2025/12/02

Өглөөний мэнд. ТОП-20 индекс энэ он гарсаар хамгийн өндөр өсөлттэй сараа үдлээ. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа найм дахь сардаа дараалан агшиж байна. Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Гараа муу, бариа сайн

Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс энэ оны хамгийн өндөр өсөлттэй сараа үдлээ. Дөрөвдүгээр сард огцом унаснаас хойш 48-50 мянган нэгжийн хооронд огцом өөрчлөлтгүй байсан Монголын Хөрөнгийн биржийн гол индекс 11 дүгээр сард 3.6 хувиар өсөж, оргил түвшинд ойртож байна.

ТОП-20 индексийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог санхүүгийн салбарын хувьцаанууд эрчимтэй өссөн нь энэ удаад түлхэц өгчээ. Тухайлбал Монголын Хөрөнгийн бирж ХК-ийнх 16.6 хувиар, ЛэндМН ББСБ ХК-ийнх 8 хувиар тус тус өсөж, салбартаа тэргүүлсэн байна.

Оны эхний хагас жилийн эцэст макро орчны тодорхой бус байдал үргэлжилж, хувьцаануудын үнэлгээ нэлээд буураад байсан юм. Харин түүнээс хойш эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс давж эхэлснээр хөрөнгө оруулагчид хямдруулалтай хувьцаануудыг худалдан авч байна. Ялангуяа ногдол ашгийн өгөөжөөр дээгүүр бичигддэг МХБ ХК болон ЛэндМН ББСБ ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүд оны эцсээр сайн гүйцэтгэлтэй байх хүлээлттэй.

Уул уурхайн биржийн арилжааны хамгийн идэвхтэй сарууд үргэлжилсээр байгаа нь оны эхний хагас жилд 32.5 хувиар буурсан МХБ-ийн ашигт ажиллагаанд томоохон дэмжлэг болохоор байгаа юм. Түүнчлэн банк бус санхүүгийн салбарын зохицуулалт чангарсан ч энэ оны байдлаар өсөлтийн хурдаа хадгалсаар байгаа нь хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл төрүүлж байна.

Анхаарлын төвд

Борлуулалт, ачилт дээд цэгт. Эрдэнэс Тавантолгой ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулсан нь биет хэмжээгээр энэ оны хамгийн өндөр борлуулалттай сар болсон байна. Үүний 67 хувийг коксжих нүүрс, 26 хувийг эрчим хүчний нүүрс бүрдүүлсэн бөгөөд уул уурхайн биржээр дамжуулан 178.7 сая ам.долларын үнээр борлуулсан аж. Мөн нүүрс ачилтаа түүхэн дээд түвшинд хүргэж, 3.4 сая тонн нүүрс ачсан байна. Үүнтэй холбоотойгоор хил нөхцөлтэйгөөр 1.3 сая тонн нүүрс биржээр арилжаалж, экспортолсон нь биржийн арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

A$117 мянгыг босгов. Нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” төслийг эзэмшдэг Jade Gas Holdings компани хувьцаагаа худалдах хөтөлбөрийнхөө хүрээнд 3.34 сая хувьцаа нэмж гарган хөрөнгө оруулагчдадаа санал болголоо. Нэгж үнийг нь 0.035 австрали доллароор үнэлж, худалдан авах нөхцөл хангасан хөрөнгө оруулагчдаасаа 117 мянган австрали доллар татан төвлөрүүлсэн байна. Тус компани босгосон хөрөнгөө стратегийн санаачилгуудаа санхүүжүүлж, ажиллах капиталаа бүрдүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ.

Их хөлийн газар. БНХАУ-ын Монгол Улстай хиллэх хамгийн том боомт болох Эрээн хотоор 2025 онд нийт орсон, гарсан зорчигчдын тоо түүхэн дээд түвшинд хүрээд байгааг тус боомтын захиргаанаас мэдээлжээ. Он гарснаас хойш XI сарын 29 хүртэл хугацаанд тус боомт нийт 2.596 сая зорчигч, 693 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.2 болон 12.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт болохыг мэдээлжээ. 2025 онд Эрээнээр дэлхийн 70 гаруй улсын зорчигч нэвтэрсний сацуу нэг өдөрт нэвтэрсэн зорчигчийн тоо хамгийн ихдээ 14 мянгад хүрч байжээ.

Харин Замын-Үүд боомтын мэдээллээс харвал оны эхний 10 сард орсон, гарсан нийт зорчигчдын тоо 2.4 сая орчимд хүрсэн нь 2024 оны бүтэн жилийн үзүүлэлттэй бараг зэрэгцэж буйг Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл харуулж байна.

Анхдагч хориг. Австрали улс 16 нас хүрээгүй хүүхдүүдийн TikTok, Instagram платформын хэрэглээг хуулиар хориглосон анхны ардчилсан улс болохоор байна. Энэхүү шийдвэр нь сошиал орчны хор уршиг, кибер орчин дахь дээрэлхэл зэрэг эрсдэлээс хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах арга хэмжээ болох аж.Дээрх хориг хуулийн арга хэмжээ энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хэрвээ хоригт багтаж буй цахим платформууд хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд 49.5 сая австрали доллар хүртэлх торгууль ногдуулахаар тусгаад буй.

