- Мөнгөний Урсгал
- Posts
- 2025/12/01
2025/12/01
Өглөөний мэнд. ОХУ-ын иргэд В.Путины дайнаас үүдэлтэй эдийн засгийн жинхэнэ “өвдөлт”-ийг мэдэрч эхэлж байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк Макс группын охин компаниудад 4.5 жил үргэлжлэх санхүүжилтийн хориг тавилаа. Mongolia Energy Corporation-ийн хагас жилийн алдагдал 67 хувиар өсөж, хувьцааны ханш нь эрчимтэй буурав

Төлөөс өсөн нэмэгдсээр
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд хийж буй дайн дөрөв дэх өвөлтэйгөө золгож, Оросын иргэд өдрөөс өдөрт улам илэрхий болсоор байгаа дайны нөлөөлөлд дасан зохицож амьдарч байна. Оросын төв, өмнөд хэсгийн бүс нутгууд дахь эрчим хүчний байгууламж, орон сууцны барилгууд дрон, пуужингийн цохилтод өртөж, агаарын довтолгооны түгшүүрийн дохио бараг шөнө бүр хангинаж, дайны гал хаяанд нь ирснийг ил тод сануулах болжээ.

Фронтын шугамаас нааших Орос орон бүхэлдээ дайны эдийн засгийн төлөөсийг мэдэрч эхэлж байна. Айл өрхүүд хүнсний зарцуулалтаа танаж, ган үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа хүндэрч, тус улсын эдийн засгийн хөдөлгүүр доголдох болов. Төсвийн даацтай дэмжлэг үзүүлж, эрчим хүчний бүтээгдэхүүний экспортын орлогоо дээд түвшинд хүргэсний ачаар дайны эхэн үед харьцангуй тэсвэртэй байсан эдийн засаг нь одоо жинхэнэ том шалгууртай тулгарч байна.
Энэ сорилт бол Украины ард түмний туулж буй зовлон зүдгүүртэй харьцуулшгүй, мөн ямар ч үед В.Путинд дайныг зогсоох шалтгаан нь болох магадлал бага. Гэхдээ бүрэн хэмжээний дайн эхлүүлэхээр 2022 оны хоёрдугаар сард гаргасан шийдвэрийнх нь өртөг зогсолтгүй өсөн нэмэгдсээр байгаагийн тод илрэл юм.
“Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдээс харвал дайныг одоо зогсоох нь ОХУ-д хамгийн зөв хувилбар. Гэсэн ч дайныг зогсоохын тулд аль нэг тал нь гарцгүй болох ёстой. ОХУ хараахан тийм нөхцөлд хүрээгүй байна” хэмээн Carnegie Russia Eurasia Center-ийн захирал Александр Габуев онцлов.
Анхаарлын төвд
Зөрчил ба шийтгэл. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк Монголын Макс группын хоёр охин компани болон хамаарал бүхий 22 компанийг тус банкны санхүүжилттэй аливаа хөтөлбөрт хамрагдах эрхийг нь 4.5 жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гаргасан байна. Тодруулбал Макс Импекс ХХК, Хан Алтай Ресурс ХХК төслийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зорилгоор ЕСБХБ-ны ажилтнуудад "зохисгүй" төлбөр өгөхийг завдсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон аж. ЕСБХБ-ны хориг нь Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад олон улсын хөгжлийн банкнуудын төсөлд мөн хамаарах юм.
Алдагдал тэлэв. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд олборлолт хийдэг Mongolia Energy Corporation санхүүгийн эхний хагас жилийн алдагдал нь 740.2 сая хонконг доллар болж нэмэгдсэнийг тайлагнасны дараа хувьцааны ханш нь эрчимтэй буурлаа. Өнгөрсөн оны мөн үеийн 442 сая хонконг долларын алдагдалтай харьцуулахад энэ нь 67 гаруй хувиар өссөн үзүүлэлт болов.

