Монгол Улсад төрийн айлчлал хийхээ илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал үүний дараа Гэгээн Ширээт улсад үргэлжлэх юм.
“Зээлээ төлүүлье”. Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59 хувийг дангаараа хангаж байгаа IV цахилгаан станцын өр төлбөр нь 78.4 тэрбум төгрөгт хүрснийг компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулжээ. Хөгжлийн банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учраас улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлт тавьсан байна. Харин Ерөнхий сайд төсвөөс зээлийг төлөх боломжгүйг мэдэгдэж, компанийн үргүй зардлыг бууруулж үр ашгаа нэмэгдүүлэх, засаглалаа сайжруулахыг сануулсан байна.
Нөхөрлөл дараагийн шатанд. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын иргэд 30 хоногийн турш ОХУ-д визгүй зорчихыг зөвшөөрөх зарлигт гарын үсэг зуржээ. Хоёр улсын харилцаа улам гүнзгийрч буйн илрэл болсон уг шийдвэрийн дагуу Хятадын иргэд даваа гарагаас эхлэн бизнес болон аялал жуулчлалын зорилгоор ОХУ-д визгүй зорчих боломжтой болж байна. Гэхдээ сэтгүүлчид, оюутнууд зэрэг тодорхой ангиллын зорчигчид виз авах шаардлагатай хэвээр байх юм.
BYD-аас залхав уу? Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч BYD компанийн борлуулалт сүүлийн гурван сар дараалан буурлаа. Хятадын дотоодын өрсөлдөгч компаниуд өндөр эрэлттэй загварууд үйлдвэрлэж эхэлснээр өрсөлдөөн ширүүсэж буй нь үүнд нөлөөлж байна. 11 дүгээр сард BYD 480 мянга гаруй автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр тус компани энэ онд 4.6 сая нэгж автомашин борлуулах зорилтдоо хүрэхийн тулд 12 дугаар сард 418 мянган автомашин борлуулах шаардлагатай болсон аж.
Блумберг санал болгож байна
Технологи бол 1 их наяд ам.долларын тоглоом. Зөв цагтаа зөв хөрөнгө оруулалт хийж чадвал асар том ашиг хүртэнэ. Өнөөдөр хүн бүр ирээдүйд мөрий тавьж байгаа энэ үед хэрэв та жинхэнэ ирээдүйг хармаар байвал “Оргил үе” шинэ нэвтрүүлэгтэй хамт байгаарай!

Гүн рүү: ЗГ-ын бондууд оны төгсгөлд
Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондууд 12 дугаар сарыг уналттай эхлүүлж байна. Сүүлд даваа гарагийн арилжаагаар 2027 болон 2028 онд дуусах бондуудын ханш бага зэргийн уналттай өндөрлүүллээ.

Аравдугаар сарын эцэст Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисантай холбоотойгоор бондуудын ханш эрс өсөөд байсан юм. Харин сүүлийн хоёр долоо хоног гаруй хугацаанд энэ өсөлтөө бараг бүтэн алдаад байна.
Ам.долларын бондын зах зээлд хиймэл оюун, дата төв хөгжүүлэлттэй холбоотой томоохон компаниудын бонд гаргалт нэлээд эрчимжээд буй нь бондын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа аж.
Ерөнхийдөө олон улсын зах зээлд Засгийн газрын бондуудыг зарах хөдөлгөөн оны сүүлийн сарын эхэнд нэлээн ажиглагдаж байна.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа нь бонд гаргаж буй компаниудын хувьд санхүүгийн таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад өөдрөг төсөөлөл бий болгож байна.
АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж эргэн 4 хувь давж өсөөд байгаа бол Японы Засгийн газрын бондын өгөөж 2008 оноос хойших дээд түвшинд хүрчээ.
Зам зуур

Samsung Electronics компани анхны гурав нугардаг бүтэцтэй ухаалаг утсаа мягмар гарагт танилцууллаа. Хоёр нугастай, дэлгэсэн үедээ таблеттай ойролцоо хэмжээний том дэлгэцтэй болдог "Galaxy Z TriFold" утсыг Samsung БНСУ-д 12 дугаар сарын 12-ноос 3.59 сая воны ($2,450) үнэтэйгээр худалдаанд гаргах аж. Мөн АНУ, БНХАУ, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудад гаргахаар төлөвлөжээ.
Гурав нугардаг утасны зах зээлд БНХАУ-ын Huawei компани анхдагч болж, 2024 оны "Mate XT", энэ онд шинэчлэгдсэн "Mate XTs" загваруудаа тус тус танилцуулаад буй. Samsung-ийн "Galaxy Z TriFold"-той үнийн хувьд ойролцоо тэдгээр утаснууд Хятадын зах зээлд өндөр борлуулалттай байгаа ч Android үйлдлийн системийн аппликэйшнүүдийг бүрэн дэмждэггүй юм.
"Galaxy Z TriFold" нь дэлгэсэн үедээ 3.9 миллиметрийн зузаантай, "Mate XT"-тэй ижил 10 инчийн дэлгэцтэй болдог. Харин эвхэхдээ хоёр талаас нь нугалдаг тул Z хэлбэрээр эвхэгддэг "Mate XT"-ээс ялгаатай аж.
Эцэст нь товчхон
НИТХ: Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр ирэх онд 477.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 29 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 100.3 тэрбум төгрөгийн 17 төсөл нь өмнөх онуудаас шилжиж ирэх бол 377.5 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төслийг шинээр хэрэгжүүлэх юм.
Лэндмн ББСБ ХК DWM Asset Management хөрөнгө оруулалтын компаниар төлөөлүүлсэн дэд сангаас 2.5 сая ам.доллар хүртэлх үнийн дүн бүхий санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулах замаар татан төвлөрүүлэх тохиролцоонд хүрснийг МХБ мэдээллээ.
Energy Insight: Орон нутгийн бондын санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 50 мВт-ийн хүчин чадалтай дулааны цахилгааны станц барихаар болжээ. 8800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 4920 хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах тус станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
Онцлох зураг
“Bloomberg-ийн 2025 оны шилдэг зургууд” цувралаас:
Мексикийн хил дагуух Рио Гранде голд эргүүл хийж буй АНУ-ын Эргийн хамгаалалтын алба хаагч - XI сарын 5

Brenda Bazan/Bloomberg