Дорно зүгт. Micron компани Япон улс дахь хиймэл оюуны санах ойн чип үйлдвэрлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтад 1.5 их наяд иен буюу 9.6 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйг Nikkei мэдээллээ. Nvidia зэрэг компанийн хиймэл оюуны процессорт зайлшгүй шаардлагатай гол бүрэлдэхүүн хэсэг болох өндөр зурвасын нэвтрэх чадалтай санах ойн чипийг тус үйлдвэрт үйлдвэрлэх аж. Үйлдвэрийн бүтээн байгуулалт Хирошимад ирэх оны тавдугаар сараас эхэлж, тээвэрлэлт, нийлүүлэлтийг 2028 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

Блумберг санал болгож байна

Гүн рүү: Унтарсан эрч

БНХАУ-ын эдийн засгийн удаашралтай зэрэгцэн үйлдвэрлэлийн салбарынх нь үйл ажиллагаа найман сар дараалан агшсан нь урьд тохиогоогүй тааруу үзүүлэлт боллоо. Үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс буюу PMI 11 дүгээр сард 49.2 нэгж хүрсэн нь Bloomberg-ийн шинжээчдийн дундаж таамаг болох 49.4 нэгжээс бага дүн болсон байна.

  • Хэрэв PMI 50 нэгжээс доош байвал өсөлтгүй, агшилтын бүсэд байна гэсэн үг юм.

  • Геополитикийн эрсдэлүүдээс гадна дотоодын эрэлт сул байгаа нь уналтад гол жин дарсан байна. Тус улсын жижиглэн худалдааны борлуулалт 10 дугаар сард сүүлийн таван сар дараалан буурсан үзүүлэлттэй гарсан нь цар тахлаас хойших хамгийн урт үргэлжилсэн уналт болжээ.

  • Харин үйлдвэрлэлийн салбараас бусад буюу барилга, үйлчилгээний салбарын PMI аравдугаар сард 50.1 байснаас 49.5 болон буурч, сүүлийн бараг гурван жилийн хугацаанд анх удаа агшжээ.

  • Эдийн засгийн шинэ тоонууд базаахгүй гарсан ч Хятадын ЗГ төсвийн нэмэлт дэмжлэгийн арга хэмжээ авах магадлал бага. Энэ оны эдийн засгийн өсөлт зорилтот 5 хувьд хүрэх төлөвтэй тул Хятадын бодлого тодорхойлогчид тийм ч их яарахгүй байна.

Зам зуур

Walt Disney компанийн “Zootopia 2” хүүхэлдэйн кино БНХАУ-д нээлтээ хийсэн долоо хоногтоо 272 сая ам.долларын орлого олсон байна. Ингэснээр тус улсад нээлтийн долоо хоногийн орлогоороо зөвхөн “Avengers: Endgame”-ийн дараа бичигдэх гадаадын уран бүтээл болж буйг Walt Disney мэдээлжээ.

Цагдаа туулай Жүди Хоппс, түүний хамтрагч Ник Уайлд үнэгний адал явдлыг өгүүлдэг “Zootopia 2” Хятадын зах зээлээс 600 сая ам.доллар хүртэлх орлого олох боломжтойг Maoyan цахим тасалбарын платформ тооцоолжээ.

Шанхайн Disneyland-д “Zootopia”-ийн сэдэвтэй хэсэг байгуулахаас эхлээд тус бүтээлийг Хятадад томоохон франчайз болгон өргөжүүлэх Disney-ийн хүчин чармайлт нь үр дүнгээ өгснийг энэхүү амжилт харуулж байна.

Эцэст нь товчхон

УИХ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төслийг баталснаар 1 их наяд 60 тэрбум төгрөгийн зээлийг шатахуун импортлогч ААН-үүдэд олгох юм. Энэ хүрээнд Монголбанкнаас репо санхүүжилт гаргахаар төлөвлөж буйг салбарын сайд мэдээлсэн. Үүний 500 тэрбум төгрөгийг шатахуун хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд олгох бол злдсэнийг нь шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хуваарилах аж.

ЗХУТ: Энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 27-ны өдрүүдэд замын нөхцөл байдлын индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар эрчимжсэн байна. Харьцуулбал өмнөх оны 11 дүгээр сарын эхний 27 хоногт замын хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын нөхцөл байдлын индекс дунджаар 78.9 хувьтай байжээ.

Онцлох зураг

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Жоди Хэйдон нар хуримаа хийжээ. Ингэснээр Албанез албан тушаалаа хашиж байхдаа гэрлэсэн Австралийн анхны удирдагч болж байна.

Mike Bowers/AFP/Getty Images