Мөн IX сарын 30-наар дуусгавар болсон зургаан сарын хугацаанд тус компанийн орлого 1.7 тэрбум хонконг доллароос 871.1 хонконг доллар болж буурчээ. Нүүрсний үнэ эрс буурснаас шалтгаалан Mongolia Energy Corporation-ийн алдагдал өссөн байна.. Сүүлийн өдрүүдэд ч БНХАУ-д коксжих нүүрсний фьючерс ханш тасралтгүй буурсан дүр зурагтай байгаа юм.
Эрдэнэсийн шинэ сан? Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" төслийн талбайгаас авсан сорьцын шинжилгээгээр өндөр агуулга бүхий зэс, алтны эрдэсжилт тогтоогдсоныг мэдээллээ. MU2501 цооногийн өрөмдлөгөөр зэсийн 2.23 хувь, алтны 0.73 граммын агуулга бүхий 14.5 метрийн сульфидын бүс огтолсон байна. Энэхүү үр дүн нь төслийн талбайд галт уулын гаралтай их хэмжээний, үргэлжилсэн сульфидын систем агуулагдаж байж магадгүйн илрэл болжээ. Өрөмдлөгийн ажил бүрэн дууссаны дараа тус компани төслийг худалдан авах эсэх шийдвэрээ гаргах юм байна.
Ховор алхам. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар МИАТ, Дулааны IV цахилгаан станц, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-иудын удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өглөө. Хяналт шалгалтаар ДЦС IV 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалын хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болгосныг илрүүлжээ. Харин МИАТ компанийн үйл ажиллагааны зардал энэ онд өссөн ч төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй, үндсэн болон түр орон тоог батлагдсан төсвөөс хэтрүүлсэн нь ажилчдын цалингийн зардал 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлсөн асуудал гаргажээ.
Гуравдагч орнууд vs Трамп. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачлалыг хязгаарлах чиглэлд боломжит хэд хэдэн арга хэмжээ танилцуулсны дотор хөгжиж буй орнуудаас цагаач иргэн хүлээн авахыг хориглох санаа багтжээ. Тэрбээр пүрэв гарагийн орой "Truth Social" платформд оруулсан постууддаа өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үед хүлээн авсан цагаачлалын "олон сая" өргөдлийг цуцалж, мөн "Гуравдагч ертөнцийн бүх орнуудаас ирэх цагаачлалыг бүр мөсөн зогсоож, АНУ-ын тогтолцоо бүрэн сэргэх боломжийг олгоно" хэмээн мэдэгджээ.
Гэхдээ Дональд Трамп эдгээр бодлого, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхээр зорьж буй, мөн "гуравдагч ертөнцийн орон" гэсэн ангилалд ямар улсууд багтах эсэх дээр нарийн тайлбар өгөөгүй байна. "Гуравдагч ертөнцийн орон" гэдэг нь ихэвчлэн хөгжиж буй орнуудыг хамруулдаг, нарийн тодорхой бус, доромж утгатай нэршил юм.
Блумберг санал болгож байна
Гүн рүү: ERD дээд зиндаанд
Erdene Resource Development компанийн үнэт цаасны зэрэглэлийг шат ахиулах нөхцөл нь бүрдсэнийг АНУ-д төвтэй биржийн бус зах зээлийн OTC Markets Group мэдээллээ.

Ингэснээр энэ онд 110 гаруй хувиар өсөөд буй Erdene Resource Development-ийн үнэт цаас венчур зах зээлийн ангиллаас "OTCQX" буюу хамгийн дээд зэрэглэлд ахиж, арилжаа нь өнгөрсөн лхагва гарагаас эхэлсэн байна.
Олон улсын 12 мянга гаруй үнэт цаасны арилжааг зохицуулдаг OTC Markets-ийн “топ” ангилалд ороход компаниуд санхүүгийн өндөр стандарт, корпорацын сайн засаглал мөрдөх зэрэг шаардлагуудыг бүрэн хангасан байх хэрэгтэй байдаг.
OTC Markets-ийн үнэт цаасны ангилалд шат ахиж буй нь ERD-ийн хувьцаа АНУ болон олон улсын хөрөнгө оруулагчдад илүү танигдах, хөрвөх чадвар нь нэмэгдэх ач холбогдолтой юм.
Алтны үнийн өсөлт үргэлжилсээр байгаа энэ үед ERD “Баян хөндий” төслийн олборлолтоо эхлүүлж, 2025 оны эцэс гэхэд олборлолтоо тогтворжуулахыг зорьж байгаа.
Торонтогийн Хөрөнгийн биржид ERD-ийн хувьцааны ханш сүүлийн таван өдөрт 3.1 гаруй хувиар өсөөд байна.
Зам зуур

Google-ийн хамтран үүсгэн байгуулагч Сергей Брин өнгөрсөн долоо хоногт Alphabet компанид эзэмшдэг 1.1 тэрбум ам.доллартой дүйцэх хэмжээний хувьцаагаа хандивласан байна. Зохицуулах байгууллагад ирсэн мэдэгдлээс харвал түүний хандивласан 3.5 сая гаруй ширхэг хувьцааг хэн хүлээн авсан талаар нарийн задаргаа багтаагүй байна.
Харин Бриний гэр бүлийн оффисийн төлөөлөгчийн мэдээлснээр тэрбумтны 2021 онд үүсгэн байгуулж байсан ашгийн бус байгууллагад 1 тэрбум орчим ам.долларын хувьцаа нь очжээ. “Catalyst4” нэртэй тус байгууллага нь төв мэдрэлийн системийн өвчлөлийн судалгаа, мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Брин үүнээс гадна 90 сая ам.долларыг гэр бүлийн сандаа, 45 сая ам.долларыг Паркинсоны өвчний судалгааны Michael J. Fox Foundation-д тус тус хандивлажээ. Өнгөрсөн тавдугаар сард тэрбээр 700 сая ам.долларын дүнтэй Alphabet-ийн хувьцааг мөн адил дээрх гурван санд хандивлаж байсан юм.
Эцэст нь товчхон
СЗХ: 2025 оны III улирлын байдлаар 90.4 мянган иргэн хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Бүтцээр авч үзвэл бондын арилжаа бараг гурав дахин буурсан бол хувьцааны арилжааны хэмжээ 100 тэрбум төгрөгөөр буурсан байна.
ЭМЯ: Засгийн газрын хуралдаанаар томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд 1.4 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.
Онцлох зураг
“Bloomberg-ийн 2025 оны шилдэг гэрэл зургууд” цувралаас:
Гизагийн пирамидын харагдац энэ онд шинээр нээгдсэн “Grand Egyptian Museum”-аас - XI сарын 4

Islam Safwat/Bloomberg